- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГААЛИЙН БАТАЛГААТ БАРИЛГЫН ТАЛБАЙН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны
А/276 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт
ГААЛИЙН БАТАЛГААТ БАРИЛГЫН ТАЛБАЙН
ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Гаалийн баталгаат барилгын талбайн горим /цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг мөрдөнө.
1.2.Горим сонгох, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг үндэслэн барааг горимд байршуулах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3.Гаалийн баталгаат барилгын талбайд дараах үйл ажиллагаа явуулна.
1.3.1.барилгын материалын бүрэн бүтэн байдлыг шалгах;
1.3.2.барилгын материал боловсруулах;
1.3.3.барилга угсралтын үйл ажиллагаа явуулах;
1.3.4.гаалийн байгууллагаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.
1.4.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах, хуулийн этгээд нь хүсэлт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1.-11.1.4, Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан бичиг баримт, гаалийн баталгаат барилгын талбайд барих барилга байгууламж нь Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламж болохыг нотолсон эрх бүхий байгууллагын шийдвэр гаргуулсан байна.
1.5.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагааг Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага холбогдох зөвшөөрлийн дагуу эрхлэн явуулна.
1.6.Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасны дагуу гаргасан хүсэлтийг гаалийн байгууллага хянахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
1.6.1.тухайн барилга нь эдийн засагт стратегийн чухал ач холбогдолтой эсэх;
1.6.2.барилга барихад ашиглагдах гадаадын барилгын материалын орц нийт материалын 50-аас дээш хувийг эзэлж байгаа эсэх;
1.6.3.хяналт тавих гаалийн байгууллагын хүний нөөц, үйл ажиллагааны зардалд сөргөөр нөлөөлөх эсэх;
1.6.4.тухайн аж ахуйн нэгж баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхэлж байсан эсэх, Гаалийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл хүчингүй болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн эсэх.
1.7.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг гаалийн удирдах төв байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.
1.8.Гаалийн удирдах төв байгууллага Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1.4.-т заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж, энэ журмын хавсралтаар батлагдсан загвар бүхий “Зөвшөөрөл” олгоно.
1.9.Хяналт тавих гаалийн байгууллага нь гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
1.10.Барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага “Өөрийн үнэлгээний хуудас”-ыг бөглөж, хяналт тавих гаалийн байгууллагаар хянуулж, баталгаажуулалт хийлгэсэн байна.
1.11.Хяналт тавьж байгаа гаалийн байгууллага нь “Өөрийн үнэлгээний хуудас”-ын дагуу тухайн гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагааг “Хангалттай” эсхүл “Хангалтгүй” гэсэн үнэлгээгээр үнэлэх бөгөөд “Хангалтгүй” үнэлэгдсэн тохиолдолд гүйцэтгэл сайжруулж, шаардлага хангуулах зорилгоор тодорхой хугацаатай үүрэг өгч биелэлтэд хяналт тавина.
1.12.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон тухай гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаал батлагдсанаас хойш ажлын 7 хоногт багтаан Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолын хавсралтын 9.1.7-д заасан улсын тэмдэгтийн хураамжийг төлнө.
Хоёр.Горимд байршуулах бараа, горимын код
2.1.Барилгыг барихад шаардагдах үндсэн болон туслах материалыг Гаалийн тухай хуулийн 167.2.-т заасны дагуу тухайн барилга бүрэн ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд энэ горимд байршуулна.
2.2.Тухайн барилгыг барихад ашиглагдах хилийн чанадаас ирсэн техник, тоног төхөөрөмж, машин механизм, багаж хэрэгслийг энэ горимд байршуулахгүй бөгөөд мэдүүлэгчийн сонгосон бусад горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
2.3.Горимд байрших гадаадын бараа нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.
2.4.Горимд дараах кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
|
Горимын утга |
Бүрдүүлэлт хийх горимын код |
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код |
1 |
Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат барилгын талбайд оруулах |
730 |
шаардахгүй |
2 |
Барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн баталгаат барилгын талбайд оруулах : |
|
|
гаалийн баталгаат агуулахаас |
731 |
700, 703, 704, 706, 707, 709 |
|
баталгаат барилгын талбайгаас |
732 |
730-731, 733, 734 |
|
гаалийн тусгай бүсээс |
733 |
750-753, 758-765 |
|
3 |
Барааг чөлөөт бүсээс гаалийн баталгаат барилгын талбайд оруулах |
734 |
770-771, 774-778 |
2.5.Гаалийн баталгаат барилгын талбайнууд нь нэг эзэмшигчтэй байх тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийн горимын 732 кодоор бүрдүүлэлт хийнэ.
