- Нүүр
- Сайдын тушаал
- УЛСЫН НИСЭХИЙН АГААРЫН ХӨЛГИЙН НИСЛЭГ-ТЕХНИКИЙН ОСОЛ ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ДҮРЭМ
Батлан хамгаалахын сайдын 2019 оны
А/150 дугаар тушаалын долоодугаар хавсралт
УЛСЫН НИСЭХИЙН АГААРЫН ХӨЛГИЙН НИСЛЭГ-ТЕХНИКИЙН
ОСОЛ ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ДҮРЭМ
УНД-7
А БҮЛЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрмээр улсын нисэхийн нислэг–техникийн эвдрэл /гэмтэл/, осол, сүйрэл, нислэгийн сүйдлийн урьдчилсан нөхцөл үүссэн тухай мэдээлэл цуглуулах, ангилах, бүртгэх, шинжлэн шалгах, шалтгааныг тогтоох, дүгнэлт гаргах, аюулгүй ажиллагааны зөвлөмж бэлтгэх үйл ажиллагааг зохицуулна.
1.2.Энэ дүрмийг улсын агаарын хөлгийг эзэмшигч /цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх/ байгууллага болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх/ байгууллагууд дагаж мөрдөнө.
1.3.“Нисэхийн сүйдэл” гэж агаарын хөлгийн ашиглалтын явцад агаарын хөлөг эвдэрч гэмтсэн, түүнчлэн нисэх багийн гишүүд, зорчигчид бэртэл гэмтэл авсан, эсхүл аваагүй үйл явдлыг хэлнэ.
1.4.Нисэхийн сүйдлийг нислэгийн, газрын гэж ангилна.
1.4.1.“Нислэгийн сүйдэл” гэж нисэх баг нислэгийн үүрэг гүйцэтгэх явцад агаарын хөлөгт эвдрэл гэмтэл гарсан, хөлгийн бүхээгт байгаа хүмүүсийн амь насанд аюул учирсан, эсхүл амь нас хохирсон үйл явдлыг хэлнэ.
1.4.2.“Газрын сүйдэл” гэж нислэг үйлдэхээс өмнө буюу нислэг үйлдсэний дараа аэродром /талбай/ дээр болсон нисэхийн сүйдлийг хэлнэ.
1.5.Нислэгийн болон газрын сүйдлийг нисэх баг, зорчигч, агаарын хөлөгт учирсан хохирлоос хамаарч эвдрэл (гэмтэл), осол, сүйрэл гэж ангилна.
1.5.1.“Эвдрэл, гэмтэл” гэж нисэх багийн гишүүд, зорчигчдын амь нас эрсдээгүй, агаарын хөлөг эвдэрч гэмтсэн боловч түүнийг сэргээн засварлах боломжтой нисэхийн сүйдлийг хэлнэ.
1.5.2.“Осол” гэж нисэх багийн гишүүд болон зорчигчдын амь нас эрсдээгүй боловч агаарын хөлөг бүрэн эвдэрсэн, түүнийг техникийн хувьд сэргээн засварлах боломжгүй буюу эдийн засгийн хувьд үр ашиггүй нисэхийн сүйдлийг хэлнэ.
1.5.3.“Сүйрэл” гэж агаарын хөлгийн эвдрэл, гэмтлийн үед нисэх багийн гишүүд эсвэл зорчигчдоос амь нас эрсэдсэн, түүнчлэн хүндээр гэмтэгсэд сүйдэл болсноос хойш 10 хоногийн дотор нас барсан нислэгийн сүйдлийг хэлнэ.
1.6.“Алдаатай үйлдэл” гэж хүний санаатай бус үйлдлээр нислэгийг төвөгтэй болгосон, түүнийг тасалдуулсан, эсхүл хүсээгүй үр дүнд хүргэсэн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой алдааг хэлнэ.
1.7.“Ноцтой зөрчил” гэж ослын нөхцөл байдалд хүргэж болзошгүй зөрчлийг хэлнэ.
