- Нүүр
- Сайдын тушаал
- МАЛЫН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2019 оны 12 сарын 25-ны өдрийн А/501 дүгээр
тушаалын 1 дүгээр хавсралт
МАЛЫН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Монгол Улсад үржүүлж байгаа малыг ялган тэмдэглэх, малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарыг тодорхойлох, баталгаажуулах, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Малын бүртгэлд Малын генетик нөөцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан мэдээлэл, бүртгэл хамаарна.
ХОЁР. МАЛЫГ БҮРТГЭХ, ЯЛГАН ТЭМДЭГЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1. Малыг бүртгэх, ялган тэмдэглэх хэрэгслийн төрөл, тэдгээрт тавигдах нийтлэг шаардлага
2.1.1.Малын бүртгэл, мэдээллийн үндэсний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор тухайн төрлийн малыг үл давтагдах хувийн дугаараар ялган тэмдэглэж, бүртгэнэ.
2.1.2. Малыг ялган тэмдэглэх хэрэгсэлд малын төрөл, зүйлийн онцлогоос хамаарч кодын систем бүхий ээмэг, радио болон соронзон долгионы давтамж бүхий чип, тэдгээрийг дагалдах хэрэгслийг хамааруулж ойлгоно.
2.1.3. Малыг ялган тэмдэглэх хэрэгсэл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, журам, Олон Улсын ISO стандартын шаардлагыг хангасан байна.
2.1.4. Ээмэг нь уян хатан, гадны нөлөөнд тэсвэртэй, өндөр чанарын нийлэг хуванцар материалаар хийгдсэн байх ба үйлдвэрлэгч нь материалын чанарыг холбогдох мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулсан, дагалдах гэрчилгээтэй байна.
2.1.5. Ээмэг дэх тэмдэглэгээг лазер технологиор, арилахааргүй хэвлэх ба хэвлэмэл тэмдэгт нь зураасан код унших тусгай төхөөрөмжөөр уншигддаг, код уншигч нь ялган тэмдэглэх хэрэгсэлд бичигдсэн дугаарыг нэгдсэн программд хувирган унших, дамжуулах чадвартай байна.
2.1.6. Ээмэглэгч бахь нь тухайн ээмэгт тохирсон, хэрэглэхэд хөнгөн, авсаархан, чанар нь үйлдвэрлэгчээс баталгаажсан байна.
2.1.7. Малыг ялган тэмдэглэх хэрэгслийн нэг төрөл болох чип нь тусгай зориулалтын био бүрхүүл бүхий ариутган битүүмжилж, тариурт байршуулсан, ISO 11784, ISO 11785 стандартын шаардлагыг хангасан FDX-B технологитой, радио долгионы давтамжийг ойроос болон зайнаас мэдээлэх боломжтой байна.
2.1.8.Чипний радио долгионы давтамж, өгөгдөл дамжуулах хурд нь журмын 2.1.7-д заасан стандартын шаардлагыг хангасан байна.
2.1.9. Код унших төхөөрөмжийн чадварын үнэлгээг ялган тэмдэглэгээний 50-иас доошгүй хэрэгсэлд, хэвлэлтийн чанарын урьдчилсан үнэлгээг 20-иос доошгүй хэрэгсэлд тус тус явуулж, нэг хэрэгсэлд дээд тал нь 4 удаагийн унших оролдлого хийхэд унших ажиллагаа нь 95%-иас дээш байвал хангалттай ажиллагаатай гэж үзнэ.
2.1.10.Нэмэлт программ бүхий уншигчийг ашиглах тохиолдолд оруулах өгөгдлүүд нь малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн бүтэцтэй уялдсан байна.
2.1.11.Малын ээмэг гээгдсэн, чип гэмтсэн, алга болсон, баларсан тохиолдолд малчин, мал өмчлөгч нь 30 хоногийн дотор харьяа сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт мэдэгдснээр тухайн малд дахин ялган тэмдэглэгээ хийлгэнэ.
2.2.Бод малыг ялган тэмдэглэх хэрэгсэл, түүнийг хэрэглэх
2.2.1.Энэхүү журмын хүрээнд бод малыг ялган тэмдэглэх хэрэгсэл нь үхэр, тэмээнд код бүхий ээмэг, адуунд баталгаажсан уламжлалт тамга болон код бүхий чип, түүний дагалдах хэрэгслүүд байна.
2.2.2. Уламжлалт тамга ашиглан тэмдэглэгээ хийсэн малчин тамганы дүрсийн зураг, онцлогийн талаарх мэдээллийг харъяаллын сумын Хөдөө аж ахуйн тасагт заавал ирүүлж баталгаажуулна.
2.2.3.Бод малд хэрэглэх ээмэгний хийц, загвар нь дор дурдах шаардлагыг хангасан байна.
2.2.3.1.ээмэг нь эр, эм гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.
2.2.3.2.ээмэгний эм талын хэсэг нь эр талыг салгахгүй байх зориулалт бүхий ховилтой, эр талын үзүүр хэсэг металл бүрхүүлтэй байна;
2.2.3.3.ээмэгний өндөр нь 70 – 85 мм;
2.2.3.4.ээмэгний өргөн хэсэг 55 – 65 мм;
2.2.3.5.ээмгэнд бичигдэх үсэг, тооны өндөр 10 -14 мм;
2.2.3.6.зураасан кодын өндөр 8 -9 мм;
2.2.3.7.зураасан кодын бичилтийн хоёр үзүүрт байх зах хэсэг нь 5-7 мм;
2.2.4.Энэхүү журмын хүрээнд адууг ялган тэмдэглэх хэрэгсэл нь уламжлалт тамгаас гадна арьсан дор суулгахад зориулагдсан, био бүрхүүл бүхий ариутган битүүмжлэгдсэн, тариурт байршуулсан, радио долгионы давтамжийг ойроос болон холоос мэдээлэх хаягтай байна.
