A

A

A

Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны

А-457 дугаар тушаал

Мал эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавих,

үр дүнг мэдээлэх журам

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор мал эмнэлгийн үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, заавар, норм, нормативыг мөрдөн, чанарын өндөр түвшинд хүртээмжтэй хүргэх, мал эмнэлгийн үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх, түүний үр дүнг мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.

1.2.Энэхүү журмыг сум, дүүрэгт үйл ажиллагаа явуулах эрх бүхий мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, түүний малын эмч, бүх шатны мал эмнэлгийн улсын /ахлах/ байцаагч дагаж мөрдөнө.

Хоёр.Мал эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавих

2.Сум, дүүрэг дэх мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн улсын байцаагч мал эмнэлгийн үйлчилгээнд үйл ажиллагааны хяналтыг дараах чиглэлээр тавина.

2.1.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн ажлын байрны стандартын хэрэгжилтийг хангуулна.

2.1.1.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор ажлын байр, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн хангалт, бэлэн байдалд батлагдсан шалгуур үзүүлэлтээр жилд нэг удаа үнэлгээ өгнө.

2.1.2.Шалгуур үзүүлэлтийн үнэлгээний дагуу ажлын байр, багаж, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах хугацаатай үүрэг өгч, биелэлтийг хангуулна.

2.1.3.Ажлын байр, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж чадахгүй, хугацаатай үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн гэрээг цуцлуулах саналыг сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт гаргаж шийдвэрлүүлнэ.

2.2.Мал, амьтны халдварт, шимэгчтэх, халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эмчлэх арга хэмжээний технологи, үйл ажиллагаанд байнгын хяналт хэрэгжүүлнэ.

2.2.1.Мал, амьтны халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай болон төлөвлөгөөт арга хэмжээний гүйцэтгэлийг өрхийн малын эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлт, цахим системийн бүртгэлтэй харьцуулан улирал тутамд үнэлгээ өгч гаргана.

2.2.2.Мал, амьтны халдварт, шимэгчтэх, халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ болон үзлэг, тандалт хийсэн ажлын гуйцэтгэлийг өрхийн малын эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлт, цахим системийн бүртгэлтэй харьцуулан улирал тутамд үнэлгээ өгнө.

2.2.3.Мал, амьтны халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт арга хэмжээний эм, бэлдмэлийн захиалга, зарцуулалтыг өрхийн малын эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлт, цахим системийн бүртгэл, тарилга, туулгалтын цуваа, гэрээт өрхийн албан ёсны бүртгэл дэх малын тоотой харьцуулан тухай бүрд үнэлгээ өгнө.

2.2.4.Мал, амьтны халдварт өвчний тархалтыг тогтоох, тархвар зүйн судалгаа хийх зорилгоор тандалтын сорьц цуглуулах, шинжилгээ хийх үйл ажиллагааг батлагдсан заавар, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаа эсэх, стандарт ажиллагааны зааврыг мөрдөж байгаа байдалд улирал тутамд үнэлгээ өгнө.

2.2.5.Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс гэрээт өрх, аж ахуйд зөвлөмж, мэдээлэл хүргэсэн байдалд улирал тутамд үнэлгээ өгнө.

2.2.6.Хариуцсан нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон мал, амьтдын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулах, хашаа, хороо, өтөг бууц, тээврийн хэрэгслийн халдваргүйтгэл хийсэн ажлын гуйцэтгэлийг өрхийн эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлт, халдваргүйтгэлийн бэлдмэлийн захиалга, зарцуулалтын тайлантай харьцуулан тухай бүрд үнэлгээ өгнө.

2.2.7.Мал, амьтны гоц халдварт өвчний сэжиг илэрсэн, оношлогдсон үед батлагдсан журам, заавар, стандартын мөрдөлтөнд тухай бүрд нь хяналт тавина.

2.3.Мал, амьтны шилжилт хөдөлгөөн, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, аюулгүй байдлын баталгаажуулалтын хяналтыг тогтмол хэрэгжүүлнэ.

2.3.1.Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэр дэх мал, амьтны шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөлтийг малчин өрхийн малын албан ёсны бүртгэл, мал эмнэлгийн гэрчилгээ /эрүүл мэндийн тодорхойлолт/ олголттой харьцуулан, халдварт өвчин дамжин тархах эрсдэл үүссэн эсэхэд улирал тутамд үнэлгээ өгнө.

2.3.2.Халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах, мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуй, гарал үүслийн тодорхойлолт олгох үйл явцыг цахим мэдээлийн сангийн бүртгэл, мэдээлэлд хяналт тавих байдлаар улирал тутамд үнэлгээ өгнө.

2.4.Мал эмнэлгийн улсын байцаагч нь мал, амьтны эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эм бэлдмэл, тэжээлийн нэмэлтийн хэрэглээний зарцуулалтад дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.4.1.Мал, амьтны эм бэлдмэл, тэжээлийн нэмэлтийн хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалтанд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын дагуу хяналт тавьж, удирдах дээд байгууллагыг мэдээ, мэдээллээр хангах

2.4.2.Харьяалах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагын эм бэлдмэл, тэжээлийн нэмэлтийн зарцуулалтын тайланг гаргуулж үнэлгээ, дүгнэлт өгч удирдах дээд байгууллагыг мэдээ, мэдээллээр хангах

2.4.3.Мал, амьтны эмийн зохистой хэрэглээний талаар иргэдэд зөвлөгөө, зөвлөмж хүргүүлэх ажлыг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах.

