A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН КАДАСТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХИЙГ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ОЛГОХ, ТЭДГЭЭРТ ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайдын

 2019 оны 191 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН КАДАСТРЫН ҮЙЛ

АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХИЙГ

 ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ОЛГОХ, ТЭДГЭЭРТ ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

                   1.1.Энэхүү журмын зорилго нь Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллага /цаашид “мэргэжлийн байгууллага” гэх/-ын эрхийг олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, гэрчилгээг нөхөн олгох, эрх авсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

                    1.2.Эрх олгох үйл ажиллагаа нь Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

                    1.3.Энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан суурь нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд эрх олгоно.

                    1.4.Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д заасны дагуу Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр /цаашид газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн/ эрхийг 3 жилийн хугацаатай олгож, мөн хугацаагаар сунгаж болно.

                  1.5.Эрх шинээр олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, гэрчилгээг нөхөн олгохтой холбоотой мэдээлэл нь олон нийтэд ил тод, нээлттэй байна.

                 1.6.Журам нь дараах хавсралтаас бүрдэнэ. Үүнд:мэргэжлийн байгууллагын эрх олгох төрөл, суурь нөхцөл шаардлага нэгдүгээр хавсралт;

                1.6.1.удирдах болон инженер техникийн ажилтны дэлгэрэнгүй мэдээллийн хүснэгт хоёрдугаар хавсралт;

               1.6.2.хэмжилтийн болон боловсруулалтын багаж, программ хангамжийн дэлгэрэнгүй мэдээллийн хүснэгт гуравдугаар хавсралт;

               1.6.3.мэргэжлийн байгууллагын эрхийн гэрчилгээний загвар, тодорхойлолт дөрөвдүгээр хавсралт.

Хоёр. Эрх авахад бүрдүүлэх баримт бичиг

              2.1.Хуулийн этгээд эрх  авах тухай хүсэлтээ албан бичгээр гаргаж дараах баримт бичгийн хамт Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид “зохион байгуулагч байгууллага” гэх)-д ирүүлнэ.

               2.1.1.эрх авах хүсэлт бүхий албан бичиг /эрхлэх ажлын төрлийг тодорхой дурдах/;

               2.1.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн баталгаажуулсан хуулбар;

           2.1.3.суурь нөхцөл, шаардлагын дагуу инженер, техникийн ажилтан нэг бүрийн иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулсан хуулбар /шинээр эрх авах тохиолдолд ажилд авсан тухай тэмдэглэл/, мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэшсэн болон зөвлөх инженерийн мэргэшлийн зэргийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, гэрээт ажилтны гэрээний баталгаажуулсан хуулбар;

               2.1.4.суурь нөхцөл, шаардлагад заасан хэмжилт, боловсруулалтын багаж, программ хангамжийн дэлгэрэнгүй мэдээлэл;

              2.1.5.хэмжилтийн болон боловсруулалтын багаж, тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулгын гэрчилгээний хуулбар.

                   2.2.Суурь нөхцөл, шаардлагад заасан мэргэшлийн зөвлөх зэрэгтэй инженер нь мэргэжлийн байгууллагын эрхтэй 2 хүртэлх хуулийн этгээдэд гэрээгээр ажиллаж болно. Гэрээг мэдээллийн санд бүртгүүлсэн байна.

                   2.3.Мэргэжлийн байгууллагын эрх авсан, эрхийн хугацаа сунгуулах, гэрчилгээг нөхөн авсан хуулийн этгээд нь гэрчилгээ, гэрээний үнийг зохион байгуулагч байгууллагад төлнө.

                    2.4.Эрх эзэмшигч эрхийн хугацаа дуусахаас хуанлийн 30 ба түүнээс доошгүй өдрийн өмнө сунгуулах хүсэлтээ энэ журмын 2.5-д заасан материалын хамт зохион байгуулагч байгууллагад ирүүлнэ. Энэ хугацаанд ирүүлээгүй бол эрхийг шинээр авах хүсэлт гаргана.

                   2.5.Эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаж буй хуулийн этгээд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

2.5.1.эрхийн хугацааг сунгуулах хүсэлт бүхий албан бичиг;

2.5.2.удирдах болон инженер техникийн ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл

болон нийгмийн даатгалын баталгаажуулсан хуулбар /энэхүү журмын 1.6.1-т заасны дагуу/;

2.5.3.жил бүрийн гэрээ дүгнэсэн акт.

Гурав. Эрхийн хүсэлтийг хянан шийдвэрлэх

3.1.Эрхийн материал хянах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг (цаашид “Ажлын хэсэг” гэх)-ийг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна.

3.2.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбооноос төлөөлөл оролцох бөгөөд 7-оос доошгүй гишүүнтэй байна.

3.3.Ажлын хэсэг нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

3.4.Ажлын хэсгийн дарга нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, нарийн бичгийн дарга нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан тушаалтан байна.