2.2.5.Чипний урт 13,0 мм–ээс, диаметр (тойрог) 1.5-2.2 мм-ээс ихгүй байна.
2.2.6.Чипэнд бичигдэх дугаар нь энэхүү журмын 2.5.1, 2.5.3 дахь заалтад заасны дагуу байна.
2.3.Бог малыг ялган тэмдэглэх хэрэгсэл, түүнийг хэрэглэх
2.3.1. Энэхүү журмын хүрээнд бог мал /хонь, ямаа/-г ялган тэмдэглэх хэрэгсэл нь зураасан код бүхий ээмэг, түүний дагалдах хэрэгслүүд байна.
2.3.2. Бог малд хэрэглэх ээмэгний хийц, загвар нь дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.3.2.1. ээмэг нь эр, эм гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.
2.3.2.2. ээмэгний эм талын хэсэг нь эр талыг салгахгүй байх зориулалт бүхий ховилтой, эр талын үзүүр хэсэг метал бүрхүүлтэй байна;
2.3.2.3. ээмэгний өндөр 40 – 50 мм;
2.3.2.4. ээмэгний өргөн 33 - 38 мм;
2.3.2.5. ээмгэнд бичигдэх үсэг, тооны өндөр 5 - 7 мм;
2.3.2.6. зураасан кодын өндөр 6 - 7 мм;
2.3.2.7. зураасан кодын бичилтийн хоёр үзүүрт байх зах хэсэг нь 2-3 мм;
2.4.Тэжээвэр амьтныг ялган тэмдэглэх хэрэгсэл, түүнийг хэрэглэх
2.4.1.Энэхүү журмын хүрээнд тэжээвэр амьтан гэдэгт цаа буга, гахай, шувуу, нохой, муур, туулай, зөгий зэрэг тэжээвэр амьтдыг хамааруулна.
2.4.2.Цаа бугыг ялган тэмдэглэх хэрэгсэл нь зураасан код бүхий ээмэг, түүний дагалдах хэрэгслүүд байна.
2.4.3. Ээмэгний хийц, загвар нь энэхүү журмын 2.2.3-д тодорхойлсон шаардлагыг хангасан байна.
2.4.4. Гахай, шувуу, нохой, муур, туулайны нарийвчилсан бүртгэлийг тухайн өмчлөгч хариуцан хийх ба шаардлагатай мэдээллийг малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд сар бүр хүргүүлнэ.
2.4.5. Гахай, шувууны бүртгэлийг малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд сүргээр нь, зөгийг бүлээр нь, өмчлөгч, маллагчийг байршлаар нь, үүлдэрлэг байдлыг кодоор бүртгэх ба тэжээвэр амьтны тооны бүртгэлийг оруулна.
2.4.6. Тахиа, бөднө, гургуул, галуу, нугас, цацагт хяруул, мөн нохой, муур, туулай зэрэг амьтдад хувийн дугаарыг бөгжлөх, хүзүүвч хийх эсхүл чип суулгах замаар ялган тэмдэглэгээг хийнэ.
2.5. Малыг ялган тэмдэглэх дугаарыг олгох, бүртгэх, шинэчлэх
2.5.1.Малыг үл давтагдах хувийн дугаараар ялган тэмдэглэж, бүртгэх ба энэ дугаарыг Малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох бүтцийн нэгжээс олгоно.
2.5.2.Энэхүү журмын хүрээнд мал, мал өмчлөгч, малчны байршил нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн стандартын дагуу кодлогдоно.
2.5.3. Малын ялган тэмдэглэх хэрэгсэлд улсын нэрийн товчилсон 2 үсэг буюу "MN" хамгийн дээд эгнээнд, дараагийн эгнээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны 6 орон болон тухайн төрлийн малын хувийн дугаарыг заасан 6 орон нийт 12 оронтой тоог энэхүү дарааллаар лазерын технологиор арилахааргүй бичиж, эдгээр дугаарыг кодын системд шилжүүлэн хэвлэсэн байна.
2.5.4. Малд ялган тэмдэглээ хийж батлагдсан маягтын дагуу бүртгэлийг хөтөлнө.
2.5.5. Малын хувийн дугаар, кодыг дараах баримт, бичгүүдэд бичих эсхүл хэвлэж өгнө. Үүнд:
2.5.5.1.малын удам гарваль, байршил, өмчлөгчийг тодорхойлохтой холбоотой гэрчилгээ, тодорхойлолт, лавлагаа;
2.5.5.2. малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэх тухай тодорхойлолт;
2.5.5.3.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын шинжилгээний тодорхойлолт;
2.5.5.4.малын даатгалын болон хөрөнгийн үнэлгээний баримт бичиг;
2.5.5.5.малыг арилжаалахтай холбогдолтой баримт бичиг;
2.5.5.6.малын шилжилт хөдөлгөөний тухай тодорхойлолт;
2.5.5.7.бусад.
2.5.6. Малд удам зүйн үнэлгээ хийх, малыг арилжаалах, шилжүүлэх зэрэг тохиолдолд бүртгэлийн системд мал сүргийн кодыг болон үүлдэрлэг байдлыг заасан кодын дагуу тэмдэглэнэ.
2.5.7. Гээгдсэн, гэмтсэн ялган тэмдэглэх хэрэгслийн дугаарын өөрчлөлтийн тэмдэглэгээг бүртгэлийн мэргэжилтэн тухай бүрт хийж, мэдээллийн сангийн архивт хуучин дугаарыг хадгалж, шинэ дугаарын мэдээллийг үргэлжлүүлэн хөтөлнө.
2.5.8. Ялган тэмдэглэгээ хийгдсэн малын "хуучин дугаар" үрэгдэж, гээгдсэн тохиолдолд “шинэ дугаар”-ыг нэгдсэн сангийн бүртгэлд тэмдэглэж, хувирган хэрэглэх тохируулга хийнэ.
