A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮНСНИЙ БОЛОН ТЕХНИКИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ СПИРТИЙН ХУВААРИЛАЛТ, ОЛГОЛТ, ЗАРЦУУЛАЛТ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн

сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд,

Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2020 оны А/23/А/16/07/А/25

дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

ХҮНСНИЙ БОЛОН ТЕХНИКИЙН ЗОРИУЛАЛТААР

АШИГЛАХ СПИРТИЙН ХУВААРИЛАЛТ, ОЛГОЛТ,

ЗАРЦУУЛАЛТ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

            Хүнсний болон техникийн зориулалттай спиртийг хуваарилах, олгох,  зарцуулах, түүнд хяналт тавихад энэхүү журмыг мөрдөнө.

 

Нэг. Спирт хуваарилах

             1.1.Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар тухайн жилд хэрэглэх хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн захиалгыг зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тус бүрээр  / 2, 3 дугаар хавсралт маягтын дагуу/ гаргаж, жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор энэ журмын 1.2-т заасан татварын албаны тодорхойлолтыг үндэслэн дор дурдсан байгууллагуудад хүргүүлнэ:

                        1.1.1.тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа согтууруулах ундааны үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон бусад салбарт хэрэгцээт хүнсний болон техникийн спиртийн захиалгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;

                        1.1.2.хүн эмнэлэг, эмийн үйлдвэрийн хэрэгцээт хүнсний болон техникийн спиртийн захиалгыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;

                        1.1.3.мал эмнэлэг, мал үржлийн ажил, малын эмийн үйлдвэрийн хэрэгцээт хүнсний болон техникийн спиртийн захиалгыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад.

            1.2.Татварын алба тухайн аж ахуйн нэгж, байгууллагын худалдан авсан спиртийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгасан эсэх, үйлдвэрлэсэн согтууруулах ундааны борлуулалтад ногдуулсан онцгой албан татвар, түүний төлөлт, татварын өртэй болон албан татварын тайланг хугацаанд нь өгсөн эсэх,  өмнөх онд хуваарилалтын дагуу спирт авсан эсэх зэргийг үндэслэн уг аж ахуйн нэгж, байгууллагыг спиртийн захиалгад оруулах эсэх талаарх санал, тодорхойлолтоо аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлнэ.

            1.3.Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь энэ журмын 1.5-д заасан хуваарийн дагуу тухайн аймаг, нийслэл дэх спиртийн үйлдвэрийн олгосон спиртийн болон спиртийн гарцын тэнцлийн тайланг аж ахуйн нэгж, байгууллага бүрээр энэ тушаалын 2, 4 дүгээр хавсралт маягтын дагуу гаргаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

            1.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн тухайн жилийн хэрэгцээт спиртийн захиалгыг хянаж нэгтгэн, энэ тушаалын 3, 5 дугаар хавсралт маягтын дагуу жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

            1.5.Тухайн жилд үйлдвэрлэх спиртийн хэмжээнд үндэслэн өмнөх оны спиртийн хуваарилалт, зарцуулалт зэргийг харгалзан дор дурдсан зориулалтаар ангилан, дараа онд олгох спиртийн хэмжээг тогтоосон хуваарийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, батлагдсан спиртийн хуваарийг дараахь байгууллагуудад хүргүүлнэ:

                        1.5.1.хүн эмнэлэг, эмийн үйлдвэрлэлд зориулан олгох спиртийн хэмжээг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;

                       1.5.2.мал эмнэлэг, мал үржлийн ажил, малын эмийн үйлдвэрлэлд зориулан олгох спиртийн хэмжээг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад;

                       1.5.3.дээрх байгууллагуудад хүргүүлсэн болон согтууруулах ундааны үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон бусад салбарт хэрэгцээт спиртийн хуваарийг Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, холбогдох аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон спиртийн үйлдвэрүүдэд.

             1.6. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуваарьт орсон спиртийн үйлдвэрүүдтэй гэрээ байгуулна.