3.5.Хүсэлтийг зохион байгуулагч байгууллага хүлээн авч, суурь нөхцөл, шаардлагыг хангасан эсэх, инженер техникийн ажилтны мэдээллийн үнэн зөв байдлыг хянах, мэдээллийн санд тулгалт хийх, ажлын хэсгийн хуралд танилцуулах, шийдвэрлүүлэх ажлыг ажлын 10 өдөрт багтаан зохион байгуулна.

3.6.Зохион байгуулагч байгууллага эрх авах, сунгахтай холбоотой баримт бичгийг холбогдох байгууллагаар шалгуулах, ажлын байран дээр очиж танилцаж болно. Энэ тохиолдолд шийдвэрлэх хугацааг ажлын 10 хоногоор сунгаж болно.

3.7.Ажлын хэсгийн хурлыг ажлын хэсгийн дарга товлох бөгөөд нарийн бичгийн дарга хурал болох газар, өдөр, цагийг хурал болохоос ажлын 2 хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэнэ.

3.8.Ажлын хэсгийн гишүүдийн гуравны хоёр нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэй гэж үзнэ.

3.9.Хурлыг ажлын хэсгийн дарга удирдах бөгөөд ажлын хэсгийн даргын эзгүй тохиолдолд ажлын хэсгийн орлогч дарга удирдаж явуулна.

3.10.Ажлын хэсгийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд оролцож чадахгүй тохиолдолд энэ тухай хурлын нарийн бичгийн даргад урьдчилан мэдэгдэж чөлөө авна.

3.11.Хурлын ирц хүрээгүй тохиолдолд хурлыг ажлын 2 хүртэл хоногоор хойшлуулж болно.

3.12.Хурлын явцыг баримтжуулах зорилгоор хурлын тэмдэглэл хөтлөх ба хуулийн этгээдийн хүсэлт гаргасан ажлын төрөл тус бүрээр санал хурааж, тэмдэглэл, дүгнэлтэд тусгана.

3.13.Хурлын шийдвэр нь дүгнэлт хэлбэртэй байх ба олонхийн саналд үндэслэн, хөндлөнгийн оролцоогүйгээр гаргана.

3.14.Эрхийн хугацаа, суурь нөхцөл, шаардлага, хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэргэжлийн хяналтын байгууллагын албан шаардлага, акт болон зохион байгуулагч байгууллагын дүгнэлтийг үндэслэн эрхийг сунгахаас татгалзана.

3.15.Ажлын хэсгийн хурал дууссаны дараа ажлын 2 өдөрт багтааж хурлын тэмдэглэл, дүгнэлтэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гарын үсэг зурж албажуулна.

3.16.Ажлын хэсгийн гаргасан дүгнэлт, шийдвэрийн төслийг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх бөгөөд Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй гишүүн /асуудал хариуцсан ажилтан/ дүгнэлт, холбогдох материалд үндэслэн шийдвэрийн төслийг Газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, баталгаажуулна.

3.17.Эрх авах, хугацаа сунгуулах хүсэлтийг ажлын хэсгийн хурлаас дэмжээгүй бол энэ тухай тайлбар, үндэслэлийг зохион байгуулагч байгууллага албан бичгээр хуулийн этгээдэд мэдэгдэнэ.

3.18.Ажлын хэсгийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нь холбогдох  хууль, тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж, ашиг сонирхлын зөрчилгүй мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллана.

3.19.Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, дүгнэлт болон мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдвэрийг эх хувиар зохион байгуулагч байгууллагын архивт хадгална.

Дөрөв. Эрх олгох

4.1.Газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой гаргасан шийдвэрийг зохион байгуулагч байгууллагад хүргүүлнэ.

4.2.Зохион байгуулагч байгууллага шийдвэрийг хүлээн авсанаас хойш ажлын 5 хоногт багтаан хүсэлт гаргасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгох эсвэл мэргэжлийн байгууллагын эрх олгохоос татгалзсан, түдгэлзүүлсэн, цуцалсан талаарх мэдэгдэх ажлыг зохион байгуулна.

4.3.Эрхийн гэрчилгээ нь үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд дараах мэдээллийг тусгана:

4.3.1.эрх олгосон байгууллагын нэр;

4.3.2.эрхийн дугаар

4.3.3.эрх эзэмшигчийн нэр, регистрийн дугаар;

4.3.4.ажлын төрөл;

4.3.5.эрхийн хугацаа;

4.3.6.эрх олгосон Газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гарын үсэг, тамга;

4.3.7.эрх олгосон он, сар, өдөр.

4.4.Эрх авсан хуулийн этгээдтэй байгуулах гэрээнд дараах асуудлыг тусгана.