2.5.9. "Хуучин дугаар"-ын бүртгэлийг баталсан маягтын дагуу мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжийн мэргэжилтэн, хуулийн этгээдийн мал зүйч мэргэжилтэн бүртгэж, харьяаллын сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн бүртгэлийн мэргэжилтэнд тухай бүрт хүргүүлнэ.
2.5.10. ”Хуучин дугаар”-ын тухай мэдээлэл хүлээн авсан сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн нэгдсэн сангийн программд бүртгэлийг тухай бүрт оруулж, ялган тэмдэглэх хэрэгслийн захиалгыг өгч байна.
2.5.11.Гадаад улсаас оруулж ирсэн малыг анх ирсэн дугаар, нэрээр нь мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд авах ба бүртгэлийг үргэлжлүүлэн хөтлөх боломжгүй тохиолдолд тэмдэглэгээг энэхүү журамд заасны дагуу шинэчлэн хийнэ.
2.5.12. Үзэсгэлэн, худалдааны каталоги, гэрчилгээнд малын ялган тэмдэглэгээний анхны дугаар, нэртэй бол нэрээр нь тэмдэглэж байна.
2.5.13.Малыг ялган тэмдэглэсэн тухай бүртгэл хийх, нэмэлт, өөрчлөлтийг тэмдэглэх, дугаарыг хайх үйлдлийг малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн программын тусламжтайгаар гүйцэтгэнэ.
2.6. Малыг ялган тэмдэглэх хэрэгслийг захиалах, нийлүүлэх
2.6.1. Малыг ялган тэмдэглэх хэрэгслийн захиалгыг малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдээс сум, дүүргийн Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж болон Хөдөө аж ахуйн тасаг хүлээн авч, нэгтгэлийг аймаг, нийслэлийн Мал үржлийн албанд илгээх бөгөөд алба нь захиалгыг баталгаажуулан Малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээнэ.
2.6.2. Орон нутгаас илгээсэн захиалгын дагуу ялган тэмдэглэх хэрэгсэлд бичигдэх хувийн дугаарыг Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгож, баталгаажуулан үйлдвэрлэгчид хүргүүлнэ.
2.6.3. Үйлдвэрлэгч, нийлүүлэгч нь энэхүү журмын 2.2.2, 2.2.3, 2.2.4, 2.2.5, 2.3.3, 2.5.3-д заасан шаардлагыг хангасан ялган тэмдэглэх хэрэгслийг захиалагчид нийлүүлнэ.
2.6.4. Малыг ялган тэмдэглэх хэрэгсэл үйлдвэрлэгч нь Олон Улсын Мал, амьтны бүртгэлийн хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгчээс түүхий эдийг авсан байх ба энэ тухай албан ёсны баримтаар баталгаажуулсан байна.
2.6.5. Ялган тэмдэглэх хэрэгсэл үйлдвэрлэгч болон нийлүүлэгч нь ялган тэмдэглэх хэрэгслийн гарал үүсэл, нэр төрөл, серийн дугаар, тоо хэмжээг малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухай бүрт илгээнэ.
2.6.6. Ялган тэмдэглэх хэрэгсэл үйлдвэрлэгч болон нийлүүлэгч нь нийлүүлсэн бүтээгдэхүүний чанарыг бүрэн хариуцаж, гэмтэл согогийг тухай бүрт арилгах үүргийг хүлээнэ.
2.6.7. Малыг ялган тэмдэглэх ажлыг мал үржүүлэг, технологийн ажлын технологит хугацаанд Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж хийж гүйцэтгэнэ.
2.7. Малын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийн маягтыг хөтлөх
2.7.1. Малын бүртгэлийн гэрчилгээ, маягтыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
2.7.2. Малын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас “Малын бүртгэлийн гэрчилгээ”, “Малын шилжилт, хөдөлгөөний тодорхойлолтыг тус тус олгоно.
2.7.3. Үржлийн малын удам гарвалийн гэрчилгээг малын удам зүйн үнэлгээний цахим системээс олгоно.
2.7.4. Үржүүлгийн бүтээгдэхүүнд удам гарваль, гарал үүслийн тодорхойлолтыг малын үндэсний генийн санг хамгаалах, сайжруулах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллагаас олгоно.
2.7.5. Мал өмчлөгч, малчин, мал бүхий иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргасан тохиолдолд харьяаллын сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн малын бүртгэлийн мэргэжилтэн мэдээллийн сангаас малын бүртгэлтэй холбоотой гэрчилгээ, лавлагаа, тодорхойлолтыг өгнө.
2.7.6. Малд ялган тэмдэглэгээ хийж анхан шатны бүртгэл хөтөлсөн Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийн мэргэжилтэн нь малын бүртгэл хийсэн тухай мэдээллийг харъяалах сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн мэдээллийн санд тухай бүрт ажлын 5 хоногт багтаан ирүүлнэ.
ГУРАВ. МАЛ, АМЬТНЫ МЭДЭЭЛЛИЙГ БҮРТГЭХ, БАТАЛГААЖУУЛАХ
3.1.Малын удам гарвалийн мэдээллийг бүртгэх, баталгаажуулах
3.1.1.Малын удам гарвалийн бүртгэлийг жил бүрийн үзлэг, ангилалтын болон генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээний үзүүлэлтүүд, үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн бусад холбогдох өгөгдлүүдэд тус тус үндэслэн тогтооно.
3.1.2. Малын удам гарвалийн бүртгэл хөтлөгч нь тухайн сум, дүүргийн Мал үржүүлэг технологийн ажил, үйлчилгээний нэгжийн мэргэжилтэн, мал бүхий хуулийн этгээдийн мал зүйч, мал үржүүлгийн техникч байна.
