A

A

A

Бүлэг: 1979

Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны

2019 оны 12 сарын 13-ны өдрийн

84 дугаар тогтоолын хавсралт

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ журмын зорилго нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль” (цаашид “хууль” гэх) -д заасны дагуу банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын хураамж төлөх үүрэг бүхий банк хадгаламжийн даатгалын хураамж /цаашид “хураамж” гэх/-ийг төлөх, Хадгаламжийн даатгалын корпораци /цаашид “ХДК” гэх/ хураамжийг төвлөрүүлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Банк Монголбанкнаас банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаар эхлэлтийн хураамж, улирал бүр улирлын хураамж, даатгалын тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг төлөхөд хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө хүрэлцэхгүй үед Үндэсний хорооны шийдвэрээр онцгой хураамж төлөх үүрэгтэй.

1.3.Банкны хураамж төлөх үүрэг нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.14 дэх хэсэгт заасны дагуу даатгалын тохиолдол бий болсон улирлын эцсийн өдрөөр дуусгавар болно.

ХОЁР. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

2.1.Хураамж нь эхлэлтийн хураамж, улирлын хураамж, онцгой хураамжаас бүрдэнэ.

2.2.Банкнаас төлсөн хураамжийг буцааж олгохгүй.

2.3.Банк хураамжийг төлбөл зохих дүнгээс илүү төлсөн бол илүү төлсөн хэсгийг илрүүлж баталгаажуулсан даруй ХДК 1 жилийн хугацаанд багтаан дараагийн улирлуудын хураамжаас хувь тэнцүүлэн суутгана. Суутгах хэмжээ болон илүү төлсөн хэсгийг энэ журмын 4.9-д заасан нэхэмжлэлд тусгана.

2.4.Банк хураамжийг ХДК-ийн Монголбанкин дахь дансанд төвлөрүүлнэ.

2.5.Хураамжийн дүн, торгуулийн дүн төгрөгөөр байна.

ГУРАВ. ЭХЛЭЛТИЙН ХУРААМЖ

3.1.Хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш Монголбанкнаас банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан банк тухайн зөвшөөрөл авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор ХДК-д эхлэлтийн хураамжийг нэг удаа төлнө.

3.2.Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдаж, хадгаламжийн даатгалд хамрагдаж байсан банкийг өөрчлөн байгуулах (нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх) замаар байгуулсан банк шинээр банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан бол уг банкинд эхлэлтийн хураамж төлөх үүрэг хамаарахгүй.

3.3.Монголбанк энэ журмын 3.2-т зааснаас бусад тохиолдолд шинээр банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон даруй энэ тухай ХДК-д албан бичгээр мэдэгдэнэ. Уг албан бичиг нь хуулийн этгээдийн нэр, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, оршин байгаа хаяг, гүйцэтгэх захирлын мэдээлэл, банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар зэргийг агуулсан байна.

3.4.Эхлэлтийн хураамж нь тухайн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний нэг хувьтай тэнцүү хэмжээтэй байна.

3.5.Эхлэлтийн хураамжийн нэхэмжлэл нь Монголбанкнаас ХДК-д ирүүлсэн мэдээлэлд үндэслэсэн тухайн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, эхлэлтийн хураамжийн хувь, эхлэлтийн хураамжийн хэмжээ, хураамж төлөх хугацаа, хураамж тушаах дансны мэдээлэл зэргийг агуулна.

3.6.ХДК эхлэлтийн хураамжийн нэхэмжлэлийг энэ журмын 3.3-т заасны дагуу шинээр банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон тухай мэдэгдлийг Монголбанкнаас ирүүлсэн өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор банкинд хүргүүлнэ.

ДӨРӨВ. УЛИРЛЫН ХУРААМЖ

4.1.Энэ журмын 3 дугаар зүйлд заасны дагуу эхлэлтийн хураамж төлөх банк Монголбанкнаас банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан улирлын тухайн улирлаас эхлэн, бусад банк хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш улирлын хураамжийг ХДК-д улирал бүр төлнө.

4.2.Улирлын хураамж тооцох суурь нь өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн нийт харилцах, хадгаламжийн дүнгээс хуулийн 7.1 дахь хэсэг ба 7.2.2, 7.2.3 дахь заалтад заасан харилцах, хадгаламжийн дүнг хассан дүн байна.

4.3.ХДК нь хуулийн 14.4-т заасан Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Үндэсний хороогоор баталсан аргачлалаар улирлын хураамжийн хувийг тооцно.

4.4.Үндэсний хороо жил бүрийн 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор дараа жилийн улирлын хураамжийн хувийг 0.125 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтооно.

4.5.Үндэсний хорооноос улирлын хураамжийн хувь тогтоох тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор ХДК уг тогтоолыг банкинд албан бичгээр мэдэгдэнэ.

4.6. Улирлын хураамж нь өмнөх улирлын энэ журмын 4.2-т заасан суурийн 3 сарын дундаж дүнг энэ журмын 4.2-д заасны дагуу тогтоосон хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү байна.

4.7.Банкны улирлын хураамж төлөх хугацаа нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсагт заасан хугацаанаас хэтрэхгүй бөгөөд дараа улирлын эхний сарын 25-ны өдрийн дотор байна.

