A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 466 дугаар
  тогтоолын хавсралт

 

МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Татварын ерөнхий хуулийн 46.1-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхтэй холбоотой хүсэлтийг Маргаан таслах зөвлөлөөр хянан шийдвэрлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Маргаан таслах зөвлөл нь татварын акттай холбоотой гомдол (цаашид “гомдол” гэх), Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлт (цаашид “хүсэлт” гэх)-ийг хянан шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хууль, энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.

1.3. Маргаан таслах зөвлөл нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, татвар төлөгчийн болон татварын албаны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, татвар төлөгчийн нууцыг хадгалах зарчим баримтална.

Хоёр. Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн,
         үйл ажиллагаа

2.1. Маргаан таслах зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөл, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс бүрдэнэ.

2.2. Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 11, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.3. Маргаан таслах зөвлөлийг Татварын ерөнхий хуулийн 46.5-д заасан бүрэлдэхүүнтэй байгуулж, мөн хуулийн 46.9-д заасны дагуу томилж чөлөөлнө.

2.4. Маргаан таслах зөвлөлийн гишүүн нь Татварын ерөнхий хуулийн       46.6-д заасан шаардлагыг хангасан байна.

2.5. Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга (цаашид “нарийн бичгийн дарга” гэх)-ыг Татварын ерөнхий хуулийн 46.8-д заасны дагуу томилох бөгөөд нарийн бичгийн дарга нь Татварын ерөнхий хуулийн 47.13-т заасны дагуу ажиллана.

2.6. Татварын ерөнхий хуулийн 46.7-д заасны дагуу Маргаан таслах зөвлөлийн магадлагчийг тухайн шатны татварын албаны даргын тушаалаар              3 жилийн хугацаагаар томилно. Магадлагчийг нэг удаа улируулан ажиллуулж болно.

2.7. Нарийн бичгийн дарга нь зөвлөлийн дотоод ажлыг хариуцан, зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангаж, хуралдааны тэмдэглэл хөтөлнө.

2.8. Маргаан таслах зөвлөл нь Татварын ерөнхий хуульд нийцүүлэн дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       2.8.1. гомдлыг харьяаллын дагуу хүлээн авах, татгалзах, буцаах, хянан шийдвэрлэх, түдгэлзүүлэх, тогтоол гаргах;

       2.8.2. гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээ, судалгааг холбогдох этгээдээс гаргуулж авах, гомдлыг хянан шийдвэрлэсний дараа буцааж өгөх;

       2.8.3. татвар төлөгч, татварын улсын байцаагч болон холбогдох бусад этгээдээс тайлбар, нотлох баримт гаргуулж авах;

       2.8.4. шаардлагатай тохиолдолд орчуулагч, шинжээч оролцуулах;

       2.8.5. маргаан үүссэн шалтгаан, түүний нөхцөлийг арилгуулах, татварын хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргаж, татварын албанд хүргүүлэх;

2.9. Маргаан таслах зөвлөл нь маргааны оролцогч талуудаас бусад этгээдэд гомдол, хүсэлттэй холбогдох мэдээллийг танилцуулах үүрэг хүлээхгүй.

2.10. Маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаатай холбогдох зардлыг тухайн маргаан таслах зөвлөлийн харьяалж байгаа татварын алба хариуцна. Маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүн, нарийн бичгийн дарга нарт хуралдаанд оролцсон цагаар тооцож хөлс олгоно. Цагийн хөлсний хэмжээг томилох эрх бүхий албан тушаалтан тогтооно.

Гурав. Маргааны оролцогч тал, тэдгээрийн эрх, үүрэг

3.1. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд татвар төлөгч, татварын актыг үйлдсэн татварын улсын байцаагч оролцох бөгөөд тэдгээрийг маргааны оролцогч тал гэнэ.

3.2. Татвар төлөгч нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд дараахь эрх, үүрэгтэй оролцоно:

       3.2.1. хуралдаанд өөрийн биеэр оролцох буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх, өмгөөлөгчийг оролцуулах;

       3.2.2. Маргаан таслах зөвлөлийг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах;

       3.2.3. маргаан бүхий акттай холбоотой тайлбар, нотлох баримтыг Маргаан таслах зөвлөлд гаргаж өгөх бөгөөд орчуулгын зөрүүтэй байдлаас үүсэх үр дагаврыг өөрөө хариуцах;

       3.2.4. өөрийн гаргаж өгсөн баримт бичгийн баталгаажсан хуулбар болон эх хувийг буцаан авах;

       3.2.5. Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй танилцаж, үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо шүүхэд гаргах;

       3.2.6. Татварын ерөнхий хуулийн 47.3-т заасан дүнг төлж баримтыг гомдолд хавсаргах;

       3.2.7. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

3.3. Татварын акт үйлдсэн татварын улсын байцаагч маргаан бүхий акттай холбоотой тайлбар, нотлох баримтыг Маргаан таслах зөвлөлд өгч, холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүрэгтэй оролцоно.

