- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ТОДОРХОЙЛСОН ХУВЬ НЭМРИЙН ЗОРИЛТ
Засгийн газрын 2019 оны 407 дугаар
тогтоолын хавсралт
ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ТОДОРХОЙЛСОН ХУВЬ НЭМРИЙН ЗОРИЛТ
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд соёрхон баталсан. Тус хэлэлцээрийн дагуу гишүүн улсууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Парисын хэлэлцээр 2020 оноос хэрэгжиж эхлэхтэй холбогдуулж гишүүн улсууд үндэсний тодорхойлсон хувь нэмрийг шинэчлэн тодорхойлж, цаашид таван жил тутамд зорилтыг ахиулан тодорхойлж, хэрэгжилтийг тайлагнах үүрэгтэй. Энэхүү баримт бичгийн хүрээнд Монгол Улс үндэсний зорилтоо шинэчилж, хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг бууруулахаар өмнө нь дэвшүүлсэн зорилтоо ахиулан тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах сөрөг нөлөө, эрсдэлийг багасгах, түүнд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээг тодорхойлов.
Монгол Улс 2014 оны байдлаар жилд 34,482.73 мянган тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцүүлсэн хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байгаагийн 50.08 хувь нь эрчим хүч, 48.51 хувь нь хөдөө аж ахуй, 0.95 хувь нь аж үйлдвэр, үлдсэн 0,46 хувь нь хог хаягдлын салбараас ялгарч байна. Хэдийгээр манай улсын ялгаруулж буй хүлэмжийн хий нь дэлхийн нийт ялгаралд маш бага (0.09 хувь) хувийг эзэлж байгаа боловч, нэг хүнд ногдох болон ДНБ-нд ногдох хэмжээгээрээ дэлхийн болон бүсийн дунджаас хэд дахин өндөр байна. Иймд, Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эдийн засгийн гол салбаруудын тогтвортой хөгжлийг хангах, техник технологийг боловсронгуй болгох ерөнхий зорилттой уялдуулан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
НЭГ. Монгол Улсын хүлэмжийн хийн ялгаралтыг
бууруулах зорилт
Үндэсний хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг (суурь нөхцөл) хамгийн их ялгаруулагч зургаан тэргүүлэгч эдийн засгийн салбарын 2030 он хүртэлх хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгасан арга хэмжээнд үндэслэн тооцоолж үзэхэд 2010 онд 25.8 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэхүйц (CO2-экв.) хэмжээтэй байсан бол 2030 онд 74.2 сая тонн СО2-экв. болж 2.76 дахин өсөх төлөвтэй байна.
Иймд, 2030 он гэхэд үндэсний хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилтыг дараахь салбарын түвшинд тодорхойлов:
1. Эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн салбарт 8.34 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэхүйц хэмжээгээр бууруулах. Үүнд:
-сэргээгдэх эрчим хүч ашигласнаар 2.97 сая тонн CO2-экв.;
-эрчим хүчний хангамжийн үр ашгийг сайжруулснаар 5.37 сая тонн CO2-экв.
2. Хөдөө аж ахуйн салбарт 5.28 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэхүйц хэмжээгээр бууруулах. Үүнд:
-малын тооны өсөлтийг бууруулах буюу малыг хэт өсгөх бус, харин малын чанар, ашиг шимийг сайжруулах (МАА-н тогтвортой хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх) 5283.4 мянган тонн CO2-экв.
3. Аж үйлдвэрийн салбарт 1.28 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэхүйц хэмжээгээр бууруулах. Үүнд:
-аж үйлдвэрийн эрчим хүчний хэмнэлт 1045.0 мянган тонн CO2-экв.;
-цементийн үйлдвэрүүдийн хаягдал дулааныг ашиглан цахилгаан үйлдвэрлэх 13.4 мянган тонн CO2-экв.;
-цементийн үйлдвэрлэлд нунтаг үнс ашиглах 86 мянган тонн CO2-экв.;
-нүүрсний уурхайн метаныг ялган авч цахилгаан үйлдвэрлэх 135 мянган тонн CO2-экв.
