A

A

A

Бүлэг: 1979

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 293 тоот тушаалын хавсралт

ТАТВАРЫН ХАРИЛЦАН ТОХИРОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйл, Монгол Улсаас гадаад улстай байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр” /цаашид “Давхар татварын гэрээ” гэх/-ийн “Харилцан тохирох журам”-ын хэрэгжилтийг хангаж, давхар татварын гэрээнд нийцээгүй байдлаар  татвар ногдуулсан, эсхүл ирээдүйд ногдуулах нөхцөл үүсэх нь тодорхой болсон тохиолдолд татварын давхардлыг арилгах асуудлаар нөгөө улсын эрх бүхий этгээдтэй харилцан тохиролцоход оршино.

1.2.Энэ журам нь давхар татварын гэрээнд нийцээгүй байдлаар  татвар ногдуулсан, эсхүл ирээдүйд ногдуулах нөхцөл үүсэх нь тодорхой болсон тохиолдолд хүсэлт гаргах татвар төлөгч болон эрх бүхий этгээдэд хамаарна.

1.3.Эрх бүхий этгээд гэж давхар татварын гэрээнд заасны дагуу Монгол Улсын санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, мөн түүний эрх олгосноор эрх бүхий этгээдийг ойлгоно.

1.4.Татвар төлөгч гэж Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20-д заасан этгээдийг ойлгоно.

1.5.Энэ журмын дагуу давхар татварын гэрээнд туссан аливаа харилцаа, эрх үүргийг хязгаарлах, нэмэгдүүлэх, эсхүл өөрчлөх зохицуулалт хийхгүй.

1.6.Энэ журмаар зохицуулаагүй бөгөөд холбогдох эрх зүйн баримт бичигтэй зөрчилдөөгүй тохиолдолд харилцан тохирох асуудалд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагаас гаргасан “Орлого ба хөрөнгийн татварын загвар конвенцын тайлбар”-ийг ашиглаж болно.

1.7.Харилцан тохирох үйл ажиллагааг Монгол Улсаас авсан арга хэмжээнээс бүрэн буюу хэсэгчлэн хамаарсан гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээд тохируулга хийхээр шийдвэр гаргах эсхүл талуудын эрх бүхий этгээдүүд харилцан тохирох ажиллагааг хэрэгжүүлэн зохих тохируулгыг хийх замаар хэрэгжүүлнэ.

Хоёр. Хүсэлт гаргах үндэслэл

2.1.Татвар төлөгч нь давхар татварын гэрээний “Харилцан тохирох журам”-д заасны дагуу дараах үндэслэлээр эрх бүхий этгээдэд бичгээр хүсэлт гаргана:

2.1.1.татвар төлөгчийн хэлэлцэн тохирогч нөгөө улс дахь харилцан хамаарал бүхий этгээдтэй хийсэн ажил, гүйлгээнд хэлэлцэн тохирогч нөгөө улс үнэ шилжилтийн тохируулга хийсний улмаас татварыг давхардуулан ногдуулсан бол;

2.1.2.татвар төлөгчийг хэлэлцэн тохирогч нөгөө улс төлөөний газартай гэж үзэн тус улсаас эх үүсвэртэй орлогод давхар татварын гэрээнд үл нийцэх байдлаар татвар ногдуулсан гэж үзвэл;

2.1.3.татвар төлөгчийн хэлэлцэн тохирогч нөгөө улсад байрлах төлөөний газрын татвар ногдох орлогод хэлэлцэн тохирогч нөгөө улс тохируулга хийсний улмаас татварыг давхардуулан ногдуулсан бол;

2.1.4.татвар төлөгчийн хэлэлцэн тохирогч нөгөө улсад олсон орлогоос хэлэлцэн тохирогч тухайн улс хэлэлцээрт үл нийцэх байдлаар татвар суутгасан гэж үзвэл;

2.1.5.Монгол Улсын оршин суугч татвар төлөгч боловч хэлэлцэн тохирогч нөгөө улсын дотоодын хуулийн дагуу тухайн улсын оршин суугч татвар төлөгч гэж тодорхойлогдсон этгээд аль улсад татвар төлөхийг тодорхойлох зорилгоор;