3.4. Энэ журмын 3.3-т заасан татварын улсын байцаагч, хянан баталгаажуулсан нэгжийн дарга маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулж болно.

3.5. Маргаан таслах зөвлөл нь маргааны оролцогч тал болох иргэн нас барсан тохиолдолд түүний өв залгамжлагчийг, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр үүссэн хуулийн этгээдийг тэдгээрийн хүсэлтээр маргааны оролцогч талаар оролцуулж болно. Энэ тохиолдолд тухайн этгээд нь энэ журмын 3.2-т заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

3.6. Татварын алба, Маргаан таслах зөвлөлд ажиллаж байсан аливаа этгээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21.1.3-т заасны дагуу урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг  2 жилийн хугацаанд төлөөлөхгүй.

Дөрөв. Гомдол, хүсэлт гаргах, түүнийг
            хүлээн авах, татгалзах

4.1. Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх нь татварын актыг гардаж авснаас хойш Татварын ерөнхий хуулийн 12.1.6, 43.1, 72.4-т заасан хугацаанд, мөн хуулийн 47.5-д заасны дагуу дор дурдсан харьяаллаар гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хугацаанд хүсэлтээ гаргана:

       4.1.1. татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын татварын хяналт шалгалт хариуцсан нэгж болон том татвар төлөгч хариуцсан нэгжийн гаргасан шийдвэртэй холбоотой гомдол, хүсэлтийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд;

       4.1.2. нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн гаргасан шийдвэртэй холбоотой гомдол, хүсэлтийг нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд;

       4.1.3. аймгийн татварын хэлтсийн гаргасан шийдвэртэй холбоотой гомдол, хүсэлтийг аймгийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд;

       4.1.4. Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой гомдол, хүсэлтийг шүүхэд.

4.2. Гомдол, хүсэлт нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

4.3. Гомдол, хүсэлтэд дараахь мэдээллийг тусгана:

       4.3.1. гомдол, хүсэлтийг аль маргаан таслах зөвлөлд гаргаж байгаа;

       4.3.2. гомдол, хүсэлт гаргагчийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг;

       4.3.3. хариуцагчийн нэр, оршин байгаа газрын хаяг;

       4.3.4. гомдол, хүсэлтийн шаардлага, түүний үндэслэл;

       4.3.5. хавсаргасан баримт бичгийн жагсаалт;

       4.3.6. холбоо барих утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг.

4.4. Гомдолд дараахь нотлох баримт бичгийг хавсаргана:

       4.4.1. итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх гомдол гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт бичиг болон итгэмжлэл;

       4.4.2. энэ журмын 3.2.6-д заасан мөнгөн дүнг төлсөн баримт;

       4.4.3. гомдлын шаардлага, үндэслэлийн нотлох баримтыг цаасан болон цахим хэлбэрээр (цахим шуудангаар хүргүүлнэ).

4.5. Гомдол, хүсэлтийг хүлээн авахдаа дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       4.5.1. гомдол, хүсэлтийг тухайн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авч, хүлээн авсан огноо, цаг, минут, хавсаргасан баримт бичгийн хуудасны тоог тэмдэглэн, бүртгэнэ;

       4.5.2. Нарийн бичгийн дарга гомдол, хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг шалгаж, харьяаллын талаарх саналаа Маргаан таслах зөвлөлийн даргад танилцуулна;

       4.5.3. Маргаан таслах зөвлөлийн дарга харьяаллын бус гомдол, хүсэлтийг 3 хоногийн дотор буцаана.

4.6. Маргаан таслах зөвлөл нь дараахь тохиолдолд гомдлыг хүлээн авахаас татгалзана:

       4.6.1. Татварын ерөнхий хуульд заасан Маргаан таслах зөвлөлийн хянан шийдвэрлэх чиг үүрэгт хамаарахгүй;

       4.6.2. гомдлыг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гарсан;

       4.6.3. энэ журмын 4.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн;

       4.6.4. Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хугацааг хэтрүүлсэн;

       4.6.5. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйл, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан Харилцан тохиролцох журмын хүрээнд хүсэлт гаргасан.

