- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны
А/276 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын горим /цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг мөрдөнө.
1.2.Горим сонгох, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг үндэслэн барааг горимд байршуулах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт дараах үйл ажиллагаа явуулна.
1.3.1.бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
1.3.2.материал, түүхий эдийг боловсруулах;
1.3.3.засвар үйлчилгээ хийх;
1.3.4.барааны дээж, сорьц, загвар авах;
1.3.5.гаалийн байгууллагаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.
1.4.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагааг Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага холбогдох зөвшөөрлийн дагуу эрхлэн явуулна.
1.5.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хуулийн этгээд нь хүсэлт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.4, Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.
1.6.Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасны дагуу гаргасан хүсэлтийг гаалийн байгууллага хянахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
1.6.1.Монгол Улсын Засгийн газраас батлагддаг тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтад хамрагдсан эсэх;
1.6.2.хяналт тавих гаалийн байгууллагын хүний нөөц, үйл ажиллагааны зардалд сөргөөр нөлөөлөх эсэх;
1.6.3.тухайн аж ахуйн нэгж баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхэлж байсан эсэх, Гаалийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2-т заасан үндэслэлээр зөвшөөрөл хүчингүй болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн эсэх;
1.7.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг гаалийн удирдах төв байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.
1.8.Гаалийн удирдах төв байгууллага Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1.2-т заасны дагуу гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж, энэ журмын хавсралтаар батлагдсан загвар бүхий “Зөвшөөрөл” олгоно.
1.9.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлөө хүчингүй болгуулах талаар талаар өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.
1.10.Гаалийн хяналт тавих гаалийн байгууллага нь гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
1.11.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага “Өөрийн үнэлгээний хуудас”-ыг бөглөж, хяналт тавих гаалийн байгууллагаар хянуулж, баталгаажуулалт хийлгэсэн байна.
1.12.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа энэ журмын 1.10-т заасан гэрээг дүгнүүлэн, “Өөрийн үнэлгээний хуудас”-ыг бөглөж, хяналт тавьдаг гаалийн байгууллагаар хянуулж, баталгаажуулалт хийлгэсэн байна.
1.13.Хяналт тавьж байгаа гаалийн байгууллага нь гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагааг дүгнэхдээ “Хангалттай” эсхүл “Хангалтгүй” гэсэн үнэлгээгээр үнэлэх бөгөөд “Хангалтгүй” үнэлэгдсэн тохиолдолд гүйцэтгэл сайжруулж, шаардлага хангуулах зорилгоор тодорхой хугацаатай үүрэг өгч биелэлтэд хяналт тавина.
1.14.Хяналт тавьж байгаа гаалийн байгууллага нь “Өөрийн үнэлгээний хуудас”-ын дагуу тухайн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагааг хагас, бүтэн жилээр тус тус “Хангалттай” эсхүл “Хангалтгүй” гэсэн үнэлгээгээр үнэлж, дараа сарын 05-ны өдрийн дотор гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ.
1.15.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон, зөвшөөрлийн хугацаа сунгасан тухай гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаал батлагдсанаас хойш ажлын 7 хоногт багтаан Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолын хавсралтын 9.1.7-д заасан улсын тэмдэгтийн хураамжийг төлнө.
Хоёр.Горимд байршуулах бараа, горимын код
2.1.Горимд үйлдвэрлэл явуулахад шаардагдах үндсэн болон туслах материалыг байршуулна.
2.2.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйлдвэрлэл явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмжийг энэ горимд байршуулахгүй бөгөөд мэдүүлэгчийн сонгосон бусад горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
2.3.Горимд байршуулах монголын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарах бөгөөд гадаадын бараа нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.
2.4.Горимд дараах кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
|
Горимын утга |
Бүрдүүлэлт хийх горимын код |
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код |
1 |
Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах |
710 |
шаардахгүй |
2 |
Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа монголын барааг гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах |
711 |
шаардахгүй |
3 |
Барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах: |
|
|
- гаалийн баталгаат агуулахаас |
712 |
700, 703, 704, 706, 707, 709 |
|
-гаалийн баталгаат үйлдвэрийн газраас |
713 |
710, 712, 714, 715 |
|
-гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас |
716 |
720- 725 |
|
|
-гаалийн тусгай бүсээс |
714 |
750-753, 758-765 |
4 |
Барааг чөлөөт бүсээс гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах |
715 |
770, 771, 774-778 |
2.5.Баталгаат үйлдвэрийн газрууд нь нэг эзэмшигчтэй бөгөөд гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулсан, эсхүл тэнд үйлдвэрлэсэн барааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн өөр гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулахад Гаалийн бүрдүүлэлтийн горимын 713 кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ.
Гурав.Гаалийн бүрдүүлэлт
3.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас болон гаалийн баталгаат, чөлөөт бүсээс гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулахад Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.
