A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛДВЭРЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ, МӨНГӨН БУС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ /ХХААХҮС, СС-ын 2022 оны А/218,А/146 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болсон
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  

сайд, Сангийн сайдын 2019 оны 290/А-504

дүгээр хамтарсан тушаалын хавсралт

 

ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ИРГЭН, ХУУЛИЙН

ЭТГЭЭДИЙН ҮЙЛДВЭРЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНД МӨНГӨН

УРАМШУУЛАЛ ОЛГОХ, МӨНГӨН БУС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амыг эх орны үйлдвэрийн эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилгоор тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал болон мөнгөн бус дэмжлэг үзүүлэх, бусад бүтээгдэхүүнд мөнгөн бус дэмжлэг үзүүлэхэд зориулсан   хөрөнгийг зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбоотойгоор үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2 Урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүнд олгох мөнгөн урамшууллын хэмжээ,  үзүүлэх мөнгөн бус дэмжлэгийн төрөл, тоо хэмжээ, олгох нөхцөл, хэлбэрийг тогтоох шийдвэр гарахаас өмнө олон нийтэд урьдчилан зарлах, мэдээлэх, аливаа амлалт өгч үл болно. 

1.3 Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэхүү журмын 4.1-д заасан шаардлагуудыг ханган мөн журмын  5.1 - д заасны дагуу шаардлага хангасан хүсэлт, баримт материалыг үндэслэн тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн (цаашид “Сайд” гэх)-ий  тушаалаар мөнгөн урамшуулал олгох болон мөнгөн бус дэмжлэг үзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. 

1.4 Мөнгөн урамшуулал олгох болон мөнгөн бус дэмжлэг үзүүлэх хөрөнгийг Сайдын шийдвэрийг үндэслэн тус яамны холбогдох байгууллага, нэгж хариуцаж шилжүүлэн олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох данс нь Төрийн санд бүртгэгдсэн байна.

1.5 Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага болон түүний  харъяа байгууллагууд тариалан эрхлэгчдэд  зээл олгох тохиолдолд урамшуулалд олгосон мөнгөн болон мөнгөн бус хөрөнгийг зээлийн  барьцаа болгож үл болно. 

1.6 Гадаад орны зээл, хандив, буцалтгүй тусламжийг тухайн орны гэрээ, санамж бичигт өөрөөр заагаагүй бол Засгийн газрын тогтоолыг үндэслэн мөнгөн урамшуулал болон мөнгөн бус дэмжлэгийг санхүүжүүлэх эх үүсвэр болгож болно. 

 

Хоёр. Дэмжлэг, урамшууллын хөрөнгийн эх үүсвэр, зориулалт

2.1.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд олгох мөнгөн урамшуулалд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг санхүүжүүлэх асуудлыг Төсвийн тухай хуульд заасан  төсвийн цаглабарын дагуу санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Сайдын төсвийн багцад хуваарилан батлуулна.

2.2.Мөнгөн болон мөнгөн бус дэмжлэгийг жилийн батлагдсан төсөвт багтаан төрөөс дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа тариалангийн бүтээгдэхүүнд олгох бөгөөд тухайн тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардагдах орцуудын хэрэглээ, шаардлага, үйлдвэрлэсэн хэмжээ, зах зээл дэх эрэлт, үнийн өсөлтийг харгалзан олгоно.

2.3.Урамшуулал болон дэмжлэгийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах үйл ажиллагаанд тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага хяналт тавина.

 

Гурав. Бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх

3.1.Тариалангийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулж, энэхүү журамд заасан шаардлагуудыг ханган байгаль орчинд ээлтэй, түүний нөөц баялгийг хамгаалан зохистой дэвшилтэт техник, технологи ашиглан нэгжээс авах ургацыг нэмэгдүүлж, тогтвортой үйлдвэрлэл эрхэлж, бүтээгдэхүүнээ зах зээлд хөнгөлөлттэй нийлүүлж, хангамжийг нэмэгдүүлсэн тариалан эрхлэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал болон мөнгөн бус дэмжлэг олгоно.

3.2.Мөнгөн урамшуулалд хамруулах тухай Сайдын шийдвэрийг үндэслэн стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн гурил үйлдвэрлэх зорилгоор нийлүүлсэн улаан буудайн нэгж хэмжээнд урамшуулал олгоно.