4.7. Гомдлыг буцаасан, хүлээн авахаас татгалзсан тохиолдолд хариуг албан бичгээр гомдол гаргагчид хүргүүлнэ.

4.8. Маргаан таслах зөвлөл гомдлыг хүлээн авсан нь татварын актын биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.

4.9. Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д заасан үндэслэлээр гомдол гаргасан тохиолдолд энэ журмын 4.1-д заасан хугацааг үл харгалзан гомдлыг хүлээн авна.

Тав. Гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх
      ажиллагаанд бэлтгэх

5.1. Магадлагч нь татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх зорилгоор татварын асуудлаар дүн шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

5.2. Гомдол гаргасан татвар төлөгч магадлагчийн шаардсан нотлох баримтыг хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд ирүүлсэн нотлох баримтын хүрээнд хянан магадлаж, дүгнэлт гаргана.

5.3. Магадлагч нь энэ журмын 5.1-д заасан чиг үүргийг дангаар болон бусад магадлагчтай хамтран хэрэгжүүлж болно.

5.4. Магадлагч нь энэ журмын 5.1-д заасан үйл ажиллагааг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:

       5.4.1. гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нягтлан бодох бүртгэлийн болон бусад баримт бичиг, мэдээ, судалгааг татварын улсын байцаагч, татвар төлөгч, холбогдох бусад этгээдээс гаргуулж авах;

       5.4.2. маргааны оролцогч талуудыг сонсох, тайлбар гаргуулах;

       5.4.3. энэ журмын 2.8.4-т заасан шинжээчийг оролцуулан дүгнэлт гаргуулах;

       5.4.4. гомдолтой холбоотой бусад байгууллагын шийдвэртэй танилцах, хуулбарлаж авах;

       5.4.5. татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ашиглах;

       5.4.6. гадаад улсын татварын алба, эрх бүхий этгээдээс мэдээлэл гаргуулах хүсэлтийг холбогдох нэгжээр дамжуулах гаргах;

       5.4.7. цуглуулсан нотлох баримтыг үнэлэн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах, дүгнэлтээ хуралдаанаар хэлэлцүүлэх;

       5.4.8. хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

5.5. Нарийн бичгийн дарга нь хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө зөвлөлийн дарга, гишүүдэд хуралдааны тов, төлөвлөгөө болон хэлэлцэх асуудлын танилцуулга, материалыг хүргүүлнэ.

5.6. Нарийн бичгийн дарга нь маргааны оролцогч талуудад хуралдааны товыг утсаар болон цахим шуудангаар зарлаж энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

Зургаа. Гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх ажиллагаа

6.1. Маргаан таслах зөвлөл нь энэ журмын 1.1-д заасан гомдол, хүсэлтийг татвар төлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан шалгаж шийдвэрлэнэ.

6.2. Маргаан таслах зөвлөл нь гомдол, хүсэлтийг хүлээн авснаас хойш              30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зөвлөлийн дарга уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно.

6.3. Маргаан таслах зөвлөлийн хуралдаанд маргааны оролцогч талууд болон Маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, магадлагч оролцоно. Маргаан таслах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

6.4. Маргаан таслах зөвлөлийн дарга хуралдааныг баталсан дэгийн дагуу удирдана.

6.5. Маргаан таслах зөвлөлийн дарга хуралдааныг даргалах ба түүний эзгүйд Маргаан таслах зөвлөлийн даргын үүрэг болгосноор зөвлөлийн аль нэг гишүүн хуралдаан даргалагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

6.6. Маргаан таслах зөвлөлийн хуралдааны товыг маргааны оролцогч талуудад зарласан боловч тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй нь гомдлыг хэлэлцэн шийдвэрлэхэд саад болохгүй.

6.7. Маргаан таслах зөвлөл нь гомдол, хүсэлтийг хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

6.8. Татвар төлөгчийн ирүүлсэн гомдолд хамаарах асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасны дагуу хянан шийдвэрлэх боломжгүй бол хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ. Ийнхүү түдгэлзүүлсэн нь тухайн гомдлыг дахин хянан шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй.

6.9. Татварын ерөнхий хуулийн 47.11-д заасны дагуу татварын алба шинэ акт гаргаагүй тохиолдолд Маргаан таслах зөвлөл өмнө гаргасан гомдлыг үргэлжлүүлэн Татварын ерөнхий хуулийн 47.15, 47.16-д заасан хугацаанд багтаан хянан шийдвэрлэнэ.