4.4.1.холбогдох хууль тогтоомж болон дүрэм, журам, норм, нормативын

баримт бичиг, стандартыг баримталж ажиллах;

4.4.2.инженер техникийн ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамруулах;

4.4.3.инженер техникийн ажилтны шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийг тухай бүр мэдээллийн санд оруулах, тайлагнах;

4.4.4.хэмжилт, боловсруулалтын багаж, программ хангамжийн мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухай бүр мэдээллийн санд оруулах, тайлагнах;

4.4.5.гүйцэтгэсэн ажлын тайлан, мэдээллийг мэдээллийн санд тогтоосон хугацаанд оруулах, тайлагнах;

4.4.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх дүрмийг баримталж ажиллах;

4.4.7.техникийн дотоодын хяналтыг хэрэгжүүлж ажиллах;

4.4.8.хуульд заасан бусад эрх, үүрэг, хариуцлага.

     4.5.Мэргэжлийн байгууллагын эрх эзэмшигчтэй байгуулах гэрээний загвар, тайлант хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтын маягт, гэрээ дүгнэсэн актын загварыг зохион байгуулагч байгууллага баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Тав. Эрх түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, гэрчилгээг нөхөн олгох

                5.1.Эрх түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, гэрчилгээг нөхөн олгох асуудлыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргаж, Газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр шийдвэрлэнэ.

               5.2.Эрхийг дараах тохиолдолд газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр эрхийг 3 хүртэл сараар түдгэлзүүлж болно. Үүнд:

5.2.1.хуулийн этгээд нь олгосон эрхийн хугацаа, суурь нөхцөл, шаардлага болон хууль тогтоомжийг зөрчсөн тухай хяналтын эрх бүхий байгууллагын албан бичиг, албан шаардлага, акт дүгнэлт болон зохион байгуулагч байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

5.2.2.тухайн жилийн ажлын мэдээ, тайланг 1 жилээс дээш хугацаанд мэдээллийн санд ирүүлээгүй;

5.2.3.хяналтын эрх бүхий байгууллага болон зохион байгуулагч байгууллагын хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээнд  хамрагдахаас зайлсхийсэн.

5.3.Хуулийн этгээд эрх түдгэлзүүлсэн үндэслэл, шаардлагыг биелүүлсний дараа зохион байгуулагч байгууллагад эрх сэргээлгэх тухай хүсэлт гаргана.

5.4.Эрхийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно. Үүнд:

5.4.1.хуулийн этгээд хүсэлт гаргасан;

5.4.2.хуулийн этгээд татан буугдсан;

5.4.3.Эрх авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

5.4.4.суурь нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн;

5.4.5.мэргэжлийн байгууллагын эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

5.4.6.гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй;

5.4.7.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын хугацаа хоцроосон, чанаргүй гүйцэтгэсэн нь захиалагчийн дүгнэлтээр тогтоогдсон;

5.4.8.эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

5.4.9.гүйцэтгэсэн ажлын мэдээ, тайланг 2 жилээс дээш хугацаанд мэдээллийн санд ирүүлээгүй.

                 5.5.Эрхийг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн бол шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор эрх эзэмшигч болон харьяалах татварын албанд зохион байгуулагч байгууллага албан бичгээр мэдэгдэнэ.

                 5.6.Эрхийн гэрчилгээг гээж, үрэгдүүлсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болсон бол энэ тухай өдөр тутмын сонинд нийтлүүлж, нөхөн авах хүсэлтээ сонины хамт зохион байгуулагч байгууллагад ирүүлнэ. Эрхийн гэрчилгээг нөхөн олгохдоо эрхийн үлдсэн хугацаагаар олгоно.

                 5.7.Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн бол хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, аж ахуйн нэгжийн шинэ гэрчилгээ, дүрмийн хуулбар, энэ журмын 2.4-т заасан баримт бичгийг бүрдүүлж, зохион байгуулагч байгууллагад хүргүүлнэ.

Зургаа. Эрх эзэмшигчийн үйл ажиллагаанд  хяналт тавих

                    6.1.Зохион байгуулагч байгууллага мэргэжлийн байгууллагын эрхтэй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавина.

                    6.2.Хяналтыг хяналт шалгалт, хяналт-шинжилгээ үнэлгээний хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус байдлаар хийж болно.

               6.3.Үнэлгээ, тайлан, дүгнэлтийг ажлын хэсгийн хуралд танилцуулж, Газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төв байгууллагад мэдээллэнэ.

               6.4.Мэргэжлийн байгууллагын эрхтэй хуулийн этгээд нь суурь нөхцөл, шаардлагыг хангаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эрхийн хугацааг сунгах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх үндэслэл болно.

                    6.5.Хяналт шалгалт-хяналт-шинжилгээний ажлын хэсэгт мэргэжлийн холбооны төлөөллийг оролцуулж болно.

Долоо. Эрхийн мэдээллийн сан

                     7.1.Зохион байгуулагч байгууллага мэдээллийн санг бүрдүүлж, хөтлөх, хяналт тавих, мэдээллийн сангийн програм хангамж, сервер, сүлжээний аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана.

Найм. Бусад

        8.1.Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно.

       8.2.Хуулийн этгээдэд эрх олгох, сунгах, түдгэлзэх, хүчингүй болгохтой холбогдон гарсан санал, өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

 

-----оОо-----