3.3.Мөнгөн бус дэмжлэгийн хүрээнд олгох  техник, тоног төхөөрөмжийг Сайдын шийдвэрийг үндэслэн  үнэ, хугацаа, төлбөр төлөх нөхцөлийг хөнгөлөх замаар зах зээлийн ханшаас хямд үнээр болон  зээлээр олгоно. 

3.4.Байгаль, цаг уур, эдийн засгийн болон бусад хүчин зүйлээс хамааран техник, тоног төхөөрөмжөөс өөр хэлбэр, төрлөөр (жимс, жимсгэний суулгац, үр, бордоо, шатахуун, ургамал хамгааллын бодис, усалгааны тоног, төхөөрөмж, услалтын систем, хашаа, ойн зурвас, хөрсний үржил шимийг тодорхойлох шинжилгээ, зоорь, агуулах, хүлэмж болон уур амьсгалд дасан зохицсон ухаалаг газар тариаланг хөгжүүлэхэд  шаардагдах бусад хэрэгсэл) мөнгөн бус дэмжлэг үзүүлж болох бөгөөд энэ тохиолдолд Сайдын шийдвэрээр дэмжлэгийн хэлбэрийг тогтооно.  

 

Дөрөв. Мөнгөн урамшуулал болон мөнгөн бус дэмжлэгт

хамрагдахад тавих шалгуур үзүүлэлт

4.1.Мөнгөн урамшуулал болон мөнгөн бус дэмжлэгт хамрагдахад дараахь шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тариалан эрхлэгчийн материалыг ирүүлсэн байна. Үүнд:

4.1.1 Эзэмшиж буй тариалангийн талбайн хөрсний үржил шим нь Тариалангийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан,  26 дугаар зүйлийн 26.4, 26.5-т заасан агрохимийн болон агрофизикийн үзүүлэлтээр, усалгааны усны pH, эрдэс бодисын агууламж (кальци, натри, кали, магни, зэс гэх мэт), хүнд металл, химийн бордоо, пестицидийн үлдэгдэл болон бусад бохирдуулагчийг илрүүлэх шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид тус тус хийлгүүлсэн байх;

4.1.2 Энэхүү журмын 4.1.1 –д заасан шинжилгээний дүнг үндэслэн тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулах, элэгдэл эвдрэлийг бууруулах, усны найрлага, чанарыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх (сэлгээний таримал тариалсан, ногоон бордуурт уринш, нийлмэл, эрдэс болон органик  бордооны зохистой хэрэглээ, ойн зурвас, хашаа, давтан шинжилгээний дүн  гэх мэт);

4.1.3 Ургамал хамгааллын арга хэмжээнд байгальд ээлтэй ургамал хамгааллын цогц арга, газар тариалангийн зохистой дадал хэрэгжүүлсэн, талбайн түүхийн дэвтэр, гарал үүслийн гэрчилгээ, тамгатай байх;

4.1.4  Мэргэжлийн хөдөө аж ахуйн инженер, агрономчтай байх;

4.1.5 Таримлын үрийг 5 жил тутамд шинэчилсэн, техник технологийн шинэчлэл хийсэн, засвар үйлчилгээний газар байгуулсан болон байгуулах төсөл хөтөлбөр боловсруулсан байдал, ургацын чанар, тоо хэмжээг тогтвортой нэмэгдүүлсэн байх;

4.1.6 Бүтээгдэхүүний тариалсан талбай, хураасан ургац, бэлтгэсэн уринш болон техникийн бэлэн байдлын талаарх мэдээллийг сум, дүүргийн Засаг даргын тамгийн газарт тогтмол гаргаж өгсөн байх;

     4.1.7.Өөрсдийн эзэмшилийн  болон өмчлөлийн трактор, хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмж, зоорь, үтрэм, агуулах, элеватор, услалтын системийг паспортжуулан харьяа Хүнс, хөдөө аж ахуйн газарт бүртгүүлж тооллогод хамруулсан байх;

   4.1.8.Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан байдал.  

