A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ БОЛОН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын

сайдын  2019 оны А/370

тоот тушаалын нэгдүгээр хавсралт

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН

СУРГАЛТ ЯВУУЛАХ БОЛОН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /цаашид “ХАБЭА” гэнэ/ сургалтын төрөл, агуулга, суралцагчид болон сургалт явуулах байгууллага, багшид тавигдах шаардлага,  сургалтын байгууллагыг бүртгэх, гэрчилгээ олгох, сунгах, цуцлах, хяналт тавих болон шалгалт зохион байгуулах, суралцагчдад сертификат олгохтой холбогдох харилцааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.

1.2 ХАБЭА-н сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллана.

1.3 Аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчдад ХАБЭА-н сургалтыг жилд нэгээс доошгүй удаа явуулах бөгөөд бүртгэлийн гэрчилгээ авсан сургалтын байгууллагатай хамтран явуулж болно.

1.4 Ажил олгогч нь ажилтны сургалтыг ХАБЭА-н асуудал хариуцсан нэгж, ажилтан, зөвлөлөөр гүйцэтгүүлж хяналт тавих ба бүртгэлийн гэрчилгээ авсан  байгууллагатай гэрээ байгуулан явуулж болно.

1.5 Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ХАБЭА-н сургагч багшийн сургалтыг хариуцна.

Хоёр. Сургалтын төрөл, агуулга

2.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт нь дараахь төрөлтэй байна.

2.1.1 ажил олгогчийн сургалт;

2.1.2 ажилтны сургалт;

2.1.3 ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалт;

2.1.4 ХАБЭА-н сургагч багшийн сургалт;

2.1.5 үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт;

2.1.6 ХАБЭА-н тусгай сургалт;

2.1.7 олон нийтийн сургалт.

2.2  Ажил олгогчийн сургалт нь ХАБЭА-н талаарх ерөнхий мэдлэг, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт шаардлага, байгууллагын түвшинд ХАБЭА-н арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах  талаарх агуулгыг багтаасан байна.

2.3 Ажилтны сургалт нь аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н талаарх ерөнхий ойлголт, хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, ажилтны ажлын байр, салбарын онцлогт тохирсон ХАБЭА-н талаарх агуулгыг багтаасан байна. Шинээр ажилд орж байгаа болон өөр ажлын байранд шилжиж байгаа иргэн, ажилтны сургалтын агуулга, хөтөлбөрийг ажил олгогч ажлын байрны онцлогтоо нийцүүлэн зохион байгуулна.

2.4 ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалт нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай онолын мэдлэг эзэмшүүлэх, практик дадал олж авахад чиглэсэн агуулгыг багтаасан байна.

2.5 ХАБЭА-н сургагч багшийн сургалт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндсэн асуудал, сурган, заах арга зүй, насанд хүрэгчийн сургалтын сэтгэл зүйн онцлог болон ХАБЭА-н асуудлаар сургалт явуулахад шаардлагатай онолын мэдлэг эзэмшүүлэх, практик дадал олж авахад чиглэсэн агуулгыг багтаасан байна.

2.6 Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт /цаашид “Эрсдэлтэй ажлын байрны сургалт” гэнэ/ нь тухайн ажил үүргийн онцлог шинж, учирч болзошгүй аюул осол, эрсдэл, түүнийг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих талаар зайлшгүй шаардлагатай онолын мэдлэг эзэмшүүлэх, практик дадал олж авахад чиглэсэн агуулгыг багтаасан байна.

2.7 ХАБЭА-н тусгай сургалт нь тухайн ажил үүрэгтэй холбоотой учирч болзошгүй аюул осол, түүнийг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих талаар шаардлагатай онолын мэдлэг эзэмшүүлэх, практик дадал олж авахад чиглэсэн агуулгыг багтаасан байна.

2.8 Олон нийтийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  сургалт нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ерөнхий мэдлэг олгоход чиглэсэн агуулгыг багтаасан байна.  

Гурав. Суралцагчдад тавигдах шаардлага

3.1 Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтан нь эрсдэлтэй ажлын байрны сургалтанд 3 жил тутам хамрагдана.

