- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ АЖИЛЛАГААГ ГҮЙЦЭТГЭХ ДҮРЭМ
Батлан хамгаалахын сайдын 2019 оны
А/150 дугаар тушаалын зургаадугаар хавсралт
ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ АЖИЛЛАГААГ ГҮЙЦЭТГЭХ ДҮРЭМ
УНД-6
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрмээр улсын нисэхийн эрэн хайх, авран туслах ажлыг зохион байгуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.
1.2.Аюул тулгарсан болон аюулд нэрвэгдсэн улсын агаарын хөлөг, түүний нисэх баг, зорчигчдыг эрэн хайх, авран туслах тэдгээрийг ослын газраас шилжүүлэн зөөвөрлөх үйл ажиллагааг ЗХЖШ тухайн агаарын хөлөг эзэмшигчтэй хамтран тусгайлан бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл ашиглан гүйцэтгэнэ.
1.3.Эрэн хайх, авран туслах нислэгийг улсын болон иргэний нисэхийн байгууллагууд хамтран гүйцэтгэж болно.
1.4.Энэ дүрмийг улсын агаарын хөлгийг эзэмшигч /цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх/ байгууллагууд дагаж мөрдөнө.
“Авран туслах” гэж аюул тулгарсан, аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийн нисэх баг, зорчигчдыг аврах, тэдэнд эмнэлгийн анхны болон бусад шаардлагатай тусламж үзүүлэх, аюулгүй газарт шилжүүлэн зөөвөрлөх үйл ажиллагааг;
“Эрэн хайх” гэж аюул тулгарсан, аюулд өртсөн агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох зорилгоор хүн хүч, төрөл бүрийн тээврийн хэрэгсэл оролцсон үйл ажиллагааг;
“Ослын мэдээлэл” гэж аюул тулгарсан, аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийн талаар эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд оролцох байгууллага, албадад мэдээлдэг аэронавигацийн үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийг;
“Тодорхой бус үе” /INСERFA/ гэж агаарын хөлөг болон түүнд яваа хүмүүсийн аюулгүй байдлын талаар эргэлзээ төрүүлсэн нөхцөл байдал бий болсон үеийг;
“Түгшүүрийн үе” /ALERFA/ гэж агаарын хөлөг болон түүнд яваа хүмүүсийн аюулгүй байдалд аюул учруулж болохуйц хүчин зүйлүүд бий болсон үеийг;
“Аюулын үе” /DETRESFA/ гэж агаарын хөлөг болон түүнд яваа хүмүүст ноцтой аюул тулгарсан ба яаралтай тусламж шаардагдаж байгаа нь тодорхой болсон үеийг;
“Агаарын эрэн хайх, авран туслах бүлэг” гэж эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг зохих түвшинд гүйцэтгэх бололцоотой буюу энэ чиглэлээр бэлтгэгдсэн, ЭХАТ зориулалт бүхий хэрэгсэл бүхий агаарын хөлгийн нисэх баг болон аврагчид /шүхэрчид/-ын хэсгийг;
“Газрын эрэн хайх, авран туслах бүлэг” гэж тээврийн хэрэгсэл ашиглан аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийг газраар эрж хайх, зорчигчид болон нисэх багийн гишүүдэд тусламж үзүүлэх хэсгийг;
“Аврах хэрэгсэл, амьдрал тэтгэх эд зүйлс” гэж ослын нөхцөлд зорчигчид болон нисэх багийнхныг агаарын хөлгөөс гаргахад зориулагдсан хэрэгслүүд, хоол хүнс, цэвэр ус /эсхүл ус цэвэршүүлэгч/ эмнэлгийн анхны тусламжийн багаж хэрэгсэл, эм тариа, гал болон гэрэл гаргах хэрэгсэл, холбоо дохиоллын хэрэгслийн тодорхой нөөцийг хэлнэ.
Хоёр.Эрэн хайх авран туслах бүлгийн бэлэн байдал
2.1.Эрэн хайх, авран туслах хүч хэрэгслийн бэлэн байдлын зэргийг ЗХЖШ-ын дарга тогтооно.