3.2.Энэ горимд байршуулах барааг гаалийн байгууллагад мэдүүлэхдээ Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан бичиг баримтаас гадна дараах бичиг баримтыг гаргаж өгнө:
3.2.1.үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь зах зээлд өрсөлдөх чадвартай болохыг нотлосон эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
3.2.2.технологийн бичиг баримт, түүнчлэн загвар, бараа тус бүрийн орц, материалын тооцоо;
3.2.3.шаардлагатай бусад бичиг баримт;
3.3.Журмын 3.2 дахь хэсэгт заасан мэдээлэл, бичиг баримт нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4.Мэдүүлэгч энэ журмын 3.3 дахь хэсэгт заасан бичиг баримтыг цахим шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.5.Мэдүүлэгч нь барааг үйлдвэрийн газарт боловсруулахтай холбогдсон мэдээллээр гаалийн байгууллагыг хангана. Тухайлбал: боловсруулах барааны нэр, материалын орцын тооцоо, хаягдал болон үлдэгдэл барааны хэмжээ, боловсруулалтын үр дүнд бий болох бүтээгдэхүүний загвар дээж, фото зураг, бүдүүвч зураг, худалдааны болон техникийн бичиг баримт, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол тухайн бүтээгдэхүүний мэдээлэл, схем, фото зураг гэх мэт.
3.6.Гадаад худалдааны гэрээнд барааг боловсруулах арга, үе шат, хугацаа, боловсруулалтын үйл ажиллагааны тухай нарийвчлан заасан байна.
3.7.Гадаадын барааг монголын бараатай нийлүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, монголын барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах бол материалын орцын норм хэмжээг тогтоосон байна.
3.8.Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч боловсруулалтанд ашиглагдсан барааны тооцоог аж ахуйн нэгж, байгууллагатай нийлж, гаалийн бүрдүүлэлт хийхээс өмнө баталгаажуулсан байна.
3.9.Баталгаажуулсан материалын тооцоог үндэслэн зохих горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
3.10.Гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу нягтлан шалгана.
3.11.Горимын дагуу байршуулах барааны мэдээллийг хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч гаалийн автоматжуулсан системээр хүлээн авч, бичиг баримттай тулган шалгаж, “Баталгаажуулах” үйлдэл хийж, мэдээллийг гаалийн улсын ахлах байцаагчид гаалийн автоматжуулсан систем ашиглан цахимаар илгээнэ. Хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх” үйлдэл хийсэнээр гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болно.
3.12.Мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн мэдүүлгийг хэвлэж гаалийн улсын байцаагч баримтад “Гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, гаалийн улсын байцаагч гарын үсгээ зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
3.13.Үйлдвэрийн газарт боловсруулах барааны боловсруулалтын явцад гарсан хаягдал, үлдэгдэл бараанд мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
Дөрөв.Горимын шаардлага
4.1.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт бараа оруулах, гаргах, боловсруулалт хийх явц, үйл ажиллагаа гаалийн хяналтад байна.
4.2.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэгч нь Гаалийн тухай хуулийн 152 дугаар зүйлд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
4.2.1.гаалийн байгууллагаас томилогдсон ажилтныг ажлын байр болон ажиллах нөхцөлөөр хангах;
4.2.2.гаалийн баталгаат үйлдвэрийн газрын орох, гарах хаалга, барилга байгууламж, объектыг дохиоллын найдвартай систем, байнгын гэрэлтүүлгээр тоноглож, телехяналтын систем бүхий харуул хамгаалалттай байх;
4.2.3.зөвшөөрөл бүхий даатгагчтай хариуцлагын даатгалын гэрээ байгуулсан байх;
4.2.4.тухайн үйл ажиллагаанаас эрсдэл үүссэн тохиолдолд гаалийн болон бусад татвар, хураамжийг төлж, барагдуулах санхүүгийн чадавхитай болохоо эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, дансны хуулгаар нотолсон байх;
4.2.5.тэгш өнцөгт хэлбэртэй 1.0х0.60 метрийн харьцаатай, цагаан дэвсгэртэй самбар дээр хар хөх өнгөөр “Гаалийн баталгаат үйлдвэрийн газар” гэсэн бичээстэй, зүүн дээд өнцөгт Монгол Улсын гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг бүхий олон нийтэд мэдэгдэхүйц таних тэмдэг байрлуулсан байх;
4.2.6.гаалийн баталгаат үйлдвэрийн газар нь гаалийн нэгдсэн сүлжээнд холбогдож, барааны бүртгэлд GS1 системийг нэвтрүүлсэн байх;
4.2.7.барааг үйлдвэрийн газарт байх хугацаанд гэмтсэн, муудсан, чанарын шаардлага хангахгүй болсон бол уг бараанд мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлт гаргуулж, гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийх;
4.2.8.гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хяналтын камерыг бараа, ажил, үйлчилгээ бүхэлдээ харагдах, гаалийн хяналтын шаардлага хангахуйц тоо хэмжээгээр тохирох газарт байрлуулна. Камерын бичлэгийг гаалийн хяналтын зорилгоор ашиглах шаардлага хангахуйц түвшинд хийж, хяналтын нийтлэг журамд заасан хугацаанд хадгалж, гаалийн байгууллагаас шаардсан хугацаанд гаргаж өгөх;
4.2.9.гаалийн баталгаат үйлдвэрийн газрын барааны орц нормын тооцоог гаргаж мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 03-ны дотор хяналт тавьдаг гаалийн байгууллагад гаргах өгөх;
4.2.10.гаалийн байгууллага бүтээгдэхүүний орц, норм хэмжээг хянаж тогтоох, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын туслалцаа авах;
4.2.11.гаалийн баталгаат үйлдвэрийн газарт бараа ороогүй, үйлдвэрлэл явуулахгүйгээр тасралтгүй 6 сар буюу түүнээс дээш хугацаа хэтрээгүй байх;
4.2.12.хяналт тавьж ажиллах гаалийн байгууллагаас ирүүлсэн “Өөрийн үнэлгээний хуудас” нь 90 буюу түүнээс дээш хувиар “Хангалттай” үнэлэгдсэн байх;
4.2.13.тухайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулах тохиолдолд үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах, зогсоох болон байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх;
4.3.Гаалийн байгууллага үйлдвэрийн газрын болон үйлдвэрлэл явуулж байгаа бараа бүтээгдэхүүний онцлог байдлыг харгалзан тусгай нөхцөл шаардлага тавьж болно.