3.2 Аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан нь ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтанд хамрагдана. ХАБЭА-н хөтөлбөрөөр их, дээд сургууль төгссөн ажилтан энэхүү сургалтанд хамрагдахгүй байж болно.  

3.3 ХАБЭА-н сургагч багшийн сургалтанд дараахь шаардлагыг хангасан иргэн, ажилтан хамрагдана.

3.3.1 дээд боловсролтой;

3.3.2 ХАБЭА-н чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

3.3.3 ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтанд хамрагдсан эсхүл ХАБЭА-н хөтөлбөрөөр их, дээд сургууль төгссөн.

Дөрөв. Сургалт явуулах байгууллага, багшид тавигдах шаардлага

4.1 ХАБЭА-н сургалт явуулах байгууллага нь дараахь нийтлэг шаардлагыг  хангасан байна.

4.1.1 ХАБЭА-н асуудлаар мэргэшсэн, 3-аас доошгүй багш, арга зүйчтэй байх;

4.1.2 энэхүү журмаар батлагдсан ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийг үндэслэж сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулсан байх;

4.1.3 сургалтын анги танхимтай байх;

4.1.4 ХАБЭА-н сургалтын хөтөлбөрт заасан практик дадлыг эзэмшүүлэхэд шаардлагатай сургалтын техник, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнтэй байх;

4.1.5 ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны, эрсдэлтэй ажлын байрны болон ХАБЭА-н тусгай сургалтын дадлага хичээлийг үйлдвэрлэлийн нөхцөл, ажлын байрны бодит орчинд хийлгэх боломжийг бүрдүүлсэн байх.

4.2 ХАБЭА-н сургалт явуулах багш дараахь шаардлагыг хангасан байна.

4.2.1 ажил олгогчид зориулсан ХАБЭА-н сургалтын багш нь ХАБЭА-н чиглэлээр мэргэшсэн, ХАБЭА-н асуудлаар 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байна.

4.2.2 ажилтанд зориулсан ХАБЭА-н сургалтын багш нь ХАБЭА-н чиглэлээр мэргэшсэн, ХАБЭА-н асуудлаар 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай байна.

4.2.3 ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтыг хөтөлбөрийн сэдэв, агуулгын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн эрүүл ахуйн багш хичээл заана. 

4.3 Хөдөлмөрийн аюулгүй байдлын багш нь дараахь шаардлагыг хангасан байна.

            4.3.1 ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтанд хамрагдсан эсхүл ХАБЭА-н хөтөлбөрөөр их, дээд сургууль төгссөн;

            4.3.2 Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;

            4.3.3 ХАБЭА-н сургагч багшийн сургалтанд хамрагдсан.

4.4 Хөдөлмөрийн эрүүл ахуйн багш нь дараахь шаардлагыг хангасан байна.

            4.4.1 Хөдөлмөрийн эрүүл ахуйн хөтөлбөрөөр их, дээд сургууль төгссөн;

            4.4.2 Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;

4.4.3 ХАБЭА-н сургагч багшийн сургалтанд хамрагдсан.

4.5 Эрсдэлтэй ажлын байрны болон ХАБЭА-н тусгай сургалтын багш нь тухайн сургалтын чиглэлээр ХАБЭА-н сургалтанд хамрагдсан, энэ чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байна.

Тав. Сургалтын байгууллагыг бүртгэх, гэрчилгээ олгох

5.1 ХАБЭА-н сургалт явуулахаар бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлтэй байгууллага нь дараахь материалыг бүрдүүлж ирүүлнэ.

            5.1.1 бүртгэлийн гэрчилгээ авахыг хүссэн албан бичиг;

5.1.2 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;

5.1.3 багш нарын анкет, иргэний үнэмлэх, боловсролын диплом, ХАБЭА-н мэргэшсэн гэрчилгээний хуулбар;

5.1.4 ХАБЭА-н сургалтын хөтөлбөр;

5.1.5 сургалт явуулах байр, танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан байдлыг гэрчлэх баримт, танилцуулга /гэрээ, гэрчилгээ, фото зураг г.м/;

5.1.6 өөр аж ахуйн нэгж, байгууллага дээр дадлага сургалт зохион байгуулах бол энэ талаар харилцан тохиролцсон шийдвэр /гэрээ, албан бичиг/;

5.1.7 сургалтын төлбөрийн хэмжээ, холбогдох шийдвэр;

5.1.8 ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны болон эрсдэлтэй ажлын байрны сургалтын сонгосон чиглэлээр хичээлийн иж бүрэн материал /лекц, конспект, дадлага, семинар,  шалгалтын материал/-тай байх.