3.1.3. Малын удам гарвалийн нарийвчилсан бүртгэлийг малд удам зүйн үнэлгээ хийх, мал үржүүлгийн хөтөлбөр боловсруулах, үүлдэр, үүлдрийн хэсэг, омог, үржлийн хэсэг, хэвшлийг бий болгох зориулалтаар хөтөлнө.
3.1.4.Малын удам гарвалийн талаарх мэдээллийг албан ёсны гэж үзэхээс өмнө дараах магадлалыг хийнэ. Үүнд:
3.1.4.1.хээлтэгч, хээлтүүлэгч мал нь зохих ёсны ялган тэмдэглэгээний дугаартай эсэх;
3.1.4.2.хээлтэгчийн төллөсөн өдөр нь үржүүлгийн огноо болон тухайн үүлдрийн малын хээл тээх дундаж хугацаанаас ±10 өдрийн дотор багтаж байгаа эсэх;
3.1.4.3. хээлтэгч нь үржүүлгийн үед тухайн малчин өрх, мал бүхий иргэн, хуулийн этгээд дээр байсан эсэхийг хянах;
3.1.4.4. тухайн малчин өрх, мал бүхий иргэн, хуулийн этгээд хээлтүүлэгчтэй эсхүл зохиомол хээлтүүлэг хийлгэсэн эсэхийг хянах.
3.1.5.Малын удам гарвалийн баталгаажуулалтыг тэдгээрээс цус, эд, эсийн дээж авч, молекул генетикийн шинжилгээ хийх замаар тодорхойлж болно.
3.1.6.Үндэсний хэмжээнд хийх малын удам зүйн үнэлгээг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачид тодорхой арга зүйн дагуу хийж, үр дүнг олон нийтэд мэдээлсний дараа үнэлгээг албан ёсны гэж үзнэ.
3.1.7.Малын үүлдэрлэг байдлыг удам гарвалийн бүртгэл, ангилалтын үнэлгээг үндэслэн тогтооно.
3.1.8.Малын бүртгэлийн системд малын төрлийн кодыг 2, үүлдэр, омгийн кодыг 4 оронтой тоогоор, хүйсийг олон улсад мөрдөгддөг хүйсийн тэмдэглэгээг ашиглан бүртгэнэ.
3.2.Малын үржүүлгийн мэдээллийг бүртгэх, баталгаажуулах
3.2.1.Малын үржүүлгийн мэдээллийг малд удам зүйн үнэлгээ хийх, мал үржүүлгийн хөтөлбөр боловсруулах, үүлдэр, үүлдрийн хэсэг, омог, үржлийн хэсэг, хэвшлийг бий болгох, мал сүрэгт төлөв байдлын үнэлгээ хийх зориулалтаар зөвхөн мэргэжлийн байгууллага, шинжээчийн баг ашиглана.
3.2.2.Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг болон Малын генетик нөөцийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллага, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж, мал бүхий хуулийн этгээдийн мал зүйч, мал үржүүлгийн техникч малын үржүүлгийн анхан шатны бүртгэлийг хөтөлнө.
3.2.2.Мал үржүүлгийн бүртгэлийг энэхүү журмын 3.2.1-д заасан этгээд тухай бүр хувийн тэмдэглэгээ хийх замаар бүртгэж, мэдээг холбогдох маягтын дагуу харъяа сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн бүртгэлийн мэргэжилтэнд сар бүрийн 30-ны өдрийн дотор хүргүүлнэ.
3.2.3.Бүртгэлийн тэмдэглэлд хээлтүүлгийн төрөл /зохиомол эсхүл ердийн/, үржүүлгийн огноо, хээлтэгч, хээлтүүлэгч малын ялган тэмдэглэгээ дэх хувийн дугаар, нэр хоч, зүс, зохиомол хээлтүүлэг хийсэн тохиолдолд техникчийн нэр, кодыг бичнэ.
3.2.4.Зохиомол хээлтүүлгийн анхан шатны бүртгэлийг мал үржүүлгийн техникч хийж, мэдээг харьяа сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн бүртгэлийн мэргэжилтэнд сар бүрийн 30-ны өдрийн дотор хүргүүлнэ.
3.2.5.Нэгдсэн сангийн бүртгэлд зохиомол хээлтүүлгийн бүртгэлийг хийхдээ гүн хөлдөөсөн үрийг түгээгч байгууллагын код, зохиомол хээлтүүлэгт ашигласан хээлтүүлэгчийн үүлдрийн код, хувийн дугаар, хээлтүүлэг хийсэн огноо, техникчийн код, хээлтэгчийн хувийн дугаар, зохиомол хээлтүүлэг давтагдсан байдал, хээлийг шалгасан огноо, хээл авалтын байдал зэрэг өгөгдлүүдийг тэмдэглэнэ.
3.2.6.Бэлгийн нэг мөчлөгийн хугацаанд хийсэн зохиомол хээлтүүлэг нийт хэдэн удаа давтагдсаныг бүртгэлийн огноогоор тодорхойлох ба эхний зохиомол хээлтүүлэг 1 гэсэн тоогоор илэрхийлэгдэнэ. Түүнээс хойш давтагдсан байдал нэг нэгээр нэмэгдэн дугаарлагдах ба зохиомол хээлтүүлгийг давхар хийсэн тохиолдолд давтагдсан байдлын тоо өмнөхтэйгээ адил буюу өөрчлөгдөхгүй байна.
3.2.7.Ердийн хээлтүүлгийг нэгдсэн санд бүртгэхдээ хээлтэгч, хээлтүүлэгчийн хувийн дугаар, үүлдрийн код, хээл авсан байдал зэрэг өгөгдлүүдийг тэмдэглэнэ.
