- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАВХАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2019 оны 56 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт
ЗАВХАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ,
АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ,
СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэнхүү журмыг аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж байнга болон түр оршин суугч иргэн, малчин өрх харъяалалгүй хүн дагаж мөрдөнө.
1.3.Журмаар зохицуулаагүй харилцааг Хог хаягдлын тухай хуулийг удирдлага болгоно.
1.4.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх эрх бүхий этгээд гэж Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасныг ойлгоно.
1.5.Энгийн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах эрх бүхий этгээд гэж Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8 дахь хэсэгт заасныг ойлгоно.
Хоёр. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх,
ангилах, цуглуулах, тээвэрлэх
2.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх ангилах:
2.1.1 Аж ахуйн нэгж, байгууллага сар бүрийн 25-ны өдөр сумын Засаг даргын хуваарилсан нийтийн эдэлбэр газрыг цэвэрлэх;
2.1.2.Айл өрх бүр хашаа, байрны орц, гадна орчноо тогтмол цэвэрлэх;
2.1.3.Хог хаягдал үүсгэгч бүр гаргасан хог хаягдлаа ангилан зориулалтын саванд хийх;
2.1.4.Өөрийн эзэмшил, өмчлөлийн газартаа зориулалтын ангилан ялгах хогийн сав байрлуулах;
2.1.5.Иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр энгийн хог хаягдлыг ангилан ялгах, савлах, тээвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх;
2.2.Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх:
2.2.1.Сумдын Засаг дарга нар хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах иргэн, аж ахуйн нэгж байгууллагын сонгон шалгаруулж, гэрээ байгуулах;
2.2.2.Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг холбогдох хууль, журам, стандартад нийцүүлэн явуулах;
2.2.3.Айл өрхийн хог хаягдлыг сумын Засаг даргын баталсан графикийн дагуу эрх бүхий этгээд[1] тогтмол хугацаанд мөн дуудлагаар цуглуулж, хог хаягдлын төвлөрсөн цэгт тээвэрлэн хүргэх;
2.2.4.Аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлаа хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай байгуулсан гэрээний дагуу тогтсон хугацаанд, мөн дуудлагаар тээвэрлүүлэх;
2.2.5.Хог хаягдлыг цуглуулахдаа ангилан ялгасан хог хаягдал тус бүрээр цуглуулах;
2.2.6.Энгийн хог хаягдлыг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь хотын өнгө үзэмжид нийцсэн, зориулалтын битүүмжлэлтэй, технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байна. Хэрэв задгай тэвштэй тээврийн хэрэгслээр тээвэрлэх бол хог хаягдал хийсэхгүй, асгахгүй байх нөхцлийг хангасан байх;
2.2.7.Хог хаягдлыг тээвэрлэх чиглэл, хуваарийг хог хаягдал тээвэрлэх гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор сумын Засаг даргаар батлуулах;
2.2.8.Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэхдээ хүрээлэн буй орчин, хөрсийг бохирдуулахгүй байх арга хэмжээ авах.
Гурав.Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах,
сэргээн ашиглах, устгах, булшлах
3.1.Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах:
3.1.1.Дахивар хог хаягдлыг цуглуулах ажлыг сумдын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулсан этгээд хүлээн авна. Гэрээнд цэгийн байршил, ажиллах цагийн хуваарь, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, түүнээс урьдчилан сэргийлэх, орчны тохижилт, ариун цэврийн талаар тодорхой зааж өгөх;
3.1.2.Дахивар хог хаягдлыг худалдан авахдаа цэг байгуулах замаар болон явуулын машинаар үйлчилгээг зохион байгуулах;
3.1.3.Дахивар хог хаягдлыг хүлээн авах цэгийг орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбай, явган хүн, авто машины хөдөлгөөнд саад учруулахуйц газар байгуулж үл болох;
3.1.4.Гэр хороололд дахивар хог хаягдлыг худалдаж авах цэгийг гудамжны эхэнд болон төгсгөлд гал, усны аюулгүй газарт, айл өрх, хашаанаас зайдуу байршилд байгуулна. Харин орон сууцны хороололд дахивар хог хаягдлыг цуглуулах явуулын машины үйлчилгээг нийтэд хүртээмжтэй байхаар зохион байгуулах;
3.1.5.Дахивар хог хаягдлыг худалдаж авах цэг нь өөр зүйл худалдах, худалдан авах эрх эдлэхгүй байх;
3.1.6.Дахивар хог хаягдлыг худалдаж авах цэгийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий байцаагч, тухайн сумын Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга хяналт тавих;
3.1.7.Мэргэжлийн хяналтын газраас тухайн дахивар хог хаягдлыг худалдан авах цэгийн үйл ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоо;
3.1.8.Хог хаягдлыг цуглуулах худалдан авахад шаардагдах бүх зардлыг энэ үйлчилгээг явуулах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хариуцах;
3.1.9.Цуглуулсан хог хаягдлын нэр төрөл, тоо хэмжээг тухайн иргэн, аж ахуйн нэгж сумдын Засаг даргын тамгын газарт, хагас бүтэн жилээр гаргаж өгөх;
3.1.10.Хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах арга техниологи нь байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи ашигласан, холбогдох хууль, тогтоомжийн шаардлага хангасан байх.
