A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 465 дугаар
  тогтоолын хавсралт

 

АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН
ХУВИЙГ ТООЦОХ, ТӨЛБӨР НОГДУУЛАХ, ТАЙЛАГНАХ,
ТӨЛӨХ ЖУРАМ


Нэг. Ерөнхий зүйл

1.1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид “АМНАТ” гэх) төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох, төлбөр ногдуулах, төлөх, тайлагнахад энэ журмыг мөрдөнө.

Хоёр. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах
            борлуулалтын үнэлгээг тооцох

2.1. АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг дараахь байдлаар тооцно:

       2.1.1. тухайн сард дотоодын зах зээлд худалдсан, худалдахаар ачуулсан, өөрийн хэрэгцээнд ашигласан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг баримтлан;

       2.1.2. тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлан;

       2.1.3. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд худалдсан алт болон мөнгөний борлуулалтын үнэлгээг Монголбанкнаас тухайн өдөр зарласан үнийг баримтлан.

2.2. Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно.

2.3. Дотоодын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно. Лаборатори нь Монгол Улсын, эсхүл олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байна.

2.4. Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно.

2.5. Гаалийн лаборатори нь энэ журмын 2.4-т заасан дүгнэлтийг гаргахад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж болно.

2.6. Гаалийн байгууллага экспортод гарсан ашигт малтмалын нэр, төрөл, агуулгын хувь хэмжээ, шинж чанарын, экспортлогчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр татварын байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.

2.7. Ашигт малтмалын бүтээгдэхүүний лабораторийн дүгнэлтэд үндэслэн ашигт малтмалд АМНАТ ногдуулна.

2.8. Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно.

2.9. Энэ журамд заасны дагуу тооцсон борлуулалтын үнэлгээнээс тухайн бүтээгдэхүүнийг боловсруулах, хайлуулах, цэвэршүүлэх, тээвэрлэхтэй холбогдон гарах зардал болон аж ахуйн үйл ажиллагааны бусад зардлыг хасаж тооцохгүй.

Гурав. Ашигт малтмалын нөөц ашигласны
         төлбөр ногдуулах

3.1. Энэ журмын 2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээнд Ашигт малтмалын тухай хуулийн 47.3, 47.5, 47.17, 472.2, 473.1, 473.2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр АМНАТ ногдуулна.

3.2. Ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний “бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр, 47.17 дахь хэсэгт заасан бүтээгдэхүүний нэр төрлийн “эцсийн бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр тус тус тооцож ногдуулна.

3.3. Хувь хүн, хуулийн этгээд нь ашигт малтмалыг “уурхайн ам” (EXW) нөхцөлөөр оршин суугч бус этгээдэд худалдсан, худалдахаар ачуулсан тохиолдолд тухайн ашигт малтмалыг экспортолсонд тооцож, АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1.2-т заасны дагуу тодорхойлно.

3.4. Ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч Ашигт малтмалын тухай хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт болон мөн хуулийн 47.19-д заасны дагуу суутган төлсөн тайлан мэдээг үндэслэн өмнө нь ногдуулсан, суутган төлсөн төлбөрийг хасаж тооцно.

3.5. Энэ журмын 3.4-т зааснаар ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход зөвхөн тухайн ашигт малтмалд, эсхүл тухайн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор худалдан авсан ашигт малтмалын бүтээгдэхүүнд өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно.

3.6. Энэ журмын 3.4, 3.5-д заасны дагуу ашигт малтмал экспортлогч этгээдийн экспортолсон ашигт малтмалд АМНАТ ногдуулах үнэлгээнээс тухайн ашигт малтмал, эсхүл тухайн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор дотоодын зах зээлээс худалдан авсан ашигт малтмалд АМНАТ ногдуулсан үнэлгээ илүү гарсан тохиолдолд экспортлогч этгээдэд нэмж төлбөр ногдуулахгүй.

3.7. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.3-т зааснаас бусад төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд энэ журмын 2.1.1-д заасан үнэлгээнээс тооцож АМНАТ-ийг суутган авч төсөвт шилжүүлнэ.

3.8. Олборлосон бүтээгдэхүүнээ өөрийн хэрэгцээнд ашигласан тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулсантай адилтгаж олборлогч этгээд нь тухайн бүтээгдэхүүнд энэ журмын 2.1.1-д заасны дагуу тодорхойлсон үнэлгээнээс тооцож АМНАТ ногдуулна.

