- Нүүр
- Сайдын тушаал
- УС БОХИРДУУЛСНЫ НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ШАТЛАН ӨСГӨХ ХЭЛБЭРЭЭР НОГДУУЛАХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын
2019 оны А/635 тоот тушаалын хавсралт
УС БОХИРДУУЛСНЫ НӨХӨН ТӨЛБӨРИЙГ
ШАТЛАН ӨСГӨХ ХЭЛБЭРЭЭР НОГДУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Ус бохирдуулсны нөхөн төлбөр ногдуулах
2.1.Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг ус бохирдуулагч нь бохирдуулах бодисыг хаягдал усны “Хүрээлэн байгаа орчин, усны чанар, Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус, ерөнхий шаардлага MNS 6561:2015”, “Хүрээлэн байгаа орчин, Усны чанар, хаягдал ус, ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд ногдуулна.
2.2.Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг дараах 3 байдлаар шатлан өсгөж тооцно:
Бохирдуулах бодисын хэмжээ |
Нөхөн төлбөр |
---|---|
ЗДХ≤2 |
Ус бохирдуулсны төлбөрийг 2 дахин нэмж тооцно |
2<ЗДХ≤5 |
Ус бохирдуулсны төлбөрийг 3 дахин нэмж тооцно |
ЗДХ>5 |
Ус бохирдуулсны төлбөрийг 5 дахин нэмж тооцно |
*ЗДХ-Зөвшөөрөгдөх дээд хэмжээ
2.3.Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан байгаль орчны итгэмжлэгдсэн лабораториор хийлгэсэн шинжилгээний дүнг үндэслэн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, сум дүүргийн байгаль хамгаалагч энэхүү журмын 2.2-т заасны дагуу ус бохирдуулсны нөхөн төлбөрийг ногдуулна.
2.4.Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, сум дүүргийн байгаль хамгаалагч нь төлбөр ногдуулсан хүн, хуулийн этгээдийн мэдээллийг ажлын 5 хоногт багтаан харьяалах татварын алба болон Сав газрын захиргаанд хүргүүлнэ.
2.5.Татварын алба энэхүү журмын 2.4-д заасан мэдээлэлд үндэслэн хүн, хуулийн этгээдээс ус бохирдуулсны нөхөн төлбөрийг хурааж авна.
2.6.Төлбөр төлөгч нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу хаягдал усан дахь бохирдуулах бодист ногдох нөхөн төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд төлж, төлбөр төлсөн тайланг мөн харьяалах татварын алба, сав газрын захиргаанд хүргүүлнэ.
2.7.Татварын алба нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд заасны дагуу ус бохирдуулсны төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлнэ.
Гурав. Хяналт тавих
3.1.Энэхүү журмын хэрэгжилтэд Төрийн хяналт шалгалтын тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Зөрчлийн тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Сав газрын захиргаа, аймаг нийслэлийн Байгаль орчны алба, сум дүүргийн байгаль хамгаалагч хяналт тавина.
Дөрөв. Хүлээх хариуцлага
4.1.Энэхүү журмын 2.2-д заасан үүргийг биелүүлээгүй албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
4.2.Ус бохирдуулсны төлбөр төлөгчид хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
-оОо-
Текст томруулах
A
A
A