A

A

A

Бүлэг: 1979

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын

27-ны өдрийн 292 тоот тушаалын хавсралт

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх

үйл ажиллагааны журам

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх харилцааг зохицуулахад энэ журмыг баримтална.

1.2.Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэхдээ Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан хугацааг баримтална.

1.3.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх харилцааг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан “Хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам”-аар зохицуулна.

 

Хоёр.Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх нийтлэг үйл ажиллагаа

2.1.Хуульд тогтоомжид өөрөөр заагаагүй тохиолдолд татварын хөнгөлөлтийг тухайн тайлант хугацаанд татвар төлөгчийн төлсөн татвараас буцаан олгох замаар эдлүүлнэ.

2.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр /автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс бусад/, ус бохирдуулсны төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгчийн тухайн татварын тайланд тусгасан чөлөөлөгдөх орлого, ногдуулан төлсөн татварын дүнгээс тооцож эдлүүлнэ. 

2.3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээг эрхэлж буй татвар төлөгч цахим төлбөрийн баримтын системд чөлөөлөгдөх бараа ажил үйлчилгээний кодыг сонгож төлбөрийн баримтыг үйлдсэн байна.

2.4.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасны дагуу тусгай зөвшөөрөл тус бүрд хамаарах татварын тайланг гаргаж байгаа хуулийн этгээд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тайлан тус бүрээр эдэлнэ.

2.5.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, галт зэвсгийн албан татвар, автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох агаарын бохирдлын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг тухайн хөрөнгийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл, өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэснээр татварын алба эдлүүлнэ

2.6.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4, 7.1.5, 7.1.6-д заасан татварын чөлөөлөлт эдлэх тухай хүсэлтээ татвар төлөгч татвар асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан маягтын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр ирүүлэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд нотлох баримтын хамт бүртгүүлсний үндсэнд эдэлнэ.
Энэ хэсэгт Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/234 дүгээр тушаалаар нэмэлт оруулсан. 

2.7.Энэ журмын 2.1, 2.5, 2.6-д зааснаас бусад албан татвар, төлбөр, хураамжаас эрх бүхий төрийн захиргааны байгууллага хуульд заасны дагуу чөлөөлж, батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний дагуу татварын албанд тайлагнана.

2.8.Татвар төлөгч нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ татварын тайлан, тайлангийн хавсралт мэдээ, нотлох баримт, хөнгөлөлтөө буцаан авах хүсэлтийг татварын албанд ирүүлэх ба татварын алба нь холбогдох хуульд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхээр заасан орлого, хөрөнгө, татварыг хуульд тогтоомжид заасан нөхцөл, шалгуурт нийцүүлэн татварын тайланд үнэн зөв тусгасан эсэхийг нотлох баримттай тулган татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан “Татварын тайлан үйлдэх, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-д заасны дагуу хянан баталгаажуулна.

2.9.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг буцаан олгохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 28.5-д заасны дагуу Сангийн сайдын баталсан журмыг баримтална.

2.10.Татварын хөнгөлөлтийн тайлан тушаасан татвар төлөгч тайлангийн ногдлыг бууруулах, тайлангийн залруулга хийхээр хүсэлт ирүүлэхдээ нотлох баримтыг хавсаргана.

 

Гурав. Хуульд тусгайлан заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэх үйл ажиллагаа

3.1.Татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотоос хол алслагдсан аймаг, сум хүртэлх зай гэсэн шалгуурыг зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон улсын болон орон нутгийн чанартай авто замуудын эхлэл, төгсгөлийн цэгийн тодорхойлолтыг үндэслэн тогтооно.

3.2.Татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхтэй холбогдуулан ажлын байр бий болгож байгаа гэсэн шалгуурыг хоёр ба түүнээс дээш үндсэн ажилтныг 6 сараас дээш хугацаагаар ажлын байраар хангасан байхаар тодорхойлно.

3.3.Татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүн гэсэн шалгуурыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт, харьяалагдах сум, дүүргийн Засаг даргын олгосон үнэмлэхийг үндэслэн, ажиллагчдын тоог цалин, хөдөлмөрийн хөлснөөс суутгасан албан татварын тайлан, нийгмийн даатгалын тайланг үндэслэн тодорхойлно. Хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь тухайн аж ахуйн нэгжид тайлант хугацааны турш ажилласан үндсэн ажилтан байна.

3.4.Татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхтэй холбогдуулан инновацын бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ гэсэн шалгуурыг Засгийн газраас баталсан жагсаалтыг баримтлан инновацын бүтээгдэхүүний талаар мэргэжлийн шинжээчийн гаргасан дүгнэлт, эрх бүхий байгууллагаас гаргасан мэдээлэл, гарааны компанийн гэрчилгээнд үндэслэн тодорхойлно.

3.5.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 21.1.12-т хадгаламж, зээлийн хоршооны орлого хамаарахгүй.

3.6.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.2-т заасан газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хөнгөлөлтийг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага татвар ногдуулахдаа эдлүүлж, татварын албанд тайлагнана.       

3.7.Иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлнө.”
Энэ хэсгийг Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/234 дүгээр тушаалаар нэмсэн.
3.8.Иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа нийслэл дэх хоёр орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө. Хэрэв албан татвар төлөгч нь гурав ба түүнээс дээш орон сууц өмчилж байгаа тохиолдолд энэ журмын 2.6-д заасан хүсэлтийг үндэслэн чөлөөлөлтийг эдлүүлнэ.”
Энэ хэсгийг Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/234 дүгээр тушаалаар нэмсэн.
3.9.Гурав ба түүнээс дээш орон сууц өмчилж байгаа иргэн, хуулийн этгээд нь хоёр орон сууцанд ногдох албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтээ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8.1-д заасан хугацаанд харьяа татварын албанд гаргана.”
 
Энэ хэсгийг Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/234 дүгээр тушаалаар нэмсэн.
3.10.Энэ журмын 3.9-д заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй тохиолдолд татварын алба бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэлд үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д заасны дагуу улсын бүртгэлд эхэнд бүртгүүлсэн хоёр орон сууцыг албан татвараас чөлөөлнө.”
 
Энэ хэсгийг Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/234 дүгээр тушаалаар нэмсэн.
3.11.Хоёр ба түүнээс дээш өмчлөгчтэй үл хөдлөх эд хөрөнгөд ногдох албан татварыг хувь тэнцүүлэн тооцож, өмчлөгч тус бүрд чөлөөлөлтийг хэсэгчлэн эдлүүлнэ.”
Энэ хэсгийг Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/234 дүгээр тушаалаар нэмсэн.
3.12. Гурав ба түүнээс дээш орон сууц өмчилж буй иргэний төлөөллийг хуульд заасан тохиолдолд түүний хууль ёсны төлөөлөгч нь хэрэгжүүлнэ.

Энэ хэсгийг Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/234 дүгээр тушаалаар нэмсэн.

--oo0oo--