A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УЛСЫН АГААРЫН ХӨЛГИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ДҮРЭМ
Бүлэг: 1979

Батлан хамгаалахын сайдын 2019 оны

А/150 дугаар тушаалын тавдугаар хавсралт

УЛСЫН АГААРЫН ХӨЛГИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ

ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ДҮРЭМ

УНД-5

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ дүрэм нь улсын агаарын хөлгийн байлдааны болон бусад үүргийн нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, удирдах, үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавихад чиглэгдэнэ.

Энэ дүрмийг улсын агаарын хөлгийг эзэмшигч /цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх/ байгууллагууд дагаж мөрдөнө.

1.2.Улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний хяналт нь байлдааны болон бусад үүргийн нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, агаарын зайн зөрчлийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, дахин гаргуулахгүй байх үйл ажиллагаанд чиглэгдэнэ.

1.3.Шаардлагатай тохиолдолд нислэгийн хөдөлгөөнд тавих хяналтыг байлдааны онгоц, нисдэг тэрэг ашиглан гүйцэтгэж болно.

1.4.Улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөнд тавих хяналтын үндэс нь радиолокац /бодит хяналт/-ийн болон диспетчер /мэдээлэлд тулгуурласан/-ийн арга байна.

1.5.Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал нь “Улсын нисэхийн тухай”, “Иргэний нисэхийн тухай”, “Агаарын зайг нисэхэд ашиглах тухай” хуулиуд, “Агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журам”, “Улсын нисэхийн багц дүрэм”-ийг үндэслэн Агаарын цэргийн нислэгийн хөдөлгөөний албаны нислэгийн удирдагч /нислэгийн хөдөлгөөний зохицуулагч/-аар дамжуулан улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагаанд хяналт тавина.

1.6.Улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагааны хяналтыг ИНЕГ-ын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба болон тухайн агаарын хөлгийг эзэмшигч байгууллага өөрийн штаб, удирдлагын байрууд, албадаар дамжуулан радиолокац /бодит хяналт/-ийн болон диспетчер /мэдээлэлд тулгуурласан/-ийн аргаар зохион байгуулж хэрэгжүүлнэ.

Хоёр.Нислэгийн хөдөлгөөний хяналт

2.1.Зэвсэгт хүчний Агаарын цэргийн төв командын байр нь байлдааны жижүүрлэлтийн анги, салбаруудыг нэгтгэн удирдах, агаарын зай, нислэгийн хөдөлгөөнд радиолокац /бодит хяналт/-ийн болон диспетчер /мэдээлэлд тулгуурласан/-ийн хяналт тавих, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, холбогдох бусад байгууллагуудыг агаарын цагийн байдлын тухай бодит мэдээллээр хангах үүргийг хүлээнэ.

2.2.“Агаарын цэргийн нислэгийн хөдөлгөөний алба” нь дараах үндсэн үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • улсын болон иргэний нисэхийн агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын нислэгийн хоногийн нэгдсэн төлөвлөлтийг ИНЕГ-ын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албатай хамтран боловсруулах;
  • төлөвлөгдсөн нислэгийн нөхцөл, захиалгыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн төв командын байр болон агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын штаб, удирдлагын байранд мэдээлэх;
  • ИНЕГ-ын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албатай хамтран аюул тулгарсан буюу аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийн нисэх баг, зорчигчдыг эрэн хайх, авран туслах зорилгоор үйлдэж буй агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөнд хяналт тавих;
  • улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнд хяналт тавих;
  • улсын агаарын хөлгийн нислэгийн горимд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах;
  • улс орныг батлан хамгаалах, цэргийн сургалт явуулах зорилгоор пуужингийн харвалт, зенитийн буудлага, хээрийн болон нислэг-тактикийн байлдааны буудлагатай сургуулийг зохион байгуулах үед орон нутгийн хязгаарлалттай буюу хориотой бүсүүдийг тогтооход оролцох, уг арга хэмжээг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудад урьдчилан мэдээлж, зохицуулалт хийх, биелэлтэд нь хяналт тавих;
  • улсын болон иргэний нисэхийн агаарын хөлгийн нислэгийн онцгой тохиолдол, цаг агаарын аюултай үзэгдлийн үед аэродром, холбоо аэронавигаци, цаг уурын хангалт, нислэгийн хөдөлгөөний зохицуулалт хийх.

2.3. Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал нь улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөнийг удирдах, хяналт тавих, нисэхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дараах “аэродромуудын зангилаа”-г зохион байгуулна. Үүнд:

  • Улаанбаатарын зангилаа: “Чингисхаан” ОУНБ, Мандалговь, Даланзадгад, Арвайхээр, Мөрөн, Хатгал, Булган, Эрдэнэт;
  • Налайхын зангилаа: Налайх, Мааньт, Чойр, Даланжаргалан, Сайншанд;
  • Чойбалсангийн зангилаа: Чойбалсан, Баруун-Урт, Өндөрхаан;
  • Ховдын зангилаа: Ховд, Алтай, Өлгий, Улаангом, Улиастай, Тосонцэнгэл, Баянхонгор, Ховдын Булган.

2.4.Аэродромын зангилааны бүтэц, түүнийг зохион байгуулах, ашиглах тусгай зааврыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал боловсруулж, ЗХЖШ-ын даргаар батлуулан мөрдөнө.

2.5.Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал нь Улсын хилийн агаарын бүсэд тавих хяналтыг ИНЕГ болон ХХЕГ-тай хамтран зохион байгуулна.

---ооо---