- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГААЛИЙН БАТАЛГААТ АГУУЛАХЫН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны
А/276 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ГААЛИЙН БАТАЛГААТ АГУУЛАХЫН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Гаалийн баталгаат агуулахын горим /цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг мөрдөнө.
1.2.Горим сонгох, шаардагдах мэдээлэл бичиг баримтыг үндэслэн барааг горимд байршуулах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3.Зөвшөөрөл авсан Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлөөс баталсан агуулахын стандартын шаардлага хангасан байр, барилга байгууламж, задгай талбайд гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагааг эрхлэн явуулна.
1.4.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хуулийн этгээд нь хүсэлт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.4, Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.
1.5.Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасны дагуу гаргасан хүсэлтийг гаалийн байгууллага хянахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
1.5.1.тухайн нутаг дэвсгэрт гаалийн баталгаат агуулах байгаа эсэх;
1.5.2.үйл ажиллагаа явуулж байгаа агуулахын багтаамж, хүчин чадал, зориулалт нь бараа эргэлтийн ачааллыг дааж байгаа эсэх;
1.5.3.хяналт тавих гаалийн байгууллагын хүний нөөц, үйл ажиллагааны зардалд сөргөөр нөлөөлөх эсэх;
1.5.4.тухайн нутаг дэвсгэрт гаалийн баталгаат агуулах байгуулах хэрэгцээ шаардлага байгаа эсэх;
1.5.5.тухайн аж ахуйн нэгж баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхэлж байсан эсэх, Гаалийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл хүчингүй болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн эсэх.
1.6.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг гаалийн удирдах төв байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.
1.7.Гаалийн удирдах төв байгууллага Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1.1-т заасны дагуу гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж, энэ журмын хавсралтаар батлагдсан загвар бүхий “Зөвшөөрөл” олгоно.
1.8.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах, агуулахын зориулалт, агуулахын талбайн хэмжээ, байршил болон төрөл өөрчлөх, агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлөө хүчингүй болгуулах талаар өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.
1.9.Хяналт тавих гаалийн байгууллага нь гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
1.10.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага “Өөрийн үнэлгээний хуудас” бөглөж, хяналт тавих гаалийн байгууллагаар хянуулж, баталгаажуулалт хийлгэсэн байна.
1.11.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа энэ журмын 1.9-д заасан гэрээг дүгнүүлэн, “Өөрийн үнэлгээний хуудас”-аас аль тохирохыг бөглөж, хяналт тавих гаалийн байгууллагаар хянуулж, баталгаажуулалт хийлгэсэн байна.
1.12.Хяналт тавьж байгаа гаалийн байгууллага нь “Өөрийн үнэлгээний хуудас”-ын дагуу тухайн баталгаат агуулахын үйл ажиллагааг хагас, бүтэн жилээр тус тус “Хангалттай” эсхүл “Хангалтгүй” гэсэн үнэлгээгээр үнэлж, дараа сарын 05-ны өдрийн дотор гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ.
1.13.Гаалийн баталгаат агуулах эрхлэх зөвшөөрөл олгосон, зөвшөөрлийн хугацаа сунгасан тухай гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаал батлагдсанаас хойш ажлын 7 хоногт багтаан Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолын хавсралтын 9.1.7-д заасан улсын тэмдэгтийн хураамжийг төлнө.
Хоёр.Горимд байршуулах бараа, горимын код
2.1.Горимд Гаалийн тухай хуулийн 142 дугаар зүйлд заасан барааг байршуулна.
2.2.Горимд байршуулах монголын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарах бөгөөд гадаадын бараа нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.
2.3.Горимд дараах кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
|
Горимын утга |
Бүрдүүлэлт хийх горимын код |
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код |
1 |
Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат агуулахад оруулах |
700 |
шаардахгүй |
2 |
Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа монголын барааг гаалийн баталгаат агуулахад оруулах |
701 |
шаардахгүй |
3 |
Хилийн чанадад бүрмөсөн гаргасан монголын барааг гаалийн баталгаат агуулахад оруулах |
702 |
100, 101,110, 120, 131-134 |
4 |
Барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн баталгаат агуулахад оруулах : |
|
|
-гаалийн баталгаат агуулахаас |
703 |
700, 703 |
|
-гаалийн тусгай бүсээс |
704 |
750-753, 758-765 |
|
-татваргүй барааны дэлгүүрээс |
705 |
740, 742, 743 |
|
5 |
Барааг чөлөөт бүсээс гаалийн баталгаат агуулахад оруулах |
706 |
770-771, 774-778 |
6 |
Гаалийн бусад хяналтад байгаа барааг гаалийн баталгаат агуулахад оруулах |
707 |
шаардахгүй |
7 |
Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг баталгаат агуулахад оруулах |
708 |
910, 911 |
8 |
Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас гаалийн баталгаат агуулахад оруулах |
709 |
720, 722-725 |
2.4.Гаалийн бүрдүүлэлтийн 703-707 болон 709 горимд гадаадын барааг байршуулна.