2.6.Гаалийн бүрдүүлэлтийн 730-734 горимд гадаадын барааг байршуулна.
Гурав.Гаалийн бүрдүүлэлт
3.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас болон гаалийн баталгаат, чөлөөт бүсээс гаалийн баталгаат барилгын талбайд оруулах тохиолдолд Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.
3.2.Гадаадын барааг хилийн чанадаас, гаалийн баталгаат болон чөлөөт бүсээс энэ горимын дагуу гаалийн байгууллагад мэдүүлэхдээ тээврийн бичиг баримт, гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэхийг гаргаж өгнө.
3.3.Горимд байршуулах монголын барааг бүртгэж хяналт тавина.
3.4.Журмын 3.2 дахь заалтад заасан бичиг баримт нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.5.Мэдүүлэгч 3.2, 3.4-т заасан бичиг баримтыг цахим шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.6.Гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу нягтлан шалгана.
3.7.Горимын дагуу байршуулах барааны мэдээллийг хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч гаалийн автоматжуулсан системээр хүлээн авч, бичиг баримттай тулган шалгаж, “Баталгаажуулах” үйлдэл хийж, мэдээллийг гаалийн улсын ахлах байцаагчид гаалийн автоматжуулсан систем ашиглан цахимаар илгээнэ. Хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх” үйлдэл хийсэнээр гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болно.
3.8.Мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн мэдүүлгийг хэвлэж гаалийн улсын байцаагч баримтад “Гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, гаалийн улсын байцаагч гарын үсгээ зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
Дөрөв.Горимын шаардлага
4.1.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэгч нь Гаалийн тухай хуулийн 166 дугаар зүйлд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
4.1.1.гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон тушаалд заасан байршил, нутаг дэвсгэр, талбайд үйл ажиллагаа явуулах;
4.1.2.барилга, байгууламжийг байгуулах тухай Засгийн газрын шийдвэр, газар олголтын тогтоол гаргуулсан байх;
4.1.3.гаалийн байгууллагаас томилогдсон ажилтныг ажлын байр болон ажиллах нөхцөлөөр хангах;
4.1.4.зөвшөөрөл бүхий даатгагчтай хариуцлагын даатгалын гэрээ байгуулсан байх;
4.1.5.тухайн үйл ажиллагаанаас эрсдэл үүссэн тохиолдолд гаалийн болон бусад татвар, хураамжийг төлж, барагдуулах санхүүгийн чадавхитай болохоо эрх бүхий аудитаар баталгаажуулсан сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, дансны хуулгаар нотолсон байх;
4.1.6.тэгш өнцөгт хэлбэртэй 1.0х0.60 метрийн харьцаатай, цагаан дэвсгэртэй самбар дээр хар хөх өнгөөр “Гаалийн баталгаат барилгын талбай” гэсэн бичээстэй, зүүн дээд өнцөгт Монгол Улсын гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг бүхий олон нийтэд мэдэгдэхүйц таних тэмдэг байрлуулсан байх;
4.1.7.гаалийн баталгаат барилгын талбай нь гаалийн нэгдсэн сүлжээнд холбогдож, барааны бүртгэлд GS1 системийг нэвтрүүлсэн байх;
4.1.8.баригдаж буй барилга байгууламж нь байгаль орчны нөлөөллөөс бараа, тээврийн хэрэгслийг хамгаалах боломжтой агуулах, чингэлэгтэй байх;
4.1.9.гаалийн баталгаат барилгын талбайд үйлдвэрлэх бүтээгдэхүүний орц, норм хэмжээг гаалийн байгууллагад гаргаж өгнө. Гаалийн байгууллага бүтээгдэхүүний орц, норм хэмжээг хянаж тогтоохдоо мэргэжлийн байгууллагын туслалцаа авах;
4.1.10.барааг барилгын талбайд байх хугацаанд гэмтсэн, муудсан, чанарын шаардлага хангахгүй болсон бол уг бараанд мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлт гаргуулж, гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгэх;
4.1.11.гаалийн баталгаат барилгын талбайд орсон барааны орц нормын тооцоог гаргаж мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 03-ны өдрийн дотор хяналт тавьдаг гаалийн байгууллагад өгөх;
4.1.12.гаалийн баталгаат барилгын талбайд бараа ороогүй, үйл ажиллагаа явуулахгүйгээр тасралтгүй 6 сар буюу түүнээс дээш хугацаа хэтрээгүй байх;
4.1.13.гаалийн хяналт, бүрдүүлэлтэд шинэ техник, технологи нэвтрүүлж, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж ажиллах;
4.1.14.гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хяналтын камерыг бараа, ажил, үйлчилгээ бүхэлдээ харагдах, гаалийн хяналтын шаардлага хангахуйц тоо хэмжээгээр тохирох газарт байрлуулна. Камерын бичлэгийг гаалийн хяналтын зорилгоор ашиглах шаардлага хангахуйц түвшинд хийж, хяналтын нийтлэг журамд заасан хугацаанд хадгалж, гаалийн байгууллагаас шаардсан хугацаанд гаргаж өгөх;
4.1.15.хяналт тавьж ажиллах гаалийн байгууллагаас ирүүлсэн “Өөрийн үнэлгээний хуудас” нь 90 буюу түүнээс дээш хувиар “Хангалттай” үнэлэгдсэн байх.