3.2.8.Үржүүлгийн тухай өгөгдлийн үнэн зөв эсэхийг бүртгэгдсэн мал тус бүрийн өмнөх өгөгдлийн үзүүлэлттэй харьцуулан шалгах замаар баталгаажуулна. Үүнд:
3.2.8.1.Хээлтэгчийн ялган тэмдэглэгээний хувийн дугаар нь харъяалалтай тохирч байгаа эсэх;
3.2.8.2.Хээлтэгч нь үржилд ашиглах насанд хүрсэн эсэх;
3.2.8.3.Хээлтэгчийн хээл тээсэн ба ороо орсон хугацаа тухайн төрлийн малын физиологийн хугацаатай тохирч байгаа эсэх.
3.2.9.Хөврөл шилжүүлэн суулгасан тохиолдолд донорын болон хээл тээгчийн талаарх мэдээллийг бүртгэнэ.
3.2.10.Хөврөл шилжүүлэн суулгах аргаар гарсан төлийн бүртгэлийг хөврөл шилжүүлэн суулгасан огноо, хээлтэгчийн төрсөн үеийн хугацаа, хээл тээлтийн болон хөврөлийн настай харьцуулах замаар баталгаажуулна.
3.2.11.Малын үржүүлгийн өгөгдлүүдийг тухайн төрлийн малын төллөлтийн тухай мэдээллийн өгөгдлүүд ирэхээс өмнө бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулсан, дамжуулсан байна.
3.2.12.Мэдээллийн санд өмнө нь орсон малын үржүүлгийн бүртгэл одоогийн мэдээлэлтэй хэрхэн уялдаж буйг бүртгэгч байнга харьцуулан баталгаажуулна.
3.2.13.Сүргийн удам зүйн сайжруулалтыг хийхдээ сүргийн болон үүлдрийн кодыг бүртгэлд баримтлах байдлаар явуулж болно
3.2.14.Донор хээлтүүлэгчийн болон гойд ашиг шимт малын гарвалийг удам зүйн үнэлгээ болон молекул генетикийн шинжилгээгээр баталгаажуулна.
3.2.15.Мал төллөлтийн мэдээг малчин өрх, мал бүхий иргэн, хуулийн этгээдээс гэрээт Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 7 хоног тутам хүлээн авч харьяа сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт хүргүүлнэ.
3.2.16.Эрчимжсэн аж ахуй эрхлэгчид мал төлөлтийн мэдээг сар бүрийн 30-ны өдрийн дотор харьяаллын сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт хүргүүлнэ.
3.2.17.Шинээр гарсан төлд 30 хоногийн дотор ялган тэмдэглэгээг хийх ба энэхүү журмын 3.2.7, 3.2.8-д заасан мэдээг ирүүлснээр үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд орно.
3.3.Малын ашиг шимийг бүртгэх, баталгаажуулах
3.3.1.Малын төрөл, ашиг шимийн чиглэлээс хамааран бүртгэлийг хийх ба малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өгөгдлийг оруулснаар ашиг шимийн хэмжээ, чанарыг бүртгэлээр баталгаажуулна.
3.3.2. Малын сүү болон махан ашиг шимийн бүртгэлийг Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж, мал бүхий иргэн, хуулийн этгээд хамтран гүйцэтгэнэ.
3.3.3.Малын ашиг шимийн анхан шатны бүртгэлийг холбогдох маягт, арга зүйн дагуу хийж, нэгдсэн сангийн бүртгэлд авна.
3.3.4.Ашиг шим нь тодорхойлогдохоор бүртгэлд хамрагдсан малд ялган тэмдэглэгээг заавал хийнэ.
3.3.5.Сүүн ашиг шимийг саалийн 100, 150, 305 хоногийн дүнгээр тус тус тооцоолон гаргаж, мэдээллийн сангийн нэгтгэлд тухайн жилд саасан нийт хоног, саамын гарц, сүүний чанарын үзүүлэлтүүдийг бүртгэнэ.
3.3.6.Махан ашиг шимийг тухайн малын төрөл, ашиг шимийн чиглэл, үүлдэрлэг байдал, тэжээллэг, арчилгаа, маллагааны түвшингээс хамааран туйлын өсөлт, харьцангуй өсөлт, хоногийн нэмэгдэл жин гэсэн үзүүлэлтээр ялгавартай хугацаануудад тодорхойлон тогтооно.
3.3.7.Махан ашиг шимд нарийвчилсан үнэлгээ хийхдээ амьдын жин, нядалгааны жин, нядалгын гарц, гулуузны бүтэц, махны химийн найрлага, илчлэг, дайвар бүтээгдэхүүний анги зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.
3.3.8.Үхрийн махан ашиг шимийг төрөх үеийн жин, хоногийн нэмэгдэл жин, эхээс ялгах үеийн жин, 12, 18 сартай үеийн жин, бордлого эхлэх үеийн жин, бордлогын төгсгөл үеийн жин, нядлагын өмнөх жин, нядлагын гарц, гулуузны жин, тэжээлийн төлц гэсэн үзүүлэлтүүдээр тодорхойлно.
3.3.9.Адууны махан ашиг шимийг нядлагын өмнөх жин, нядлагын гарц, гулуузны жин, тэжээлийн төлц гэсэн үзүүлэлтүүдээр тодорхойлно.
3.3.10.Хонины махан ашиг шимийг нядлагын өмнөх жин, нядлагын гарц, гулуузны жин гэсэн үзүүлэлтүүдээр, бордсон тохиолдолд бордлого эхлэх үеийн жин, тэжээлийн төлц, бордлогын төгсгөл үеийн жинг тодорхойлно.
3.3.11.Ямааны махан ашиг шимийг нядлагын өмнөх жин, нядлагын гарц, гулуузны жин, тэжээлийн төлц гэсэн үзүүлэлтүүдээр тодорхойлно.
3.3.12.Гахайн махан ашиг шимийг төрөх үеийн жин, хоногийн нэмэгдэл жин, эхээс ялгах үеийн жин, 3-4 сартай үеийн жин, бордлого эхлэх үеийн жин, нядлагын өмнөх жин, нядлагын гарц, гулуузны жин, тэжээлийн төлц гэсэн үзүүлэлтүүдээр тодорхойлно.