1.8.“Нисэхийн зөрчил” гэж осол, ноцтой зөрчлөөс бусад агаарын хөлгийн ашиглалттай холбогдсон агаарын хөлгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болзошгүй тохиолдлуудыг хэлнэ. Үүнд:
- Аюултай ойртолтоос зайлсхийх болон аюулын нөхцөл байдлаас гарах зорилгоор зайлшгүй хийгдсэн маневр үйл ажиллагаа;
- Нислэгийн зурвас хаалттай болон чөлөөлөгдөөгүй үед агаарын хөлгийг хөөргөх, буулгах;
- Гүйлт болон өндөр авалтын эхний шатанд агаарын хөлөг шаардлагатай үзүүлэлтүүдийг хангаж чадахгүй нь тодорхой болсон үед нислэгийг цаашид үргэлжлүүлэх;
- Зорчигчийн болон ачааны бүхээгт гал гарах, утаа орж ирэх, хөдөлгүүрт гал гарах;
- Нисэх багийг хүчилтөрөгчийн төхөөрөмжийг яаралтай ашиглахад хүргэсэн нөхцөл;
- Агаарын хөлгийн нислэгийн ашиглалтад нөлөөлж болох нэг болон түүнээс дээш систем ажилгүй болох;
- Нислэгийн үед нисэх багийн гишүүд хөдөлмөрийн чадвараа алдах;
- Нисэх багаас түлшний хэмжээний талаар аюулын дохио өгөх;
- Нислэгийн зурвасыг давах, дутах, хажуу тийш гарах;
- Системүүдийн татгалзал, цаг агаарын аюултай үзэгдлийн бүсэд орох, нислэгийн хязгаарлалтаас давах зэрэг агаарын хөлгийг удирдахад хүндрэл учруулсан нөхцөлүүд;
- Нислэгийг удирдах болон навигацийн хяналтын зайлшгүй шаардлагатай систем татгалзах.
1.10.“Аэродром дээрх зөрчил” гэж агаарын хөлгийн ашиглалтын явцад гарсан дараах зөрчлийг хэлнэ. Үүнд:
- аэродромын хаалт хашлага, барилга байгууламж, тэмдэг тэмдэглэгээ зэргийг мөргөж, шүргэснээс үүссэн;
- агаарын хөлгийн явгалах зам, талбайн гадаргуугийн гэмтлээс шалтгаалсан;
- аэродром дээрх тоног төхөөрөмжийн гэмтлээс шалтгаалсан;
- аэродром дээр ажиллах аюулгүй ажиллагааны зааврыг зөрчсөнөөс үүссэн зөрчлүүд.
1.11.“Нислэгийн хөдөлгөөний удирдлагаас шалтгаалсан зөрчил” гэж нислэгийн удирдагчийн алдаатай үйлдлээс агаарын хөлөг нислэг үйлдэх болон аэродром дээр явгалах үедээ өөр бусад агаарын хөлөг, газар дээрх барилга байгууламж, байгалийн саад зэрэгт аюултайгаар ойртсон болон тэдгээрээс зайлж гарах үед гарсан зөрчлийг хэлнэ.
1.12.“Агаар дахь гадны биетээс шалтгаалсан зөрчил” гэж агаарын хөлөг нислэгийн үед шувуу, эсхүл агаарт буй гадны биеттэй мөргөлдсөн болон хэт ойртсоны улмаас гарсан зөрчлийг хэлнэ.
1.13.“Аюултай ачаатай холбогдсон зөрчил” гэж агаарын хөлгөөр аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдсон зөрчлийг хэлнэ.
1.14.“Техникээс шалтгаалсан зөрчил” гэж агаарын хөлөг болон түүний эд анги, тоног төхөөрөмжийн гэмтэл, ажиллагааны доголдлоос шалтгаалсан зөрчлийг хэлнэ.
1.15.“Холбоо, навигацийн тоног төхөөрөмжөөс шалтгаалсан зөрчил” гэж газрын холбоо, навигаци, цахилгааны тоног төхөөрөмжид гарсан гэмтэл, дутагдлаас шалтгаалсан зөрчлийг хэлнэ.
1.16.“Мэдээлэлтэй холбогдсон зөрчил” гэж АIP /Aeronautical Information Publication/-ийн шугамаар түгээгдсэн алдаатай, бүрэн бус мэдээлэл болон алдаатай газрын зураг, баримт бичгийг ашигласнаас шалтгаалсан зөрчлийг хэлнэ.
1.17.“Нисэхийн аюулгүй байдалтай холбоотой зөрчил” гэж агаарын хөлгийн ажиллагаанд хөндлөнгийн хууль бус үйлдлийн улмаас гарсан зөрчлийг хэлнэ.
1.18.“Шалтгаан” гэж нислэг–техникийн эвдрэл /гэмтэл/, осол, сүйрэл, нисэхийн сүйдлийн урьдчилсан нөхцөлд хүргэсэн үйлдэл, хүчин зүйл болон нөхцөл байдлыг хэлнэ.
