A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛД МАГАДЛАЛ ХИЙХ ЭКСПЕРТЭД ТАВИХ ШААРДЛАГА, ТҮҮНИЙГ ӨРСӨЛДӨӨНИЙ ЖУРМААР СОНГОН ШАЛГАРУУЛЖ, ЭРХ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 213 дугаар тушаалын хавсралт

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛД МАГАДЛАЛ ХИЙХ

ЭКСПЕРТЭД ТАВИХ ШААРДЛАГА, ТҮҮНИЙГ ӨРСӨЛДӨӨНИЙ

ЖУРМААР СОНГОН ШАЛГАРУУЛЖ, ЭРХ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлагыг тогтоох, сонгон шалгаруулах, эрх олгох үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулахад шударга, ил тод, эрх тэгш хандах болон нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно.

1.3.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох үйл ажиллагааг эрх бүхий этгээдийн шийдвэр эсхүл Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтад заасан чиг үүргийн хэржүүлэгч байгууллага /цаашид “зохион байгуулагч” гэх/ эрхлэн хэрэгжүүлнэ.

Хоёр. Магадлал хийх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага

2.1.Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3, 25.5, 25.8 дахь заалтад заасан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдэд магадлал хийх эрх олгох сонгон шалгаруулалтад энэ журмын 2.2 болон 2.3-т заасан шаардлагыг хангасан иргэн, хуулийн этгээд оролцоно.

2.2.Иргэн нь дараах шаардлагыг хангасан байна:

2.2.1.Барилгын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй байх;

2.2.2.зураг төслийн байгууллагад тухайн мэргэжлийн чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан байх;

2.2.3.дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламжийн 40-өөс доошгүй зураг төсөл боловсруулсан байх;

2.2.4.мэргэжлийн чиглэлийн 3-аас доошгүй барилгын норм нормативын баримт бичиг, стандарт /гарын авлага, зөвлөмж/ боловсруулсан, боловсруулахад хамтран оролцсон байх;

2.2.5.Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасан шаардлагыг биелүүлсэн байх;

2.2.6.өөрийн мэргэжлийн чиглэлийн норм, нормативын баримт бичгийн сантай байх.

            2.3.Хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:

2.3.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн дотоодын хуулийн этгээд, Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1[1] дэх заалтад заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах  тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх;

2.3.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байртай /ажлын болон уулзалтын өрөө, архив, норм, нормативын баримт бичиг бүхий номын сан/ байх;

2.3.3.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх чиглэл тус бүрээр 2-оос доошгүй орон тооны эксперттэй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх;

2.3.4.магадлал хийх ажлыг уялдуулан зохион байгуулах, удирдах туршлагатай орон тооны 2-оос доошгүй мэргэжлийн ажилтантай байх;

2.3.5.цахим мэдээллийн программ хангамжтай байх;

2.3.6.хараат бус бие даасан байдлыг хангах хариуцлагын тогтолцоо бүрдүүлсэн байх;

2.3.7.хуулийн этгээдийн хариуцлагын даатгал хийлгэсэн байх.

 

Гурав. Магадлал хийх иргэн, хуулийн этгээдийн

сонгон шалгаруулалтыг зохион байгуулах

3.1.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж экспертийн эрх олгох үйл ажиллагааг энэ журмын 1.3-т заасан зохион байгуулагч байгууллагаас томилсон ажлын хэсэг /цаашид “Ажлын хэсэг” гэх/ сонгон шалгаруулна.

3.2.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд барилга байгууламжийн зураг төслийн талаар мэдлэг, туршлагатай эрдэмтэн, судлаач, мэргэжилтний төлөөлөл, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудал хариуцсан мэргэжилтэнг оролцуулах ба 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

3.3.Ажлын хэсгийн гишүүд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн шаардлагыг биелүүлсэн байх.

3.3.Ажлын хэсгийн дарга нь зохион байгуулагч байгууллагын магадлалын асуудал хариуцсан нэгжийн дарга байна.

3.4.Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь зохион байгуулагч байгууллагын магадлалын асуудал хариуцсан нэгжийн мэргэжилтэн байна.

3.5.Ажлын хэсэг дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.5.1.иргэн, хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг судалж, энэ журмын 2.2, 2.3-т заасан шаардлагыг хангасан эсэх асуудлаар дүгнэлт гаргах;

3.5.2.ажлын хэсэг нь сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуудлыг хурлаараа хэлэлцэн, ирцийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэх;

3.5.3.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг материал хүлээн авах хугацаа дууссанаас хойш хуанлийн 14 хоногт багтаан зохион байгуулах.

