A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2019 оны XII/02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Орон нутгийн өмчийг гэрээгээр төсөвт байгууллага,  аж ахуйн нэгжийн тооцоот үйлдвэрийн газрууд, Орон нутгийн өмчит ХК болон ХХК-иуд/ цаашид орон нутгийн өмчит хуулийн этгээд гэнэ/ нь илүүдэл ажлын байр, талбай бусад үндсэн хөрөнгийг бусдад түрээсээр болон гэрээгээр ажиллуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2 Энэхүү журмын зорилго нь орон нутгийн өмчит хуулийн этгээдээс өөрийн эзэмшилд байгаа орон нутгийн үл хөдлөх хөрөнгө ба хөдлөх хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор бусдад түрээслэх, гэрээгээр ажил гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.3 Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшилд байгаа орон нутгийн өмчийг бусдад түрээслүүлэхдээ аймгийн Орон нутгийн өмчийн газар /ОНӨГ/-т албан бичгээр саналаа ирүүлж шийдвэрлүүлнэ.

1.4 Орон нутгийн өмчийн газар түрээслүүлэхээр ирүүлсэн албан бичигтэй танилцан түрээслүүлэх байр талбай, бусад хөрөнгийн байдалтай газар дээр нь танилцан энэ журмаар тогтоосон үнэлгээг баримтлан, түрээсийн гэрээг батлан гэрээний хэрэгжилтэнд хяналт тавин ажиллана.

1.5 Орон нутгийн өмчийг хоёр буюу түүнээс дээш этгээд түрээслэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна. Харин орон нутгийн өмчийн эд хөрөнгийг зөвхөн нэг этгээд түрээслэх бол түрээсийн гэрээний нөхцөлийг түрээслүүлэгч, түрээслэгч харилцан тохиролцоно.

1.6 Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгч нь түрээсээр эзэмшиж буй орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх, эрх залгамжлан түрээслэх бол заавал аймгийн ОНӨГ-аас зөвшөөрөл авна.

Хоёр . Үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх

2.1 Орон нутгийн өмчийг түрээсээр эзэмшүүлэх гэрээг түрээслэгч, түрээслүүлэгч талууд Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн хоёр талын эрх ашгаа харилцан хүндэтгэх зарчмаар үйл ажиллагааныхаа зорилго чиглэл, үр дүнг тодорхойлсон түрээсийн гэрээг бичгээр байгуулна.

2.2 Түрээсийн гэрээнд гэрэл цахилгаан, ус дулаан хангамж, хог хаягдал, харуул хамгаалалт болон жижүүр цэвэрлэгч, сантехникийн ажилчдын хөлс, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээний зардлуудыг хэрхэн тооцох, гэрээний хугацаа, гэрээг сунгах нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар түүнийг арилгах талаар гэрээнд заавал тусгана.

2.3 Орон нутгийн өмчийг түрээсээр эзэмшүүлэхдээ түрээслэгч, түрээслүүлэгч талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг хууль тогтоомжийн дагуу тодорхойлж, түрээсийн төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, хэлбэр, торгууль ногдуулах журам, төлбөр барагдуулахтай холбогдсон бусад зүйлийг гэрээнд тусгасан байна.

2.4 Орон нутгийн өмчийг түрээсээр эзэмшүүлэх гэрээг ОНӨГ-аар хянуулж, аймгийн ОНӨГ-ын даргаар батлуулсны дараа уг гэрээ хүчин төгөлдөр болно.

2.5 Түрээсээр эзэмшүүлэх орон нутгийн өмч болон ажлын байрыг түүний тоо ширхэг талбай овор хэмжээ, хүчин чадал, чанар байдал үнэ өртгийг тодорхойлон актаар хүлээлцэнэ.

2.6 Түрээсэлж буй орон нутгийн өмчийн байршил, ашиглаж буй үйл ажиллагааны чиглэл, хүн амын нягтаршил, хамрах хүрээнээс хамаарч түрээсийн төлбөрийн хэмжээ ялгаатай байж болно.

2.7 Орон нутгийн өмчийг түрээсээр ашиглуулснаас орох орлогыг тухайн түрээслүүлэгч  байгууллагын дансанд 100 хувь төвлөрүүлж, орлогын зарцуулалтын мэдээг жилд 2 удаа /06 дугаар сарын 25 болон 12 дугаар сарын 25-ны дотор/ аймгийн ОНӨГ-т гаргаж өгнө.

2.8 Түрээслэгч түрээсээр ашиглаж буй орон нутгийн өмчийн урсгал засвар өөрийн үйл ажиллагаатай холбогдох тохижилтын ажлыг түрээслүүлэгчээс зөвшөөрөл авсны үндсэн дээр өөрийн хөрөнгөөр чанартай хийж гүйцэтгэх ба гадна талын зам талбай, орчны тохижилт, цэвэрлэгээний ажилд оролцоно.

2.9 Түрээслэгч нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаанд түүний бүрэн бүтэн байдал, урсгал засварыг хариуцан чанар байдлыг алдагдуулахгүй байх үүрэгтэй бөгөөд аймгийн ОНӨГ-ын зөвшөөрөлгүй анхны зураг төслийн шийдэл, зориулалтыг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно.

2.10 Түрээслүүлэгч буюу орон нутгийн өмчит хуулийн этгээд нь түрээсээр ашиглуулж буй орон нутгийн өмчийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.

Гурав . Хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх

3.1 Орон нутгийн өөрийн өмчийн хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрийг тогтоохдоо ашиглалт, үйлчилгээнд зарцуулах зардал болон элэгдлийн нормыг түрээслэх хугацаанд оногдуулан тооцно.

3.2 Түрээсийн эд хөрөнгийг ажиллуулж ашиглах техникийн дүрэмтэй Түрээслэн авагчийг танилцуулах, шаардлагатай үед ашиглаж буй газар дээр нь мэргэжилтнээ явуулан зохих зааварчилга өгөх, эд хөрөнгийг албан ёсоор ашиглаж байгаа эсэхийг шалган үзэх эрхтэй.

3.3 Тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж түрээсэлсэн орлогыг байгууллагын  дансанд 100 хувь төвлөрүүлж хуримтлал үүсгэн тухайн тээврийн хэрэгсэл, машин тоног төхөөрөмжийн урсгал болон их засварт зарцуулна.

Дөрөв. Хариуцлага хүлээлгэх

4.1 Энэхүү журмыг зөрчсөн орон нутгийн өмчит хуулийн этгээдийг холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцуулна.

4.2 Орон нутгийн өмчийг түрээслэхтэй холбогдсон маргааны талаар аймгийн Орон нутгийн өмчийн газарт хандах ба шийдвэрлэх боломжгүй бол зохих шатны хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

Тав. Түрээсийн гэрээг цуцлах

5.1 Түрээслэгч орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу төлбөрийн чадваргүй болсон, эсвэл гэрээнд тусгайлан заасан тохиолдолд түрээслүүлэгч дангаар гэрээг цуцалж учирсан хохирлыг төлүүлнэ.