3.3.13.Шувууны махлаг байдлыг тодорхойлохдоо биеийн жин, хоногийн нэмэгдэл жин, өсөлтийн эрчим, тэжээлийн төлц зэрэг үзүүлэлтүүдийг ашиглах ба өсөлтийн хурдаар нядалгааны хугацааг нь тогтооно.
3.3.14.Энэхүү журмын 3.3.2-д заасан байгууллага нь тухайн малын ашиг шим, түүний чанарыг тодорхойлсон ерөнхий мэдээллийг Малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд дамжуулна.
3.4.Мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн сангийн мэдээллээс малын эрүүл мэндийн зарим үзүүлэлтийг нэгдсэн бүртгэлд авах
3.4.1.Малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн бүтцэд заасан үзүүлэлтүүдээр мал, амьтны эрүүл мэндийн бүртгэлийн мэдээллийг нэгдсэн санд бүртгэнэ.
3.4.2.Мал, амьтны эрүүл мэндийн тухай мэдээллийг “Мал, амьтны эрүүл, мэндийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах журам”-ын 3.4-д заасны дагуу хүлээн авч, тухай бүрт мэдээллийн нэгдсэн санд шаардлагатай үзүүлэлтүүдийг бүртгэнэ.
3.5.Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх, мэдээлэх
3.5.1.Энэхүү журмын хүрээнд тодорхойлон бүртгэгдсэн мал ор сураггүй алга болох эсвэл хулгайд алдагдсан сэжигтэй байвал малчин, мал өмчлөгч 5 хоногийн дотор харъяаллын сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт мэдэгдэж, малын төрөл, хувийн дугаар, нас, хүйс, содон тэмдэг, алдагдсан огноо зэргийг тэмдэглүүлнэ.
3.5.2.Орон нутгийн малын бүртгэлийн мэргэжилтэн уг мэдэгдлийг хүлээн аваад холбогдох мэдээллийг ажлын 1 өдөрт багтаан дотоод сүлжээгээр бусад бүртгэлийн нэгжүүд, төв серверт болон харъяаллын цагдаагийн байгууллагын төлөөлөгчид зарлан мэдэгдэнэ.
3.5.3.Харьяаллын цагдаагийн байгууллагын төлөөлөгч, иргэдээс алдуул болон хулгайлагдсан, олдсон тухай мэдээллийг ирүүлсэн тохиолдолд тухайн мал нь энэхүү журмын дагуу тодорхойлогдон бүртгэгдсэн эсэхийг бүсчлэлийн код бүхий хувийн дугаарт үндэслэн шалгаж, харьяалалын бүртгэлийн нэгжид ажлын 1 өдөрт багтаан дотоод сүлжээгээр мэдэгдэнэ.
3.5.4.Мэдээллийг хүлээн авсан харъяалалын бүртгэлийн нэгж тухайн малын хувийн дугаарын дагуу шалгалт хийж, нэгдсэн санд бүртгэлтэй байвал эзнийг нь тодорхойлж бүртгэлд тэмдэглэл хөтлөн, харьяа цагдаагийн байгууллагын төлөөлөгчид мэдэгдэнэ.
3.5.5.Алдуул болон хулгайлагдсан мал нь малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн тохиолдолд малчин, мал, амьтан өмчлөгч харьяа сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгаас малын бүртгэл, харъяаллыг нотлох тодорхойлолтыг авч болно.
3.5.6.Тодорхойлолтыг олгохдоо мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийг үндэслэнэ.
3.5.7.Малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй малд сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасаг аливаа тодорхойлолт олгохгүй.
ДӨРӨВ. МАЛЫН БҮРТГЭЛЭЭР ДАМЖУУЛАН ХЯНАЛТ ХИЙХ
4.1.Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийг бүртгэх, хянах
4.1.1.Малчин өрх, мал өмчлөгч, малчин, эрчимжсэн аж ахуй эрхлэгч, мал бүхий иргэн, хуулийн этгээд /цаашид “мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч” гэх/ нь малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд байршлын дагуу бүртгэгдэнэ.
4.1.2.Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийн бүртгэлийг нэг удаа бүрэн хэмжээнд хийх ба явцын бүртгэлийг ялгавартай хугацаагаар, шилжилт, хөдөлгөөнийг тухай бүрт нь бүртгэж байна.
4.1.3.Энэхүү журмын 2.5.2-д заасны дагуу тодорхойлогдон бүртгэх малчин өрх, мал бүхий өрхийг Үндэсний статистикийн хорооны өрхийн кодоор, хуулийн этгээдийг улсын бүртгэлийн дугаараар кодлоно.
4.1.5.Малчин өрх, мал бүхий иргэн, хуулийн этгээдийн код нь малын ялган тэмдэглэгээний хэрэгсэлд бичигдэхгүй бөгөөд мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд бүртгэгдэн, энэхүү журмын 2.5.5-д заасан бүртгэлийн баримт бичгүүд, малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчийн гэрчилгээ, малчны үнэмлэх зэрэгт тэмдэглэн хэрэглэгдэнэ.
4.2. Мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарыг бүртгэлээр баталгаажуулах, хянах
4.2.1.Энэхүү журмын дагуу Малын генетик нөөцийн үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй малын гарал үүсэл, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар албан ёсоор “баталгаажаагүй, гарал үүсэл тодорхойгүй” гэж үзнэ.
4.2.2.Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг харьяаллын мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж чанарын үзлэг, шинжилгээ хийж шинжилж, тодорхойлолт өгөх ба энэхүү тодорхойлолтод үндэслэн сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасаг гэрчилгээ олгоно.
4.2.3.Мал сүрэг, малын гаралтай түүхий эдийг кодлож, бүртгэнэ.
