A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн ИТХ-ын X хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн

 79 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Орон нутгийн өөрийн өмчийн / цаашид өмчийн гэх / эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3,4, 5 - д зааснаас бусад орон нутгийн өмчийн бүх төрлийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлж болно.

1.3. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг иргэн хуулийн этгээдэд түрээсээр эзэмшүүлэх зорилго нь орон нутгийн өмчийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

1.4. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшигч. ашиглагч нь эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай Монгол улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд / цаашид  түрээслэгч  гэнэ / байна.

1.5. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэгч аймгийн ОНӨГазар болон орон нутгийн өмчит хуулийн этгээд/ цаашид  түрээслүүлэгч  гэнэ / байна.

1.6. Түрээслүүлэгч нь орон нутгийн өмчийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхдээ аймгийн Орон нутгийн өмчийн газрын зөвшөөрлийг авна.

1.7. Түрээслүүлэгч болон түрээслэгчийн хоорондын харилцааг холбогдох хууль тогтоомж, энэхүү журам, журамд нийцүүлэн байгуулсан түрээсийн гэрээгээр зохицуулна.

1.8. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгч нь түрээсээр эзэмшиж буй орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх, эрх залгамжлан түрээслэх бол заавал аймгийн Орон нутгийн өмчийн газраас зөвшөөрөл авна.

1.9. Орон нутгийн өмчийн 60 м.кв –ээс дээш талбайг түрээслүүлэхэд Орон нутгийн өмчийн газрын даргын тушаалаар 5-аас дээшгүй бүрэлдэхүүнтэй комисс байгуулж түрээслэгчдийн дунд сонгон шалгаруулалт явуулах ба комиссын бүрэлдэхүүнд түрээслүүлэгчийн 2 төлөөллийг оруулна.

1.10. Орон нутгийн өмчийн 60 м.кв хүртэл талбайг болон бусад эд хөрөнгийг түрээслүүлэхэд түрээслүүлэгч хуулийн этгээдийн даргын тушаалаар байгуулсан комисс сонгон шалгаруулалтгүй зохион байгуулах ба комиссын бүрэлдэхүүнд Орон нутгийн өмчийн газраас төлөөлөл оролцуулж болно.

1.11. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг аймгийн Орон нутгийн өмчийн газар боловсруулж мөрдөнө.

1.12. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг холбогдох байгууллага, албан тушаалтны саналыг авч Аймгийн ИТХ-д оруулан батлуулж мөрдөнө. 

ХОЁР. ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН

 ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

2.1. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн бичгээр байгуулж, наторитаар батлуулна. 

2.2. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулахдаа аймгийн ИТХ-ын баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно.

2.3. Орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг аймгийн Орон нутгийн өмчийн газраар батлуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлнэ.

2.4. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацааг түрээсэлж байгаа эд хөрөнгийн шинж байдал, зориулалт, онцлогийг харгалзан талууд харилцан тохиролцож тогтооно.

2.5. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчтүрээслэгчээс авсан түрээсийн төлбөрийн нийт үнийн дүнгийн 30 хувийг Төрийн сан дахь 100020051424 тоот нэмэлт дансанд сар бүр төвлөрүүлнэ.

2.6. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний биелэлтэд Орон нутгийн өмчийн газар хяналт тавина.

2.7. Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж байгаа орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлсэн бол энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Орон нутгийн өмчийн газарт ирүүлж байх үүрэгтэй.

2.8. Түрээслэгч нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал, урсгал засварыг хариуцан чанар байдлыг алдагдуулахгүй байх үүрэгтэй бөгөөд аймгийн Орон нутгийн өмчийн газрын зөвшөөрөлгүй анхны зураг төслийн шийдэл, зориулалтыг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно.

2.9. Хэрэв орон нутгийн өмчийн эд хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай бол энэ тухай зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах, зохион байгуулах асуудлыг холбогдох дүрэм, журмыг баримтлан мөрдөх ба урсгал засварын зардлыг түрээсийн төлбөрт оруулан тооцож батална. 

2.10. Тухайн үеийн орон нутгийн эдийн засгийн ашиг сонирхол, үйлдвэрлэл үйлчилгээний онцлог шинж байдалтай уялдан байгуулсан гэрээнд энэ журам үйлчлэхгүй. 

ГУРАВ. ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН

ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ

3.1. Түрээслэгч орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу төлбөрийн чадваргүй болсон, эсвэл гэрээнд тусгайлан заасан тохиолдолд түрээслүүлэгч дангаар гэрээг цуцалж учирсан хохирлыг төлүүлнэ.

ДӨРӨВ. ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

4.1.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг аймгийн Орон нутгийн өмчийн газар шийдвэрлэнэ.

4.2.Түрээслэгч аймгийн Орон нутгийн өмчийн газрын шийдвэрийг эс зөвшөөрвөл зохих шатны байгууллага болон хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.