A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨД ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ НИЙЦҮҮЛЭХ ХУВААРЬ

 

НЭГ.ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАХ ЭРХИЙГ ХАНГАХ

 

1.1.Байгалийн баялгийн зохицуулалтын талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:

 

1.1.1.байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн нийтийн өмч байх эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ энэхүү баялгийг төр өмчлөх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашигласны үр өгөөж /татвар, ашиг гэх мэт/-ийн дийлэнх нь буюу тавиас дээш хувь нь монголын ард түмэнд ногдох, шаардлагатай бол иргэдийн саналыг харгалзан Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх зарчмыг хуульчлах;

 

1.1.2.Үндэсний баялгийн сан нь хөгжлийн болон хуримтлалын сан байх бөгөөд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны төлбөр, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого, газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүн хуваах гэрээний орлого, төрийн өмчийн хувьцааны ногдол ашиг, сангийн хөрөнгө оруулалтын цэвэр ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх;

 

1.1.3.сангийн хөрөнгийн удирдлагын компани уг сангийн хөрөнгийн удирдлагыг хараат бусаар бие даан хэрэгжүүлэх, компанийн болон сангийн удирдлагын сайн засаглалыг хэвшүүлэх, сангийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд сангийн хөрөнгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэддээ хүртээхдээ тэгш байдал, шударга ёсны зарчмыг дээдлэх, сангийн хөрөнгийн удирдлагын компанийн давуу эрхийн хувьцааны ногдол ашиг олгох;

 

1.1.4.газрын хэвлийн баялаг ашигласны улмаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн талаар иргэний мэдэх эрхийг хангах, байгалийн тэнцлийг хадгалах.

 

Д/д

Хуулийн нэр

Хугацаа

Хуулийн төслийн зохицуулах харилцааны товч утга

1.

Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

  1. он
  • Нөөц ашигласны төлбөр, бусад төрлийн татварын зохицуулалтыг боловсронгуй болгох;
  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох;
  • Засгийн газар байгалийн баялгийг ашиглах шийдвэр гаргах зарчим, журмыг боловсронгуй болгох;
  • Онцгой ач холбогдол бүхий зарим асуудлаар иргэдтэй зөвлөлдөх, тэдгээрийн саналыг авч тусгах механизмыг тодорхой болгож, уялдаа холбоог нь хангах;
  • Ашигт малтмал хайх, олборлох, ашиглах явцад байгалийн тэнцлийг хангах, нөхөн сэргээх, эдгээр үйл ажиллагаанд оролцогчийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох.

2.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2020 он

  • Төрийн нийтийн өмчийн зохицуулалтыг тодорхой болгох.

 

3.

Байгаль орчны тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2020 он

  • Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар иргэний мэдэх эрхтэй холбогдсон зохицуулалтыг нэмэх.

4.

Цөмийн энергийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

2020 он

  • Хуулийн зохицуулалтыг Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч байх зарчимд нийцүүлэх;
  • Гадаад улсын цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглох зохицуулалтыг тусгах.

5.

-Үндэсний баялгийн сангийн тухай /Анхдагч хууль/

 

-Засгийн газрын тусгай сангийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2020 он

  • Газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах;
  • Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, шударгаар хуваарилах зарчмыг баримтлах;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн зохицуулалтыг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нийцүүлэх.

6.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2020 он

  • Газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар иргэний мэдэх эрхийг баталгаажуулах;
  • Иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж байгаа эсэхэд иргэд хөндлөнгийн хяналт тавих эрх зүйн үндсийг тогтоох.

7.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2020 он

  • Иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох.