2.1.6.татвар төлөгч хувь хүний хэлэлцэн тохирогч нөгөө улсад ажил, үйлчилгээ эрхэлснээс олсон орлогод хэлэлцэн тохирогч нөгөө улс хэлэлцээрт үл нийцэх байдлаар татвар ногдуулсан гэж үзвэл;

2.1.7.давхар татварын гэрээгээр “Харилцан тохирох журам”-д заасан хэлэлцээрийг хэрэглэхтэй холбоотой үүссэн бусад маргаантай асуудлаар;

2.2.Харилцан тохирох ажиллагааг эхлүүлснээр Монгол улсад төлөх ёстой албан татварыг төлөхгүй байх, төлөх хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй.

2.3.Татвар төлөгчийн хүсэлтэд зөвхөн хэлэлцээрт нийцээгүй байдлаар  ногдуулсан, эсхүл ирээдүйд ногдуулах нөхцөл үүссэн албан татвар хамаарах бөгөөд татварын албанаас ногдуулсан торгууль, алданги хамаарахгүй.

 

Гурав. Урьдчилсан уулзалт

3.1.Татвар төлөгч нь хүсэлт гаргахаас өмнө тухайн асуудлаар зөвлөгөө авах зорилгоор эрх бүхий этгээдийн томилсон төлөөлөгчтэй урьдчилсан уулзалт хийж болно.

3.2.Татвар төлөгч урьдчилсан уулзалт хийх тухай саналаа албан бичгээр хүргүүлэх ба албан бичигт хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад үүссэн маргаантай асуудлыг тайлбарласан байна.

3.3.Эрх бүхий этгээдийн томилсон төлөөлөгч энэ журмын 3.2-т заасан уулзалт хийх тухай саналыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор уулзалтыг зохион байгуулна.

3.4.Уулзалтын үеэр татвар төлөгчөөс гаргах хүсэлт үндэслэлтэй эсэх албан ёсны хүсэлтийг гаргах нөхцөл бүрдсэн, холбогдох баримт, материалын бүрдүүлэлт шаардлагад нийцсэн эсэх талаар зөвлөгөө өгнө.

 

Дөрөв. Хүсэлт гаргах хугацаа, бүрдүүлэх материал

4.1.Давхар татварын гэрээнд өөрөөр заагаагүй бол давхар татварын гэрээнд нийцээгүй байдлаар татвар ногдуулсан, ногдуулах нөхцөл үүссэнийг анх мэдсэнээс тус гэрээнд өөрөөр заагаагүй бол 3 жилийн хугацаанд багтаан хүсэлт гаргана.

4.2.Татвар төлөгч нь хүсэлтээ эрх бүхий этгээдийн татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилогдсон төлөөлөгчид гаргана.

4.3.Давхар татварын гэрээнд нийцээгүй байдлаар татвар ногдуулсан байна гэдгийг мэдсэн хугацааг энэ журмын 3-т заасан нөхцөл байдал үүссэнийг нотлох холбогдох татварын албанаас гаргасан шийдвэртэй танилцсан, гардаж авсан өдрөөс эхлэн тоолно.

4.4.Татвар төлөгч нь энэхүү журмын дагуу хүсэлт гаргахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж эрх бүхий этгээдэд хүргүүлнэ:

4.4.1.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан маягтын дагуу эрх бүхий этгээдээс туслалцаа авах хүсэлт;

4.4.2.хүсэлтэд дараах асуудлыг тусгасан байна:

4.4.2.1.тухайн асуудалд хамааралтай ажил гүйлгээ, арга хэмжээ, эсвэл бусад нөхцөл байдлын тухай;

4.4.2.2.тухайн асуудалд хамааралтай этгээдүүдийн улсын харьяалал, нэр, хаяг, холбогдох татвар төлөгчийн дугаар;

4.4.2.3.харьяа татварын алба эсхүл хэлэлцэн тохирогч нөгөө улсын татварын албанаас тухайн асуудалтай холбоотойгоор хийгдсэн аливаа ажиллагаа, гаргасан шийдвэр, баримт бичиг, тэдгээрийн явцын талаар;

4.4.2.4.орлогын төрөл, татварын дүнг төгрөгөөр болон тухайн улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр гаргасан тооцоолол;