1.19.“Шинжлэн шалгах” гэж гарч болзошгүй нислэг-техникийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл цуглуулах, дүгнэлт хийх, түүнчлэн гарсан осол зөрчлийн шалтгааныг тогтоон аюулгүй ажиллагааны зөвлөмж бэлтгэх үйл ажиллагааг хэлнэ.
Хоёр.Шинжлэн шалгах ажиллагааны зорилго
2.1.Нисэхийн хэрэг явдлыг шинжлэн шалгах ажиллагааны зорилго нь эвдрэл гэмтэл, осол, зөрчил, сүйрлийн шалтгааныг үнэн зөв бодитоор тогтоох, тэдгээрийг цаашид давтагдахаас урьдчилан сэргийлэх талаар аюулгүй ажиллагааны зөвлөмж гаргахад оршино.
Гурав.Осол зөрчлийн тухай мэдэгдэх
3.1.Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улсын агаарын хөлөгт тохиолдсон нислэг-техникийн осол, зөрчлийн тухай агаарын хөлгийг эзэмшигч болон бусад холбогдох байгууллагуудад мэдэгдэнэ.
3.2.Шаардлагатай тохиолдолд тухайн агаарын хөлгийг зохион бүтээгч, үйлдвэрлэгч байгууллага /улс/-д мэдэгдэнэ.
Б БҮЛЭГ.ШИНЖЛЭН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Нэг.Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комисс
1.1.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийн урьдчилсан нөхцөл үүссэн тухай асуудлыг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг улсын нисэхийн ерөнхий шинжээчийн ахалсан улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комисс гүйцэтгэх бөгөөд түүнийг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн томилно.
1.2.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээч нь Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажиллаж, улсын нисэхийн үйл ажиллагаанд хяналт тавина.
1.3.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комисс нь “Улсын нисэхийн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг мөрдлөг болгон ажиллана.
1.4.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээч нь шаардлагатай гэж үзвэл “Улсын нисэхийн тухай” 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн дагуу комисс томилуулах тухай саналыг Батлан хамгаалахын сайдад тавьж шийдвэрлүүлнэ.
1.5.Нислэг-техникийн осол, зөрчлийн улмаас хүний амь нас хохирсон, хүнд гэмтэл авсан тохиолдолд шинжлэн шалгах үйл ажиллагаанд дадлага, туршлага бүхий шинжээч эмч нарыг оролцуулна.
1.6.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчил гарсан бүс /район/-ийн иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд “Иргэний нисэхийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Улсын нисэхийн тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заагдсан үүргийг биелүүлэхээс гадна улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комисст үйл ажиллагаагаа явуулахад нь шаардагдах дэмжлэг, туслалцааг цаг тухайд нь үзүүлэх үүрэгтэй.
Хоёр.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийн бүрэн эрх
2.1.Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээч нь “Улсын нисэхийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
2.2.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээч нь нислэг-техникийн осол, зөрчлийг шалган тогтоох үйл ажиллагааг явуулахдаа бусдаас хараат бус байна.
Гурав.Шинжлэн шалгах ажиллагаа
3.1.Шинжлэн шалгах комисс нь дараах дарааллаар ажиллана:
- Нислэг техникийн осол, зөрчлийн талаарх холбогдох мэдээллүүдийг цуглуулах, бүртгэх, ангилах;
- Шалтгааныг тогтоох, тайлан бичих;
- Дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах;
- Акт үйлдэх.
- Аюулгүйн ажиллагааг хангахад чиглэсэн зөвлөмж гаргах.
Дөрөв.Осол, зөрчлийг шинжлэн шалгаж баримтжуулах
4.1.Шинжлэн шалгах бүрэлдэхүүн томилогдсоноосоо хойш 30 хоногийн дотор урьдчилсан тайланг, 60 хоногийн дотор эцсийн тайланг гаргаж ерөнхий шинжээчид танилцуулна.
4.2.Ерөнхий шинжээч нь шинжлэн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 90 хоногийн дотор 4.1-д заасан тайлангуудад үндэслэн нислэг-техникийн осол, зөрчлийн шалтгааны талаарх ерөнхий дүгнэлтийг гаргаж, баталгаажуулна.
Тав.Осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны дараах зөвлөмж
5.1.Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтэс нь нислэгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авахуулах, зөрчил давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж боловсруулж, улсын нисэхийн холбогдох байгууллагуудад яаралтай хүргүүлнэ.