4.2.4.Энэхүү журмын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн бүртгэлийн мэргэжилтэн нь малын анхан шатны мэдээллийг нэгдсэн сангаас харьяаллын нутаг дэвсгэрийн малын гарал үүслийн бүртгэлийн үнэн зөвийг баталгаажуулж, шилжилт хөдөлгөөнийг тодорхойлно.
4.2.5.Мал худалдан авагч болон борлуулагчид нь мал худалдан авсан болон худалдсантай холбоотой мэдүүлгийг харьяалагдах сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт мэдэгдэн, холбогдох тодорхойлолтыг авна.
4.2.6.Махны үйлдвэр, мал, мах бэлтгэлийн төвлөрсөн цэг нь энэхүү журмаар тодорхойлогдсон малыг нядалгаанд хүлээн авах ба гэрчилгээгүй эсвэл хуурамч гэрчилгээтэй нь илэрсэн малыг нядалгаанд оруулахгүй бөгөөд энэ тухай холбогдох байгууллагад мэдээлнэ.
4.2.7.Махны үйлдвэр, мал, мах бэлтгэлийн төвлөрсөн цэгийн малын эмч тухайн малын бүртгэлийн болон эрүүл мэндийн гэрчилгээ, шилжилт хөдөлгөөний тодорхойлолтыг үндэслэн нядалгаанд орсон малын гарал үүсэл, эрүүл мэндийг баталгаажсан гэж үзнэ.
4.2.8.Махны үйлдвэр, мал, мах бэлтгэлийн төвлөрсөн цэгийн малын эмч бэлтгэлд орсон малын тоо, төрөл, хүлээн авсан огноог харьяаллын Хөдөө аж ахуйн тасагт 30 хоногийн дотор заавал мэдээлнэ.
4.3. Малын шилжилт, хөдөлгөөнийг бүртгэх, хянах
4.3.1.Мал болон малчин, мал бүхий этгээдийн байршлын бүртгэлээр дамжуулан малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт хийх нөхцлийг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх малын тооны өөрчлөлтийг энэхүү журмын дагуу бүртгэнэ.
4.3.2.Энэхүү журмын хүрээнд малын орлого, зарлагын өөрчлөлтийг “малын хөдөлгөөн” гэж үзнэ.
4.3.3. Энэхүү журмын хүрээнд малын байршил солигдохыг “малын хөдөлгөөн” гэж үзнэ.
4.3.4.Харьяаллын нутаг дэвсгэрээс өөр нутаг дэвсгэрт байрших үйл явцыг “малын шилжилт” гэж үзнэ.
4.3.5.Тухайн нутаг дэвсгэр дэх малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн малын шилжилт, хөдөлгөөнийг сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасаг бүртгэж, үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд тухай бүр оруулна.
4.3.6. Мал өмчлөгч, малчин харьяаллаа өөрчлөх, бусдад малаа худалдах, бусдаас авах, гадаадаас оруулж ирэх, гадаадад гаргах тохиолдолд шилжилтийн талаархи мэдээг сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт мэдээлнэ.
4.3.7. Сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасаг нь малын шилжилттэй холбоотой мэдээллийг тухай бүр мэдээллийн санд оруулж, мал шилжин очих газрын бүртгэлийн мэргэжилтэнд дотоод сүлжээгээр урьдчилан мэдэгдэнэ.
4.3.8.Малыг шилжүүлэн авагч тал малын байршил өөрчлөгдсөн тухай тодорхойлолтыг малыг шинээр байршуулсан харьяа сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт 14 хоногийн дотор бүртгүүлнэ.
4.3.9.Мал импортлогч нь хилийн хорио цээрийн хяналт дууссан хугацаанаас хойш 30 хоногт багтаан малаа байршуулсан нутгийн харьяа сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт энэ тухай мэдэгдэж, нэгдсэн бүртгэлд хамруулна.
4.3.10. Импортолсон малын бүртгэлийг экспортлогч улсаас ирүүлсэн малын гарваль, ашиг шим, эрүүл мэндийн гэрчилгээний тодорхойлолтын эх хувийг үндэслэн хийнэ.
4.3.11.Мал, мах бэлтгэлийн төвлөрсөн цэг, үйлдвэр нь малын бүртгэлийн гэрчилгээ, шилжилт, хөдөлгөөн хийсэн тодорхойлолтыг үндэслэн малыг хүлээн авч, харьяа сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт хасалтыг хийлгүүлнэ.
4.3.12.Мал, мах бэлтгэлийн төвлөрсөн цэг, үйлдвэрээс бусад газарт хувийн хэрэгцээнд бэлтгэсэн малын талаарх мэдээллийг мал өмчлөгч, малчин харьяа сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт 30 хоногийн дотор ирүүлнэ.
4.3.13. Цаг агаарын хүндрэлийн улмаас харьяаллын нутаг дэвсгэр дээр өвөлжиж, хаваржих боломжгүй болсон малчин өрх отроор явах тохиолдолд малын тоо, төрөл, хаана очих тухай мэдээллийг харьяа сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт мэдэгдэх бөгөөд оторлох мал сүрэгт сумын Засаг даргаар баталгаажуулсан тодорхойлолтыг авна.
4.3.14. Малын бүртгэлийн ажилд Мэргэжлийн хяналтын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хяналт тавьж, дүгнэлт гаргана.
ТАВ. МАЛЫН БҮРТГЭЛИЙН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
5.1.Малыг бүртгэх ажлын зохион байгуулалт
5.1.1.Малыг бүртгэх, бүртгэхтэй холбогдсон журам, заавар, малын бүртгэлийн гэрчилгээ, маягтын загварыг батлах, малыг ялган тэмдэглэх хэрэгсэлд тавигдах шаардлага, бичигдэх цуврал дугаарыг тогтоох, бүртгэлийн нэгдсэн үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
5.1.2.Малын бүртгэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, холбогдох байгууллагаас мэдээлэл хүлээн авах, дамжуулах үүргийг бүх шатны малын бүртгэл хариуцсан нэгж гүйцэтгэнэ.