            1.7.Энэ журмын 1.5-д заасан спиртийн хэмжээг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.2-т заасан байгууллага нь тус тусын харъяалагдах аж ахуйн нэгж, байгууллага бүрт оногдох спиртийн хэмжээг нарийвчлан тогтоосон хуваарийг тухайн жилийн 01 дүгээр сарын 20-ны дотор багтаан баталж, Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлнэ.

            1.8.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  нь энэ журмын 1.7-д заасны дагуу мэдээллийг хүлээн авснаас хойш 10 хоногийн  дотор аймаг, нийслэлийн харъяа байгууллагад болон аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газарт  хүргүүлнэ.

            1.9.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь спирт хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын спиртийн хуваарилалт, олголт, татан авалт, зарцуулалт,  согтууруулах ундааны үйлдвэрлэлт, онцгой албан татвар төлөлтийн талаарх мэдээг нэгтгэн, тухайн жилийн мэдээг Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ирүүлнэ.

            1.10.Тухайн жилд олгох спиртийн хуваарийг баталснаас хойш байгуулагдсан, хуваарьт спиртийн үйлдвэрээс спирт авах боломжгүй, түүнчлэн спиртийн хэрэгцээ бий болсон /спирт экспортлох, тоног төхөөрөмж, багаж хэрэгслэл ариутгах г.м/ аж ахуйн нэгж, байгууллага шаардлагатай спиртийн захиалгыг журмын 3 дугаар хавсралт  маягтын дагуу гаргаж, тухайн аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, танилцуулгын хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

            1.11.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь  нэмэлт хуваарь хийж, тухайн аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлнэ.

            1.12.Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь спиртийн нэмэлт хуваарийг татвар болон мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ.

            1.13.Спиртийн үйлдвэр хооронд хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарь  хийхгүй.

 

Хоёр. Спирт олгох

            2.1.Энэ журмын 1.5-д заасан хуваарийн дагуу спирт олгох ажлыг спирт үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хураагдсан спиртийг олгох ажлыг уг спиртийг хураан авсан байгууллага тус тус хариуцна.

            2.2.Спирт олгогч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагад олгосон спиртийн хуваарийг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагад  хуваарьт спиртийг олгоно.

            2.3.Спирт үйлдвэрлэгч нь хүнсний болон техникийн спиртийн ул мөрийг мөрдөн тогтоох, буцаан болон татан авалт, дотоод хяналт, шалгалтын бүртгэлийг хөтлөх бөгөөд дагалдах хуудсанд бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тусгана.

            2.4.Спирт үйлдвэрлэгч нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу сав, баглаа боодолд савлаж, шошголно.  

 

Гурав. Спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалтад хяналт тавих

3.1.Спирт үйлдвэрлэгч нь Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам” болон “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дотоод хяналтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн  журам”-д  нийцүүлэн  бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын  асуудлыг хангаж ажиллах талаар дотоод  журамд  тусгаж, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлнэ.

          3.2.Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар баталгаажсан, түвшин заагч, спиртийн зарцуулалт хэмжигч хэрэгсэл, битүү системээр ачаалах, буулгах боломжтой, битүүмжлэгдсэн төхөөрөмжинд спиртийг хадгалж, бүртгэл хөтөлнө.

            3.3.Спирт үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах бөгөөд дотоодын хяналт тавина.

            3.4.Мэргэжлийн хяналтын болон  татварын байгууллага нь спирт хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагууд спиртийг хуваарийн дагуу татан авч байгаа эсэх, олгосон спиртийг зориулалтын дагуу зарцуулж буй эсэхэд хяналт тавина.

            3.5.Спиртийн үйлдвэрүүдийн хүчин чадал, түүний ашиглалт, үйлдвэрлэлийн хэмжээ болон гарц, бүтээгдэхүүний чанарт Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.

            3.6.Татварын байгууллага нь спирт хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага татан авсан спиртийг орлогод авсан эсэх, уг спиртээр үйлдвэрлэсэн архи бусад бүтээгдэхүүний борлуулалтад ногдуулсан онцгой албан татвараа төлж  буй эсэхэд хяналт тавина.

 

_________oOo__________