4. Зам тээврийн салбарт 1.05 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэхүйц хэмжээгээр бууруулах. Үүнд:
-Евро-5 стандартын шатахуунд шилжсэнээр 457 мянган тонн CO2-экв.;
-нүүрс экспортлох тээврийг автотээврээс төмөр замын тээвэрт шилжүүлснээр 576 мянган тонн CO2-экв.;
-зорчигчийн вагоныг цахилгаан халаалтад шилжүүлэх 16 мянган тонн CO2-экв.
5. Барилгын салбарт 830 мянган тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэхүйц хэмжээгээр бууруулах. Үүнд:
-Улаанбаатар хотод сайжруулсан түлш хэрэглэснээр 599 мянган тонн CO2-экв;
-Улаанбаатар хотын угсармал орон сууцыг дулаалснаар 231 мянган тонн CO2-экв.
6. Хог хаягдлын салбарт 106.1 мянган тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэхүйц хэмжээгээр бууруулах. Үүнд:
-хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих замаар төвлөрсөн хогийн цэг дээр дарж булагдах хог хаягдлын хэмжээг багасгаж, хатуу хог хаягдлаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах болон ариутгах татуургын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдах хүн амын эзлэх хувийг нэмэгдүүлж, шингэн хог хаягдлаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээ авах замаар 106.1 мянган тонн.
Нэгдсэн дүнгээр Монгол Улс үндэсний хүлэмжийн хийн ялгарлаа нийт ялгаруулах суурь нөхцөлтэй харьцуулахад 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая тонн СО2-тэй дүйцэхүйц хүлэмжийн хийг бууруулах боломжтой юм.
Эдгээр зорилтууд нь зөвхөн үндсэн эх үүсвэрүүдээс ялгарсан хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ, түүнийг бууруулах боломж, арга хэмжээг хамарсан. Үүнээс гадна, агаарт гарсан нүүрсхүчлийн хийг хөрс, ургамал, ой их хэмжээгээр буцаан шингээдэг. Иймд, газар ашиглалт болон ойн салбарын хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авснаар үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг нэмэлт 11.2 хувиар бууруулах боломж бүрдэнэ. Үүнийг тооцож үзвэл Монгол Улс нийт хүлэмжийн хийн ялгаралтаа 2030 он гэхэд 33.9 хувиар бууруулах боломжтой юм.
Хоёр. Уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицлын зорилт
Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг дараахь салбарын хүрээнд дасан зохицох чиглэлийн зорилтуудыг тодорхойлов. Үүнд:
1. Мал аж ахуй: Мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг бууруулж, салбарын тогтвортой хөгжлийг ханган, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх.
2. Газар тариалан: Газар тариалангийн салбарт уур амьсгалын өөрчлөлтийн эерэг нөлөөг зохистой ашиглах, сөрөг нөлөөг сааруулах замаар тариалангийн бүтээгдэхүүнээр хүн амыг эрүүл хүнсээр, мал аж ахуйг тэжээлээр, хөнгөн, хүнсний үйлдвэрийг түүхий эдээр тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэх.
3. Усны нөөц: Усны нөөцийг нэмэгдүүлэх, оновчтой хэрэглээг нэвтрүүлж, чадавхыг сайжруулах.
4. Ойн нөөц: Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ойн эко-системийг бий болгон нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх.
5. Биологийн олон янз байдал: Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий биологийн олон янз байдлын дасан зохицох боломж, нөхцөлийг бүрдүүлэх.
6. Байгалийн гамшгаас хамгаалах: Уур амьсгал, ус, цаг уурын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлээс үүсэх гамшгийн эрсдэлийг бууруулах, дасан зохицох замаар үндэсний гамшгийг тэсвэрлэх чадварыг бий болгох.
7. Нийгмийн эрүүл мэнд: Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалж, учирч болох аюул эрсдэлийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах.
8. Иргэдийн амьжиргаа, нийгмийн хамгаалал: Уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг нийгмийн бүлгүүдийг тодорхойлж, тэднийг чадавхжуулах, эмзэг байдлыг арилгахад чиглэсэн халамж, хамгааллын, даатгалын, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх.
------о0о------
Текст томруулах
A
A
A