 

1.2.Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төсөв, санхүүтэй холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:

 

1.2.1.Улсын Их Хурал цаг хугацааны шалгуурыг давах Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг батлахдаа нийгмийн зөвшилцлийг хангаж байх;

 

1.2.2.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн удирдлага, бүтэц, зохион байгуулалтын тогтолцоог үндэсний түвшинд бүрдүүлэх, Засгийн газрын бүтцийн үндсэн нэгжийг байгуулах эрх зүйн үндсийг тогтоох;

 

1.2.3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахдаа хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэх эрх зүйн үндсийг тогтоох;

 

1.2.4.Улсын Их Хурал Засгийн газрын өргөн мэдүүлсэн тухайн жилийн төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, харин төсвийн орлого, зарлагын бүтцийг хөгжлийн бодлогод нийцүүлэн өөрчилж болохоор зохицуулах;

 

1.2.5.төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох;

 

1.2.6.төрийн нийтийн өмчийг зохистой ашиглах, зарцуулахад тавих хяналтыг боловсронгуй болгох.

 

Д/д

Хуулийн нэр

Хугацаа

Хуулийн төслийн зохицуулах

харилцааны товч утга

1.

-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль

/Шинэчилсэн найруулга/

 

-Холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2020 он

  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх, хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог хангах, төлөвлөлтийн байнгын, мэргэшсэн тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлт нь дээрээсээ доош, доороосоо дээш чиглэх зарчмыг тодорхойлж, цаг хугацааны болон нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалсан орон зайн төлөвлөлт хийх механизмыг бүрдүүлэх;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт нь судалгаанд үндэслэсэн байх бөгөөд түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтвортой тогтолцоог бүрдүүлэх;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан Засгийн газрын үндсэн бүтцийн нэгж, байгуулах бөгөөд нь улс төрийн сонгуулийн мөчлөгөөс үл хамааран тогтвортой ажиллах зохицуулалтыг бий болгох;
  • Бодлого боловсруулах, төлөвлөлт хийх хүний нөөцийн чадавхад суурилсан онцлог тогтолцоог бүрдүүлэх.

2.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2020 он

  • Улсын Их Хурал Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн улсын төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох зохицуулалтыг тусгах;
  • Жил бүрийн улсын төсөв нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд суурилсан байх шаардлагыг хуульчлах;
  • Улсын Их Хурлаас төсвийн хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох.

3.

-Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

- Холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2020 он

  • Сонгуульд өрсөлдөх улс төрийн намын мөрийн  хөтөлбөрийн зорилт нь хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөлтөд нийцсэн байх шаардлагыг тусгах;
  • Дээрх шаардлага хангагдаагүйгээс үүсэх хууль зүйн үр дагаврыг хуульчлах.

4.

Төрийн аудитын тухай хууль

/Шинэчилсэн найруулга/

2020 он

  • Төрийн аудитын байгууллагын бие даасан, үйл ажиллагааны хараат бус байдлыг сайжруулах, эрх хэмжээг нэмэгдүүлэх;
  • Зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх.

 

1.3.Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгож, хариуцлагыг сайжруулах нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:

 

1.3.1.Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татахад Монгол Улсын  Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц тогтоосон байхыг үндэслэл болгох;

 

1.3.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох зохицуулалтыг боловсронгуй болгох;

 

1.3.3.Монгол Улсын Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргадаг үндсэн зарчмыг хадгалж, харин Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулж байхаар өөрчлөх;

 

1.3.4.Хянан шалгах түр хороог хуулиар тусгайлан тогтоосон эрх хэмжээний хүрээнд мэргэжлийн хараат бус шинжээч томилох, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах зэрэг арга хэрэгсэл ашиглан Засгийн газар, түүний байгууллага, албан тушаалтан хууль зөрчсөн эсэх, эрх мэдлээ урвуулан ашигласан эсэх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан эсэх болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар дүгнэлт гаргах, иргэдэд үнэн зөв, бодитой мэдээлэл хүргэх зорилгоор байгуулах, түр хорооноос гаргасан дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй байх зарчмыг хуульчлах;

 

1.3.5.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоох;

 

1.3.6.Улсын Их Хурлын хууль тогтоомжийн төсөл хэлэлцэн батлах үйл ажиллагааны болон батлах хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, түүнчлэн хянан шалгах бүрэн эрхийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгон нэмэгдүүлэх;

 

1.3.7.Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэхтэй холбоотой аливаа санал асуулга явуулахыг хориглох эрх зүйн үндсийг тогтоох;

 

1.3.8.Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох.

