- Нүүр
- Сайдын тушаал
- БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТ ХИЙХ ЭРХ ОЛГОХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны
А/809 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТ ХИЙХ
ЭРХ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь байгаль орчны аудит хийх эрх олгох, сунгах, цуцлах болон байгаль орчны аудитын мэргэшсэн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Байгаль орчны аудит хийх эрхийг холбогдох хууль, энэ журамд заасан шаардлага, нөхцөлийг хангасан Монгол Улсын хуулийн этгээдэд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгоно.
1.3. Байгаль орчны аудитын үйл ажиллагаа гэж байгаль орчны аудитын хийх эрх бүхий хуулийн этгээдээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.14-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хэлнэ.
1.4. Байгаль орчны аудитор (цаашид “аудитор” гэх) нь холбогдох хууль, журам, аргачлалын хүрээнд хараат бус байдлаар тухайн нөхцөл байдалд бодитой хандаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлага, энэ журамд заасан ёс зүйн зарчмыг тус тус баримталж ажиллана.
1.5. Байгаль орчны аудит хийх эрх бүхий хуулийн этгээд нь зөвхөн байгаль орчны аудитын үйл ажиллагаа эрхэлнэ.
1.6. Байгаль орчны аудитын үйл ажиллагааг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр эрхлэн явуулж болно.
Хоёр. Байгаль орчны аудит хийх эрх олгох, сунгах, цуцлах
2.1. Байгаль орчны аудит хийх эрх хүссэн хуулийн этгээд нь дор дурдсан шаардлагыг хангасан байна.
2.1.1. гүйцэтгэх удирдлага нь байгаль орчны аудиторын эрхтэй байх;
2.1.2. гурваас доошгүй орон тооны эрх бүхий байгаль орчны аудитортай байх;
2.1.3. энэ журмын 2.1.1, 2.1.2-т заасан аудиторууд нь ёс зүйн зөрчилгүй байх;
2.1.4. хуульд заасан бусад.
2.2. Байгаль орчны аудит хийх эрх хүссэн хуулийн этгээд нь дараах баримт бичгийн бүрдлийг ханган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад эрх авах тухай хүсэлтээ хүргүүлнэ.
2.2.1. Байгаль орчны аудит хийх эрх хүссэн тухай албан тоот;
2.2.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.2.3. байгаль орчны аудиторын эрхийн гэрчилгээний хуулбар;
2.2.4. байгаль орчны аудиторын нийгмийн даатгалын лавлагаа;
2.3. Байгаль орчны аудит хийх эрх бүхий хуулийн этгээд нь байгаль орчны аудит хийх эрх сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 2 сарын өмнө дор дурдсан бичиг баримтын хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.3.1. байгаль орчны аудит хийх эрхийн хугацааг сунгуулах тухай албан тоот;
2.3.2. гүйцэтгэсэн байгаль орчны аудитын жагсаалт, экологийн хариуцлагын гэрээний хуулбар;
2.3.3. байгаль орчны аудиторын эрхийн гэрчилгээний хуулбар;
2.3.4. байгаль орчны аудиторын нийгмийн даатгалын лавлагаа;
2.4. Байгаль орчны аудит хийх эрхийг дараах тохиолдолд цуцална:
2.4.1. хуулийн этгээд өөрөө хүсэлт гаргасан;
2.4.2. бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон;
2.4.3. байгаль орчны аудитыг холбогдох журам, аргачлалын дагуу хийгээгүйг тогтоосон;
2.4.4. холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон;
Гурав. Байгаль орчны аудиторын эрх олгох, сунгах, цуцлах
3.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгаль орчны аудиторын эрх олгох, сунгах, цуцлах эсэх асуудлаар шийдвэр гаргана.
3.2. Энэ журамд заасан байгаль орчны аудиторын эрх олгох шаардлагыг хангасан иргэнд 5 жилийн хугацаагаар олгоно.
3.3. Байгаль орчны аудиторын эрх авахыг хүссэн иргэн дараах шаардлагыг хангасан байна.
3.3.1. байгалийн шинжлэх ухаан, хүрээлэн буй орчин, эрх зүйч мэргэжилтэй;
3.3.2. байгаль орчны чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан;
3.3.3. энэ журмын 11.1-д заасны дагуу шалгарсан сургалтын байгууллагаас зохион байгуулсан байгаль орчны аудиторын сургалтад хамрагдсан;
3.3.4. байгаль орчны аудит хийхэд оролцсон байх;
3.4. Байгаль орчны аудиторын эрхийг авахыг хүссэн иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.4.1. эрх авахыг хүссэн өргөдөл;
3.4.2. иргэний үнэмлэхийн болон дээд боловсролын дипломын хуулбар;
3.4.3. нийгмийн даатгалын лавлагаа;
3.4.4. энэ журмын 11.1-д заасны дагуу шалгарсан сургалтын байгууллагаас зохион байгуулсан байгаль орчны аудиторын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
3.4.5. байгаль орчны аудит хийхэд оролцсон тухай тодорхойлолт;
3.5. Байгаль орчны аудитор нь эрхийн хугацаа дуусахаас 3-аас доошгүй сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргана.
