A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХ БОРЛУУЛСАН, ШИЛЖҮҮЛСНИЙ ОРЛОГОД АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний
өдрийн 303 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХ БОРЛУУЛСАН, ШИЛЖҮҮЛСНИЙ ОРЛОГОД

АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

           1.1.Энэхүү журмын зорилго нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-т заасан эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрхийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогод албан татвар ногдуулахад оршино.

1.2.Энэ журамд заасан “эцсийн эзэмшигч” гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д тодорхойлсон газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг ойлгоно.

            1.3.Эцсийн эзэмшигчийн борлуулж, шилжүүлж буй ашигт ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хилд хамаарах газарт газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогын албан татвар давхардуулан ногдуулахгүй бөгөөд энэ журмыг хэрэглэхгүй.

 

Хоёр. Албан татвар ногдох орлогыг тодорхойлох

2.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэгт заасны дагуу баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ын дагуу тодорхойлсон эрхийн үнэлгээнд үндэслэн албан татвар ногдуулах орлогыг тооцно.

                       2.2.Энэ журмын 2.1-д заасны дагуу тооцсон орлогыг доор дурдсан тохиолдолд албан татвараас чөлөөлнө:

           2.2.1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1.6-д заасан орлого;

2.2.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.7-д заасны дагуу тооцоход бага дүнтэй орлого;

2.2.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.9-д тодорхойлсон орлого.

            2.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.7-д заасан эрх борлуулсан, шилжүүлсний орлогыг эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрх эзэмшиж буй тухайн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээний нийлбэрээр тооцно.

2.4.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.2-т заасны дагуу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эцсийн эзэмшигчийн үргэлжилсэн 12 сарын хугацаанд борлуулсан, шилжүүлсэн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн нийлбэрээр тооцно.

2.5.Газрын эзэмших, ашиглах эрхийг борлуулах, шилжүүлэхэд уг газар дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй тохиолдолд тухайн газрын талбайн хэмжээнээс уг газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийн суурийн талбайн хэмжээг хасаж үнэлгээ тооцож, албан татвар ногдуулна.

2.6.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.8-д заасан зохицуулалтыг Татварын ерөнхий хуулийн 26.10, 26.11, 26.12-т заасны дагуу татварын албанд бүртгүүлсэн мэдээлэлд үндэслэн хэрэгжүүлнэ.

2.7.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.9-д заасан чөлөөлөлтийг Татварын ерөнхий хуулийн 26.12-т заасны дагуу татварын албанд бүртгүүлсэн мэдээлэлд үндэслэн эдлүүлнэ.

Гурав. Албан татвар ногдуулах орлогыг тооцоход хасагдах зардал

3.1.Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээнээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.7, 30.3-д заасан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

3.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.7.1, 30.3.1 дэх заалтыг төлбөр төлснийг нотолсон холбогдох төрийн байгууллагын баримт, эсхүл тухайн төрийн байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдийн албан тодорхойлолтыг үндэслэн хэрэгжүүлнэ.

3.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.7.2, 30.3.2-т заасан баримтаар нотлогдох төлбөрт хамаарах татварыг ногдуулан төлөөгүй тохиолдолд уг төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй.

Дөрөв. Албан татвар төлөх, тайлагнах

4.1.Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрхийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогод ногдох татварыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26.1.1, 27.2, Татварын ерөнхий хуулийн 26.10, 26.11, 26.12-т заасны дагуу төлж, тайлагнана.

 

 

---oOo---