A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАДААДААС 2005 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2006 оны 73-р тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАДААДААС 2005 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2006 оны 73-р тогтоолоор хүчингүй болсон/

2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 9

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад 2005 онд хөдөлмөр эрхлүүлэхээр гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг хавсралт ёсоор баталсугай.

2. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд энэ тогтоолын хавсралтад заасан хувийг баримталж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

3. Гадаад хэл дагнасан боловсрол, шинжлэх ухааны байгууллагад хөдөлмөр эрхлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг нийт ажиллагчдын 70 хүртэл хувь, монголын боловсролын байгууллагад ажиллах гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг нийт ажиллагчдын 30 хүртэл хувь байхаар тус тус тогтоосугай.

4. Хавсралтад заагдаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувиар тогтоосугай.

5. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, улсын хэмжээний зам, барилга байгууламж барихад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнтэй холбоотой асуудлыг энэ тогтоолын дагуу шийдвэрлэх боломжгүй бол тухай бүрт Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайханд даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гадаадаас 2004 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай" Засгийн газрын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 268 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.