5.2.Дүгнэлт, зөвлөмж хүлээн авсан байгууллага нислэгийн аюулгүй байдлыг хангах, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хэрэгжүүлэх үүрэгтэй.
В БҮЛЭГ.НИСЛЭГ-ТЕХНИКИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭХ
Нэг.Осол, зөрчлийн тухай мэдээлэх
1.1.Агаарын хөлөг осолдсон, сураггүй алга болсон, бүрэн эвдэрсэн болон нислэгийн зөрчил /нислэгийн үед агаарын хөлгүүд хоорондоо аюултай ойртсон, TCAS ажилласан г.м/ гарсан тохиолдолд ИНЕГ-ын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба /НХҮА/, орон нутгийн нисэх буудлын ажилтнууд, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн төв командын байрын байлдааны удирдлагын оперативын жижүүр, нислэгийн хөдөлгөөний албаны нислэгийн удирдагч /нислэгийн хөдөлгөөний зохицуулагч/ нар энэ тухай ЗХЖШ-ын удирдлага, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч болон холбогдох бусад байгууллагуудад нэн даруй мэдээлнэ.
1.2.Мэдээлэлд дараах зүйлүүд тусгагдсан байна:
- алга болсон буюу осол гарсан он, сар, өдөр, цаг, минут;
- болсон явдал, байршил;
- осолд өртсөн агаарын хөлгийн улсын бүртгэлийн дугаар;
- тухайн агаарын хөлгийг эзэмшигч болон ашиглагчийн нэр;
- газар зүйн хувьд хялбар тодорхойлохуйц мэдээлэл бүхий агаарын хөлгийн байрлал буюу хамгийн сүүлд илтгэсэн байршил;
- агаарын хөлгийн даргын овог, нэр;
- нислэгийн үүрэг, зорилго;
- тухайн агаарын хөлгийн хамгийн сүүлд хөөрөлт үйлдсэн, холбоо барьсан нисэх буудал, газрын нэр;
- агаарын хөлгийн буухаар төлөвлөсөн нисэх буудал, газрын нэр;
- цаг агаарын нөхцөл байдал;
- агаарын хөлгийн бүхээгт явсан хүний тоо;
- ослын үед амь насаа алдсан, хүнд гэмтэл авсан нисэх багийн гишүүд болон зорчигчдын тоо;
- ослын улмаас гуравдагч этгээдэд учруулсан хохирлын талаарх мэдээлэл.
Хоёр.Ослын тухай нарийвчилсан мэдээлэл
2.1.Ослын үед аливаа этгээд амь насаа алдсан, хүнд гэмтэл авсан, агаарын хөлөг сураггүй болсон тохиолдолд агаарын хөлгийн дарга, агаарын хөлгийг эзэмшигч нь ослын тухай нарийвчилсан мэдээллийг осол гарснаас хойш 7 хоногийн дотор тусгай маягт /хавсралт 1, 2, 3, 4, 5/-ын дагуу бөглөж Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд ирүүлнэ.
2.2.Осолд өртсөн нисэх багийн гишүүн бүр болсон явдлын талаарх тодорхойлолтыг тусгай маягтад заасны дагуу бөглөж ирүүлнэ.
2.3.Нисэх багийн гишүүн биеийн эрүүл мэндийн хувьд тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй тохиолдолд тодорхойлолтыг нөхөн гаргуулж авна.
2.4.Гарсан осол, зөрчил, түүнийг арилгах талаар авсан арга хэмжээний тухай мэдээллийг нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах комисс хавсралт 6-д заасан маягтын дагуу бөглөж, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчид ирүүлнэ.
Гурав.Зайлшгүй мэдээлэх шаардлагатай осол, зөрчлүүдийн жагсаалт
3.1.Агаарын хөлгийн хийцэд учирсан гэмтэл:
- агаар болон газарт санамсаргүй шалтгаанаар, элэгдлийн улмаас үүссэн гэмтэл. Жишээ нь: зэврэлт, цууралт, деформац г.м;
- агаарын хөлгийн хийцийн хүчилсэн хэсэгт үүссэн, түүний аюулгүй байдалд нөлөөлөх болон нөлөөлж болзошгүй гэмтэл;
- тусгай үзлэг шалгалтаар илрүүлсэн аливаа гэмтэл;
- агаарын хөлгийн аль нэг хэсэг агаарт салж унах.