6.10. Татварын ерөнхий хуулийн 47.12-т заасны дагуу татварын алба шинэ акт гаргасан тохиолдолд татвар төлөгч энэ журмын 4.1-д заасны дагуу гомдлоо шинээр гаргана.

6.11. Хуралдааны тэмдэглэлд Маргаан таслах зөвлөлийн дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

Долоо. Маргаан таслах зөвлөлийн шийдвэр

7.1. Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд тухайн татварын акттай холбогдуулан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

       7.1.1. татварын актыг өөрчлөх;

       7.1.2. татварын актыг хүчингүй болгох;

       7.1.3. татварын актыг хэвээр үлдээх;

       7.1.4. татварын актыг түдгэлзүүлж татварын албанд буцаах.

7.2. Маргаан таслах зөвлөл энэ журмын 1.1, 1.2-т заасан хүсэлтийг хянан хэлэлцээд Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д заасан үндэслэл тогтоогдсон бол хөөн хэлэлцэх хугацааг сэргээж хүсэлт гаргасан этгээдэд мэдэгдэнэ.

7.3. Маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурна.

7.4. Энэ журмын 7.3-т заасан тогтоол нь тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ:

       7.4.1. тодорхойлох хэсэгт тогтоол гаргасан маргаан таслах зөвлөлийн нэр, байршил, огноо, хурал даргалагч, оролцсон гишүүд, нарийн бичгийн дарга, маргааны оролцогч талуудын нэр, гомдол, хүсэлтийн шаардлага, маргааны оролцогч талуудын тайлбарын агуулга зэргийг тусгана;

       7.4.2. үндэслэх хэсэгт гомдлыг хянан шийдвэрлэхэд баримталсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг Маргаан таслах зөвлөлөөс хэрхэн үнэлж байгаа зэргийг тусгана;

       7.4.3. тогтоох хэсэгт гомдлыг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, гомдол, хүсэлтийн шаардлагыг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хүчингүй болгосон, гомдол, хүсэлтийг бүхэлд нь хүчингүй болгосон, өөрчилсөн, татварын актыг түдгэлзүүлж татварын албанд буцаах зэрэг шийдвэрийг тусгана.

7.5. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг хуралдаанд оролцогчдод уншиж сонсгох бөгөөд тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэйг татвар төлөгчид тайлбарлана.

7.6. Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь тогтоолыг маргаанд оролцогч талуудад 10 хоногийн дотор гардуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэж, бүртгэнэ.
7.7. Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөд тогтоолыг энэ журмын 7.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол нарийн бичгийн дарга уг хугацаа өнгөрснөөс 7 хоногийн хугацаанд багтаан татварын албанд бүртгүүлсэн хаягаар шуудангаар тогтоолыг илгээнэ.

7.8. Тогтоолыг энэ журмын 7.7-д заасны дагуу хүргүүлснээр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу маргааны оролцогч талуудад мэдэгдсэнд тооцно.

7.9. Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө.

7.10. Маргаан таслах зөвлөлийн хүчин төгөлдөр шийдвэрийг татвар төлөгч, татварын алба, татварын улсын байцаагч, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.

7.11. Нарийн бичгийн дарга нь Татварын ерөнхий хуулийн 47.13-т заасны дагуу маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг цахим хуудсаар мэдээлнэ.

Найм. Сонирхлын зөрчил

8.1. Гомдол хүсэлтийг хянан магадлах, шийдвэрлэх ажиллагаанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасныг баримтална.

8.2. Маргаан таслах зөвлөлийн гишүүд гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэхийн өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн           8.1-д заасны дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.

8.3. Гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэхийн өмнө ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.8-д заасныг мөрдөнө.

8.4. Маргаан таслах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, магадлагч дараахь тохиолдолд гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бөгөөд өөрөө татгалзан гарах үүрэгтэй:

       8.4.1. маргааны оролцогч иргэн, татварын улсын байцаагчийн гэр бүл, төрөл садан бол;

       8.4.2. маргааны оролцогч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч бол;

       8.4.3. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан харилцан хамааралтай этгээд нь маргааны оролцогч хуулийн этгээдийн эрх бүхий этгээд (Төлөөлөн удирдах зөвлөл, хамтын гүйцэтгэх удирдлагын гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн) бол.


Ес. Хариуцлага

9.1. Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


-----o0o-----