A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 106 дугаар тогтоолын хавсралт

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019-2024 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Монгол Улсын Их Хурлын алсын хараа

 

Монгол Улсын Үндсэн хууль, ардчилсан ёс, хүний эрх, нийтлэг үнэт зүйлс, үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжин, ард түмний засаглах эрхийг хангасан парламентыг төлөвшүүлнэ.

 

Монгол Улсын Их Хурлын эрхэм зорилго

 

Ард түмний төлөөллийг хангаж, засаглах эрхийг хангасан парламент байна.

 

Монгол Улсын Их Хурлын үнэт зүйлс

 

  • Нээлттэй, ил тод байх;
  • Тэгш байдлыг хангах;
  • Хариуцлагатай байх;
  • Ёс зүйтэй байх;
  • Үр нөлөөтэй байх;
  • Чадавхтай байх;
  • Иргэдийн оролцоог хангах;
  • Хамтын шийдвэрээ хүндэтгэх.

 

Стратегийн зорилго 1.Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлж, түүний чанар, үр нөлөөг дээшлүүлнэ.

 

Стратегийн зорилт 1.1.Хууль тогтоох үйл явцыг боловсронгуй болгож, парламентат ёсны шаардлагад нийцүүлэн, ард түмний хүсэл зориг, эрх ашгийг хангахад чиглүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх.

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

1.1.1.Үйл ажиллагаа нь Байнгын хорооддоо төвлөрсөн парламентыг төлөвшүүлэх, парламентаар хуулийн төслийг хэлэлцэх дэгийг боловсронгуй болгох, дэг тогтоох олон улсын жишгийг судалж нэвтрүүлэх;

 

1.1.2.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шаардлагатай хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

 

1.1.3.Улсын Их Хурал нь цөөнхийг хүндэтгэж, түүний үйл ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж, Улсын Их Хурлын гишүүд, ажлын албаны ажилтнуудын ажиллах нөхцөл, боломжийг сайжруулах талаар анхаарч ажиллах;

 

1.1.4.Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөл Үндсэн хууль, бусад хууль тогтоомжтой нийцсэн эсэх талаар экспертийн шинжилгээ хийж эрх зүйн дүгнэлт гаргадаг байх;

 

 1.1.5.Хууль тогтоомж гаргах хэрэгцээ, шаардлага байгаа эсэх, үр нөлөө, практикт хэрэгжих боломж, харилцан уялдаа зэргийг судалж, нөхцөл байдлын дүгнэлт өгдөг тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэх;

 

1.1.6.Батлагдсан хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлын тооцоог холбогдох аргачлалын дагуу тухай бүр гаргаж зардал, үр өгөөжийн харьцааг тодорхойлж, дүгнэлт гаргах;

 

1.1.7.Хууль тогтоомж санаачлах, боловсруулах, зөвлөлдөх, хэлэлцэн батлах, хэрэгжилтийг хянах үйл ажиллагаанд оролцогч талуудын оролцоог тодорхойлсон эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

 

1.1.8.Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйн актуудын нийцэл, уялдааг шалгах нэгдсэн системийг мэдээллийн шинэ технологид тулгуурлан бүрдүүлдэг эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

 

Стратегийн зорилт 1.2.Хууль тогтоомжийг Тогтвортой хөгжлийн зорилго, төрийн бодлогын баримт бичигтэй нягт уялдуулах замаар чанар, үр нөлөөг дээшлүүлэх.

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

1.2.1.Төрийн гадаад, дотоод бодлого, улсын төсөв, мөнгөний бодлогыг Тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулан төлөвлөх, хэлэлцэн батлах үр дүнтэй механизмыг бүрдүүлэх, үйл ажиллагааны үр дүнг сайжруулах;

 

1.2.2.Улсын Их Хурлаар хэлэлцэх хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүд улс орны хөгжлийн зорилт, бодлогын уялдаа, залгамж чанарыг хангаж, үнэлгээнд үндэслэсэн эсэхэд шинжилгээ хийж шийдвэрлэдэг эрх зүйн орчныг бүрдүүлж хэрэгжүүлэх;