 

Д/д

Хуулийн нэр

Хугацаа

Хуулийн төслийн зохицуулах

харилцааны товч утга

1.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль

/Шинэчилсэн найруулга/

2020 оны хаврын ээлжит чуулган

  • Ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгон нэмэгдүүлсэнтэй холбогдуулан ээлжит чуулганы нээх, хаах хугацааг зохицуулах;
  • Улсын Их Хурлын Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдвэрлэх санал хураалтын зарчмыг тодорхойлох;
  • Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болохтой холбогдсон  зохицуулалтыг тодотгох;
  • Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо байгуулахтай холбогдсон зохицуулалтыг хуульчлах.

2.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хууль

/Шинэчилсэн найруулга/

 

 

2020 оны хаврын

ээлжит чуулган

  • Хууль хэлэлцэх, эцэслэн батлах журмыг тогтоох;
  • Улсын Их Хурлын хуралдааны санал хураалтын зарчим, журмыг тогтоох;
  • Хянан шалгах түр хорооны хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулах;
  • Улсын Их Хурлаар улсын төсвийг хэлэлцэн батлах дэгийг боловсронгуй болгох;
  • Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журмыг тогтоох;
  • Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, томилох, огцруулах, чөлөөлөх, түүнд итгэл хүлээлгэх эсэхийг хэлэлцэх дэгийг боловсронгуй болгох;
  • Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хуралд танилцуулах журмыг тогтоох;
  • Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журмыг тогтоох.

3.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2020 он

  • Хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаартай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах.

4.

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2020 он

  • Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх зорилго бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглосон зохицуулалт оруулах.

 

1.4.Улс төрийн намтай холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:

 

1.4.1.Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх зарчмыг хангах үүднээс нам улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллах, баримталж буй бодлого нь улсын хэмжээний асуудлыг хамарсан байх шаардлагыг хуульчлах;

 

1.4.2.намын үйл ажиллагаа, дүрэм нь хуульд нийцсэн байх, намын дотоодод шийдвэр гаргах, хэлэлцэх үйл явц нь ил тод, гишүүддээ нээлттэй байх, намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн байх гол шалгуурыг хуульчлах;

 

1.4.3.Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны дэмжлэг авсны үндсэн дээр улс төрийн нам байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

 

1.4.4.намын санхүүжилтийн эх үүсвэр, түүний зарцуулалт, тайлан нь олон нийтэд ил тод байх эрх зүйн орчныг бүрдүүлэх;

 

1.4.5.төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг тогтоох.

 

Д/д

Хуулийн нэр

Хугацаа

Хуулийн төслийн зохицуулах

харилцааны товч утга

1.

-Улс төрийн намын тухай хууль

/Шинэчилсэн найруулга/

 

-Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль

/Анхдагч хууль/

2020 он

  • Намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд суурилсан байх;
  • Улс төрийн намын хариуцлагын тогтолцоог тодорхой болгох;
  • Улс төрийн намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нийтэд ил тод байх;
  • Төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг тогтоох;
  • Сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэний дэмжлэг авсны үндсэн дээр улс төрийн нам байгуулах журмыг тогтоох.
 

 

ХОЁР.ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

 

2.1.Засгийн газрыг эмхлэн байгуулах нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:

 

2.1.1.сонгуулийн дүнгээр аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй тохиолдолд улс төрийн нам, эвсэл заавал олонхыг бүрдүүлж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шаардлагыг хуульчлах;

 

2.1.2.Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх зохицуулалтыг хуульчлах;

 

2.1.3.Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох зохицуулалтыг холбогдох хуульд тусгах;

 

2.1.4.Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журмыг тогтоох.