3.2.Зорчигч бэртэж, гэмтэх:
3.2.1.Агаарын хөлөг болон түүний эд ангийн ашиглалтын шууд нөлөөллөөр зорчигч бэртэж, гэмтэх.
3.3.Нисэх багийн гишүүд болон газрын үйлчилгээний бүрэлдэхүүн хөдөлмөрийн чадвараа алдсанаас ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болох:
3.3.1.Нисэх багийн аль нэг гишүүн нислэгийн өмнө болон дараа ажиллах чадваргүй болох;
3.3.2.Газрын үйлчилгээний бүрэлдэхүүн /инженер техникийн бүрэлдэхүүн, нислэгийн удирдагч/ хөдөлмөрийн чадвараа алдсанаас агаарын хөлөг аюултай байдалд орох буюу орж болзошгүй байдал үүсэх.
3.4.Онцгой нөхцөл байдлыг арилгах зорилгоор авсан арга хэмжээнүүд:
- Газар болон агаарт аврах тоног төхөөрөмжүүдийг ашигласан буюу авсан аврах арга хэмжээ;
- Нисэх багийн гишүүдээс агаарын хөлгийг онцгой нөхцөл байдлаас гаргах зорилгоор ямар нэг стандартын бус ажиллагаа хийсэн;
- Онцгой нөхцөл байдал зарласан;
- Анхааруулсан болон аргагүйдсэн буулт хийсэн;
- Аврах тоног төхөөрөмжийн татгалзал /үүнд сургалт, туршилтын зорилгоор ашиглаж байгаа тоног төхөөрөмж ч орно/.
3.5.Агаарын хөлгийн систем, эд ангийн татгалзал.
3.5.1.Агаарын хөлгийн үндсэн болон туслах системийн эд ангиудын гэмтэл, дутагдал:
- хөдөлгүүр, түүний удирдлага;
- гидро системийн удирдлага;
- агаарын хөлгийн удирдлага;
- цахилгаан хангамжийн систем;
- агаар хангамжийн систем;
- мөсдөлт эсэргүүцэх систем;
- холбооны систем;
- навигацийн систем болон хэрэглэлүүд;
- дохиоллын төхөөрөмж болон системүүд;
- тормозны систем;
- дугуй, хөл ангийн удирдлагын систем.
3.5.2.Дараах нөхцөл байдлын улмаас агаарын хөлгийн үндсэн болон туслах системүүдийн эд ангиудад гэмтэл дутагдал:
- урьдчилан харах боломжгүй, болон аргагүйдсэн нөхцөлийн улмаас;
- ашиглалтын стандартын журам, удирдах аргуудыг хангалтгүй биелүүлснээс;
- туслах систем болон орлох системүүдийн хангалтгүй ажиллагаанаас;
- дутагдал, татгалзлыг арилгах нисэх багийн хариу үйл ажиллагаа, шийдвэрийн үр дүнд үүссэн болон үүсэж болзошгүй аюултай нөхцөл;
- олон хөдөлгүүрт агаарын хөлгийн аль нэг хөдөлгүүрийн доголдол, татгалзал.
3.5.3.Дараах нөхцөл байдлын аль нэг нь үүсвэл:
- гал гарах, тэсрэх;
- агаарын хөлөг дотор хортой хий, утаа гарах;
- галын аюулд хүргэсэн болон хүргэж болзошгүй түлш, масло, гидро шингэнүүдийн гоожилт;
- түлшийг албадан юүлэх системийн гэмтлээс болж санамсаргүйгээр түлшийг их хэмжээгээр асгасан, галын аюул бий болсон, агаарын хөлгийн эд ангийг их хэмжээгээр бохирдуулсан;
- түлшийг албадан юүлэх систем бүрмөсөн ажилгүй болсон;
- түлш өгөх, хуваарилах ажиллагаанд нөлөөлсөн түлшний системийн гэмтлүүд;
- унтарсан хөдөлгүүрийг дахин асаах боломжгүй болсон;
- сэнсийг флюгердэх болон флюгерээс гаргах боломжгүй болсон;
- хөдөлгүүрийг унтраах, түүний эргэлтийг удирдах боломжгүй болсон;
- хөдөлгүүрүүд, стартер, генератор зэрэг өндөр эргэлттэй эд ангийн гэмтэл;
- хөдөлгүүр, сэнс, даах сэнс, туслах хөдөлгүүрийн эргэлт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрэх;
- далавчны закрылка, предкрылканы хамгаалах хавтангуудын хэвийн бус хазайлт;