5.1.3.Тухайн жилд шаардагдах малын ялган тэмдэглэх хэрэгслийн тоо хэмжээг захиалах, хүлээн авах, хүргэх, үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, шаардлагатай зардлын төсвийг төлөвлөх үүргийг Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох бүтцийн нэгж хариуцна.
5.1.4. Сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасаг нь мэдээллийн нэгдсэн санд орсон өөрчлөлтийн талаар мэдээг тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон нэгтгэж сар бүрийн 5-ны өдөр өмнөх сарынхаа мэдээллийг аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын Мал үржлийн албанд хүргүүлнэ.
5.1.5.Сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасаг нь малын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээг Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжтэй хамтран боловсруулж, нэгдсэн санд оруулах, мэдээллийн санг бий болгох, тухай бүрт баяжуулах, хасалт хийж гүйцэтгэнэ.
5.1.6. Сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасаг нь малын бүртгэлийн мэргэжилтэн тамганы зургийг мэдээллийн санд татан оруулж, нэг хувийг сумын цагдаагийн төлөөлөгчид мэдээлнэ.
5.1.6.7. Аймаг, нийслэлийн Мал үржлийн алба нь малын үндэсний бүртгэл мэдээллийн санг сум, дүүргээс ирүүлсэн мэдээгээр баяжуулж, өмнөх сарын мэдээллийн нэгтгэлийг сар бүрийн 8-ны өдөр төв серверт ирүүлнэ.
5.1.7.8. Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж нь нийлүүлэгдсэн болон захиалгын дагуу худалдан авсан ялган тэмдэглэх хэрэгслийг гэрээт малчин өрх, мал бүхий иргэн, хуулийн этгээдийн малд байршуулах, захиалга авах, ялган тэмдэглэгээ хийсэн бүртгэл хөтлөх бөгөөд мэдээг сар бүрийн 15-нд харьяа сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт хүргүүлнэ.
5.1.9. Бүх шатны бүртгэл хариуцсан нэгж нь малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх асуудлаар сургалт, сурталчилгааг зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг хэрэгжүүлнэ.
5.2.Бүртгэгчийн ажлын зохион байгуулалт
5.2.1.Малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүх түвшний мэдээлэл оруулах, засварлах, нэгтгэх, бусад оролцогч, хэрэглэгчдэд нэвтрэх эрх олгогч, тодорхой хязгаарлалт тогтоогч нь үндэсний бүртгэл мэдээллийн сангийн ерөнхий админ байна.
5.2.2.Ерөнхий админ нь тухайн удирдлагыг зохицуулах, хянах, дэд системд хуваарилалт хийх, дотоод сүлжээ ашиглагчийг бүртгэх, системд нэвтэрч байгаа хэрэглэгчдийн хандах эрх, ажиллах түвшинг тодорхойлох, системийн архивыг бүрдүүлэх, эвдэрсэн мэдээллийг сэргээх, бүтцийг тодорхойлж, шаардлагатай бүх үйлчилгээ, тохируулгын ажлыг гүйцэтгэнэ.
5.2.3. Ерөнхий админ нь мэдээллийн санд хандах хандалтыг бүртгэгч ба энгийн хэрэглэгч гэсэн 2 түвшнээр зааглана.
5.2.4. Мэдээллийн санд Ерөнхий админы олгосон хандалтын түвшинд мэдээлэл оруулах, үр дүн гаргах, мэдээллээ архивлах, тайлан, мэдээ, лавлагаа, тодорхойлолт гаргах, баталгаажуулах, дамжуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэгч нь бүх шатны бүртгэгч байна.
5.2.5.Бүртгэгч нь нэвтрэх нэр, нууц үгээ бусдад ямар нэгэн хэлбэрээр дамжуулах, системийн нууц үг шалгагч программыг ажиллуулах, ажлаас чөлөөлөгдсөн, гарсан тохиолдолд нэгдсэн сангийн мэдээллийг бусдад тараахгүй байх ба холбогдох хууль, тогтоомжийн дагуу нууцын гэрээ байгуулж ажиллана.
5.2.6.Малын бүртгэлийн мэдээллийн сангийн ерөнхий админ нь мэдээллийн нууцын зэрэглэлээс хамаарч тухайн шатны бүртгэгчийн эрх, үүргийг тодорхойлно.
5.2.7.Бүртгэгч нь аливаа бүртгэлийн үнэн зөвийг нягталж, нууцыг чандлан хамгаалж, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу нууцын баталгаа гаргаж хандах эрхийг авна.
5.2.8. Бүртгэгч нь ажлаас урт хугацааны чөлөө авах, хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд эзэмшиж байсан тоног төхөөрөмж, программ хангамж, зөөврийн төхөөрөмж, электрон байдлаар хадгалагдсан мэдээллүүд, хэвлэсэн баримт бичгүүд, гарын авлага зэрэг биет ба биет бус хөрөнгийг тухайн бүтцийн нэгжийн даргад хүлээлгэн өгнө.
5.2.9. Малын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ажлыг дараах шатны төрийн байгууллага хариуцна.
5.2.9.1.сум, дүүргийн мэдээллийн санг Хөдөө аж ахуйн тасаг;
5.2.9.2.аймаг, нийслэлийн мэдээллийн санг Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцийн нэгж;
5.2.9.3.малын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох бүтцийн нэгж;
5.2.10.Энэхүү журамд нарийвчлан тодорхойлсноос бусад малын бүртгэлтэй холбоотой эрх, үүрэг, хариуцлага нь холбогдох хуулийн харилцаагаар зохицуулагдана.
----ОоО----
Текст томруулах
A
A
A