 

Тав. Мөнгөн урамшуулал, мөнгөн бус дэмжлэгт хамрагдах

 хүсэлт гаргах,  бүрдүүлэх баримт материал

5.1.Стандартын шаардлага ханган үйлдвэрлэсэн стратегийн бүтээгдэхүүнийг гурил үйлдвэрлэх зорилгоор нийлүүлсэн тариалан эрхлэгч нар  мөнгөн урамшуулал болон мөнгөн бус дэмжлэгт хамрагдах, бусад тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа тариалан эрхлэгч нар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ мөнгөн бус дэмжлэг авах тухай хүсэлт гаргаж болох бөгөөд дараахь баримт материалыг заавал бүрдүүлнэ. Үүнд:

5.1.1.Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлсэн тухай цэвэр жингээр тооцоо нийлсэн акт, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, байгуулсан гэрээ;

5.1.2.Урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

5.1.3.Бүтээгдэхүүн нийлүүлсэн тариалан эрхлэгчийн харъяалах татварын албаны тодорхойлолт;

5.1.4.Тариалангийн талбайг эзэмших гэрчилгээ, эсвэл өмчилж авсан газрын гэрчилгээний хуулбар;

5.1.5.Урамшуулалд хамрагдаж буй бүтээгдэхүүний тариалсан талбай, хураан авсан ургацын хэмжээ болон бусад шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тухай  харъяа Хүнс, хөдөө аж ахуйн газрын болон Сумын засаг даргын тодорхойлолт;

5.1.6.Урамшуулалд хамрагдах хүсэлтэй тариалан эрхлэгч нь энэ журмын хавсралтад заасан өргөдлийн маягтын дагуу хүсэлтээ гаргаж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байна. Байгууллагын захирал эсвэл иргэн өөрөө маягтыг бөглөх, хэрэв материал бүрдүүлэх боломжгүй бол итгэмжилсэн этгээдтэй байх.

Зургаа. Төрийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээ

6.1.Тариалан эрхлэгчээс урамшуулалд хамрагдах зорилгоор энэ журмын 5.1-д заасны дагуу бүрдүүлсэн материалыг сумын Засаг даргын Тамгын газар хүлээн авч, материалын бүрдэлт болон үнэн зөв эсэхийг хянаж баталгаажуулан, эх материалын хамт харъяалах аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт албан тоотоор хүргүүлнэ.

6.2.Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь сумдаас ирүүлсэн тариалан эрхлэгчийн урамшууллын материалыг хянаж, нэгтгэн үндсэн материалын хамт тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагын газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

6.3.Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газруудаас нэгтгэж ирүүлсэн материалыг хүлээн авч урамшуулал олгох асуудлыг эцэслэн хянаж, нэгтгэн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгчид урамшуулал олгох асуудлыг Сайдын тушаалаар шийдвэрлүүлнэ.

6.4.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагын харъяа холбогдох байгууллага нь Сайдын тушаалын хавсралтад заасан хуваарь, хэмжээний дагуу  мөнгөн бус дэмжлэгт  хамрагдсан иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулан хуваарилах ажлыг зохион байгуулна.

6.5.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагын Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг мөнгөн бус дэмжлэгт олгох барааг нийлүүлэх ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу зохион байгуулна. Сайдын тушаалаар баталсан мөнгөн бус дэмжлэгээр олгох барааны нэр төрөл, тоо хэмжээ, нөхцлийг ажлын хэсэг өөрчлөхгүй.

6.6.Тариалан эрхлэгчдэд олгосон мөнгөн бус дэмжлэгүүдийн чанар, ашиглалт, баталгааны хугацаанд Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага хяналт тавьж ажиллана.

Долоо. Хөрөнгийг зарцуулах

7.1.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагын харъяа холбогдох байгууллага нь мөнгөн урамшуулал олгох болон мөнгөн бус дэмжлэг үзүүлэх тухай Сайдын тушаалыг холбогдох материалын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага материалыг хянан үзэж нийт урамшуулалд хамрагдах хөрөнгийн эрх болон мөнгөн бус дэмжлэг үзүүлэхтэй холбоотой бусад эрхийг нээж тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг үндэслэн дараах шилжүүлгээс аль тохирохыг хийнэ. Үүнд:

7.2.1.Мөнгөн урамшуулал олгох болон мөнгөн бус дэмжлэгт хамрагдахад шаардагдах нийт хөрөнгийг Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагын харъяа холбогдох байгууллагын Төрийн сан дахь харилцах дансанд шилжүүлнэ.

