- Нүүр
- Сайдын тушаал
- УРГАМАЛ ХАМГААЛЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
сайд, Сангийн сайдын 2019 оны
А/500/283 дугаар хамтарсан тушаалын хавсралт
УРГАМАЛ ХАМГААЛЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ,
САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Монгол орны нутаг дэвсгэр дээр бэлчээр болон тариалангийн талбайд тархсан ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал, дугараг хорхой /цаашид “хөнөөлт организм” гэх/ зэрэг бэлчээр, тариалангийн ургацын чанар, тоо хэмжээнд сөргөөр нөлөөлж, улс орны эдийн засагт ноцтой хохирол учруулж болох хөнөөлт организмтой холбогдон авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад оршино.
Хоёр. Ургамал хамгааллын арга хэмжээ
2.1.Ургамал хамгааллын тухай хууль /цаашид “Хууль” гэх/-ийн 4 дүгээр зүйл, 8.1.9, 8.1.10, 11.1.1-11.1.4-т заасан үйл ажиллагаанаас гадна дор дурьдсан ургамал хамгааллын арга хэмжээг бэлчээрийн болон таримал ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд:
2.1.1. Бэлчээрийн болон тариалангийн талбайн хөнөөлт организмын зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, олшролт, хөнөөлийн тодотгох болон нарийвчилсан судалгаа;
2.1.2. Ургамал хамгааллын арга хэмжээнд ашиглаж буй химийн болон биологийн бэлдмэлийн нөлөөлөлд мониторинг хийх;
2.2.3. Ургамал хамгааллын цогц арга хэмжээг нэвтрүүлэх;
2.2.4. Хөдөө аж ахуйн зохистой дадал /Ургамал хамгааллын зохистой дадал/ нэвтрүүлэх;
2.2.5. Хөнөөлт организмын тархалтын урт болон богино хугацааны урьдчилсан мэдээллийг /прогноз/ боловсруулах;
2.2.6. Хортон шавжийн нүүдэл, гэнэтийн олшролт, халдварт өвчний дэгдэлтийн үед холбогдох арга хэмжээг зохион байгуулах;
2.2.7. Гадаад, дотоод хорио цээр тогтоох, хорио цээр тогтоосон үед авах арга хэмжээг хэрэгжүүлэх;
2.2.8. Олон улсын ургамал хамгааллын конвенц, дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын гэрээ хэлэлцээр, дүрэм, журам болон холбогдох стандарт, шаардлагуудад заасан арга хэмжээг хэрэгжүүлэх.
Гурав. Ургамал хамгааллын арга хэмжээг төлөвлөх
Бэлчээрийн болон таримал ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хуулийн 5.4, 11.1-д заасны дагуу холбогдох мэргэжил, чиг үүргийн байгууллага, орон нутгийн саналыг үндэслэн ургамал хамгааллын арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан жил бүр эсвэл богино болон урт хугацаатайгаар батална.
Дөрөв. Ургамал хамгааллын арга хэмжээг санхүүжүүлэх
4.1.Бэлчээрийн болон таримал ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ургамал хамгааллын арга хэмжээг санхүүжүүлэх асуудлыг холбогдох ургамал хамгааллын эрдэм шинжилгээний байгууллагаас гаргасан тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага, үндэслэл болон орон нутгийн саналыг үндэслэн Төсвийн тухай хуульд заасан төсвийн цаглабарын дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь батлагдсан төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний зардлыг бэлчээрийн болон таримал ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дараа оны төсөвт тусган батлуулах арга хэмжээ авч, батлагдсан төсвийн дагуу санхүүжилтийг олгоно.
Тав. Ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх
5.1.Ургамал хамгааллын арга хэмжээг бэлчээрийн болон таримал ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
5.2.Хуулийн 5.1-5.4-т заасан байгууллага нь ургамал хамгааллын арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.
5.3.Бэлчээрийн болон тариалангийн ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх талбайг түр хугацаанд малаас чөлөөлөх арга хэмжээг аймаг, сумын Засаг дарга хариуцан зохион байгуулна.
5.4.Ургамлын хорио цээр тогтоосон үед Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Ургамлын хорио цээр тогтоох үед баримтлах журам“-ын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хорио цээрийн дэглэм сахиулах, сурталчлах арга хэмжээг холбогдох байгуулагатай хамтран зохион байгуулна.
5.5.Ургамал хамгааллын арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, олон улсын ургамал хамгааллын конвенц, гэрээ хэлэлцээрийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлнэ.
Зургаа. Ургамал хамгааллын арга хэмжээний үр дүнг тайлагнах,
хэрэгжилтэд хяналт тавих
6.1.Хуульд заасан эрдэм шинжилгээний байгууллага нь судалгааны ажлын тайланг “Эрдэм шинжилгээний ажлын тайлан. Бүтэц, шаардлага” MNS 2492:2004 стандартын дагуу бичиж, тайлант оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бэлчээрийн болон таримал ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
6.2.Судалгааны ажлын үр дүнгээр илэрсэн өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамлын тархалт болон олшролтын талаарх мэдээлэл бүрийг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэргэдэх мэдээллийн нэгдсэн санд оруулна.
6.3.Ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлсэн тухай тайланг аймаг, сумын Засаг даргын Тамгын газарт тайлагнан, үр дүнг тооцон, салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
6.4.Хуулийн 10.1, 15.1-т заасны дагуу ургамал хамгааллын арга хэмжээнд тухайн орон нутгийн Засаг дарга болон Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана.
6.5.Ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлсэн байгууллагын үйл ажиллагаанд аймаг, сумын Засаг даргын Тамгын газар хяналт тавьж, зөрчлийг арилгуулан, зарцуулсан зардал, гэрээний хэрэгжилтийг хангуулна.
6.6.Ургамал хамгааллын ажлын техник үр дүнд тухайн аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, сумын байгаль орчны улсын байцаагч нар холбогдох технологи, стандартын дагуу хяналт тавьж, үр дүнг баталгаажуулсан дүгнэлт гаргана.
Долоо. Бусад
7.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага ноогдуулах ба үүнтэй холбоотойгоор үүссэн хохирлыг буруутай этгээд хариуцна.
----оОо---
Текст томруулах
A
A
A