 

2.2.Засгийн газар танхимын зарчмаар, тогтвортой ажиллахтай холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:

 

2.2.1.Ерөнхий сайд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах зохицуулалтыг хуульчлах;

 

2.2.2.Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох талаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хуульд тусгах;

 

2.2.3.Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хуульд тусгах.

 

Д/д

Хуулийн нэр

Хугацаа

Хуулийн төслийн зохицуулах

харилцааны товч утга

1.

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль

/Шинэчилсэн найруулга/

2020 оны хаврын

ээлжит

чуулган

  • Засгийн газрын тогтвортой ажиллах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох;
  • Засгийн газар танхимаар ажиллах зарчимд нийцүүлэн Ерөнхий сайд бие даан танхимаа бүрдүүлэх зохицуулалтыг хуульчлах;
  • Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хуралд оруулах зохицуулалтыг хуульчлах;
  • Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах хязгаарыг хуульчлах.
 

 

2.3.Ерөнхийлөгчид нэр дэвших насны босго, бүрэн эрхийн хугацааг нэмэх талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:

 

2.3.1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох насны доод хязгаарыг өндөрсгөж, зөвхөн нэг удаа сонгогдох;

 

2.3.2.Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийнх нь хүрээнд тодорхой бүрэн эрх олгож байхаар зохицуулах.

 

Д/д

Хуулийн нэр

Хугацаа

Хуулийн төслийн зохицуулах харилцааны товч утга

1.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн

тухай хууль

/Шинэчилсэн найруулга/

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль

/Шинэчилсэн найруулга/

 

-Холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2020 он

  • Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага, бүрэн эрхийн хугацаатай холбоотой зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх;
  • Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан хүрээнд байх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомжид оруулах;
  • Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрх олгох асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх.
 

 

ГУРАВ.ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАЖ, ШҮҮГЧИЙН ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

 

3.1.Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:

 

3.1.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан, хараат бус, тогтвортой байдлыг хангах зорилгоор түүний бүрэлдэхүүний тавыг шүүгчид дотроосоо хувь тэнцүүлэн сонгож, бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох, гишүүдийг зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллуулах, Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгох журмыг хуулиар тогтоох;

 

3.1.2.шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулах зохицуулалтыг хуульчлах.

 

Д/д

Хуулийн нэр

Хугацаа

Хуулийн төслийн зохицуулах

харилцааны товч утга

1.

-Шүүхийн захиргааны тухай хууль

/Шинэчилсэн найруулга/

 

-Холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2020 он

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, гишүүнд тавих болзол, шалгуур, тэдгээрийг сонгох, томилох, Зөвлөлийн даргыг сонгох журам;
  • Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүргийг тодорхойлох;
  • Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулах журам.
 

 

3.2.Шүүгчийн хариуцлагыг сайжруулах талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:

 

3.2.1.хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог байгуулах, түүний чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, журмыг хуулиар тогтоох;

 

3.2.2.Шүүхийн сахилгын хороо нь хөндлөнгийн нөлөөллөөс ангид байж, төвийг сахиж хараат бусаар шийдвэр гаргаж, шүүгчийг сахилгын шийтгэлийн журмаар албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын бусад шийтгэл ногдуулах замаар шүүгчийн ёс зүй, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;

 

3.2.3.Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах ажлын туршлагатай хуульчид, нэр хүндтэй иргэд, хууль зүйн өндөр мэргэшилтэй эрдэмтдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институцээс тэнцвэртэйгээр бүрдүүлэх зарчмыг хуульчлах.

 

Д/д

Хуулийн нэр

Хугацаа

Хуулийн төслийн зохицуулах харилцааны товч утга

1.