3.6. Дараах шаардлагыг хангасан байгаль орчны аудиторын эрхийг 5 жилийн хугацаагаар сунгана.
3.6.1. 5-аас доошгүй байгаль орчны аудитын үйл ажиллагаанд оролцсон байх;
3.6.2. 2-оос доошгүй олон улсын эсхүл дотоодын байгаль орчны аудитын сургалтад хамрагдсан байх;
3.7. Байгаль орчны аудиторын эрхийг дараах үндэслэлээр цуцалж болно:
3.7.1. аудиторын эрх авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
3.7.2. аудиторын ёс зүйн болон ноцтой зөрчил гаргасан;
Дөрөв. Байгаль орчны аудит хийх эрх бүхий хуулийн этгээдийн эрх, үүрэг
4.1. Байгаль орчны аудит хийх эрх бүхий хуулийн этгээд дараах эрхтэй.
4.1.1. байгаль орчны аудит хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр хангахыг захиалагч, холбогдох гуравдагч этгээдээс шаардах;
4.1.2. захиалагч нь байгаль орчны аудитын үйл ажиллагааг гүйцэтгэхэд шаардагдах баримт бичиг, мэдээллээр хангаагүй, гэрээнд тусгасан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй бол түүнд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
4.1.3. байгаль орчны аудит хийхэд бусад аудиторыг гэрээгээр ажиллуулах;
4.1.4. шаардлагатай гэж үзвэл экологийн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ даатгуулах;
4.1.5. хуульд заасан бусад эрх.
4.2. Байгаль орчны аудит хийх эрх бүхий хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ.
4.2.1. байгаль орчны аудитын үйл ажиллагааны явцад захиалагч нь байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гаргасан, гаргах нөхцөл байдал үүсгэсэн бол зохих байгууллагад мэдэгдэх;
4.2.2. байгаль орчны аудитын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам, аргачлалын дагуу боловсруулах;
4.2.3. захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
4.2.4. аудит хийх явцад захиалагч болон гуравдагч этгээдээс авсан баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангах;
4.2.5. аудит хийх явцад олж авсан аливаа мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлэхээс татгалзах, нууцлалыг хадгалах;
4.2.6. өөрийн гүйцэтгэсэн байгаль орчны аудитын дүгнэлт, зөвлөмжийн үнэн зөв байдал болон үр дагаврыг бүрэн хариуцах;
4.2.7. өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх.
Тав. Байгаль орчны аудитын захиалагчийн эрх, үүрэг
5.1. Байгаль орчны аудитын захиалагч гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 101.1-д заасан байгаль орчны аудитыг захиалагчийг ойлгоно.
5.2. Байгаль орчны аудитын захиалагч нь дараах эрхтэй:
5.2.1. байгаль орчны аудитын үйлчилгээ авахаар эрх бүхий хуулийн этгээдийг сонгох;
5.2.2. төслийн техник, эдийн засгийн болон холбогдох бусад үнэлгээ, технологи, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой зохих мэдээллийг нууцлахыг гэрээт байгаль орчны аудитын эрх бүхий хуулийн этгээдээс шаардах;
5.2.3. байгаль орчны аудитын зөвлөмжид санал өгөх;
5.2.4. байгаль орчны аудитын тайланг өмчлөх;
5.2.5. энэ журмын 9.2-р зүйлд заасан үндэслэл, шалтгаанаар аудитын багийн гишүүнийг солих хүсэлт гаргах;
5.2.6. шаардлагатай гэж үзвэл экологийн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ даатгуулах;
5.2.7. холбогдох хууль тогтоомжид тусгасан бусад эрх.
5.3. Байгаль орчны аудитын захиалагч нь дараахь үүрэгтэй:
5.3.1. гэрээт байгаль орчны аудитын эрх бүхий хуулийн этгээдийн шаардсан баримт бичиг, мэдээллийг гэрээ, төлөвлөгөөнд заасан хугацаанд гаргаж өгөх, холбогдох бусад нөхцөлөөр хангах;
5.3.2. байгаль орчны аудитын үйл ажиллагаанд холбогдох аливаа бичиг баримт, тайлан, төлөвлөгөөний үнэн зөвийг хариуцах;
5.3.3. гэрээт байгаль орчны аудитын эрх бүхий хуулийн этгээдийн хүссэн, шаардлагатай бичиг баримтыг гуравдагч этгээдээс гаргуулж түүнд өгөх;
5.3.4. үл нийцлийг залруулах зөвлөмжийг биелүүлэх;
5.3.5. үл нийцлийг залруулах зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлын тайланг тогтоосон хугацаанд аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлэх;
5.3.6. байгаль орчны аудитын үйл ажиллагаанд саад учруулахгүй, хөндлөнгөөс оролцохгүй, аудитын тайланд ямар нэг хэлбэрээр нөлөөлөхгүй байх.