2.2.Нисэхийн ангиудын эрэн хайх, авран туслах хүч хэрэгсэл нь бэлэн байдлын дараах зэргүүдэд байна:
2.2.1.Бэлэн байдлын зэрэг №1
Онгоц /нисдэг тэрэг/ нэн даруй нисэхэд бэлэн, хөдөлгүүр асааж шалгагдсан, газрын цахилгаан үүсгүүрүүд залгагдсан, онгоц /нисдэг тэрэг/-ны бүхээгт аваарын болон аврах хэрэгслүүдийг байрлуулсан, ашиглахад бэлэн болсон байна. Нисэх бүрэлдэхүүн, шүхэр десантын бүлэг онгоц /нисдэг тэрэг/-н дотор ажлын байранд, харин техникийн бүрэлдэхүүн онгоц /нисдэг тэрэг/-ны дэргэд байрлана. Нислэгийг зохион байгуулах, эрлийн арга хэлбэр, аврах, тусламж үзүүлэх хэрэгслүүдийг ашиглах бүх заавар өгөгдсөн, нисэх багт үүрэг /даалгавар/ тавигдсан байна. Эрэн хайх, авран туслах бүлэг нэн даруй үүрэг гүйцэтгэхээр явахад бэлэн байна. Команд өгөгдсөнөөс хойш эрэн хайх, авран туслах бүлэг болон нисдэг тэрэгнүүд 10 минут, харин онгоцнууд 15 минутаас ихгүй хугацаанд гарсан байна.
2.2.2.Бэлэн байдлын зэрэг № 2
Онгоц /нисдэг тэрэгнүүд/-ууд нислэгт бэлэн, хөдөлгүүрийн ажиллагаа шалгагдсан, аваарын болон аврах хэрэгсэлүүдийг бүхээгт байрлуулсан, ашиглахад бэлтгэгдсэн байна. Нисэх болон техникийн бүрэлдэхүүн, шүхэр десантын бүлэг /аврагчдын бүлэг/ онгоцууд /нисдэг тэрэгнүүд/-ын ойролцоо байна. Нислэгийг зохион байгуулах, эрлийн арга хэлбэр, аврах, тусламж үзүүлэх хэрэгслүүдийг ашиглах бүх заавар өгөгдсөн, нисэх багт үүрэг /даалгавар/ тавигдсан байна. Команд өгөгдсөнөөс хойш эрэн хайх, авран туслах бүлэг болон нисдэг тэрэгнүүд 20 минут, харин онгоцнууд 30 минутаас ихгүй хугацаанд гарсан байна.
2.2.3.Бэлэн байдлын зэрэг № 3
Онгоц /нисдэг тэрэгнүүд/-ууд, автомашинууд болон бусад ЭХАТ хэрэгслүүд ашиглахад бэлэн, тогтоогдсон байрлалд тавигдсан байна. Нисэх болон техникийн бүрэлдэхүүн, шүхэр десантын бүлэг /аврагчдын бүлэг/, эрэн хайх, авран туслах бүлэг хичээлийн, ажлын, эсхүл амралтын өрөөнд байна. Команд өгөгдсөнөөс хойш эрэн хайх, авран туслах бүлэг, онгоц болон нисдэг тэрэгнүүд зуны улиралд 90 минут, харин өвлийн улиралд 150 минутаас ихгүй хугацаанд гарсан байна.
Гурав.Эрэн хайх, авран туслах бүлгийн сургалт
3.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь эрэн хайх, авран туслах бүлгийн сургалт, дадлагыг гадаад, дотоодын холбогдох байгууллагуудтай хамтран жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна.
3.2.Улсын нисэхийн эрэн хайх, авран туслах бүлгийн сургалт, дадлагын төлөвлөгөөнд дараах зүйлүүдийг тусгасан байна. Үүнд:
- эрэн хайх, авран туслах бүлгийн удирдах албан тушаалтнууд, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг тодотгох;
- байгууллагуудаас гаргах хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн ажиллах хуваарь;
- сургалт, дадлага явуулах район;
- сургалт, дадлага явуулах цаг хугацаа, хязгаарлалтууд;
- холбоо барих журам.