  • Шүүхийн сахилгын хорооны тухай хууль

 /Анхдагч хууль/

 

- Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2020 он

  • Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн, гишүүнд тавих болзол, шалгуур, бүрдүүлж байгуулах журмыг тогтоох;
  • Шүүгчид хариуцлага хүлээлгэх журмыг хариуцлага зайлшгүй байх, зөрчлийн шинж байдалдаа тохирсон байх, давхардахгүй байх зарчмыг үндэслэн тодорхойлох;
  • Хорооны бүрэн эрх, үйл ажиллагааны болон сахилгын зөрчил хянан шийдвэрлэх журмыг хуульчлах;
  • Хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг гомдлын дагуу Улсын дээд шүүх эцэслэн хянах журмыг тогтоох.
 

 

3.3.Шүүхийг тойргийн зарчмаар байгуулах талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:

 

3.3.1.шүүхийг тойргийн зарчмаар байгуулахдаа иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг бодитой хангах, шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шүүгчийг мэргэшүүлэх, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулж хүртээмжтэй болгох үндсэн зарчимд нийцүүлнэ.

 

Д/д

Хуулийн нэр

Хугацаа

Хуулийн төслийн зохицуулах

харилцааны товч утга

1.

Шүүх байгуулах тухай болон Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2021 он

  • Хүн ам, газар нутаг, шүүгчийн ажлын ачааллыг харгалзан тойргийн шүүх байгуулж болох үндэслэл, журмыг нарийвчлан тогтоох;
  • Шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, тойргийн зарчмаар шүүх байгуулах нь шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр чөлөөлөх, шилжүүлэх үндэслэл болохгүй байх зохицуулалтыг хуульчлах.
 

 

ДӨРӨВ.НУТГИЙН УДИРДЛАГАТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

 

4.1.Хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:

 

4.1.1.улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтоож, хот, тосгоны өөрийн удирдлагыг оршин суугчид нь сонгож, хот, тосгоны удирдлагад  засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын болон төсөв, санхүүгийн зарим эрх мэдлийг шилжүүлэх, удирдлагын давхардал, хийдлийг арилгах, хотын нийтийн үйлчилгээг оршин суугчдад, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, эдийн засгийн хувьд хот, тосгон харьцангуй бие даан хөгжих боломжийг бүрдүүлэх.

 

4.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:

 

4.2.1.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг тухайн нутгийн иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэх зарчмыг хэвээр хадгалж, уг асуудлыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээх.

 

4.3.Нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн үндсийг тогтоох нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:

 

4.3.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны чөлөө цагт тухайн Хурлын Тэргүүлэгчид нь Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлж ирсэн тогтолцоог халж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шаардлагатай тохиолдолд хуралдаж асуудлаа шийдвэрлэж байх;

 

4.3.2.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоож байхаар зааж, тэдгээрийн чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоох эрх зүйн үндсийг бүрдүүлэх;

 

4.3.3.аймаг, нийслэл, сум, дүүргийн эрх зүйн байдал, өмчийн болон төсвийн харилцааг тусгайлсан хуулиар ялгамжтай зохицуулах, аймаг, нийслэл, сум, дүүрэг бие даан хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор татварын хуваарилалтын зарчмыг шинэчлэх, орон нутагт ногдох татварын суурийг өргөтгөх;

 

4.3.4.шинэчлэн боловсруулсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад салбарын бусад хууль тогтоомжийг нийцүүлэх.

 

Д/д

Хуулийн нэр

Хугацаа

Хуулийн төслийн зохицуулах харилцааны товч утга

1.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

/Шинэчилсэн найруулга/

 

-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/

 

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль

/Шинэчилсэн найруулга/

 

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

-Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2020 он

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг хуульчлах;
  • Татварын хувь хэмжээг тогтоохтой холбогдсон зохицуулалтыг хуульчлах;
  • Төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн тогтоохтой холбогдсон зохицуулалтыг хуульчлах;
  • Хот, тосгоны эрх зүйн үндсийг тодорхой болгож, тэдгээрийн өөрийн удирдлага,  өмчийн болон төсвийн зохицуулалтыг нарийвчлан тусгах;
  • Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг зохицуулах.
 

 

---o0o---