 

1.2.3.Хоёр болон олон талт гэрээ хэлэлцээрт нэгдэн орох нь Монгол Улсад ямар үр нөлөөтэй, хүлээх үүрэг хариуцлага ямар байх, үүдэн гарах эерэг, сөрөг үр дагавар байгаа эсэхийг урьдчилан судалж, дүн шинжилгээ хийх, мэдээллээр хангах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх;

 

1.2.4.Мэргэжлийн байгууллагын судалгаа, шинжилгээний үр дүн, эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөмж, олон нийтийн нээлттэй оролцоог хангасан төсөл, саналд үндэслэн шийдвэр гаргадаг тогтолцоог боловсронгуй болгох.

 

Хүрэх үр дүн:Хууль тогтоох үйл ажиллагаа сайжирч, түүний эрх зүйн орчин төлөвшинө.

 

Стратегийн зорилго 2.Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж, хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоог бүрдүүлж, чадавхжуулна.

 

Стратегийн зорилт 2.1.Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны өнөөгийн арга хэлбэр, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чадавхыг сайжруулах.

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

2.1.1.Парламентын хяналтыг Засгийн газрын үйл ажиллагаанд төвлөрүүлдэг нийтлэг зарчмыг баримталж, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын албан тушаалтанд Улсын Их Хурлын гишүүд асуулт, асуулга тавьж, албан ёсны хариуг хэлэлцдэг журмыг боловсронгуй болгох, чанар, үр нөлөөг дээшлүүлэх;

 

2.1.2.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын мэдээллийг сонсдог арга хэлбэрийг боловсронгуй болгож, үр нөлөөг дээшлүүлэх;

 

2.1.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улсын Их Хуралд ажлаа хариуцах хуулиар тогтоосон чиг үүрэг болон Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг бусад байгууллагын илтгэл, сонсгол, тайланг хэлэлцэх арга хэлбэрийг боловсронгуй болгох, журмыг сайжруулах;

 

2.1.4.Улсын төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтад тавих Улсын Их Хурлын хяналтын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх;

 

2.1.5.Улсын төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл нь эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлтэй хэрхэн уялдаж байгаад шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадавхыг сайжруулах;

 

2.1.6.Төрийн санхүү, төсвийн хяналтын чиглэлээр Улсын Их Хуралд дэмжлэг үзүүлэх Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хангаж, чадавхыг дээшлүүлэх;

 

2.1.7.Улсын Их Хурлаас хийх хяналт шалгалтын ажилд төрийн хяналт шалгалтын эрх бүхий байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах.

 

Стратегийн зорилт 2.2.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтолцоог бүрдүүлж чадавхжуулах.

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

2.2.1.Хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх тогтолцоог бүрдүүлж, төрийн хяналтын мэдээллийн цахим сүлжээг байгуулж, хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах;

 

2.2.2.Хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг тогтсон хугацаанд үнэлж, хуулийн хэрэгжилтийн эерэг, сөрөг үр дагаврыг тодорхойлох, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхтэй хэрхэн уялдаж байгаад дүгнэлт өгч, холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтийг хангадаг болох;

 

2.2.3.Хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг Улсын Их Хурлаар хэлэлцэх, шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлэх;

 

2.2.4.Улсын Их Хурал, Байнгын болон бусад хороодоос байгуулагдан ажилладаг хянан шалгах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, үйл ажиллагааны хүрээг тогтоож харилцан уялдаатай, үр нөлөө бүхий хяналтын механизм болгон төлөвшүүлэх;

 

2.2.5.Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох;

 

2.2.6.Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийн хүрээнд төр, засгийн байгууллагуудаас ирүүлдэг хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн болон бусад мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулж, үр нөлөөг дээшлүүлэх;

 

2.2.7.Ерөнхий хяналтын болон төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулах арга механизмыг боловсронгуй болгож, төгөлдөржүүлэх.

 

Хүрэх үр дүн:Парламентын хяналт сайжирч, хуулийн үр нөлөө дээшилсэн байна.