- агаарын хөлгийн удирдлагын системийн ажиллагаа саатах, гэмтэх, ажлын шингэнүүд, удирдлагын хөдөлгөөн хязгаарлагдах;
- нисдэг тэрэгний сэнснүүдийн автомат тогтворжуулагчид гэмтэл гарах, ажилгүй болох;
- нислэгийн үед агаарын хөлгийн удирдлага хязгаарлагдах;
- нисэх багийн гишүүдийг төөрөгдөлд оруулж болзошгүй хэрэглэлийн системийн гэмтлүүд;
- дохиоллын системийн гэмтлүүд;
- заавал гүйцэтгэх шалгалтын явцад үндсэн систем, эд ангид илэрсэн ямар нэгэн дутагдал, доголдол, татгалзал;
- техникийн үйлчилгээ, их засварын үед илрүүлсэн, ашиглалтын ердийн нөхцөлд байж боломгүй элэгдэл, эвдрэл;
3.6.Нислэгийн үед агаарын хөлгийг удирдахтай холбоотой зөрчлүүд:
- агаарын хөлөг хөөргөлтийн хурд авсан үед зогсоох;
- агаарын хөлгийн удирдлагын системийн алдаанаас үүдэлтэй агаарын замын тогтоогдсон шугам ба өндрөөс хазайсан зориудын бус хазайлт;
- шийдвэр гаргах өндрөөс нам өндөрт хоёрдугаар тойрогт гарах;
- хөөргөх, буулгах зурвасын урд үзүүр болон газрыг санамсаргүйгээр шүргэсэн;
- хөөргөх буулгах зурвасын хажуу болон үзүүрээс давж гарсан;
- тормозны барилт муудсан;
- буултын оролтыг буруу аэродром буюу хөөргөх, буулгах зурваст үйлдсэн;
- агаарын хөлгийн удирдлага ямар нэгэн шалтгаанаас алдагдах, жишээ нь агаарын урсгалын хуйлралт, сэгсрэлт гэх мэт;
- зориуд бусаар хурд алдах;
- зориуд бусаар автомат удирдлагаас гар удирдлагад гэнэт шилжих;
- эд анги, системийг шалгах, турших болон сургалтын зорилгоор зориуд гэмтэл үүсгэснээс осол, зөрчил гарах.
3.7.Навигацийн төхөөрөмж ба холбооны хэрэгслийн ажиллагааны доголдол, татгалзал:
- навигацийн төхөөрөмжүүд гэмтэх ба бүрэн ажиллагаагүй болох;
- холбооны хэрэгслүүд гэмтэх ба бүрэн ажиллагаагүй болох.
3.8.Нислэгийн хөдөлгөөний газрын үйлчилгээний албадын алдаа зөрчлүүд:
- газрын албад алдаатай мэдээлэл тухайлбал, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, цаг уурын албанаас газрын зураг, схем, зааварт тусгасан алдаатай, зөрүүтэй мэдээлэл;
- нислэгийн тогтоогдсон өндрөөс нам өндөрт ниссэн тухай мэдээ;
- өндрийн хэрэглэлийг буруу ашигласан, эсвэл алдаатай ажилласан тухай мэдээ;
- өндөр алдалтыг тогтоосон журмын дагуу гүйцэтгээгүй буюу буруу гүйцэтгэсэн;
- радиолокаторын болон байрлал тодорхойлох бусад төхөөрөмжүүдийн дэлгэц дээр агаарын хөлгийн байрлалыг буруу тодорхойлсон;
- чухал мэдээлэл, ойлголтыг буруу дамжуулсан;
- Аюултай ойртолт үүссэн.
3.9.Аэродромын төхөөрөмжүүдийн гэмтэл, дутагдлууд:
- аэродромын гэрэлтүүлэгт гэмтэл учрах ба бүрэн ажиллагаагүй болох;
- аэродромын талбайн хучилтын гэмтлүүд;
- аэродромын талбайд түлш их хэмжээгээр асгарсан;
- аэродромын талбай дээрх аюултай, саадтай хэсгийн тэмдэглэгээг алдаатай болон дутуу хийсэн, огт хийгээгүй;
- хөөргөх, буулгах зурвас, яваглах замыг гадны зүйлээр хаасан;
- аэродром дээр хөдөлгөөн үйлдэж байгаа агаарын хөлгүүд өөр хоорондоо болон бусад тээврийн хэрэгсэл, газрын төхөөрөмжтэй мөргөлдсөн;
- аэродромд хөдөлгөөн үйлдэж байгаа агаарын хөлөг санамсаргүйгээр хиймэл хучилттай хэсгээс гарсан.
