A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УЛСЫН АГААРЫН ХӨЛГИЙН НИСЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИХ ДҮРЭМ
Бүлэг: 1979

Батлан хамгаалахын сайдын 2019 оны

А/150 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт

УЛСЫН АГААРЫН ХӨЛГИЙН НИСЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИХ ДҮРЭМ

УНД-4

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ дүрмээр нисэхийн техникийн бэлэн байдлыг хангах, нислэгт тэнцэх чадварыг хадгалах, нислэг-техникийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд явуулж буй техникийн болон эрх зүйн үйл ажиллагааг зохицуулна.

1.2.Энэ дүрмийг улсын агаарын хөлгийг эзэмшигч /цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх/ байгууллагууд дагаж мөрдөнө.

“Нисэхийн техник” гэж нисгэгчтэй /нисгэгчгүй/ нисэх хэрэгсэл, тэдгээрийн хүчний төхөөрөмж, тоноглол, зэвсэглэл, нисэхийн хөнөөх хэрэгсэл, дадлага сургалтын суурин төхөөрөмж, ашиглалтын болон засвар, удирдлагыг хангах хэрэгслийг;

“Зорилтот үзлэг” гэж нисэхийн техникийн байдал, ашиглалтын нөхцөл, хугацаа зэргээс хамаарч тэдгээрийн зарим нэг эд анги, агрегат, систем, механизм ба бүтцийн элементүүдийг нарийвчлан шалгах зорилгоор хийж буй үзлэгийг;

“Зорилтот шалгалт” гэж нисэхийн техникийн ажиллагаа нь зохих журам, стандарт, шаардлагуудад нийцэж байгаа эсэхийг хэмжилтийн нарийн үйлдэл бүхий багаж тоноглол ашиглан бүх өгөгдөхүүнийг шалгаж бататгах, баримтжуулах үйлдлийг;

“Үйл ажиллагааны заавар” гэж улсын агаарын хөлгийн ашиглалттай холбоотой үйл ажиллагаанд мөрдлөг болгох баримт бичгийг;

“Агаарын хөлгийн ашиглалтын үйл ажиллагаа” гэж нисэх баг, нисэхийн инженер, техникийн ажилтнуудын хийх нислэг-техникийн төрөл бүрийн бэлтгэл, ажил үйлчилгээ, засвар, техникийн хяналтуудыг;

“Тусгай эрх” гэж үйлдвэрлэгч /зохион бүтээх товчоо/-ээс нисэхийн инженерүүдэд агаарын хөлөг, түүний эд ангид тусгай зориулалтын багаж хэрэгсэл, тоноглол ашиглан техникийн үйлчилгээ, үзлэгийг гүйцэтгүүлэхээр олгосон эрхийг;

“Техникийн үйлчилгээ” гэж агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварыг хадгалах үүднээс хийгдэх бүх төрлийн үзлэг, хугацаат болон хугацаат бус үйлчилгээг;

“Техникийн үйлчилгээнээс гаргах” гэж агаарын хөлөгт техникийн засвар, үйлчилгээ, үзлэг хийгдсэний дараа уг агаарын хөлөг нислэгт тэнцэх чадварын стандартад нийцэж буйг гэрчлэх эрх бүхий ажилтнаас баталгаажуулсныг;

“Нисэхийн техникийн ашиглалт” гэж нисэхийн техник хэрэгслүүдийг ашиглахтай холбогдсон бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл, техникийн бэлэн байдал, засвар үйлчилгээ, хадгалалт хамгаалалтыг багтаасан цогц ойлголтыг хэлнэ.

Хоёр.Нисэхийн техникийн ашиглалт, үйл ажиллагаанд тавих хяналт

2.1.Нисэхийн техникийн талаар онолын зохих мэдлэг эзэмшиж, дадлага хийсэн, нисэхийн техникийн бүтэц, зохион байгуулалт, түүнийг ашиглах заавар, аюулгүйн арга хэмжээг өөрсдийн гүйцэтгэх албан үүргийн хэмжээнд судалж, зохих шалгалт, шүүлэг өгсөн нисэх болон инженер, техникийн бүрэлдэхүүнд нисэхийн техник дээр ажиллах эрхийг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсээс олгоно.

2.2.Нисэхийн техник, хэрэгслүүдийн ашиглалттай холбоотой техникийн үзлэг, үйлчилгээг “Нисэхийн инженерийн албаны дүрэм”, тухайн техник, хэрэгслийн ашиглалтын зааврын дагуу явуулж буй эсэх, нисэхийн техникийн байдалд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтэс үнэлгээ өгч, баталгаажуулна.

2.3.Нисэхийн техник, хэрэгслүүдийн бэлэн байдал, ашиглалт, хадгалалтын байдалд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтэс хяналт тавина.

2.4.Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтэс нь улсын нисэхийн техник, хэрэгслүүдийн ашиглалтад дараах хяналтуудыг тавина. Үүнд:

  • удирдлагын баримт бичгийн хэрэгжилтэд;
  • нисэх баг, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн бэлтгэл, баримт бичгийн бүрдэлд;
  • техник, хэрэгслүүдийн үйлдвэрлэгч /нийлүүлэгч/-ээс олгосон ашиглалтын хугацаанд;
  • агаарын хөлгийн бүртгэл, гэрчилгээжилтийн байдалд;
  • нисэхийн техник, хэрэгслүүдийн сэлбэг материалын хангалт, зарцуулалт, хадгалалтад;
  • агаарын хөлгийн хөдөлгүүр, сэнс, редуктор, бусад тоног төхөөрөмжүүдийг солих, шилжүүлэн тавихад болон түүний дараах шалгалтын нислэг үйлдэхэд;
  • онцгой үүргийн нислэгийн өмнөх бэлтгэлд;
  • агаарын хөлгийг түр буюу удаан хугацааны хадгалалтад тавих, хадгалах, хадгалалтаас гаргах явцад;
  • аэродром, нисэхийн холбоо, радиотехникийн хангалтын техник, хэрэгслүүдийн ашиглалтад;
  • нислэг, техникийн ашиглалтын явцад гарсан зөрчил, дутагдлыг арилгасан байдалд.

Гурав.Үзлэг шалгалт хийх

3.1.Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн зорилгот үзлэг, шалгалт хийх төлөвлөгөөг командлалын жилийн ажлын хөтөлбөрт тусгасан байна.

3.2.Зорилтот үзлэг, шалгалтыг улирал тутамд төлөвлөгөөний дагуу явуулж, дүнг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчид илтгэнэ.

3.3.Зорилтот үзлэг, шалгалтыг явуулахдаа дараах баримт бичгүүдийг үндэслэнэ. Үүнд:

  • Нисэхийн инженерийн албаны дүрэм;
  • тухайн техник, хэрэгслийн техникийн ашиглалтын заавар;
  • дээд байгууллагаас баталсан удирдлагын бусад баримт, бичгүүд.

 

---ооо---