5.2 Ажил олгогчийн, ажилтны болон ХАБЭА-н тусгай сургалтын сонгосон чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлж гэрчилгээ авах хүсэлтэй байгууллага нь хүсэлт, холбогдох материалаа мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллагад ирүүлнэ.  Мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллага нь ажлын 10 хоногт багтаан судлан шийдвэрлэнэ.

5.3 ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалт болон эрсдэлтэй ажлын байрны сургалтын сонгосон чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлж гэрчилгээ авах хүсэлтэй байгууллага нь хүсэлт, холбогдох материалаа мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллагад ирүүлнэ. Мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллага ирсэн хүсэлт, материалыг ажлын 14 хоногт багтаан судалж, дүгнэлт, саналаа хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

5.4 Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь  ирсэн материал, дүгнэлт саналтай урьдчилан танилцаж, шаардлага хангасан гэж үзвэл  ХАБЭА-н үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлнэ.

5.5 ХАБЭА-ын үндэсний хорооны хурлын тэмдэглэлээр тухайн сургалтын байгууллагад бүртгэлийн гэрчилгээ олгох шийдвэр гарсан тохиолдолд мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллага сургалтын байгууллагыг бүртгэж, гэрчилгээ олгоно.

5.6 Эрсдэлтэй ажлын байрны сургалтын даралтат сав, шугам, хоолойтой харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны сургалт явуулах байгууллагыг бүртгэж, гэрчилгээ олгохдоо зуухны; уур, усны даралтат савны; газрын тос, хийн даралтат савны гэж сургалтын чиглэлийг нарийвчлан  заана.

5.7 ХАБЭА-н сургагч багшийн сургалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах бөгөөд мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллага болон холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж болно.  

5.8 ХАБЭА-н сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 хүртэл жил байна. Гэрчилгээнд олгосон огноо, хүчинтэй байх хугацаа, дуусах огноо, ХАБЭА-н сургалтын төрөл, эрсдэлтэй ажлын байрны сургалт болон ХАБЭА-н тусгай сургалтын чиглэл, бусад шаардлагатай мэдээллийг оруулна.

5.9 ХАБЭА-н сургалтын байгууллагад олгосон гэрчилгээний дугаар давхцахгүй байна.

Зургаа. Бүртгэлийн гэрчилгээний хугацааг сунгах, цуцлах,

хүчингүй болгох, хяналт тавих

6.1 ХАБЭА-н сургалтын бүртгэлийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллагад энэхүү журмын 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж ажилласан сургалтын үйл ажиллагааны  тайлангийн хамт ирүүлж шийдвэрлүүлнэ. 

6.2 Мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллага ажлын 10 хоногийн дотор судлан, шаардлага хангасан байгууллагын бүртгэлийн гэрчилгээг 3 жилийн хугацаагаар сунгах бөгөөд шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ. 

6.3 ХАБЭА-н сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд 2 жил тутам хяналт үнэлгээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж, дүгнэлт гаргана.

6.4 Хяналт үнэлгээний дүнг ХАБЭА-н үндэсний хороонд танилцуулж, хангалтгүй дүн үзүүлсэн эсхүл ажил олгогч, ажилтан, иргэдээс гомдол ирүүлсэн тохиолдолд сургалтын бүртгэлийн гэрчилгээг цуцлах, түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

6.5 Мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллага нь ажил олгогч, ажилтны болон ХАБЭА-н тусгай сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээг цуцлах, түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

6.6 ХАБЭА-н сургалтыг хууль тогтоомж, стандартын шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй, гэрчилгээ аваагүй, гэрчилгээний хугацаа дууссан байгууллага явуулсан тохиолдолд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хууль тогтоомжид заасан эрхийнхээ дагуу арга хэмжээ авна.

