A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 458 дугаар
  тогтоолын 2 дугаар хавсралт

 

ЦАХИМ ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү дүрэм нь цахим засгийн төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үүрэг бүхий Цахим хөгжлийн үндэсний хороо (цаашид “Үндэсний хороо” гэх)-ны чиг үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Үндэсний хороо нь үйл ажиллагаандаа харилцаа холбооны тухай хууль тогтоомж, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, энэхүү дүрмийг удирдлага болгоно.

1.3. Үндэсний хороо нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэгтэй байна.

Хоёр. Үндэсний хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт

2.1. Үндэсний хороо нь төр, олон нийтийн оролцоог хангасан төлөөллөөс бүрдсэн үндэсний хэмжээний орон тооны бус байгууллага мөн.

2.2. Шаардлагатай бол Үндэсний хороо төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх тодорхой асуудлаар ажлын хэсэг, шинжээчдийн бүлэг байгуулан ажиллуулж болно.

2.3. Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.

2.4. Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

2.5. Үндэсний хорооны ээлжит хуралдааныг улирал тутам хийнэ. Шаардлагатай тохиолдолд Үндэсний хорооны даргын санаачилгаар, эсхүл Үндэсний хорооны гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.

Хуралдаанд шаардлагатай тохиолдолд холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг тухайн байгууллагын удирдлагатай тохиролцсоны үндсэн дээр оролцуулна.

2.6. Үндэсний хорооны нийт гишүүдийн олонх оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

2.7. Үндэсний хорооны даргын эзгүйд түүний үүргийг даргын эрх олгосноор хорооны аль нэг гишүүн гүйцэтгэнэ.

2.8. Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.

2.9. Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргаж Хорооны дарга гарын үсэг зурна. Үндэсний хороо шаардлагатай гэж үзсэн асуудлаар зөвлөмж, албан даалгавар гаргаж болох бөгөөд түүнд Үндэсний хорооны дарга гарын үсэг зурна.

2.10. Үндэсний хорооны хуралдааныг тэмдэглэл хөтөлж баталгаажуулах бөгөөд түүнд Үндэсний хорооны дарга, ажлын албаны дарга гарын үсэг зурна.

2.11. Үндэсний хорооны хуралдааны дэгийг Үндэсний хороо батална.

Гурав. Үндэсний хорооны чиг үүрэг

3.1. Үндэсний хороо дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

       3.1.1. Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого болон төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, Үндэсний хорооны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах замаар цахим засгийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;

       3.1.2. цахим засаглалыг хөгжүүлэхтэй холбоотой асуудлаар хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр болон олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнтэй танилцах, зөвлөгөө өгөх;

       3.1.3. цахим засаглалыг хөгжүүлэх талаарх үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг тодорхойлох, улс, орон нутгийн төсөвт тусгуулах талаар санал гаргах;

       3.1.3. төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим засгийг хөгжүүлэх үйл ажиллагаанд гадаад, дотоодын хандивлагчдын тусламж, дэмжлэгийг авах;

       3.1.4. цахим засгийг хөгжүүлэх үйл ажиллагаанд олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог хангах;

       3.1.5. төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд таниулах, сурталчлах үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран зохион байгуулах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дүнгийн тухай мэдээлэх;

       3.1.6. цахим засгийг хөгжүүлэх асуудлаар санал боловсруулж, Засгийн газарт танилцуулах.

Дөрөв. Үндэсний хорооны дарга, гишүүний бүрэн эрх

4.1. Үндэсний хорооны дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

        4.1.1. Үндэсний хорооны ажлыг удирдлагаар хангаж, хорооны шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;

        4.1.2. Үндэсний хорооны ээлжит болон ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;

        4.1.3. Үндэсний хорооны ажлын албаны даргыг томилж, чөлөөлөх;

       4.1.4. Үндэсний хороог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

        4.1.5. Үндэсний хорооны үйл ажиллагааны тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулах.

4.2. Үндэсний хорооны гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

        4.2.1. Үндэсний хорооны хуралдаанд асуудал оруулж, хэлэлцүүлэх;

        4.2.2. Үндэсний хорооны шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хариуцсан салбар, чиглэлийн дагуу хяналт тавих;

        4.2.3. хариуцсан салбар, чиглэлийн дагуу Үндэсний хороонд холбогдох мэдээ, тайлан, статистик тоо баримтыг гаргаж өгөх;

        4.2.4. Үндэсний хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлантай танилцах, хорооноос хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах.

4.3. Үндэсний хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаарх саналаа урьдчилан бичгээр хүргүүлж болно.

Тав. Үндэсний хорооны ажлын алба

5.1. Үндэсний хороо нь ажлын алба (цаашид “Ажлын алба” гэх)-тай байх бөгөөд ажлын алба нь хорооны өдөр тутмын ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

5.2. Ажлын алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

        5.2.1. Үндэсний хорооны жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах;

       5.2.2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хууль тогтоомж, Үндэсний хорооны шийдвэрийг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;

       5.2.3. Үндэсний хорооны үйл ажиллагаанд шаардагдах тайлан, мэдээ, статистик тоо баримт, лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах, бэлтгэх, мэдээллийн сан бүрдүүлэх;

       5.2.4. Үндэсний хорооны хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, хорооны шийдвэрийг хэлбэржүүлж гаргах;

       5.2.5. Үндэсний хорооны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах арга хэмжээг зохион байгуулах.
5.3. Үндэсний хороо нь ажлын албаны даргатай байх бөгөөд ажлын албаны дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

        5.3.1. Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг боловсруулж, хорооны даргаар батлуулах;

       5.3.2. Үндэсний хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

       5.3.3. Ажлын албаны ажилтныг томилж, чөлөөлөх.

Зургаа. Бусад зүйл

6.1. Үндэсний хороо нь дараахь эх үүсвэрээс санхүүжиж, үйл ажиллагаагаа эрхлэн явуулна:

       6.1.1. улс, орон нутгийн төсөв;

       6.1.2. гадаад улс, олон улсын байгууллагын хандив, зээл, тусламж;

       6.1.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, хөрөнгө;

       6.1.4. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

6.2. Үндэсний хороо нь тухайн жилийн үйл ажиллагааныхаа тайланг дараа жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

 


-----о0о-----