3.6.Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.6.1.ажлын хэсгийн хурлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах,   хурлын товыг зарлан ирцийг бүрдүүлэх;

3.6.2.сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудын бүртгэлийг хөтлөх, тавигдсан шаардлагын дагуу судалж нэгтгэн ажлын хэсэгт танилцуулах;

3.6.3.ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл хөтлөх;

3.6.4.сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг хуралдааны шийдвэрийн хамт цэгцэлж архивт шилжүүлэх.         

3.7.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн сонгон шалгаруулалтыг жил тутам зохион байгуулна.

3.8.Сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай бүрт ажлын хэсгийг шинээр байгуулна.

3.9.Магадлал хийх эрх горилогч иргэний биеийн байцаалт, холбогдох материалыг  барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэнд тавигдах шаардлагатай харьцуулах замаар шалгаруулалт хийнэ.  

3.10.Магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг баримтлах бөгөөд чадварыг үнэлэх байдлыг харгалзан дүгнэнэ.

3.11.Магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гарын үсэг зурж албажуулна.  

3.12.Энэ журмаар тогтоосон сонгон шалгаруулалтаар шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээдэд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хариуг ирүүлсэн материалын хамт албан бичгээр хүргүүлнэ. Ажлын хэсгийн дүгнэлтэд иргэн, хуулийн этгээдэд эрх олгох боломжгүй талаарх үндэслэлийг тодорхой тусгасан байна.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтыг мэдээлэх, оролцогчдыг бүртгэх

4.1.Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалт хийхээс хуанлийн 21-ээс доошгүй хоногийн өмнө холбогдох зар, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Иргэн, хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг тус тусад нь зарлаж шалгаруулна.

4.2.Мэдээлэлд тухайн сонгон шалгаруулалтаар тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, ажлын хэсгийн хаяг, харилцах утасны дугаар, материал хүлээн авах, бүртгэх, сонгон шалгаруулалт хийх байр, хугацаа зэргийг тодорхой заана. Мэдээлэлд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд ажлын хэсэг тухай бүрт нь мэдээлж байна.

4.3.Магадлал хийх эрх горилох иргэн, хуулийн этгээдийн хүсэлтэд энэ журмын 2.2, 2.3-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох баримтаас гадна журмын 4.3.1, 4.3.2-т заасан баримт бичгийг бүрдүүлж хавсаргасан байна.

4.3.1.Магадлал хийх эрх горилогч иргэн дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

4.3.1.1.төрийн албан хаагчийн анкет; /ТАХ№1 маягтын дагуу бөглөсөн байх/

4.3.1.2.иргэний үнэмлэхийн хуулбар;

4.3.1.3.мэргэжлийн боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар; /нотариатаар баталгаажуулсан байх/

4.3.1.4.нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар; /нотариатаар баталгаажуулсан байх/

4.3.1.5.мэргэшлийн зэргийг гэрчилгээний хуулбар; /мэргэшлийн зэргийн тамгаар баталгаажуулах;

4.3.1.6.өөрийн мэргэжлийн чиглэлээр 2-оос доошгүй зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтнээр баталгаажуулсан бүтээлийн жагсаалт;

4.3.1.7.ажил байдлын тодорхойлолт;

4.3.1.8.мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний хуулбар. /нотариатаар баталгаажуулсан байх/

4.3.2.Магадлал хийх эрх горилогч хуулийн этгээд дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

4.3.2.1.хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар; /нотариатаар баталгаажуулсан байх/

4.3.2.2.хуулийн этгээдийн танилцуулга;

4.3.2.3.энэ журмын 2.3.3-т заасан эрх бүхий орон тооны экспертийн жагсаалт, экспертийн эрх олгосон баримт бичгийн хуулбар; /овог, нэр, регистрийн дугаар, мэргэжлийн зэргийн гэрчилгээний дугаарыг заавал тусгасан байна./

4.3.2.4.энэ журмын 2.3.3, 2.3.4-т заасан орон тооны ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

4.3.2.5.энэ журмын 2.3-т заасан бусад шаардлагыг нотолсон бусад баримт бичиг.

 

Тав. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал

хийх иргэн, хуулийн этгээдэд эрх олгох

5.1.Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн зохион байгуулагч байгууллагын дарга тушаал гаргаж иргэн, хуулийн этгээдэд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхийг 3 жилийн хугацаагаар олгоно.

5.2.Энэ журмын 5.1-д заасан шийдвэрийг үндэслэн зохион байгуулагч байгууллага магадлал хийх экспертийн эрх авсан иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, жил бүр дүгнэнэ.