Гурав.Хяналт шалгалтын дүнг тайлагнах, мэдээлэх

3.1.Сум, дүүргийн тасгийн улсын байцаагч мал эмнэлгийн үйлчилгээ, үйл ажиллагаанд хяналт хийсэн тухай тайлан, танилцуулгыг үнэлгээ өгөх аргачлалын дагуу гаргаж, улирал бүрийн сүүлийн сарын 20-ны дотор болон хагас, бүтэн жилээр нэгтгэн, аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт ирүүлнэ.

3.2.Аймаг, нийслэл дэх Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн улсын ахлах байцаагч сумдаас ирүүлсэн цахим тайланг нэгтгэн улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор болон хагас, бүтэн жилээр нэгтгэн, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газарт ирүүлнэ.

Дөрөв.Мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг

4.1.Мал эмнэлгийн үйлчилгээнд тавьж буй үйл ажиллагааны хяналт, шалгалттай холбоотой санал, гомдлыг дээд шатны мал эмнэлгийн байгууллага, албан тушаалтанд гаргах эрхтэй.

4.2.Сум, дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгж энэхүү журмын 2 дахь хэсэгт заасан ажил, үйлчилгээний гүйцэтгэлийг цахим мэдээллийн санд тухай бүрт нь оруулах

4.3.Мал эмнэлгийн үйл ажиллагааны хяналт хэрэгжүүлэх эрх бүхий мал эмнэлгийн улсын байцаагчийн хяналт, шалгалтад холбогдолтой мэдээ, тайлан, бичиг баримтыг тухай бүрт нь гаргаж өгөх

4.4.Мал эмнэлгийн үйл ажиллагааны хяналт хэрэгжүүлэх эрх бүхий мал эмнэлгийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Тав.Мал эмнэлгийн байгууллагын эрх, үүрэг

5.1.Мал эмнэлгийн ерөнхий газар дараах чиг үүрэгтэй.

Үүнд:

5.1.1.Мал эмнэлгийн үйлчилгээнд хийсэн хяналт шалгалтын үр дүнг нэгтгэн дүгнэж, мал эмнэлгийн ажил үйлчилгээг хүртээмжтэй, үр дүнтэй болгох талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

5.1.2.Мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, бэлэн байдлын чадавхи сайжруулах талаар хуулиар олгогдсон эрхийн хүрээнд арга хэмжээг хэрэгжүүлэх;

5.1.3.Мал эмнэлгийн үйлчилгээнд үнэлгээ өгөх аргачлалыг жил бүр баталж, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газарт хүргүүлэх;

5.1.4.Мал эмнэлгийн үйлчилгээнд хийсэн хяналт шалгалтын үр дүнгээр хуулиар хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг шалгаруулж, холбогдох журмын дагуу урамшуулах;

5.2.Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

5.2.1.Мал эмнэлгийн үйлчилгээнд хийсэн хяналт шалгалтын үр дүнгээр хуулиар хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг шалгаруулж.холбогдох журмын дагуу урамшуулахаар нэр дэвшүүлэх;

5.2.2.Мал эмнэлгийн үйлчилгээнд хийсэн хяналт шалгалтын үр дүнгээр хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн гэрээг цуцалж, малын эмчийн итгэмжлэлийг цуцлах, түдгэлзүүлэх, ёс зүйн хариуцлага хүлээлгэх саналыг малын эмчийн итгэмжлэл олгосон байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;

5.2.3.Мал эмнэлгийн үйлчилгээнд хийсэн хяналт шалгалтын үр дүн, сум, дүүрэг дэх Мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн улсын байцаагчийн санал, дүгнэлтийг үндэслэн хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид улсын төсвөөс олгох ажил үйлчилгээний хөлсийг 30 хүртэл хувиар бууруулах шийдвэр гаргаж болно.

5.3.Сум, дүүргийн Мал эмнэлгийн тасаг нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

5.3.2.Энэхүү журмын 2 дахь хэсэгт заасан ажил, үйпчилгээний төлөвлөлтийг тухай бүрт нь цахим мэдээллийн системд оруулах;

5.3.1.Мал эмнэлгийн үйлчилгээнд хийсэн хяналт шалгалтын үр дүнгээр хуулиар хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн мал эмнэлгийн үйпчилгээний нэгжийг шалгаруулж, холбогдох журмын дагуу урамшуулахаар нэр дэвшүүлэх;

5.3.2.Мал эмнэлгийн үйлчилгээнд хийсэн хяналт шалгалтын үр дүнгээр хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн гэрээг цуцлах, малын эмчийн итгэмжлэлийг цуцлах, түдгэлзүүлэх, ёс зүйн хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргах;

5.3.3.Мал эмнэлгийн үйлчилгээнд хийсэн хяналт шалгалтын үр дүнгээр хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид улсын төсвөөс олгох ажил үйлчилгээний хөлсийг 30 хүртэл хувиар бууруулах санал, дүгнэлт гаргаж болно.

5.3.4.Мал эмнэлгийн үйл ажиллагааны хяналт хэрэгжүүлэх эрх бүхий улсын /ахлах/ байцаагч нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.13-30.17, 30.22-30.23, 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт заасан хяналтыг хэрэгжүүлнэ.

Зургаа.Хариуцлага

6.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---оОо--