Дөрөв. Эрэн хайх авран туслах үйл ажиллагаа
4.1.Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны өмнө болон үйл ажиллагаа явагдаж байх үед авсан бүх мэдээллийн үнэн зөв, бодитой эсэхийг сайтар магадлан шалгаж, авах арга хэмжээний цар хүрээг тодорхойлох зорилгоор үнэлэлт, дүгнэлт өгнө.
4.2.Ослын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, ангилах, авах арга хэмжээний цар хүрээг тодорхойлох зорилгоор ослын нөхцөл байдлыг 3 үе болгон хуваана:
4.2.1.Тодорхой бус үе /INCERFA/ буюу агаарын хөлөг, нисэх баг, зорчигчдын аюулгүй байдлын талаар эргэлзээтэй байдал үүссэн үе. Энэ үеийг дараах тохиолдлуудад зарлана:
- агаарын хөлөг илтгэх ёстой цагаас хэтэрсэн, түүнтэй холбоо тогтоох гэсэн оролдлого бүтэлгүй болсноос хойш 15 минутын турш уг агаарын хөлгөөс ямар нэг мэдээлэл аваагүй бол;
- агаарын хөлөг нисэн ирэх тооцоот цагаас хоцорсон, нислэгийн хөдөлгөөний албаны тооцоолсон цагаас 30 минут өнгөрөхөд буулт үйлдэх аэродромдоо ирээгүй бол.
4.2.2.Түгшүүрийн үе /ALERFA/ буюу агаарын хөлөг, түүний нисэх баг, зорчигчдод аюул учирч болзошгүй нөхцөл байдал бий болсон үе. Энэ үеийг дараах тохиолдлуудад зарлана:
- тодорхой бус үеийн дараа агаарын хөлөгтэй холбоо тогтоох, бусад эх сурвалжаас түүний талаар мэдээлэл авах гэсэн аливаа оролдлого үр дүнгүй болсон бол;
- агаарын хөлөг буулт үйлдэх зөвшөөрөл авсны дараа 5 минутын дотор буулт үйлдээгүй, түүнтэй холбоо барьж чадаагүй бол;
- агаарын хөлгийн үндсэн системүүд татгалзсан, гэхдээ энэ байдал нь уг агаарын хөлөг аргагүйдсэн буулт үйлдэх шалтгаан болохгүй гэсэн мэдээлэл авсан бол;
- агаарын хөлөг хөндлөнгийн гэмт халдлагад өртсөн нь тодорхой болсон, эсхүл тийм таамаглал бий болсон бол.
4.2.3.Аюулын үе /DETRESFA/ буюу агаарын хөлөг, түүний нисэх баг, зорчигчдод ноцтой аюул тулгарч, тусламж дэмжлэг зайлшгүй болсон үе. Энэ үеийг дараах тохиолдлуудад зарлана:
- түгшүүрийн үеийн дараа агаарын хөлөгтэй холбоо тогтоох, нөхцөл байдлыг тодруулахаар аливаа эх сурвалжаас мэдээлэл авах бүх оролдлого бүтэлгүйтсэн, агаарын хөлөг осолд орсон байж болох магадлал бий болсон;
- агаарын хөлгийн шатахууны нөөц бүрэн зарцуулагдсан, аюулгүй буулт үйлдэх аэродром хүрэхэд хүрэлцэхгүй гэсэн тооцоо гарсан;
- агаарын хөлгийн үндсэн системүүд татгалзсаны улмаас аргагүйдсэн буулт үйлдэх болсон тухай мэдээлэл хүлээн авсан;
- агаарын хөлөг аргагүйдсэн буулт үйлдэх болсон.
Тав. Ослын нөхцөл байдлын үе шатуудад авах арга хэмжээ
5.1.ИНЕГ-ын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас өгсөн мэдээллийг үндэслэн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч “тодорхой бус үе”-ийг зарлаж, дараах арга хэмжээг авна:
- хүлээж авсан мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах;
- нислэгийн үе дэх онцгой тохиолдол, агаарын хөлгийн системийн татгалзал, ослын талаар холбогдох албан тушаалтнуудад мэдээлэл өгөх;
- төлөвлөгөөт бус нислэгийн үед тухайн агаарын хөлгийн нислэг үйлдсэн агаарын зам, нисэн гарсан болон буух тооцоот цагийг тодруулахад тус болохуйц мэдээлэл олж авах оролдлого хийх;
- хүлээн авсан шинэ мэдээлэлд үнэлэлт, дүгнэлт өгөх, агаарын хөлгийн байрлал, түүний туулсан замыг газрын зураг дээр тодорхойлох;
- бүх мэдээллийг нэгтгэн дүгнэсний эцэст агаарын хөлгийн байрлал, чиглэлийг газрын зураг дээр тэмдэглэх.