Гурав.Гаалийн бүрдүүлэлт
3.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас болон гаалийн баталгаат, чөлөөт бүсээс гаалийн баталгаат агуулахад оруулахад Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.
3.2.Энэ горимын дагуу барааг гаалийн байгууллагад мэдүүлэхдээ тээврийн бичиг баримт, гадаад худалдааны гэрээ эсхүл үнийн нэхэмжлэхийг гаргаж өгнө.
3.3.Горимд байршуулах монголын бараанд гаалийн бүрдүүлэлт хийхэд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан бичиг баримтыг гаргаж өгнө.
3.4.Журмын 3.2, 3.3-т заасан мэдээлэл, бичиг баримт нь горимын шаардлага хангахгүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.5.Мэдүүлэгч энэ журмын 3.4-т заасан бичиг баримтыг цахим шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.6.Гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шалгаж тодорхойлно.
3.7.Горимын дагуу байршуулах барааны мэдээллийг хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч гаалийн автоматжуулсан системээр хүлээн авч, бичиг баримттай тулган шалгаж, “Баталгаажуулах” үйлдэл хийж, мэдээллийг гаалийн улсын ахлах байцаагчид гаалийн автоматжуулсан систем ашиглан цахимаар илгээнэ. Хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх” үйлдэл хийсэнээр гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болно.
3.8.Мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн мэдүүлгийг хэвлэж гаалийн улсын байцаагч баримтад “Гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, гаалийн улсын байцаагч гарын үсгээ зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
Дөрөв.Горимын шаардлага
4.1.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэгч нь Гаалийн тухай хуулийн 145 дугаар зүйлд зааснаас гадна дараах нөхцөл шаардлагыг хангасан байна:
4.1.1.гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон тушаалд заасан байршил, нутаг дэвсгэр, талбайд төрөл зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах;
4.1.2.гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь хяналт тавих гаалийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллах;
4.1.3.гаалийн байгууллагаас томилогдсон гаалийн ажилтныг ажлын байр болон ажиллах нөхцөлөөр хангах;
4.1.4.зөвшөөрөл бүхий даатгагчтай хариуцлагын даатгалын гэрээ байгуулсан байх;
4.1.5.тухайн үйл ажиллагаанаас эрсдэл үүссэн тохиолдолд гаалийн болон бусад татвар, хураамжийг төлж, барагдуулах санхүүгийн чадавхитай болохоо эрх бүхий аудитаар баталгаажуулсан сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, дансны хуулгаар нотолсон байх;
4.1.6.гаалийн баталгаат агуулах нь гаалийн нэгдсэн сүлжээнд холбогдож, барааны бүртгэлд GS1 системийг нэвтрүүлсэн байх;
4.1.7.тэгш өнцөгт хэлбэртэй 1.0х0.60 метрийн харьцаатай, цагаан дэвсгэртэй самбар дээр хар хөх өнгөөр “Гаалийн баталгаат агуулах” гэсэн бичээстэй, зүүн дээд өнцөгт Монгол Улсын гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг бүхий олон нийтэд мэдэгдэхүйц таних тэмдэг байрлуулсан байх;
4.1.8.барааг агуулахад байх хугацаанд гэмтсэн, муудсан, чанарын шаардлага хангахгүй болсон бол уг бараанд мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлт гаргуулж, гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгэх;
4.1.9.гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэгч нь зөвшөөрөлд заасан байршил, төрөл, зориулалт, талбайн хэмжээг өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд шинэ талбайн хэмжээ, байрлал, барилга байгууламжийн зургийг холбогдох бусад материалын хамт бүрдүүлж, гаалийн удирдах төв байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх;
4.1.10.гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагааг задгай талбайд эрхлэх бол газар эзэмших гэрчилгээ, эсхүл газар эзэмшигчтэй байгуулсан түрээсийн гэрээ, газар өмчлөгчийн зөвшөөрөл авсан байх;
4.1.11.гаалийн баталгаат агуулахын барааны бүртгэлийг орсон, гарсан бараагаар хөтөлж, барааны хөдөлгөөний мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 03-ны дотор хяналт тавьдаг гаалийн байгууллагад өгөх;
4.1.12.барааг нэр төрлөөр нь ангилан байрлуулж, загвар бүхий шошго тавьж хадгалах;
4.1.13.гаалийн байгууллагатай гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, гаалийн хяналт, бүрдүүлэлтэд шинэ техник, технологи нэвтрүүлэн, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж ажиллах;
4.1.14.гаалийн баталгаат агуулахад бараа ороогүй, хадгалагдаж байгаа бараа байхгүйгээр тасралтгүй 6 сар буюу түүнээс дээш хугацаа хэтрээгүй байх; 4.1.15.гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хяналтын камерыг бараа бүхэлдээ харагдах, гаалийн хяналтын шаардлага хангахуйц тоо хэмжээгээр тохирох газарт байрлуулна. Камерын бичлэгийг гаалийн хяналтын зорилгоор ашиглах шаардлага хангахуйц түвшинд хийж, хяналтын нийтлэг журамд заасан хугацаанд хадгалж, гаалийн байгууллагаас шаардсан хугацаанд гаргаж өгөх;
4.1.16.хяналт тавьж ажиллах гаалийн байгууллагаас ирүүлсэн “Өөрийн үнэлгээний хуудас” нь 90 буюу түүнээс дээш хувиар “Хангалттай” үнэлэгдсэн байх.
