- Нүүр
- Сайдын тушаал
- УЛСЫН НИСЭХИЙН АЭРОДРОМЫН БҮСЭД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОН АЭРОДРОМЫГ АШИГЛАХ ДҮРЭМ
Батлан хамгаалахын сайдын 2019 оны
А/150 дугаар тушаалын гуравдугаар хавсралт
УЛСЫН НИСЭХИЙН АЭРОДРОМЫН БҮСЭД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОН АЭРОДРОМЫГ АШИГЛАХ ДҮРЭМ
УНД-3
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрмээр улсын нисэхийн аэродром байгуулах, бүртгэх, түүнд тавигдах шаардлага, бэлэн байдал, аэродромын бүсэд нислэг үйлдэх болон тэдгээрийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.
Энэ дүрмийг улсын агаарын хөлгийг эзэмшигч /цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх/ байгууллагууд дагаж мөрдөнө.
1.2.Улсын нисэхийн аэродромын бүртгэл, гэрчилгээжүүлэлт, бэлэн байдал, ашиглалтад тавигдах шаардлагуудын биелэлтэд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал хяналт тавина.
1.3.Улсын нисэхийн аэродром нь Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн баталсан “Аэродромын бүсэд нислэг үйлдэх заавар”-тай байна.
1.4.Улсын нисэхийн аэродромын бэлэн байдлыг тухайн аэродромыг эзэмшигч байгууллагын дарга /захирагч/ хариуцна.
1.5.Улсын нисэхийн аэродромыг иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран ашиглахаар бол Батлан хамгаалах болон Зам, тээвэр хариуцсан яамдын сайд нарын хамтран баталсан “Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглах журам”-ыг баримтална.
1.6.Улсын нисэхийн аэродромуудыг зориулалтаар нь байнгын, үндсэн, бэлтгэл болон түр, үзүүлэлтүүдээр нь 1, 2, 3 дугаар зэрэглэлийн гэж ангилна. Үүнд:
- нэгдүгээр зэрэглэлийн аэродромын хөөргөх, буулгах зурвас нь 2500-3000 м-ийн урттай, хатуу хучилттай, аэродромын гэрэлтүүлэг, техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон болон хөөргөх, буулгах нөөц зурвастай байна.
- хоёрдугаар зэрэглэлийн аэродромын хөөргөх, буулгах зурвас нь 1800-2400 м-ийн урттай, хатуу болон шороон хучилттай, аэродромын гэрэлтүүлэг, техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон байна.
- гуравдугаар зэрэглэлийн аэродромын хөөргөх, буулгах зурвас нь 1200-1700 м-ийн урттай, хөдөлгөөнт гэрэлтүүлэг, техник хэрэгслээр тоноглогдсон байна.
Хоёр.Аэродром байгуулах
2.1.Улсын нисэхийн аэродромыг шинээр байгуулах, ашиглах, ашиглалтаас хасах асуудлыг “Улсын нисэхийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн дагуу шийдвэрлэнэ.
2.2.Улсын нисэхийн аэродром орчмын нутаг дэвсгэрийн ойролцоо барилга, байгууламж, холбооны болон өндөр хүчдэлийн шугам барьж байгуулах санал тавьж буй байгууллага нь Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас зөвшөөрөл авна.
Гурав.Бүртгэх
3.1.Улсын нисэхийн аэродром нь Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалаас олгосон бүртгэлийн гэрчилгээтэй байна.
3.2.Улсын нисэхийн аэродромыг бүртгэж, гэрчилгээ олгох асуудлыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтэс хариуцна.
3.3.Улсын агаарын хөлгийн эзэмшигч байгууллага нь түр аэродромыг байгуулах, ашиглахдаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн зөвшөөрлөөр түр гэрчилгээ авна.
3.4.Бүртгэл, гэрчилгээгүй аэродромыг улсын нисэхэд ашиглахыг хориглоно.
Дөрөв.Аэродромын бэлэн байдал
4.1.Улсын нисэхийн аэродромын бэлэн байдлыг хангах асуудлыг тухайн аэродромыг эзэмшигч байгууллагын дарга /захирагч/ хариуцна.
4.2.“Аэродромын бэлэн байдал” гэдэгт тухайн аэродромын зэрэглэлээс шалтгаалан агаарын хөлгийг буулгах, хөөргөх, байрлуулах үеийн нислэг, хөдөлгөөний удирдлага, нисэхийн аюулгүй байдлыг хангах, аэродромын бүх төрлийн хангалт, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой цогц үйл ажиллагааг ойлгоно.
4.3.Аэродромын бэлэн байдал нь дараах байдлаар тодорхойлогдоно. Үүнд:
- мэргэжлийн боловсон хүчний хангалт, тэдгээрийн бэлтгэл;
- аэродром, техникийн хангалт;
- нисэхийн холбоо-радиотехникийн хангалт;
- аэродромын гэрэлтүүлгийн техник хэрэгслийн хангалт;
- нислэгийн цаг уурын хангалт;
- ар талын хангалтууд;
- аюулгүй байдал, хамгаалалт багтана.
4.4.Тухайн аэродромын зориулалт, зэрэглэлээс хамаарч, түүний хангалтын төрөл өөр байж болно.
Тав.Аэродромд тавигдах шаардлага
5.1.Улсын нисэхийн аэродром нь “Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглах журам”-д заагдсанаас гадна дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:
- өнгөлөн далдлалтын арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой байх;
- байгаль, цаг уур, газар орны нөхцөлийг харгалзсан байх.
Зургаа. Аэродромын бүсэд нислэг үйлдэх
6.1.Аэродромын бүсэд болон зангилгаанд нислэг үйлдэхдээ “Аэродромын бүсэд нислэг үйлдэх заавар”-ыг баримтална.
6.2.Тухайн аэродромыг эзэмшигч байгууллага нь “Аэродромын бүсэд нислэг үйлдэх заавар”-ыг боловсруулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчаар батлуулж мөрдөнө.
Долоо.Аэродромын ашиглалт
7.1.Улсын нисэхийн аэродромуудыг ашиглахдаа “Агаарын зайг нисэхэд ашиглах тухай” хууль, “Улсын нисэхийн багц дүрэм” болон “Улсын нисэхийн аэродромуудыг хамтран ашиглах журам”, бусад холбогдох заавруудыг мөрдлөг болгоно.
-----ооо---
Текст томруулах
A
A
A