5.2.Холбооны хэрэгслээр эрэл, хайгуул хийх:
- тухайн агаарын хөлөгтэй холбоо тогтоох оролдлогыг боломжтой бүх үелзлэл дээр хийх;
- тухайн агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох оролдлого хийх. Үүнд: буулт үйлдэх бололцоотой бүх аэродром болон бусад газраас /нисэн гарсан аэродромыг оролцуулан/ уг агаарын хөлгийн талаар лавлах. Бусад эх сурвалжтай холбоо тогтоох, тухайлбал уг агаарын хөлөгтэй нэг агаарын замд ниссэн мөн радио холбооны алслалтын хүрээнд байсан агаарын хөлгүүдтэй холбоо тогтоож асуух;
- эрэл, хайгуулыг хийсний эцэст эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзвэл эрэн хайх, авран туслах бүлгүүд болон үйл ажиллагаанд оролцох байгууллага, албадад мэдэгдэнэ. Үүний зэрэгцээ аюул тулгарсан, аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийг дагалдуулах шаардлага гарвал өөр агаарын хөлөг илгээх саналыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчид тавьж болно.
5.3.Хэрэв агаарын хөлөг болон түүний нисэх баг, зорчигчдын аюулгүй байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал хэвээр байвал “тодорхой бус үе”-ийг дуусгаж, “түгшүүрийн үе” рүү шилжинэ.
Зургаа.“Түгшүүрийн үе”-д авч хэрэгжүүлэх арга хэмжээ
6.1.“Түгшүүрийн үе” эхэлснийг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч болон ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба зарлана.
6.2.“Түгшүүрийн үе” зарлагдсан тохиолдолд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч дараах арга хэмжээг авна:
6.2.1.Тухайн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ авч эхэлсэн тухайгаа ЗХЖШ-ын даргад мэдэгдэх;
6.2.2.Бий болсон нөхцөл байдлын талаарх мэдээллийг ЭХАТ үйл ажиллагаанд оролцох байгууллага, албадад хүргэж, бэлэн байдалд оруулах;
6.2.3.Бий болсон нөхцөл байдалд нийцүүлэн нислэг–техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комиссыг томилж, ажиллуулах саналыг ЗХЖШ-ын дарга болон Батлан хамгаалахын сайдад тавих;
6.2.4.Хүлээн авсан мэдээллийг нягтлан шалгах;
6.2.5.Ослын нөхцөл байдалд орсон агаарын хөлгийн талаарх шинэ мэдээллийг урьд нь холбоогүй байсан газруудаас авах оролдлого хийх. Үүнд:
- агаарын хөлөгтэй холбоо тогтоосон байж болзошгүй улсын болон иргэний нисэхийн нисэх буудлууд, Зэвсэгт хүчний, ялангуяа байнгын жижүүрлэлтэд байгаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн болон ХХЕГ-ын харъяа анги, салбарууд, бусад газраас мэдээлэл авах, эдгээр байгууллагуудыг бололцоотой бол 121.5 мГц, 5680 кГц үелзлэлд холбоо тогтоох хүсэлт тавих;
- ЭХАТ үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хамтарсан ажиллагааны гэрээ байгуулсан бусад байгууллага, албадаас мэдээлэл авах.
6.2.6.Нислэгийн төлөвлөгөө, цаг агаарын болон газар орны байдал, радио холбоо сааталд орох магадлал, агаарын хөлгийн байрлалын талаар холбогдох байгууллага, албадтай мэдээлэл солилцох;
6.2.7.Хүлээн авсан шинэ мэдээлэлд үнэлэлт дүгнэлт өгөх, агаарын хөлгийн байрлал, түүний туулсан замыг газрын зураг дээр тэмдэглэх.