4.2.Гаалийн байгууллага агуулахад хадгалах барааны онцлог байдлыг харгалзан тусгай нөхцөл шаардлага тавьж болно.
4.3.Агуулахад жижиглэнгийн худалдаа хийхгүй.
4.4.Гаалийн байгууллага нь гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр барьцааны болон улсын орлогын барааг гаалийн баталгаат агуулахад хадгалуулж болно.
4.5.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргана.
4.6.Агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч барааг энэ горимд байршуулах хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө мэдүүлэгч, эсхүл холбогдох этгээдэд бичгээр мэдэгдэнэ.
4.7.Барааг горимд байршуулах хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаалийн удирдах төв байгууллагын холбогдох нэгжид мэдүүлэгч эсхүл холбогдох этгээд бичгээр гаргана.
4.8.Энэ горимд байршуулсан барааг хоёр буюу түүнээс дээш гаалийн баталгаат бүс, чөлөөт бүс дамжуулан байршуулсан бол гаалийн баталгаат агуулахад байршуулах нийт хугацаа нь Гаалийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан хугацаанаас хэтрэхгүй байна.
4.9.Гаалийн баталгаат агуулахаас бараа гаргахад бараа өмчлөх эрхийг шилжүүлж гаалийн бүрдүүлэлт хийж болно.
Тав.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
5.1.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нь агуулахад тавигдах горимын шаардлагыг зөрчсөн дараах тохиолдолд үйл ажиллагааг Гаалийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасны дагуу 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно:
5.1.1.энэ журмын 4.1.1 дэх заалт, 4.1.9, 4.1.10, 4.1.13, 4.1.14, 4.1.15, 4.3 дахь хэсгийг зөрчсөн;
5.1.2.энэ журмын 1.12 дэх заалтад заасан үнэлгээний хуудсаар хангалтгүй үнэлэгдсэн тохиолдолд шаардлага хангуулах зорилгоор хяналт тавьж буй гаалийн байгууллагаас өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй;
5.1.3.бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн.
5.2.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шалтгаан, зөрчлийг арилгаж шаардлагыг заасан хугацаанд биелүүлсэн тохиолдолд зөвшөөрлийг сэргээх асуудлыг гаалийн удирдах төв байгууллага шийдвэрлэнэ.
5.3.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
5.3.1.зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
5.3.2.зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;
5.3.3.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
5.3.4.зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн тухай хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн.
5.4.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд энэ журмын 4.5-д заасны дагуу хүсэлт гаргаагүй, гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж, зөвшөөрлийг хүчингүй болгоно.
5.5.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ журмын 5.1, 5.3, 5.4-т заасны дагуу түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон тохиолдолд тухайн гаалийн баталгаат агуулахад байршиж буй барааг Гаалийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.-т заасан хугацаанд гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд шилжүүлнэ.
5.6.Энэ журмын 5.5-д заасан хугацаанд барааг гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулаагүй тохиолдолд Гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
Зургаа.Гаалийн болон бусад татвар
6.1.Гаалийн баталгаат агуулахад байршуулах болон тэндээс гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-137.5, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
6.2.Агуулахын горимд байршуулсан бараанд дараах тохиолдолд холбогдох гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ:
6.2.1.давагдашгүй хүчин зүйлээс бусад шалтгаанаар гаалийн баталгаат агуулахаас алдагдсан, устгагдсан;
6.2.2.энэ журмын 6.2.1-д зааснаас өөр бусад хэлбэрээр гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй захиран зарцуулсан.
6.3.Энэ журмын 6.2.-т заасан тохиолдолд импортын татварыг Монгол банкны ханшийг үндэслэн, хүчин төгөлдөр мөрдөж буй ердийн тарифаар ногдуулан, хураан авч улсын төсөвт төвлөрүүлнэ.
Долоо.Бусад
7.1.Гаалийн баталгаат агуулахад байршуулах хугацаа хэтэрсэн барааг Гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/276 дугаар тушаалын
1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын хавсралт
ЗӨВШӨӨРӨЛ
ДУГААР ...
/Хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, оршин буй хаяг/
/Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/
/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/
/Гаалийн баталгаат бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/
/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар,он, сар, өдөр/
/ гарын үсэг, тамга/
Зөвшөөрлийн ар талд хийх өөрчлөлт :
Зөвшөөрөлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:
№ |
Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт |
Бүртгэсэн |
|
огноо |
Гарын үсэг, тамга |
||
1. |
|
|
|
2. |
|
|
|
3. |
|
|
|
Текст томруулах
A
A
A