4.4.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаргана.
4.5.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч барааг энэ горимд байршуулах хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаалийн удирдах төв байгуулагын холбогдох нэгжид бичгээр гаргана.
Тав.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
5.1.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нь үйлдвэрийн газарт тавигдах горимын шаардлагыг зөрчсөн дараах тохиолдолд үйл ажиллагааг Гаалийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасны дагуу 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно:
5.1.1.энэ журмын 4.1, 4.2.2, 4.2.7, 4.2.8, 4.2.11 дахь хэсгийг зөрчсөн;
5.1.2.энэ журмын 1.12 дахь заалтад заасан үнэлгээний хуудсаар хангалтгүй үнэлэгдсэнтэй холбогдуулж, шаардлага хангуулах зорилгоор хяналт тавьж буй гаалийн байгууллагаас өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй;
5.1.3.бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн.
5.2.гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шалтгаан, зөрчлийг арилгаж, шаардлагыг заасан хугацаанд биелүүлсэн тохиолдолд зөвшөөрлийг сэргээх асуудлыг гаалийн удирдах төв байгууллага шийдвэрлэнэ;
5.3.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
5.3.1.зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
5.3.2.зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;
5.3.3.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
5.3.4.зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн тухай хууль, тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн.
5.4.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд энэ журмын 4.4-т заасны дагуу хүсэлт гаргаагүй, гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж, зөвшөөрлийг хүчингүй болгоно.
5.5.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ журмын 5.1, 5.3, 5.4-т заасны дагуу түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон тохиолдолд тухайн гаалийн баталгаат үйлдвэрийн газарт байршиж буй барааг Гаалийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.-т заасан хугацаанд гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд шилжүүлнэ.
5.6.Энэ журмын 5.5-д заасан хугацаанд барааг гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулаагүй тохиолдолд Гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
Зургаа.Гаалийн болон бусад татвар
6.1.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт байршуулах болон тэндээс гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-137.5, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
6.2.Үйлдвэрийн газрын горимд байршуулсан бараанд дараах тохиолдолд холбогдох гаалийн болон бусад татвар ногдуулан хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ:
6.2.1.давагдашгүй хүчин зүйлээс бусад шалтгаанаар гаалийн баталгаат үйлдвэрийн газраас алдагдсан, устгагдсан;
6.2.2.энэ журмын 6.2.1-д зааснаас өөр бусад хэлбэрээр гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй захиран зарцуулсан;
6.3.Энэ журмын 6.2.-т заасан тохиолдолд импортын татварыг Монгол банкны ханшийг үндэслэн, хүчин төгөлдөр мөрдөж буй ердийн тарифаар ногдуулан, хураан авч улсын төсөвт төвлөрүүлнэ.
Долоо.Бусад
7.1.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт байршуулах хугацаа хэтэрсэн барааг Гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/276 дугаар тушаалын
2 дугаар хавсралтаар батлагдсан журмын хавсралт
ЗӨВШӨӨРӨЛ
ДУГААР ...
/Хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, оршин буй хаяг /
/Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/
/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/
/Гаалийн баталгаат бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/
/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар,он, сар, өдөр/
/ гарын үсэг, тамга/
Зөвшөөрлийн ар талд хийх өөрчлөлт :
Зөвшөөрөлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:
№ |
Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт |
Бүртгэсэн |
|
огноо |
Гарын үсэг, тамга |
||
1. |
|
|
|
2. |
|
|
|
3. |
|
|
|
Текст томруулах
A
A
A