 

Долоо. Шалгалт зохион байгуулах, сертификат олгох

7.1 Ажилтны сургалтанд хамрагдсан ажилтнаас тухайн сургалт зохион байгуулсан байгууллага нь шалгалт авч сургалтанд хамрагдсан ажилтны нэрсийн жагсаалт гарган,  гарын үсэг зуруулж баталгаажуулна.

7.2 ХАБЭА-н сургагч багшийн сертификат олгох шалгалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулагдсан комисс /цаашид “комисс” гэнэ/ зохион байгуулна. 

7.3 Комиссын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл мэргэжлийн холбоод, их дээд сургуулийн багш, судлаачдыг оролцуулна. Комиссын гишүүн нь ХАБЭА-н чиглэлээр 10 буюу түүнээс дээш жил ажилласан, ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй байна.

7.4 Комиссын гишүүдэд ажлын үр дүнгээс хамаарч урамшуулал олгоно.

7.5 ХАБЭА-н сургагч багшийн сургалт явуулах болон шалгалт зохион байгуулахтай холбоотой зардлыг сургалтанд хамрагдах хүсэлт гаргасан суралцагчдаас гаргуулж болно.

7.6 Комиссын ажиллах журам, бүрэлдэхүүнийг ХАБЭА-н үндэсний хорооны тогтоолоор батлах бөгөөд жилд нэг удаа үйл ажиллагаагаа ХАБЭА-н үндэсний хороонд тайлагнана.

7.7 ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтанд хамрагдсан суралцагчдын төгсөлтийн шалгалтанд хөндлөнгийн үнэлгээ хийнэ. Хөндлөнгийн үнэлгээг мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төв зохих журмын дагуу зохион байгуулна.  

7.8 Хөндлөнгийн үнэлгээний дүнд үндэслэн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтанд хамрагдсан төгсөгчдөд мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллага сертификат олгож, төгсөгчдийн мэдээллийн сан үүсгэнэ. Сертификатад хөтөлбөрийн сэдэв, цагийг бичсэн байна.

7.9 Ажил олгогчийн сургалт, эрсдэлтэй ажлын байрны болон ХАБЭА-н тусгай сургалтанд хамрагдаж, шалгалтанд тэнцсэн суралцагчдад сургалт зохион байгуулсан байгууллага нь сертификат олгож, мэдээллийн сан үүсгэнэ. Сертификатад хөтөлбөрийн сэдэв, цагийг бичсэн байна.

7.10 ХАБЭА-н сургалтанд хамрагдсан суралцагчдаас авах шалгалтыг ярилцлага, дадлага, тест, бусад хэлбэрээр зохион байгуулна. Шалгалтанд тэнцээгүй ажилтнаар тухайн ажлын байранд ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

7.11 Сургалтанд хамрагдсан боловч шалгалтанд тэнцээгүй, хангалтгүй дүн үзүүлсэн тохиолдолд дахин шалгалт авч болно.

Найм. Сургалтын санхүүжилт

8.1 Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулахад шаардлагатай байр, техник, хэрэгсэл, сургалтын материал бусад шаардлагатай зардлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.1-д заасны дагуу санхүүжүүлнэ.

8.2 Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчдад хийх ХАБЭА-н сургалтын зардлыг Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухайн жилийн төсөвт тусгаж шийдвэрлэнэ.

Ес. Сургалтын тайлан, статистик мэдээ

9.1 ХАБЭА-н сургалт явуулахаар бүртгүүлж, гэрчилгээ авсан байгууллага нь сургалтын төрөл, сургалтанд хамрагдсан ажилтан, сертификатын дугаар зэрэг мэдээллийг улирал бүр гаргаж дараа сарын 5-ны дотор цахимаар,  жилийн эцсийн мэдээг цахимаар болон цаасаар мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллагад ирүүлнэ.

9.2 Мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл асуудал хариуцсан байгууллага нь ХАБЭА-н сургалтын байгууллагуудын тайлан мэдээг улирал бүр нэгтгэн гаргаж, дараа сарын 21-ний дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар болон цаасаар хүргүүлнэ.

________о0о_______