4.2.Гаалийн баталгаат барилгын талбайн онцлог байдлыг харгалзан тусгай нөхцөл шаардлага тавьж болно.
Тав.Гаалийн баталгаат барилгын талбайн
үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
5.1.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нь барилгын талбайд тавигдах горимын шаардлагыг зөрчсөн дараах тохиолдолд үйл ажиллагааг Гаалийн тухай хулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасны дагуу 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно:
5.1.1.энэ журмын 4.1.1 дэх заалт, 4.1.8, 4.1.10, 4.1.12, 4.1.13, 4.1.14. дэх хэсгийг зөрчсөн;
5.1.2.энэ журмын 1.1.12 дэх заалтад заасан үнэлгээний хуудсаар хангалтгүй үнэлэгдсэн тохиолдолд шаардлага хангуулах зорилгоор хяналт тавьж буй гаалийн байгууллагаас өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй;
5.1.3.бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн.
5.2.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шалтгаан, зөрчлийг арилгаж шаардлагыг заасан хугацаанд биелүүлсэн тохиолдолд зөвшөөрлийг сэргээх асуудлыг гаалийн удирдах төв байгууллага шийдвэрлэнэ.
5.3.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараахь тохиолдолд хүчингүй болгоно:
5.3.1.зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
5.3.2.зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;
5.3.3.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
5.3.4.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн тухай хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн.
5.4.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж хүчингүй болгоно.
5.5.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ журмын 5.1, 5.3, 5.4-т заасны дагуу түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон тохиолдолд тухайн гаалийн баталгаат барилгын талбайд байршиж буй барааг Гаалийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.-т заасан хугацаанд гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд шилжүүлнэ.
5.6.Энэ журмын 5.5-т заасан хугацаанд барааг гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулаагүй тохиолдолд Гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
Зургаа.Гаалийн болон бусад татвар
6.1.Гаалийн баталгаат барилгын талбайд байршуулах болон тэндээс гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-137.5, Гаалийн тариф, гаалийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.-д заасны дагуу шийдвэрлэнэ.
6.2.Барилгын талбайн горимд байршуулсан бараанд дараах тохиолдолд холбогдох гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ:
6.2.1.давагдашгүй хүчин зүйлээс бусад шалтгаанаар гаалийн баталгаат агуулахаас алдагдсан, устгагдсан;
6.2.2.энэ журмын 6.2.1-д зааснаас өөр бусад хэлбэрээр гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй захиран зарцуулсан.
6.3.Энэ журмын 6.2.-д заасан тохиолдолд импортын татварыг Монгол банкны ханшийг үндэслэн, хүчин төгөлдөр мөрдөж буй ердийн тарифаар ногдуулан, хураан авч улсын төсөвт төвлөрүүлнэ.
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны
А/276 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар
батлагдсан журмын хавсралт
ЗӨВШӨӨРӨЛ
ДУГААР ...
/Хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, оршин буй хаяг/
/Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/
/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/
/Гаалийн баталгаат бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/
/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар,он, сар, өдөр/
/ гарын үсэг, тамга/
Гэрчилгээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:
№ |
Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт |
Бүртгэсэн |
|
огноо |
Гарын үсэг, тамга |
||
1. |
|
|
|
2. |
|
|
|
3. |
|
|
|
Текст томруулах
A
A
A