7.2.2.Хэрэв тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Сангийн яаманд өглөгтэй ба тэрхүү өглөгийг урамшуулал авах тариалан эрхлэгчид зээлдүүлсэн бол урамшууллын мөнгөнөөс зохих авлагыг суутган шилжүүлнэ.

7.2.3.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагын харъяа холбогдох байгууллага нь төсвөөс олгосон санхүүжилтийг тариалан эрхлэгчид бүрэн олгох ба урамшуулал авч буй тариалан эрхлэгч нь дээрх байгууллагад  гэрээгээр хүлээсэн өглөгтэй бол өглөгийг урамшууллын мөнгөнөөс суутган авч болно.

 

Найм. Тайлагнах, хяналт тавих

8.1.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагын харъяа холбогдох байгууллага, нэгж нь урамшуулал болон мөнгөн бус дэмжлэгт хамрагдсан иргэн, хуулийн этгээдийн энэхүү журмын 5.1-д заасны дагуу бүрдүүлсэн баримт, материал болон холбогдох бусад байгууллагаас хянаж, баталгаажуулсан шийдвэрийн хамт архивын нэгж болгон хадгална.

8.2.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа холбогдох байгууллага, нэгж нь тухайн онд урамшуулал болон мөнгөн бус дэмжлэгт хамрагдсан тариалан эрхлэгчдийн бүртгэл, хөрөнгө зарцуулалтын мэдээ тайланг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд  тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгуулагад тус тус хүргүүлнэ.

8.3.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа холбогдох байгууллага нь жил бүрийн мөнгөн урамшуулалд олгосон болон мөнгөн бус дэмжлэгт зориулсан хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн тайлан тэнцэлд тухайн тайланг гарсны дараа жилийн 2 дугаар улиралд багтаан аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж хувийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

8.4.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа холбогдох байгууллага нь шаардлагатай тохиолдолд урамшуулалд хамрагдсан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон тэдгээрийн үйлдвэрлэлийн байдалд харьяа мэргэжлийн хяналтын болон татварын албаар  шалгалт хийлгүүлж, шалгалтын мөрөөр холбогдох арга хэмжээ авч шалгалтын дүн тус бүрийг холбогдох тайлбар, нотлох баримтын хамт Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон  санхүү, төсвийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгуулагад тус тус хүргүүлнэ.

8.5.Урамшуулал болон мөнгөн бус дэмжлэгт хамрагдахын тулд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн баримт бичиг,  мэдээллийн үнэн зөвийг  тухайн ирүүлсэн этгээд бүрэн хариуцна.

8.6.Энэхүү журмын 8.5-д заасан баримт  бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагаас тогтоосон, хуурамч болох нь илт  тодорхой боловч түүнийг хянаж баталгаажуулан урамшуулал, дэмжлэгт хамруулахыг завдсан буюу хамруулсан, дэмжлэгийн хөрөнгийг зүй бусааар зарцуулсан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх ба үүнтэй холбоотойгоор үүссэн хохирлыг буруутай этгээд хариуцна.

 

Тариалан эрхлэгчээс бүтээгдэхүүний мөнгөн урамшуулал болон мөнгөн бус дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргах маягт

 

20......... оны ....... сарын ...........-ны өдөр

 

1

Аймаг, сумын нэр

 

 

2

Аж ахуй нэгж, иргэдийн нэр

 

 

3

Захирлын овог нэр, регистрийн дугаар

 

 

4

Хаяг, утас, цахим хаяг

 

 

5

Мөнгөн урамшуулалд хамрагдах  тохиолдолд банкны нэр, дансны дугаар

 

6

Тариалсан талбай /га /

 

 

7

Тариалсан бүтээгдэхүүний нэр, төрөл

 

 

8

Хураан авсан ургац /тн, кг/

 

 

9

Урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний тоо, хэмжээ /тн, кг/

 

 

Эрх бүхий албан тушаалтын нэр

(эсвэл хүсэлт гаргагч иргэний нэр)

 

 

Гарын үсэг

 

Тамга

 

Жич: Журмын 5.1-д заасан баримт материалуудыг энэхүү хүсэлтэд хавсарган ирүүлэхийг анхаарна уу.