 

Стратегийн зорилго 3.Улсын Их Хурал төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлнэ.

 

Стратегийн зорилт 3.1.Төлөөллийн ардчиллыг эрхэмлэх, парламентын ил тод байдлыг хангах, иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх үйл ажиллагааг төгөлдөржүүлэх.

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

3.1.1.Хууль тогтоох, хянан шалгах үйл явцад иргэд, сонгогчид, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах эрх зүйн орчныг бүрдүүлж, оролцооны хэлбэрт тохирсон арга хэрэгслийг /онлайн, биечлэн, төлөөллийн, зөвлөлдөх гэх мэт/ ашигладаг болох;

 

3.1.2.Жендэрийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх механизмыг бүрдүүлж, жендэрийн мэдрэмжтэй парламентыг төлөвшүүлэх;

 

3.1.3.Залуучуудыг улс төрийн болон шийдвэр гаргах түвшинд оролцуулах оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөгжлийн бодлогыг тодорхойлж, тэдний улс төр, нийгмийн идэвхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

 

3.1.4.Төрийн байгууллага болон бусад салбарт олон жил хүчин зүтгэсэн ахмад үеийнхний туршлагаас суралцах, санал, зөвлөгөөг сонсох, төлөөллийн оролцоог хангах;

 

3.1.5.Улсын Их Хурлын гишүүдийн тойрогтоо ажиллах, сонгогч иргэдтэйгээ байнгын харилцаатай байх боломжийг сайжруулж, орон нутаг дахь бие төлөөлөгчийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэн, тэднийг мэдээлэл, төсөв хөрөнгө, ажлын байр, ажиллах нөхцөлөөр хангах;

 

3.1.6.Улсын Их Хурлын гишүүн тогтсон хугацаанд үйл ажиллагааныхаа мэдээллийг иргэд, сонгогчдоор хэлэлцүүлдэг, тэдний үнэлгээ, дүгнэлтийг авч төрийн бодлогод тусгадаг, үр дүнг тайлагнадаг эргэх холбоог бий болгох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

 

3.1.7.Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчилж, хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх;

 

3.1.8.Хуулийн төслүүд хүний эрхийг хангасан эсэхэд нөлөөллийн үнэлгээ хийж, Хүний эрхийн олон улсын конвенц болон НҮБ-аас хүний эрхийн талаар гаргасан зөвлөмжүүдтэй нийцүүлж баталдаг болох;

 

3.1.9.Улсын Их Хурлаар батлагдах хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн нийгмийн эмзэг бүлгүүдэд нөлөөлөх нөлөөллийг үнэлдэг болж, гарсан дүгнэлтийг хууль тогтоомжид тусган хэрэгжүүлдэг болох;

 

3.1.10.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төлөөлөгчдөөр дамжуулан иргэдийн хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэгт оролцох эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлэх;

 

3.1.11.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, албан бус боловсролын болон зайны сургалтын арга, хэлбэрээр иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах;

           

3.1.12.Улсын Их Хурлаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхийн өмнө шаардлагатай тохиолдолд нээлттэй сонсгол зохион байгуулдаг болох, гарсан санал, дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар сонсож, гарах шийдвэрт тусгаж байх.

 

Стратегийн зорилт 3.2.Парламентын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох шаардлагын хүрээнд цахим, дижитал орчин, бүтцийг бүрдүүлэн ашиглах.

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

3.2.1.Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох;

 

3.2.2.Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааны явцын дууны бичлэгийг буулгадаг уламжлалт аргыг дижитал системд шилжүүлж, мэдээллийн шуурхай, чанартай байдлыг хангах системийг нэвтрүүлэх;

 

3.2.3.Улсын Их Хурлын мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагааны өнөөгийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, олон улсын туршлагаас судалж, сайжруулах хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;

 

3.2.4.Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаан, бусад үйл ажиллагааг телевиз, радиогоор нэвтрүүлэх тусгай сувагтай болох асуудлыг судлан шийдвэрлэх;

 