4.4.3.хүсэлтэд хамаарах асуудлаар харилцагч татварын алба эсхүл хэлэлцэн тохирогч нөгөө улсын татварын албаны гаргасан баримт бичгийн баталгаажсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт;

4.4.4.хүсэлтийг төлөөлөгчөөр дамжуулан гаргах тохиолдолд татвар төлөгчийг төлөөлөх итгэмжлэл;

4.4.5.хүсэлтэд хамаарах асуудал нь үнэ шилжилтийн тохируулгатай холбоотой бол үнэ шилжилтийн баримтжуулалт, татварын албадаас хийгдсэн тохируулгатай холбоотой баримт бичиг, холбогдох бусад мэдээлэл;

4.4.6.хэлэлцэн тохирогч нөгөө улсын эрх бүхий этгээдэд гаргасан хүсэлт, холбогдох баримт бичиг, ирүүлсэн хариу зэргийн баталгаажсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт;

4.4.7.энэхүү харилцан тохирох ажиллагаанд хамаарах асуудлаар хэлэлцэн тохирогч нөгөө улсын эрх бүхий этгээд шийдвэр гаргасан бол түүний баталгаажсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт.

4.5.Татвар төлөгч хүсэлт гаргаснаас хойш энэ журмын 4.4.1-д заасан маягт болон бусад холбогдох баримт бичигт өөрчлөлт оруулах тохиолдолд энэ талаар эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэнэ.

4.6.Эрх бүхий этгээд нэмэлт тодруулга, баримт бичгийг хүссэн тохиолдолд татвар төлөгч 30 хоногийн дотор хүргүүлнэ.

Тав. Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах

5.1.Эрх бүхий этгээд нь дараах нөхцөлд татвар төлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзана:

5.1.1.татвар төлөгч давхар татварын гэрээний тааламжтай нөхцөлийг эдлэх, тухайн хүсэлтэд заасан туслалцааг авах эрхгүй этгээд бол;

5.1.2.тухайн асуудал нь давхар татварын гэрээгээр зохицуулагдаагүй бол;

5.1.3.татвар төлөгч өмнө нь ижил төрлийн асуудлаар эрх бүхий этгээдэд хүсэлт гаргасан бөгөөд тухайн асуудлаар гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй;

5.1.4.эрх бүхий этгээдийн харилцан тохирох ажиллагаанд татвар төлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэхийг татвар төлөгч зөвшөөрөөгүй;

5.1.5.хүсэлтэд хамаарах асуудлаар эрх бүхий этгээдээс хүссэн нэмэлт тодруулга, материалыг энэ журмын 4.6-д заасан хугацаанд гаргаж өгөөгүй;

5.1.6.энэ журмын 4.1-д заасан хугацаа хэтэрсэн;

5.2.Татварын алба татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэхээс татгалзсан тохиолдолд холбогдох тайлбарыг 30 хоногийн дотор татвар төлөгчид бичгээр мэдэгдэнэ.

Зургаа. Эрх бүхий этгээдийн хэрэгжүүлэх ажиллагаа

6.1.Татвар төлөгчийн ирүүлсэн хүсэлт, холбогдох баримт, материалд тусгасан мэдээллийн үнэн зөвийг эрх бүхий этгээдийн төлөөлөгчийн томилсон этгээд нягтлан үзнэ.

6.2.Шаардлагатай тохиолдолд татвар төлөгчтэй уулзалт зохион байгуулж болно.

6.3.Татвар төлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэлэлцэх явцад олж авсан мэдээллийг давхар татварын гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ашиглах, нууцыг хадгалах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.4.Татвар төлөгчийн хүсэлтийг нягтлан үзээд хүсэлтэд дурдсан татвар ногдуулалт нь Монгол Улсаас авсан арга хэмжээнээс хэсэгчлэн, эсхүл бүхэлдээ хамаарсан гэж үзвэл үндэслэлтэй хэмжээнд тохируулга хийх, эсхүл хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх замаар хүсэлтийг 60 хоногийн дотор шийдвэрлэнэ.