3.10.Нисэх баг нисэх мэдээлэл ба зааврыг буруу ойлгосон:
- хоёрдогч радиолокаторын кодыг буруу тавьсан;
- өгөгдсөн өндөр, чиглэлд нисээгүй;
- радиотелефоны чухал мэдээллийг буруу хүлээж авсан буюу ойлгосон.
3.11.Зорчигч, ачаа тээвэрлэх, ачаалалт хийх, түлш цэнэглэхтэй холбогдсон зөрчлүүд:
- агаарын хөлгийн хийцийн бат бөх байдал, нислэг-техникийн шинж чанар, төвлөрөлт, нислэгийн үргэлжлэлд ноцтойгоор нөлөөлөх хэмжээгээр /их, бага/ шатахуун цэнэглэсэн;
- бохир буюу өөр төрлийн түлш, масло, шингэнээр цэнэглэсэн;
- аюултай болон тусгай ачаа, байлдааны зэвсэглэл, техникийг тээвэрлэлтэд тавигдах шаардлагуудын дагуу ачаалаагүй;
- аюултай болон тусгай ачааны тэмдэглэгээ, шошгыг буруу хийсэн;
- зорчигч, ачааг агаарын хөлгийн төвлөрөлт, жинд нөлөөлөхөөр буруу байрлуулсан;
- ачаа, шуудан тээвэрлэснээр агаарын хөлгийн эд анги, бүтэц их хэмжээгээр бохирдсон.
3.12.Бусад зөрчлүүд:
- агаарт буй гадны биетээс шалтгаалсан зөрчлүүд;
- олон дахин давтагдаж байгаа гэмтэл, дутагдлууд;
- тэсрэлт, дэлбэрэлтээс үүссэн;
- агаарын хөлгийг булаах;
- агаарын хөлөг агаар, газарт аянга, цахилгаанд нэрвэгдсэнээс их бие, эд анги нь гэмтэх.
Г БҮЛЭГ.ОСОЛД ӨРТСӨН АГААРЫН ХӨЛӨГ, ТҮҮНИЙ ЭД АНГИ БОЛОН БИЧЛЭГИЙГ ХАМГААЛАЛТАД АВАХ
Нэг.Осолд өртсөн агаарын хөлөгт нэвтрэх
1.1.Хууль, дүрмийн дагуу эрх олгогдоогүй аливаа этгээд осолд өртсөн агаарын хөлөгт нэвтрэх буюу эд зүйлийг оролдох, байрнаас нь хөдөлгөхийг хориглоно.
1.2.Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комисс нь шинжлэн шалгах ажиллагаа явуулах зорилгоор осолд өртсөн агаарын хөлгийг хамгаалалтад авах шийдвэр гаргах, түүнд нэвтрэх, шинжлэн шалгах үүднээс осолд өртсөн эд зүйлийг байрнаас нь хөдөлгөх эрхтэй.
1.3.Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комисс нь дараах арга хэмжээг авч болно:
- шаардлагатай бол агаарын хөлөг, түүний эвдэрсэн бүрдэл хэсэг болон шуудан, ачаа тээшийг хөдөлгөх, цаашид гэмтэхээс хамгаалах;
- агаарын хөлгийн бүхээгийн яриа бичигч, нислэгийн өгөгдөхүүн бичигч, ослын байршил дохиологч зэргийг цахилгаан тэжээлээс салгаж ажиллагааг зогсоох;
- зайлшгүй шаардлагатай тохиолдолд, олон нийтэд болон нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагаанд саад учруулахаар байвал саадыг арилгах.
1.4.Агаарын хөлгийн эвдэрсэн бүрдэл хэсэг болон шуудан, ачаа тээшийг зөөж шилжүүлэхдээ:
- зөвхөн шинжлэн шалгах болон аюулгүй ажиллагааны шаардлагын үүднээс байрнаас нь хөдөлгөнө;
- тэдгээрийг агаарын хөлгийн аль хэсгээс авсанаа тэмдэглэн, ангилж байрлуулна;
- тэдгээрийн анхны байрлал болон эвдрэл гэмтэл авсан ул мөрийн гэрэл зургийг авч, гар зураглал болон тайлбар тэмдэглэлийг хавсаргана.