3.2.5.Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах шаардлагад нийцүүлэн Монголын парламентын музей, аймаг, нийслэл, дүүргийн түвшинд Нээлттэй танхим байгуулж баримтат кино, дүрс бичлэг, үзмэр, гэрэл зураг, архивын нэгж, контент, гарын авлагаар хангах;

 

3.2.6.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан залууст зориулсан “Парламентын боловсролын хөтөлбөр” боловсруулж, сургуулиудын сургалтын хөтөлбөрт багтаан хэрэгжүүлэх, Монголын парламентын музейн дэргэд “Парламентын сургалтын танхим” байгуулах, парламентын боловсролын веб сайт ажиллуулах;

 

3.2.7.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, шийдвэрийн төсөл болон Улсын Их Хурлаар батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийн талаар олон нийтэд тогтмол мэдээлэх, тэдний санаа бодлыг хүлээн авах “Forum.parliament.mn” цахим хуудсыг шинэчлэн сайжруулж, мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх.

 

Хүрэх үр дүн:Улсын Их Хурлын үйл ажиллагаа илүү нээлттэй, ил тод болж, хариуцлага сайжирч, Улсын Их Хуралд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн байна.

 

Стратегийн зорилго 4.Улсын Их Хурлын гадаад харилцааг өргөжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

 

Стратегийн зорилт 4.1.Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд парламентын гадаад харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх.

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

4.1.1.Улсын Их Хурлын гадаад харилцааны хүрсэн үр дүнг үнэлж, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох, өндөр, дээд түвшний болон Байнгын хороод, хоёр талын парламентын бүлгүүд хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулах;

 

4.1.2.Улсын Их Хурлын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр Олон улсын парламентын холбоо, Олон улсын парламентын холбооны дэргэдэх Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэг, НҮБ болон бусад олон улсын байгууллага, бүс нутгийн парламентын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах;

 

4.1.3.Бүс нутгийн парламентын байгууллагын хурлыг Монгол Улсад зохион байгуулсан сайн туршлагыг үргэлжлүүлж, Олон улсын парламентын холбооны зарим хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах.

 

Стратегийн зорилт 4.2.Парламентын хамтын ажиллагаагаар дамжуулан улс орны ашиг сонирхолд нийцсэн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх.

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

4.2.1.Хөрш, гуравдагч хөрш, түншлэлийн харилцаатай улс орнуудын хууль тогтоох байгууллагатай идэвхтэй, тэнцвэртэй хамтран ажиллах, туршлага солилцох хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах;

 

4.2.2.Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

 

4.2.3.Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр улс орнуудын туршлагаас суралцах, хамтран ажиллах.

 

Хүрэх үр дүн:Олон улсын тавцанд Улсын Их Хурлын нэр хүнд дээшилж, байр суурь бэхэжсэн байна.

 

Стратегийн зорилго 5.Улсын Их Хурлын чадавхыг бэхжүүлж, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлнэ.

 

Стратегийн зорилт 5.1.Парламент үр дүнтэй ажиллах дэд бүтцийг бүрдүүлж, бие даасан байдлыг хангаж бэхжүүлэх.

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

5.1.1.Улсын Их Хурлын болон гишүүдийн хуулиар тогтоосон чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг хангах, хууль тогтоох дээд байгууллагынх нь хувьд бэхжүүлэх, иргэддээ нээлттэй засаглалыг төлөвшүүлэх суурь болсон Парламентын ордонтой болох;

 

5.1.2.Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан судалгаа, мэдээлэл, лавлагаагаар хангаж дэмжлэг үзүүлэх судалгаа, шинжилгээний хүрээлэн байгуулах асуудлыг шийдвэрлэх;

 

5.1.3.Парламентын номын сангийн үйлчилгээг өргөжүүлж цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж, уншлагын, цахим мэдээлэл, лавлагааны үйлчилгээ үзүүлдэг болгох;

 

5.1.4.Дотоод, гадаад арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх сургалт, мэдээллийн төвтэй, зочид буудал, албаны сууц бүхий цогцолбор барих асуудлыг судлан шийдвэрлэх;

 

5.1.5.Улсын Их Хурлын аж ахуй, санхүүгийн бүрэн бие даасан байдлыг хангаж, Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах нөхцөл, үйлчилгээ, хангамжийг сайжруулах.