3.2.Энгийн хог хаягдлыг устгах, булшлах:
3.2.1.Энгийн хог хаягдал устгах булшлах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь сэргээн ашиглах, дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүлээн зөвшөөрөгдсөн арга технологи, шаардлагын дагуу устгаж булшлах.
Дөрөв. Талуудын үүрэг
4.1.Аймгийн Засаг даргын хүлээх үүрэг:
4.1.1.Журмын хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох;
4.1.2.Журмын хэрэгжилтийг хангуулахад сумдын Засаг дарга, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих;
4.1.3.Журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх, хүчингүй болгох саналыг хүлээн авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах, шийдвэрлүүлэх.
4.2.Сумын Засаг даргын хүлээх үүрэг:
4.2.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн захирамжаар томилох, хяналт тавих;
4.2.2.Нутаг дэвсгэрийн айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хог хаягдлыг ангилан ялгах талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах, энэ журмын 7.1 дэх хэсэгт заасны дагуу урамшуулах;
4.2.3.Нутаг дэвсгэрийнхээ хог хаягдлыг ангилан ялгаж хаях, цуглуулах, устгах үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг сумын төсөвт тусган санхүүжүүлэх;
4.2.4.Хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийг татан оролцуулах;
4.2.5.Хог хаягдлын талаарх үндэсний уламжлал, зан заншил, тэргүүн туршлагыг сурталчлах.
4.3.Багийн Засаг даргын хүлээх үүрэг:
4.3..Сумын Засаг даргын баталсан хог хаягдал, цуглуулах, тээвэрлэх өдөр, хуваарийг графикийн дагуу айл өрхүүдэд мөрдүүлэх. Нутаг дэвсгэрийн айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг энэхүү журамд заасны дагуу ангилан ялгуулах, хяналт тавих;
4.3.2.Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах ялгах дадал хэвшлийг төлөвшүүлэх, хамтран ажиллах;
4.3.3.Ангилсан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх эрх бүхий байгууллагын хог тээвэрлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
4.3.4.Багийн оршин суугчид болон аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийг хамруулан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах.
4.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг:
4.4.1.Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, хуваарийн дагуу тээвэрлүүлэх;
4.4.2.Нийтийг хамарсан их цэвэрлэгээнд идэвх санаачилгатай оролцох;
4.4.3.Өөрийн үйл ажиллагаа, амьдралын хэв маягт хүрээлэн буй орчинд ээлтэй, хаягдал багатай технологи, хэвшлийг бий болгох, дадал хэвшүүлэх;
4.4.4.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төлбөрийн баримт өгсөн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор төлөх;
4.4.5.Хог хаягдлыг цуглуулахдаа дараах 3 төрлөөр ангилна.
4.4.5.a.Орон сууцны хороолол орон сууцны айл өрх дахивар хог хаягдлаа дахивар хог хаягдлыг цуглуулагч, иргэн аж ахуйн нэгж, харин бусад энгийн хог хаягдалыг байр, орцны нэгдсэн хогийн цэг, нэгдсэн хогийн цэггүй тохиолдолд тогтсон хугацаанд шууд хог тээврийн машинд, ахуйн аюултай, эмнэлгийн хаягдлыг тусгай зориулалтын сав, хүлээн авах тусгай цэгт батлагдсан өдөр, хуваарийн дагуу хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх;
4.4.5.б.Гэр хороололын айл өрх дахивар хог хаягдал бусад хог хаягдал гэсэн төрлөөр зориулалтын саванд хадгалах бөгөөд (ахуйн аюултай, эмнэлгийн хаягдлыг тусгай зориулалтын, хүлээн авах тусгай цэгт) батлагдсан өдөр, хуваарийн дагуу хог хаягдал цуглуулах тээвэрлэх эрх бүхий иргэн, байгууллагад хүлээлгэн өгөх;
4.4.5.в.Албан байгууллага, аж ахуйн нэгж дахивар болон бусад хог хаягдлыг зориулалтын саванд хадгалах бөгөөд аюултай, эмнэлгийн болон барилгын хог хаягдлыг тусгай зориулалтын машин техникт зааврын дагуу хог хаягдал цуглуулах тээвэрлэх эрх бүхий иргэн, байгууллагад батлагдсан өдөр, хуваарийн дагуу хүлээлгэж өгөх.
4.5.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг:
4.5.1.Үйл ажиллагаандаа холбогдох хууль, тогтоомж, стандартыг мөрдөж, иргэдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
4.5.2.Үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй технологи, засвар, шинэчлэлтийг тогтмол хийж, шуурхай байдлыг хангах;
4.5.3.Үйл ажиллагааны ил тод байдлыг хангуулж, мэдээ тайланг хугацаанд нь тайлагнах.
Тав. Хяналт, хариуцлага
6.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Цагдаа болон сум, багийн Засаг дарга хяналт тавина.
6.2.Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
[1] Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтын дагуу Сумын Засаг даргатай гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага
Текст томруулах
A
A
A