Долоо.“Түгшүүрийн үе”-ийг дуусгаж, “аюулын үе”-д шилжих
7.1.Хэрэв агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох талаар авсан бүх арга хэмжээ үр дүнгүй болсон, шатахууны нөөц нь дууссан, тооцоот цаг өнгөрсөн тохиолдолд агаарын хөлөг болон түүний нисэх баг, зорчигчдод аюул тулгарсан бөгөөд тэдэнд яаралтай тусламж шаардагдаж байна гэж үзэн “аюулын үе”-д шилжинэ.
7.2.“Аюулын үе”-ийг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, эсхүл ИНЕГ-ын нислэг хөдөлгөөний үйлчилгээний алба зарлан мэдэгдэнэ.
7.3.“Аюулын үе”-ийг зарласны дараа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч дараах арга хэмжээг авна:
- байгаа бүх мэдээлэлдээ үндэслэн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа явуулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах;
- төлөвлөгөөний холбогдох хэсгийг дараах алба, байгууллагуудад илгээнэ:
-аюул тулгарсан байж болзошгүй агаарын хөлөгт дамжуулах болон нислэгийн хөдөлгөөнийг зохиуцуулах зорилгоор ИНЕГ-ын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд;
-хэрэв агаарын хөлөг улсын хилийн бүсэд нислэг үйлдэж байсан бол ХХЕГ-т;
-агаарын хөлөгт аюул тулгарсан болон аюулд нэрвэгдсэн тухай мэдээ авмагц ОБЕГ-т;
- агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох, эрэн хайх үйл ажиллагаа явагдах бүсийн хэмжээг тодорхойлох;
- эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны “Аюулын үе”-ийн эхний шатанд уг үйл ажиллагаанд шууд оролцохгүй боловч шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж чадах агаарын хөлөг, байгууллага, хувь хүмүүст дараах хүсэлтийг тавина:
-осолд нэрвэгдсэн байж болзошгүй агаарын хөлгийн дамжуулах дохиог хүлээн авах зорилгоор радио холбооны суваг сонгох, агаарын хөлгийн ослын мэдээг дамжуулагч, чиглүүлэгч тоноглолуудын дохиог сонсох;
-осолд орж болзошгүй агаарын хөлөгт бүх талын тусламж үзүүлэх.
Найм.Эрэн хайх авран туслах үйл ажиллагааг эхлэх
8.1.Монгол Улсын агаарын орон зайд нислэг үйлдэж байсан агаарын хөлөг ослын нөхцөл байдалд орсон нь тодорхой болсон тохиолдолд Батлан хамгаалахын сайдын шийдвэрийг үндэслэн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг ЗХЖШ-ын дарга эхлүүлж, хяналт тавина.
8.2.Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч нь тухайн цагийн байдлаас шалтгаалан эрэн хайх, авран туслах хүч хэрэгслийг бэлэн байдлын тогтоосон зэргүүдийн аль нэгэнд шилжүүлнэ.
Ес.Эрэн хайх, авран туслах ажиллагааг явуулах
9.1.Эрэн хайх, авран туслах ажиллагааг ЗХЖШ-ын даргын баталсан удирдамжийн дагуу явуулна.