 

Стратегийн зорилт 5.2.Улсын Их Хурлын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны чадавхыг дээшлүүлэх.

 

5.2.1.Улсын Их Хурлын гишүүдэд зориулан Монгол Улсын дотоод, гадаад бодлого, нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлаарх сургалт, семинарыг төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, холбогдох байгууллага, эрдэмтэн, судлаачидтай хамтран үе шаттай зохион байгуулдаг болох, арга зүйн дэмжлэг үзүүлж, чадавхыг дээшлүүлэх;

 

5.2.2.Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, тэдгээрийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгуулж, гишүүдийн хууль тогтоох, хянан шалгах мэдлэг, арга зүйг дээшлүүлэх;

 

5.2.3.Улсын Их Хурлын бүтцийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгож, Байнгын болон бусад хороодын үйл ажиллагааны зохион байгуулалтыг шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх;

 

5.2.4.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн Ажлын албыг бодлогын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, чадавхыг бэхжүүлэх;

 

5.2.5.Хууль тогтоох үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагааг хялбаршуулж мэдээлэл солилцох, хуулийн төслийн эх дээр ажиллах нэгдмэл, онлайн платформ бий болгох, оролцогч талуудын үүрэг, зарцуулагдах цаг хугацаа, санхүүгийн болон бусад нөөцийг тодорхой төлөвлөх, хэрэгжилтийг хянах мэдээлэл-хяналтын дэд систем байгуулж ашигладаг болох.

 

Хүрэх үр дүн:Парламент үр дүнтэй ажиллах дэд бүтцийг бүрдүүлж, чадавх нь бэхэжсэн байна.

 

Стратегийн зорилго 6.Парламентын ажлын мэргэшсэн алба-Улсын Их Хурлын Тамгын газрын чадавхыг дээшлүүлж, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгон, олон улсын жишигт хүргэнэ.

 

Стратегийн зорилт 6.1.Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай бодлого, эрх зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

6.1.1.Улсын Их Хурлын Тамгын газрын хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоон, хэрэгжилтийг цахимаар тооцон хянадаг системийг нэвтрүүлэн хэрэгжүүлэх;

 

6.1.2.Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг дижитал шилжилтэд шилжүүлэх асуудлыг судлан үе шаттайгаар шийдвэрлэх;

 

6.1.3.Парламентын үйл ажиллагааг нээлттэй сурталчлах цахим мэдээллийн орчин бүрдүүлж ажиллуулах, иргэдийн хүсэлтийг цахимаар авдаг /E-petition/ системийг нэвтрүүлэх;

 

6.1.4.Гадаад болон дотоод хамтын ажиллагааг хөгжүүлж, Тамгын газрын ажилтнуудыг богино болон урт хугацааны танилцах, туршлага судлах сургалтад хамруулах, сэлгэн ажиллуулах замаар тэдний чадавхыг сайжруулах;

 

6.1.5.Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

 

6.1.6.Улсын Их Хурлын Тамгын газрын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, өндөр мэдлэг боловсролтой, ажлын өргөн туршлагатай нөөцөөр бэхжүүлэх онцлог журам, зохицуулалтыг бий болгон мөрдөх;

 

6.1.7.Улсын Их Хурлын Тамгын газарт цалин хөлс, санхүүжилтийн шинэ журам нэвтрүүлж, Улсын Их Хурал, Тамгын газрын төсөв боловсруулах шатанд Байнгын хороо, хэлтэс, албадын оролцоог нэмэгдүүлэх, хэрэгжилтэд тавих дотоод аудитын хяналтыг сайжруулж эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх.

 

Хүрэх үр дүн: Улсын Их Хурлын Тамгын газрын чадавх бүх талаар сайжирч, цахим /дижитал/ парламент төлөвшсөн байна.

 

Ард түмний засаглах эрх хангагдаж, парламентын засаглал, парламентат ёс бэхэжсэн байна.

 

 

 

---oOo---