6.5.Татвар төлөгч нь хүсэлтэд хамаарах асуудлаар татварын маргаан таслах зөвлөл, шүүх, хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан эсхүл хянагдаж байгаа тохиолдолд уг гомдол Маргаан таслах зөвлөл болон шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл харилцан тохирох ажиллагааг эхлүүлэхгүй.

6.6.Монгол Улсын болон татварын албаны эрх ашиг хөндөгдсөн гэж үзсэн тохиолдолд хэлэлцэн тохирогч нөгөө Улсын Эрх бүхий этгээдтэй харилцан тохирох ажиллагааг өөрийн санаачлан эхлүүлж болно.

6.7.Эрх бүхий этгээд, түүний төлөөлөгч харилцан тохирох ажиллагааг эхлүүлэх бол татвар төлөгчид мэдэгдэх ба холбогдох харилцан тохирогч нөгөө улсын эрх бүхий этгээдэд хүсэлтээ хамгийн сүүлийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор мэдэгдэнэ.

6.8.Эрх бүхий этгээд нь харилцан тохирох ажиллагааг эхлүүлснээс хойш 24 сарын дотор хэлэлцэн тохирогч нөгөө улсын эрх бүхий этгээдтэй харилцан тохиролцохыг эрмэлзэнэ.

 

Долоо. Эрх бүхий этгээдийн хамтын ажиллагаа

7.1.Эрх бүхий этгээд нь давхар татварын гэрээнд нийцээгүй байдлаар татвар ногдуулсан эсхүл ногдуулах нөхцөл үүссэн, гэрээг хэрэглэх болон тайлбарлахтай холбоотой үүссэн хүндрэлтэй, эргэлзээтэй асуудлыг хэлэлцэн тохирогч нөгөө улсын эрх бүхий этгээдтэй харилцан тохирох журмаар хэлэлцэнэ.

7.2.Эрх бүхий этгээд нь хэлэлцэн тохирогч нөгөө улстай харилцан тохирох ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална:

7.2.1.албан бичиг, факс, цахим захидал, утсан холбоо, цахим хурал болон биечлэн уулзах зэрэг харилцааны хэлбэрээс хамгийн үр дүнтэй, хэмнэлттэйг сонгож ажиллах;

7.2.2.үүссэн хүндрэлтэй, эргэлзээтэй асуудлаар нэмэлт мэдээлэл, лавлагааг шуурхай солилцох;

7.2.3.хэлэлцэх асуудлын дараалал, ажлын төлөвлөгөөний дагуу хэлэлцэн шийдвэрлэх;

7.2.4.тэмдэглэл хөтөлж, баримтжуулна.

7.3.Эрх бүхий этгээд нь татвар төлөгчийн хүсэлт, холбогдох баримт бичгийг судлан өөрийн байр суурийг илэрхийлсэн дараах мэдээллийг тусгасан тайланг хэлэлцэн тохирогч нөгөө улсын эрх бүхий этгээдэд илгээж болно:

7.3.1.татвар төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, эрхлэх үйл ажиллагааны төрөл;

7.3.2.харилцан хамааралтай этгээдийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, эрхлэх үйл ажиллагааны төрөл;

7.3.3.харилцан хамааралтай этгээд болохыг тогтоосон үндэслэл;

7.3.4.тухайн хүсэлтэд хамаарах асуудлыг хариуцсан ажилтны холбоо барих мэдээлэл;

7.3.5.хүсэлтэд хамаарах асуудлын товч танилцуулга, тохируулга хийсэн үндэслэл, тохируулгын дүн, татварын жил;

7.3.6.дотоодын холбогдох хууль тогтоомж, давхар татварын гэрээний холбогдох зүйл, заалт, асуудал болон тохируулгын тайлбар;

7.3.7.хавсаргасан мэдээллийн тооцоолол, ашигласан баримт бичиг;

7.3.8.үнэ шилжилтийн тохируулга хийсэн тохиолдолд харьцуулагдах ажил гүйлгээ, шалгагдах тал, харьцуулагдах байдлын шинжилгээ, тохируулга хийсэн аргыг сонгосон үндэслэл, тохируулгын дүн, тайлбар.