5.4. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан байгаль орчны төлөвлөгөөт бус аудитын захиалагч нь уг аудитыг захиалах, гүйцэтгүүлэх тохиолдолд энэ журмыг баримтлан ажиллана.
Зургаа. Байгаль орчны аудитын ажил гүйцэтгэх гэрээ, экологийн хариуцлагын гэрээ, даатгал
6.1. Байгаль орчны аудит хийх эрх бүхий хуулийн этгээд нь тухайн захиалагчтай Монгол Улсын Иргэний хуулийн дагуу ажил гүйцэтгэх гэрээ, экологийн хариуцлагын гэрээ байгуулж ажиллана.
6.2. Энэ журмын 6.1-д заасан экологийн хариуцлагын гэрээний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
6.3. Байгаль орчны аудит хийх эрх бүхий хуулийн этгээд нь тухайн экологийн хариуцлагын гэрээний хариуцлагыг даатгуулж болно.
Долоо. Байгаль орчны аудиторын ёс зүйн зарчим, зөрчил
7.1. Байгаль орчны аудитор нь өөрийн үйл ажиллагаандаа хууль дээдлэх, мэргэжлийн байх, хараат бус байх, нотолгоонд суурилах, нууц хадгалах зарчмыг баримтална.
7.2. Дараах зөрчлийг энэ журамд заасан ёс зүйн зөрчилд хамруулна.
7.2.1. харилцан хамаарал, ашиг сонирхлын зөрчил бүхий этгээдийн үйл ажиллагаанд байгаль орчны аудит хийх;
7.2.2. бусдад аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлэх;
7.2.3. байгаль орчны аудитын үйл ажиллагааны дүгнэлт, тайлан, зөвлөмж зэргийг хуурамчаар үйлдэх, алдаатай, чанаргүй гүйцэтгэх;
7.2.4. зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдад нууцыг задруулах, аливаа мэдээллийг бусад зорилгоор ашиглах;
7.2.5. гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэх;
7.2.6. бусад.
Найм. Байгаль орчны аудитын чанарын баталгаажуулалт
8.1. Байгаль орчны аудитын сургалт, тайлан, аудитор, аудит хийх эрх бүхий хуулийн этгээд нь чанарын баталгаажуулалтыг нэвтрүүлж болно.
8.2. Энэхүү чанарын баталгаажуулалтыг нэвтрүүлэх үйл явцыг байгаль орчны аудитын аргачлалд тусгана.
Ес. Байгаль орчны салбарын төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо
9.1. Байгаль орчны аудитын үйл ажиллагаанд байгаль орчны салбарын төрийн бус байгууллага нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай болон Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ журамд заасан зохицуулалтын хүрээнд оролцож, хамтран ажиллаж болно.
9.2. Захиалагч нь байгаль орчны аудит хийх эрх бүхий хуулийн этгээдтэй байгуулах гэрээнд харьяа орон нутгийн иргэдэд мэдээлэл хүргэх, олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагааг тусган хэрэгжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд холбогдох зардлыг хариуцна.
Арав. Байгаль орчны аудитор, аудит хийх эрх бүхий хуулийн этгээдтэй холбоотой гомдол, маргааныг шийдвэрлэх
10.1. Иргэн, хуулийн этгээд нь байгаль орчны аудитор, аудит хийх эрх бүхий хуулийн этгээдийн талаарх гомдлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж болно.
10.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногт багтаан шалгаж гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.
Арван нэг. Бусад
11.1. Байгаль орчны аудит хийх мэргэшсэн боловсон хүчнийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай энэ чиглэлээр хамтран ажиллахаар шалгарч гэрээ байгуулсан эрх бүхий сургалтын байгууллага бэлтгэнэ.
11.2.Байгаль орчны аудит хийх мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх сургалтын хөтөлбөрийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
11.3. Байгаль орчны аудитын үйл ажиллагааны талаарх тайлан болон байгаль орчны аудитор, аудитын эрх бүхий хуулийн этгээдэд эрх олгох, сунгах, цуцлахтай холбогдох мэдээллийг байгаль орчны мэдээллийн санд бүртгэх ажлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
11.4. Энэ журмыг зөрчсөн нь Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай зэрэг хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Текст томруулах
A
A
A