Арав.Агаарын хөлөг олдсоны дараа авах арга хэмжээ
10.1.Агаарын хөлгөөр эрэл хийсний үр дүнд осолдсон агаарын хөлгийг илрүүлсэн тохиолдолд агаарын эрэн хайх, авран туслах нислэг үйлдсэн агаарын хөлгийн баг осолдогсдод дараах аргуудын аль нэгийг хэрэглэн дохио өгнө:
- буултын гэрлээ асааж, ослын талбар дээгүүр нам өндөрт нисч, далавчаараа дохих;
- дохиоллын чийдэн болон гэрлийн прожекторыг асааж унтраах;
- дохионы гар буугаар 5-10 секундын зайтайгаар буудах /ногоон өнгийн сум байвал илүү тохиромжтой/;
10.1.1.Шаардлагатай тохиолдолд холбооны хэрэгсэл, хоол хүнс болон эм тариа, амьдрал тэтгэх бусад эд зүйлсийг онгоцноос хаях, хэрэв шүхэрчин аврагчид ажиглагчаар явсан бол тэднийг буулгах;
10.1.2.Ослын талбар дээгүүр тойрог нислэг үйлдэн байрлалыг нь сайтар тогтоох, газрын зураг дээр тэмдэглэх;
10.1.3.Осолдсон агаарын хөлгийг илрүүлсэн тухай дараах мэдээллийг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчид дамжуулах. Үүнд:
- илрүүлсэн цаг;
- осолдсон агаарын хөлгийн байрлал;
- ослын талбар дээрх нөхцөл байдал;
- осолдогсдын байдал;
- шаардлагатай авран хамгаалах тоноглол, бусад материал хэрэгсэл;
- осолд өртөгсдөөс өгч буй ил харааны дохио, радио холбооны хэрэгслээр дамжуулсан мэдээ;
- цаг агаарын байдал;
- агаарын хөлөг буулт үйлдэх боломжтой эсэх, ослын талбарын ойролцоо аврагчид болон эмнэлгийн ажилтнууд шүхрээр буух боломжтой газар байгаа эсэх;
- газрын эрэн хайх, авран туслах бүлэг ослын талбар руу шуурхай саадгүй хүрэлцэн очих хамгийн дөт зам, маршрут;
- ослын талбарт хамгийн ойр байгаа суурин газар;
- энэ мэдээллийг дамжуулахаас өмнө ямар нэг арга хэмжээ авсан эсэх, осолд өртөгсдөд ямар тусламж үзүүлсэн;
- өөрийн агаарын хөлөгт үлдсэн шатахууны хэмжээ болон аэродромдоо нисэн очих тооцоот цаг;
- авран туслах үйл ажиллагааны үед учирч болзошгүй аюул саад бэрхшээл.
10.1.4.Ослын талбарыг болон осолдсон агаарын хөлгийг баримжаалах онцгой, содон тэмдэгт болон объектын хамт багтаасан фото зураг /видео бичлэг/-ийг янз бүрийн өндрөөс авах;
10.1.5.Ослын талбарт хүрэх замыг газрын эрэн хайх, авран туслах бүлгүүд болон бусад агаарын хөлгүүдэд зааж өгөх.
10.2.Газрын эрэн хайх, авран туслах бүлэг осолдсон агаарын хөлгийг олсон тохиолдолд дараах арга хэмжээг авна:
- бий болсон нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчид шаардлагатай бүх мэдээллийг шуурхай дамжуулах;
- осолдогсдод эмнэлгийн анхны тусламж үзүүлж, тэднийг нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэх;
- шинжлэн шалгах бүрэлдэхүүнийг ослын талбар дээр хүрэлцэн иртэл ослын газарт үлдсэн аливаа ул мөр, агаарын хөлгийн эд ангиуд болон бусад зүйлийг байрнаас нь хөдөлгөхгүй байх /хэрэв энэ нь осолд нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд саад болохгүй тохиолдолд/, ачаа тээш, баримт бичгийг хамгаалах.
Арван нэг.Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг зогсоох
11.1.Осолд орсон агаарын хөлгийн байрлалыг тодорхойлж, аврах ажиллагаа явагдаж дууссаны дараа эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг зогсоох тухай саналаа ЗХЖШ-ын дарга Батлан хамгаалахын сайдад танилцуулж, гарсан шийдвэрийг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч агаарын хөлөг эзэмшигч байгууллага болон уг ажиллагаанд оролцож байгаа бүх байгууллага, эрэн хайх, авран туслах бүлгүүдэд нэн даруй мэдэгдэнэ.
11.2.Аюулд нэрвэгдсэн улсын агаарын хөлөг, нисэх баг, зорчигчдыг эрэн хайх бүх арга хэмжээ үр дүнгүй болсон тохиолдолд “Улсын нисэхийн тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгээр шийдвэрлэнэ.
11.3.Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан эрлийг түр хугацаагаар зогсоож, шинэ, нэмэлт мэдээлэл олж авсны дараа эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж болно.
---оОо--
Текст томруулах
A
A
A