7.4.Эрх бүхий этгээд нь хэлэлцэн тохирогч нөгөө улсын эрх бүхий этгээдийн эхлүүлсэн харилцан тохирох ажиллагаанд давхар татварын гэрээ болон Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ журмын 7.2-т заасныг баримтална.

Найм. Татвар төлөгчийн үүрэг, оролцоо

8.1.Татвар төлөгч мэдээлэл, тодруулга гаргахаас бусдаар харилцан тохирох ажиллагаанд биечлэн оролцохгүй.

8.2.Хэлэлцэн тохирогч нөгөө улсад хийгдсэн тохируулга, үнэ шилжилтийн тохируулгын улмаас үүссэн татварын давхардлыг зөвхөн эрх бүхий этгээдэд хүсэлт гаргах замаар шийдвэрлүүлнэ.

8.3.Холбогдох баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэн, эрх бүхий этгээдэд тухай бүр шуурхай хүргүүлнэ.

Ес. Шийдвэр гаргахаас өмнөх татвар төлөгчийн баталгаажуулалт

9.1.Эрх бүхий этгээд нь харилцан тохирогч нөгөө улсын эрх бүхий этгээдтэй хүсэлтийн асуудлаар шийдэлд хүрэх нь тодорхой болсон тохиолдолд тохиролцсон тухайгаа татвар төлөгчид бичгээр мэдэгдэнэ.

9.2.Уг мэдэгдлийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөх бол хариуг мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бичгээр ирүүлснээр эрх бүхий этгээд нь харилцан тохирогч нөгөө улсын эрх бүхий этгээдтэй харилцан тохирох ажиллагааг дуусгавар болгоно.

9.3.Уг мэдэгдлийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөхгүй бол хариуг мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бичгээр эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.

Арав. Харилцан тохирох ажиллагааны шийдвэр

10.1.Энэ журмын 6.4-т зааснаар эрх бүхий этгээд нь шийдвэр эсхүл үр дүнг эцэслэн баталгаажуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

10.2.Энэ журмын 7-д зааснаар эрх бүхий этгээд нь хэлэлцэн тохирогч нөгөө улсын эрх бүхий этгээдтэй харилцан тохирох ажиллагааг хэрэгжүүлсний үр дүнд гаргасан шийдвэр эсхүл үр дүнг эцэслэн баталгаажуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

10.3.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 10.1, 10.2-т заасан харилцан тохирох ажиллагааны шийдвэр, эсхүл үр дүнг эрх бүхий этгээдээс хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор татвар төлөгч болон түүний харьяа татварын албанд бичгээр мэдэгдэнэ.

10.4.Давхар татварын гэрээгээр тусгайлан зөвшөөрсөн тохиолдолд энэ журмын 6.7-д заасан хугацаанд эрх бүхий этгээдүүд харилцан тохиролцож чадаагүй бол давхар татварын гэрээний холбогдох заалтын дагуу арбитрт хандаж болно.

10.5.Харьяа татварын алба энэ журмын 10.3-т заасан шийдвэрийг хүлээн авсны дараа харилцан тохирох журмын дагуу гаргасан хүсэлтийн үр дүнд татвар төлөгчийн төлбөл зохих албан татварын дүн өөрчлөгдсөн бол холбогдох шийдвэрийн дагуу тохируулга хийж, эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.

10.6.Харилцан тохирох ажиллагааг эрх бүхий байгууллага дараах нөхцөлд дуусгавар болгоно: 

10.6.1.энэ журмын 9.2-т заасан хугацаанд татвар төлөгч хариу ирүүлээгүй бол;

10.6.2.татвар төлөгч энэ журмын 9.3-т заасан хариуг ирүүлсэн бол;

10.6.3.харилцан тохирох ажиллагаа үр дүнд хүрээгүй.

10.7.Эрх бүхий этгээдээс энэ журмын 10.6-д заасны дагуу хүсэлтийг хаасан тухай татвар төлөгчид бичгээр мэдэгдэнэ.

10.8.Эрх бүхий этгээд харилцан тохирох ажиллагааны үр дүнгийн талаар хэлэлцэн тохирогч нөгөө улсын эрх бүхий этгээдэд мэдэгдэж харилцан тохирох ажиллагаа дууссан тухай албан захидлаар мэдэгдэнэ.

 

 

---oo00oo—