Хоёр.Баримт бичиг, бичлэгийг хамгаалалтад авах
2.1.Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комисс нь осолд өртсөн агаарын хөлгийн нислэг, техникийн үйлчилгээний баримт бичиг, бүхээгийн яриа болон нислэгийн өгөгдөхүүн бичигчийн бичлэгийг шинжлэн шалгах ажиллагаа дуусч, ерөнхий шинжээчийн дүгнэлт гартал хамгаалалтад байлгана.
Гурав.Эвдэрч гэмтсэн эд ангийг хадгалах
3.1.Агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь техникээс шалтгаалсан зөрчилд холбогдох эвдэрч гэмтсэн эд ангийг тусгайлан хадгална.
Хавсралт 1
1.Ерөнхий өгөгдлүүд
Асуулт |
Мэдээллийн агуулга |
Осол, зөрчил гарсан огноо |
|
Цаг |
|
Байршил |
|
Агаарын хөлгийн маяг, үйлдвэрлэгч |
|
Агаарын хөлгийн бүртгэл |
|
Эзэмшигчийн хаяг |
|
Гэмтэж бэртэгсдийн тоо |
|
Хавсралт 2
2.Үйл ажиллагааны тухай нарийвчилсан мэдээлэл
Асуулт |
Мэдээллийн агуулга |
Аяллын дугаар |
|
Өндөр |
|
Ашигласан хөөргөх, буулгах зурвас /ХБЗ/ |
|
Нисэн гарсан цэг |
|
Нисэн очих цэг |
|
Илтгэл хийх хамгийн ойрын цэг (ИХХОЦ) |
|
Илтгэл хийх хамгийн ойрын цэг хүртэлх зай ба чиглэл |
|
Осол, зөрчил гарах үед ямар нислэг үйлдэж байсан болон нислэгийн ямар нөхцөл |
|
|
|
|
|
|
|
Нислэгийн төрөл |
|
Нислэгийн үе шат |
|
Нислэгт нөлөөлсөн хүчин зүйл |
|
Хавсралт 3
3.Болсон явдлын тодорхойлолт-хэсгийг бөглөх зөвлөмж
Асуулт |
Мэдээллийн агуулга |
Болсон явдлын тодорхойлолт |
|
Нисэх багийн гишүүний нэр |
|
Үнэмлэхний дугаар |
|
Сүүлийн 90 хоногт нисэх багийн гишүүний ниссэн цаг |
|
Тухайн ангиллын агаарын хөлгөөр ниссэн цаг. |
|
Нислэгийн нийт цаг |
|
Сүүлчийн шалгалт |
|
|
|
Шалгагчийн нэр |
|
Шалгасан огноо |
|
Шалгасан нисгэгчийн үнэмлэх |
|
Хавсралт 4
4.Осол зөрчлийн төрөл
Асуулт |
Мэдээллийн агуулга |
Осол /зөрчил/ |
|
Агаарын зайн зөрчил |
|
|
|
Холбоо, навигацийн тоног төхөөрөмжийн гэмтэл зөрчил |
|
|
|
Аэродромын зөрчил |
|
Аюултай ачаатай холбоотой зөрчил |
|
Шувуунаас шалтгаалсан зөрчил |
|
Агаарын хөлгийн дутагдал /татгалзал/, техникийн зөрчил |
|
Хавсралт 5
5.Мэдээлэгчийн тухай
Асуулт |
Мэдээллийн агуулга |
Мэдээлэгчийн тухай |
|
Хавсралт 6
6.Гарсан осол, зөрчил, түүнийг арилгах талаар авсан арга хэмжээний тухай мэдээлэл
Асуулт |
Мэдээллийн агуулга |
Осол, зөрчил гарсан огноо |
|
Цаг |
|
Байршил |
|
Агаарын хөлгийн маяг, үйлдвэрлэгч |
|
Агаарын хөлгийн бүртгэл |
|
Зөрчилд холбогдсон этгээдийн нэр |
|
Зөрчилд холбогдогч этгээдийн үнэмлэх |
|
Нислэгийн дүрэм, заавар зөрчсөн тухай |
|
Болсон явдлын тодорхойлолт |
|
Шалтгаан |
|
Осол зөрчлийн шалтгааныг бий болгосон этгээд, байгууллага |
|
Зөрчлийг арилгах талаар авсан арга хэмжээ |
|
Тооцсон, эсвэл бодит зардал |
|
Текст томруулах
A
A
A