3.9. Эдэлбэр талбайд орших АМНАТ ногдоогүй ашигт малтмалыг өөр бусад этгээдэд худалдах, ашиглуулах замаар гадаад, дотоодын зах зээл дээр борлуулсан нь АМНАТ төлөгчийг тухайн ашигт малтмалын нөөцөд ногдох АМНАТ төлөх үүргээс чөлөөлөхгүй.

3.10. Засгийн газрын тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг тухайн үнэ зарласан сарын өмнөх сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тодорхойлоход ашиглана.

Дөрөв. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг
      төсөвт төлөх, тайлагнах

4.1. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад АМНАТ төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын АМНАТ-ийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор улсын төсөвт төлнө.

4.2. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банк нь худалдан авсан алт, мөнгөнд ногдох АМНАТ-ийг татвар төлөгчийн дугаарт үндэслэн энэ журмын 2.1.3-т заасан борлуулалтын үнэлгээнээс суутган авч, тухайн өдөрт багтаан улсын төсөвт шилжүүлнэ.

4.3. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авч экспортолсон этгээд нь тухайн худалдан авсан ашигт малтмалд ногдох АМНАТ-ийг энэ журмын 2.1.1-д заасан борлуулалтын үнэлгээнээс суутган авч, дараагийн сарын 20-ны өдрийн дотор улсын төсөвт шилжүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй этгээдийн татвар төлөгчийн дугаарт үндэслэн суутган авсан төлбөрийг АМНАТ-ийн тайлан, мэдээнд тусгана.

4.4. Монголбанкнаас эрх олгосон арилжааны банк нь худалдан авсан алт, мөнгийг гадаадын зах зээлд борлуулах тохиолдолд тухайн бүтээгдэхүүнд ногдох нэмэлт төлбөрийг энэ журмын 2.1.2-т заасан үнэлгээнээс Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан хувь, хэмжээгээр тооцож энэ журмын 4.1-д заасан хугацаанд улсын төсөвт төлж, АМНАТ-ийн тайланг энэ журмын 4.5-д заасан хугацаанд гаргаж харьяалах татварын албанд хүргүүлнэ.

4.5. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан хувь хүнээс бусад ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан этгээд нь АМНАТ-ийн тайланг татварын албанаас баталсан маягт, түүний хавсралт мэдээний дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.

4.6. Энэ журмын 4.5-д заасан хавсралт мэдээнд ашигт малтмалыг дамжуулан борлуулагч этгээдэд ашигт малтмал борлуулагч этгээдийн нэр, татвар төлөгчийн дугаар, тайлант хугацаа, тусгай зөвшөөрлийн дугаар, худалдах, худалдан авах гэрээний дугаар, цахим төлбөрийн баримтын дахин давтагдахгүй төлбөрийн дугаар, ашигт малтмалын нэр төрөл, ангилал, агуулгын хувь, тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөр ногдуулсан хувь, ногдуулсан төлбөрийн дүн, суутгасан төлбөрийн мэдээллийг тусгана.

4.7. Төлбөр төлөгч нь энэ журмын 4.5-д заасан хавсралт мэдээг ирүүлээгүй, үнэн зөв гаргаагүй, ирүүлсэн боловч ашигт малтмалыг анх борлуулсан этгээд нь экспортлогч этгээдэд дотоодын зах зээлд борлуулсан ашигт малтмалын мэдээллээ тайлан, мэдээнд тусгаагүй, төлбөр төлөгч нь АМНАТ-ийг суутган төлөөгүй, тайлан, мэдээнд тусгаагүй буюу өмнө нь ногдуулсан АМНАТ-ийн дүн, суутгасан төлбөрийн дүнг тооцох боломжгүй тохиолдолд энэ журмын 3.4, 3.5-д заасныг үл харгалзан АМНАТ төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох төлбөрийг төсөвт төлж, тайлагнана.

4.8. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банк нь энэ журмын           4.2-т заасны дагуу төсөвт шилжүүлсэн АМНАТ-ийн тайлан, мэдээг татварын албанаас баталсан маягтын дагуу гаргаж, дараа сарын 20-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ.

4.9. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээдээс бусад АМНАТ төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус байгууллагад хүргүүлнэ.

Тав. Хяналт тавих

5.1. Тухайн сард экспортолсон ашигт малтмалын бүтээгдэхүүний мэдээг Гаалийн ерөнхий газар дараа сарын 5-ны өдрийн дотор Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газарт цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.

5.2. Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь энэ журмын хэрэгжилтэд тухай бүр хяналт тавьж ажиллана.

 

-----o0o-----