5.3.Энэ журмын 2.2-т заасан шаардлагыг хангасан иргэнд холбогдох чиглэлээр, 2.3-т заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдэд иж бүрэн зураг төсөлд магадлал хийх эрх олгоно.

5.4.Магадлал хийх экспертийн эрх бүхий иргэн, хуулийн этгээд нь зохион байгуулагч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлаа хагас жил тутамд тайлагнана.

 

Зургаа.Магадлал хийх эрх бүхий иргэн,

хуулийн этгээдийн эрхийг цуцлах

6.1.Магадлал хийх эрхтэй иргэний эрхийг зохион байгуулагч байгууллагын даргын тушаалаар дараахь тохиолдолд цуцална. Үүнд:

6.1.1.иргэн өөрөө хүсэлт гаргасан;

6.1.2.мэдээллийн санд нэвтрэх эрхийг бусдад ашиглуулсан;

6.1.3.холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандарт болон гэрээний заалтыг зөрчин барилга байгууламжийн зураг төслийн архитектур төлөвлөлт, техникийн шийдэл, тооцоо болон техник, эдийн засгийн үндэслэл тооцоонд судалгаагүй дүгнэлт гаргаж, мэргэжил, техникийн шийдлийн ноцтой дутагдал гаргасан;

6.1.4.өөрийн болон хамаарал бүхий этгээдийн зураг төсөлд магадлал хийж ашиг сонирхлын зөрчил гаргасан нь хууль, хяналтын болон мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон;                       

6.1.5.Монгол Улсын хууль тогтоомж болон зохион байгуулагч байгууллагатай байгуулсан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

6.1.6.магадлал дүгнэлт гаргахдаа тэгш, шударга, хариуцлагатай гүйцэтгэж, бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй байх;

6.1.7.гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон;

6.1.8.экспертийн эрх олгогдсоноос хойш нэг жилийн хугацаанд магадлал хийгээгүй.

6.1.9.энэ журмын 5.4-т заасан тайланг удаа дараа  буюу 2 удаа өгөөгүй;

6.1.10.энэ журмын 2.2-т заасан шаардлага болон экспертийн эрх олгосон гэрээний үүргээ ноцтой зөрчсөн.

           6.2. Экспертийн эрх бүхий хуулийн этгээдийн эрхийг дараах тохиолдолд зохион байгуулагч  байгууллагын даргын тушаалаар цуцална. Үүнд:

6.2.1.хуулийн этгээд дампуурсан, татан буугдсан болон хууль тогтоомжид заасан үндэслэлээр үйл ажиллагаа нь дуусгавар болсон;

6.2.2.Монгол Улсын хууль тогтоомж болон зохион байгуулагч байгууллагатай байгуулсан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

6.2.3.магадлал хийх аль нэг чиглэлийн экспертийн бүрэлдэхүүнгүй болсон;

6.2.4.холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандарт болон гэрээний заалтыг зөрчин барилга байгууламжийн зураг төслийн архитектур төлөвлөлт, техникийн шийдэл, тооцоо болон техник, эдийн засгийн үндэслэл, тооцоонд судалгаагүй дүгнэлт гаргаж, мэргэжил, техникийн шийдлийн ноцтой дутагдал гаргасан нь холбогдох эрх бүхий байгууллагаар тогтоогдсон;

6.2.5.энэ журмын 5.4-т заасан тайланг удаа дараа буюу 2 удаа өгөөгүй;

/иргэн, хуулийн этгээд аль аль нь тайлан өгөх учир энэ заалтыг оруулав./

6.2.6.магадлал хийх үйл ажиллагааг нэг жил эрхлээгүй;

6.2.7.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагаанаас татгалзах хүсэлт гаргасан;

6.2.8.энэ журмын 2.3-т заасан шаардлага болон экспертийн эрх олгосон гэрээний үүргээ ноцтой зөрчсөн.

Долоо. Бусад

7.1.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулахтай холбогдсон асуудлаар гаргасан маргааныг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

7.2.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээд нь тухайн зураг төсөлд өөрийн холбогдох хэсэгт магадлалын холбоотой зөрчилд мэргэжлийн хариуцлага хүлээнэ.

7.3.Экспертийн эрх бүхий иргэн нь тухайн зураг төслийн өөрт холбогдох хэсгийн магадлалын дүгнэлтэд, хуулийн этгээд нь иж бүрэн зураг төслийн магадлалын дүгнэлтэд мэргэжлийн хариуцлага хүлээнэ.

 


[1] 19.1.1.энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах;