- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын
28-ны өдрийн 15/12 дугаар тогтоолын хавсралт
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 6.2.1 дэх, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын хүрээнд хөдөө аж ахуйн газарт бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллага дагаж мөрдөнө.
1.2.Бэлчээр ашиглалтыг орон нутгийн бэлчээрийн экологийн чадавхид суурилсан, тусгай аргачлалаар төлөвлөх, төлөвлөлтийг хэрэгжүүлж, хариуцлагажуулахад бэлчээр хэмгаалах сан байгуулах, бэлчээрийн даац, газарзүйн байршлд тохирсон мал өсгөх зэрэгт холбогдсон нутгийн удирдлага, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.3.Хувийн хэвшлийн мал аж ахуйн тооны өсөлтөд бэлчээрийн газар хүрэлцэхгүй, даац хэтэрч цөлжилт ихсэж, талхагдалт үүсэж байгаа учир бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, малчдыг бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалтад оруулж, Бэлчээр ашиглах гэрээг сумын Засаг даргатай байгуулж, хяналт тавьж ажиллах.
1.4.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулан, бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх, сэлгэж ашиглахад зарцуулагдах “бэлчээр хамгаалах сан” байгуулж, нэг малчны малд ногдох хонин толгойгоос илүү гарсан хонин толгойд хураамж ногдуулж санд төвлөрүүлэн, төвлөрсөн орлогыг журмаар зохицуулна.
Хоёр. Бэлчээр ашиглалтыг төлөвлөх
2.1.Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараах зарчмыг баримтална:
2.1.1.Бэлчээрийн экологийн чадавхид суурилах;
2.1.2.Бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах;
2.2.Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна;
2.2.1.Бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэсэн байх;
2.2.2.Бэлчээрийг улирлын хуваарьтайгаар ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг гаргасан байх;
2.2.3.Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байх;
2.2.4.Бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх;
2.3.Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сумын Засаг дарга тогтооно;
2.4.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төслийг сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсэг боловсруулж, холбогдох багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлнэ;
2.5.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална;
2.6.Сумын Засаг дарга бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг үндэслэн бэлчээрийг бэлчээр ашиглалтын хэсэгт ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулна;
2.7.Бэлчээр ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч нь бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөөг боловсруулах түүнийг хэрэгжүүлэхэд баг, сумын Засаг даргатай хамтран ажиллаж болно;
Гурав. Бэлчээрийн даац тооцох
3.1.Багийн Засаг дарга харъяалах багийн бэлчээрийн даацад үндэслэн дараах тооцооллыг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны дотор багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн олонхийн саналаар батлан, сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. Үүнд:
3.1.1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6.2-т заасан итгэлцүүрээр хонин толгойд шилжүүлж тухайн багийн бэлчээр нутагт өвөлжих, хаваржих малын тооны дээд хязгаарыг дараах аргачлалаар тогтоох;
3.1.2.Тухайн багийн малчин өрхийн нэг гишүүнд ногдох малын тоог дараах аргачлалаар тогтоох;
3.2.Тавиул малыг тухайн маллаж байгаа малчин өрхийн малын тоонд оруулж тооцно;
3.3. Энэ журмын 3.1-д заасан тооцоололд дараах мэдээллийг хавсаргана:
3.3.1.Малчин өрхийн нийт гишүүдэд ногдох малын тооноос хэтэрсэн мал бүхий малчдын нэрс;
3.3.2.Энэ журмын 1.4-т заасан зардлыг бэлчээрийн даацаас илүү гарсан малын (хонин толгойд шилжүүлсэн) тоогоор тооцож гаргасан мөнгөн дүн;
Дөрөв. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хэрэгжүүлэхэд
төрийн байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1.Сумын Бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1.Бэлчээр ашиглалтын хэсгийн гишүүн-малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, бэлчээрийг зөв ашиглах мэдлэг олгох, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулах;
4.1.2.Багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан саналыг харгалзан тухайн багийн бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
4.1.3.Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг малчдын оролцоотой зохион байгуулах;
4.1.4.Фото мониторингийн дүнд тулгуурлан тухайн жилд малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэхэд чиглэсэн сүргийн зохистой бүтэц, харьцаа, шилэн сонголт, чанар болон мал аж ахуйг үр ашигтай эрхлэн явуулах талаар зөвлөмж гаргах;
4.2.Сумын Цаг уурын өртөө дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1.Тухайн баг, сумын саналыг үндэслэн фотомониторингийн цэгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
4.2.2.Сум, багийн түвшинд бэлчээрийн даацыг тогтоон, өвөлжиж, хаваржих боломжит малын тоог тодорхойлсон дүнгийн хамт жил бүрийн 9 дүгээр сарын 10-наас 20-ны дотор аймаг, сум, багийн Засаг даргад хүргүүлэх;
4.2.3.Энэ журмын 4.6.9.2-т заасан саналыг харгалзан үзэж боломжтой тохиолдолд үүлэнд зориудаар нөлөөлөх генератор байршуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах;
4.3. Газрын даамал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1.Сумын нийт бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулах;
4.3.2. Газрын тухай хуулийн 58.5-д заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэх талаар санал өгөх;
4.3.3.Өвөлжөө, хаваржаа, худаг, уст цэгийн байршлыг тогтоож мэдээллийн сан үүсгэх, тогтмол шинэчлэх;
4.3.4.Сумын хилийн маргаантай байгаа асуудлыг судлан шийдвэрлүүлэх, санал боловсруулан холбогдох байгууллага, Засаг даргад хүргүүлэх;
4.3.5.Бэлчээр ашиглагчдын хэсгийн улирлын бэлчээр бүр дээр фотомониторингийн цэг байгуулж жил бүрийн 8 дугаар сард багтаан ашиглалтын үр нөлөөг хянах фотомониторингийн мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулж улсын хэмжээний нэгдсэн санд оруулах, шийдвэр гаргагчид болон малчдыг мэдээллээр хангах;
4.4.Байгаль орчны хяналтын улсын байцаагч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.4.1.Сумын бэлчээр ашиглах хариуцлагажуулах журмын 7.3 дэхь заалтын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллах;
4.4.2.Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжинд заагдсан эрх үүргээ хэрэгжүүлэн ажиллах;
4.5.Багийн иргэдийн Нийтийн Хурал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.5.1.Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, тайланг хэлэлцэх;
4.5.2.Бэлчээрийн сан бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт тавих;
4.5.3.Жил бүрийн 5 дугаар сарын 1-ний дотор хуралдаж, өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэн, дараа жил хийх ажлыг төлөвлөх;
4.5.4.Багийн Иргэдийн Нийтийн Хурал нь бэлчээрийн сангаас тухайн жилд багт зарцуулах хөрөнгийн жагсаалтыг баталж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах;
4.6.Сумын Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.6.1.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;
4.6.2.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг үндэслэн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу бэлчээр ашиглалтын хэсэгт бэлчээрийг болзол гэрээгээр ашиглуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэж, хариуцлага, үр дүнг тооцож ажиллах;
4.6.3.Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон журмын хэрэгжилтийн үр дүнд үндэслэх;
4.6.4.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг мөрдөн ажиллаж байгаа баг, малчин өрх, бэлчээр ашиглалтын хэсэгт давуу эрхтэйгээр хөрөнгө санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэх;
4.6.5.Гол, горхи, булаг, шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх арга хэмжээг авах;
4.6.6.Сумын бэлчээрийн даац хүрэлцээтэй жил өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржих малыг оруулахдаа тухайн багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, малчин өрхтэй байгуулсан гэрээгээр тохирсон хураамжийг Бэлчээрийн хамгаалах санд оруулсны дараа бэлчээр нутгийг зааж өгч, нутаглуулах;
4.6.7.Өмнөх жилийн гэрээний үүргээ биелүүлсний дараа журмын 1.3-т заасан зардлыг Бэлчээрийн санд төвлөрүүлснийг үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээг сунгах.
4.6.8.Газрын тухай хуулийн 52.8-д заасныг баримтлан гантай, эсхүл өвөлжилт хүндэрсэн багаас бэлчээрийн даац хүрэлцээтэй багийн нутаг дэвсгэрт айл өрх, мал сүргийг тухайн багийн Засаг даргатай зөвшилцөн оруулах шийдвэр гаргах;
4.6.9. Дараах саналыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт хүргүүлнэ:
4.6.9.1.Тухайн багийн бэлчээр нутагт фотомониторингийн судалгаа хийж болох оновчтой цэгийг нэмж тогтоох;
4.6.9.2.Ургац муу бэлчээрт үүлэнд зориудаар нөлөөлөх генератор байрлуулах;
4.6.10.Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахад шаардагдах хавсралт, зурган мэдээлэл гаргах, бэлчээр ашиглалтын гэрээг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, гэрээний хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;
4.6.11.Газрын тухай хуулийн 52.2 дахь заалтыг үндэслэн бэлчээрийн газрыг талхагдлаас хамгаалах, газрын гарц чадавхийг харгалзан малчидтай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж, журмын 1.4 дахь заалтын дагуу бэлчээрийн даацаас хэтэрсэн хонин толгой тутмаас хураамж авах.
4.7. Багийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.7.1.Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;
4.7.2.Худаг уст цэг гаргах саналыг авахдаа бэлчээрийн төлөв байдал бод, бог малын бэлчээрийн зайг харгалзан хүлээн авах;
4.7.3.Бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагч нарыг удирдлага зохион байгуулалтаар хангах;
4.7.4.Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, БАХ-тай байгуулсан бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг хянах;
4.7.5.Журмын 1.4-т заасан зардлыг хурааж, 7.1-д заасан Бэлчээрийн санд төвлөрүүлэх.
4.7.6.Тухайн жилд Бэлчээрийн санд хуримтлагдсан хөрөнгөөр санхүүжүүлэхээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас шийдвэрлэсэн ажлыг хэрэгжүүлэх;
4.7.7.Тухайн багийн нутагт дамжин өнгөрөх болон заазлахаар худалдан авсан малаас авах хураамжийг журмын 4.1 дэх заалтын дагуу бэлчээр хамгаалах санд төвлөрүүлэх.
Тав. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хэрэгжүүлэхэд бэлчээр ашиглалтын хэсгийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5. Бэлчээр ашиглалтын хэсгийн чиг үүрэг:
5.1.1.Бэлчээр ашиглалтын хэсэг нь хамтын шийдвэрийн үндсэн дээр аливаа ажлыг зохион байгуулна;
5.1.2.Монгол Улсын газрын тухай хуульд заасны дагуу өвөлжөө, хаваржааны бэлчээрийг бэлчээр ашиглалтын хэсгийн бүх өрх 6 дугаар сарын 05-20-ны дотор нүүж, бүрэн чөлөөлөх;
5.1.3.Улирал хоорондын бэлчээрлэлтийн хугацааг тухайн газрын гарц, цаг агаарын нөхцөл байдлаас хамааран Бэлчээр ашиглалтын хэсгийн хурлаар хэлэлцэж төлөвлөх;
5.1.4.Зун, намрын бог мал оторлолтыг 7 дугаар сарын 10-ны дотор, адууг 12 дугаар сарын дундуур оторт гаргах ажлыг зохион байгуулах.
5.1.5.Бог малын бэлчээрлэлт хариулагыг өрх, хот айлын бэлчээрээр, бод малын бэлчээрийг бэлчээр ашиглалтын хэсгийн бэлчээрийн аль боломжтой хэсэгт байхаар зохицуулах;
5.2.Бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагчийн чиг үүрэг:
5.2.1.Бэлчээр ашиглалтын хэсгийнгишүүдийг нэгдсэн зохион байгуулалт, мэдээллээр хангах;
5.2.2.Бэлчээр ашиглалтын хэсэгтэй холбогдолтой мэдээ, судалгааг тухай бүр холбогдох газарт гарган өгөх;
5.2.3.Бэлчээр ашиглалтын хэсгийн хурлыг удирдан зохион байгуулж, жилд 2-оос доошгүй удаа зарлан хуралдуулах;
5.2.4.Бэлчээр ашиглалтын нутаг дэвсгэрт бэлчээрийн фотомониторинг хийх ажлыг хамтран зохион байгуулах;
Зургаа. Бэлчээрийг ашиглуулах
6.1.Иргэний хуулийн 481.1-т заасан бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөл буюу БАХ-ийн зохион байгуулалтад орсон малчдад сумын Засаг дарга бэлчээрийг Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу гэрээгээр ашиглуулна;
6.2.Бэлчээр ашиглалтын хэсэг, түүний гишүүн малчин дараах эрхийг эдэлнэ:
6.2.1.Бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулахад оролцох;
6.2.2.Бэлчээрийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах, уг арга хэмжээний явц, гүйцэтгэлд болон сангийн зарцуулалтын байдалд хяналт тавих;
6.2.3.Дор дурдсан тохиолдолд малчин өрх, түүний мал бэлчээр ашиглалтын гэрээнд заасан малын тоог бэлчээрийн даацад тохируулах зохицуулалтад хамрагдахгүй байх;
6.3.Бэлчээр ашиглалтын хэсэг, түүний гишүүн малчин бэлчээр ашиглахтай холбогдсон дараах үүргийг хүлээнэ:
6.3.1.Бэлчээрийг өнжөөж, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гаргасан Засаг даргын шийдвэрийг дагаж биелүүлэх;
6.3.2.Бэлчээр ашиглалтын гэрээнд заасны дагуу бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх;
6.3.3.Бэлчээр ашиглалтын гэрээгээр тохирсоны дагуу энэ журмын 1.4-т заасан Хураамжийг тухайн оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах;
6.3.4.Өөр баг, сум, аймгаас дур мэдэн айл өрх, мал сүрэг оруулж ирэхгүй байх;
6.3.5.Өөр аймаг сумын малчдад өвөлжөө, хаваржаа, хонд бууцыг дамжуулан ашиглуулахгүй байх;
6.3.6.Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрт байгаа малын сэг, зэм, хог хаягдлыг цэвэрлэх;
6.3.7.Малаас чөлөөлсөн өвөлжөө, хаваржааны бэлчээрт заасан хугацаанд мал оруулахгүй байх;
6.3.8.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан бэлчээр ашиглалтын улирлын хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх;
6.3.9.Бэлчээрт хог хаягдал, хортой зүйлс, шавхай бууц, сэг зэмээр хашаа хороо, өтөг бууц, бэлчээр, усны эх үүсвэрийг бохирдуулахгүй байх;
6.3.10.Зуслан, намаржаа болон бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгаснаас өөр газар дур мэдэн өвөлжөө, хаваржаа барихгүй байх;
6.3.11.Бэлчээрийн даацаас илүү гарсан малыг тухайн жилийн мал тооллого хүртэлх хугацаанд зах зээлд борлуулах, цөөн тооны мал бүхий малчин өрхөд хөлсөөр маллуулан дэмжих, бэлчээрийн даац бүхий өөр аймаг сумдын нутагт отроор явах;
6.3.12.Бэлчээрийг хашиж, өмчирхөхгүй байх:
6.3.13.Нийтээр ашиглах нөөц бэлчээр бүхий уст цэгийг малчид дундын хэрэгцээнд ашиглах;
Долоо. Бэлчээрийн хамгаалах сан
7.1.Бэлчээрийн сангийн хөрөнгийг тухайн багийн Засаг даргын дэргэдэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 28.8-т заасан мөнгөн хөрөнгийн санд төвлөрүүлнэ;
7.2.Багийн бэлчээрийн санг сумын бэлчээр ашиглагчдын холбоонд баг бүрийн бэлчээрийн санг тусгай шилэн данс хэлбэрээр байршуулна;
7.2.1.Бэлчээр хамгаалах санд хураамж байршуулах, чөлөөлөх.
7.2.1.1.Хураамж ногдуулах, байршуулах.
7.2.1.2.Журмын 4.6.11 дэх заалтын дагуу сумын Засаг даргатай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж, даацаас хэтэрсэн хонин толгой тутамд малчин өрх хураамж төлөх.
7.2.1.3. Журмын 4.6.6-т, 4.7.7 дахь заалтын хураамжийн хэмжээгсараар тооцох
7.2.2. Бэлчээр хамгаалах сангийн хураамжаас чөлөөлөх.
7.2.2.1.Сумын нутаг дэвсгэрийн 50-иас доошгүй хувь нь гантай байсан нь тогтоогдсон нөхцөлд нийт малчин өрхийг:
7.2.2.2.Хонин толгойд шилжүүлснээр сумын малчин өрхийн 1 гишүүнд ногдох 100 хүртлэх хонин толгой мал.
7.2.2.3.Сумын нийт мал бүхий өрх. /Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу бэлчээрийн төлбөр төлдөг учир давхардуулж төлөхгүй./
7.3. Бэлчээрийн сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
7.3.1.Энэ журмын 1.4-т заасан зардал;
7.3.2.Мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслийн хөрөнгө;
7.3.3.Бэлчээрийн санд аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилсан тухайн багаас хуримтлагдсан хөрөнгийн хэмжээтэй тэнцэх хэмжээний хөрөнгө;
7.3.4.Энэ журмын 4.6.6-д заасны дагуу өөр аймаг, сумын нутгаас оруулсан малын хонин толгой тутамд гэрээгээр тохирсон мөнгөн хураамж;
7.3.5.Хандив, тусламж, бусад эх үүсвэр;
7.4. Бэлчээрийн сангийн хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна:
7.4.1.Доройтсон, хэт доройтсон бэлчээрийг нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаа (бусад малчдын эрх ашгийг хөндөхгүйгээр);
7.4.2.Ашиглагдахгүй бэлчээрийг ашиглах зорилгоор хөв, цөөрөм, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, зам засах;
7.4.3.Багийн хэмжээнд ашиглах хадлан тэжээлийн талбай бий болгох;
7.4.4.Бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх;
7.4.5.Бэлчээрт үүлэнд зориудаар нөлөөлөх зорилгоор генератор суурилуулах, түүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд /түлш авах, үүлэнд зориудаар нөлөөлөх/;
7.4.6.Бэлчээр дэх уст цэг гаргах, хужир мараа бүхий нийтээр ашиглах мод, бут, сөөг, олон наст тэжээлийн ургамал тариалах;
7.5.Өөр аймаг сумд отроор яваа малчин өрхөд шаардлагатай бол сангаас дэмжлэг үзүүлж болно;
Найм. Маргаан шийдвэрлэх, хохирол нөхөн төлүүлэх
8.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52.10-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ;
8.2.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна;
Ес. Хариуцлага хүлээлгэх, өөрчлөлт оруулах
9.1.Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Монгол улсын Зөрчлийн тухай хууль, бусад холбогдох эрх зүйн актаар зохицуулна.
9.1.Бэлчээр ашиглалтын хэсгийн саналд үндэслэн Багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэр, төрөөс баримтлах бодлого зэргийг үндэслэн сумын иргэдийн төлөөлөгдийн хурлын шийдвэрээр өөрчлөлт оруулна.
Арав. Журам хүчин төгөлдөр болох
10.1.Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ;
Текст томруулах
A
A
A