4.8.Улирлын хураамжийн нэхэмжлэл нь “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ын дагуу ХДК-д ирүүлсэн тайланд үндэслэх ба улирлын хураамжийн дүн хэмжээ, төлөх хугацаа, дансны мэдээлэл, тооцоолол зэргийг агуулна. Хэрэв Монголбанкнаас ХДК-д ирүүлсэн цахим болон бичгийн хэлбэрээр ирүүлсэн тайлантай банкнаас ирүүлсэн тайлан зөрүүтэй эсхүл алдаатай бол Монголбанкнаас ирүүлсэн тайланг үнэн зөвд тооцож улирлын хураамжийн дүн хэмжээ, тооцооллыг тооцно.

4.9.ХДК улирлын хураамжийн нэхэмжлэлийг улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор банкинд хүргүүлнэ.

4.10.Хэрэв банк албан бичгээр хүсэлт гаргавал энэ журмын 4.7-д заасан хугацааг ХДК ажлын 5 өдрөөр сунгаж болно.

4.11.ХДК энэ журмын 4.7-д заасан хугацаа өнгөрсөн бол энэ журмын 4.10-д заасан хүсэлтийг хүлээн авахгүй.

4.12.ХДК нь банкнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу хураамж төлөх хугацааг сунгах, эсхүл сунгахаас татгалзсан хариугаа албан бичгээр хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан өгнө

4.13.Энэ журмын 4.12-д заасан хариу албан бичгийг хүлээн авсан эсэх нь банк энэ журмын 4.7 -д заасан хугацааг хэтрүүлэх үндэслэл болохгүй.

4.14.Энэ журмын 4.8-д заасан Нэхэмжлэлд заасан хугацаанд тухайн банк улирлын хураамж төлөөгүй бол ХДК улирлын хураамжийг Нэхэмжлэх шаардах эрхийн дагуу тухайн банкинд албан бичгээр шаардлага хүргүүлж, шаардлагатай бол Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн арга хэмжээ авна.

4.15.Энэ журмын 4.8-д заасны дагуу тухайн банк улирлын хураамжийг төлөөгүй бол ХДК шүүхэд хандаж улирлын хураамжийг нөхөн төлүүлэх, учирсан хохирлыг барагдуулах, зайлшгүй олох байсан орлогыг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй.

ТАВ. ОНЦГОЙ ХУРААМЖ

5.1.Даатгалын тохиолдол бий болж, даатгалын нөхөн төлбөрийг төлөхөд хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө хүрэлцэхгүй үед Үндэсний хорооны шийдвэрээр банк ХДК-д онцгой хураамж төлөх үүрэгтэй.

5.2.Үндэсний хороо нь онцгой хураамж авах тухай шийдвэр гаргахдаа ХДК-ийн Гүйцэтгэх захирлын танилцуулсан судалгаа шинжилгээнд үндэслэх бөгөөд сангийн дутагдлыг нөхөх санхүүжилтийн бусад хувилбарууд, макро эдийн засгийн болон гишүүн банкуудын нөхцөл байдал зэргийг харгалзан үзнэ.

5.3.Үндэсний хороо нь банкны онцгой хураамж төлөх хугацаа болон төлбөрийн нөхцлийг тогтооно.

5.4.Онцгой хураамжийн суурийг энэ журмын 4.3-т заасан улирлын хураамжийн суурьтай ижил сууриар тооцно.

5.5.Үндэсний хороо нь энэ журмын 5.3-т заасан судалгаа шинжилгээнд үндэслэн, онцгой хураамжийн хувийг жилийн 0.5 хувиас хэтрүүлэхгүйгээр тогтооно.

5.6.Үндэсний хорооноос онцгой хураамжийн хувь тогтоож, төлөх тухай тогтоол гарсан даруй ХДК уг тогтоолыг ажлын 3 өдрийн дотор банкинд албан бичгээр мэдэгдэнэ.

5.7.Онцгой хураамж нь энэ журмын 5.4-д заасан суурийн дундаж дүнг энэ журмын 5.5-д заасан хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү хэмжээтэй байна.

5.8.Банкны онцгой хураамж төлөх хугацаа нь энэ журмын 5.6-д заасан тогтоол гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор байх бөгөөд энэ хугацааг Үндэсний хорооноос өөрөөр тогтоож болно.

5.9.Онцгой хураамжийн нэхэмжлэл нь “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ын дагуу ХДК-д ирүүлсэн тайланд үндэслэх ба онцгой хураамжийн суурийн дундаж дүн, хэмжээ, онцгой хураамжийн хувь болон хэмжээ, түүнийг бодож гаргасан аргачлал, хураамж төлөх хугацаа, дансны мэдээлэл зэргийг агуулна.

5.10.Онцгой хураамжийн нэхэмжлэл нь улирлын хураамжийн нэхэмжлэлээс салангид байна.

5.11.ХДК онцгой хураамжийн нэхэмжлэлийг энэ журмын 5.6-д заасан тогтоол гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор банкинд хүргүүлнэ.

5.12.Үндэсний хороо нь онцгой хураамжийг түр зогсоох, хойшлуулах, хүчингүй болгох, үргэлжлүүлэн төвлөрүүлэх тухай шийдвэрийг гаргана.

5.13.Үндэсний хорооноос онцгой хураамж төвлөрүүлэхийг түр зогсоох, хойшлуулах, хүчингүй болгох, үргэлжлүүлэн төвлөрүүлэх тухай тогтоол гарсан даруй ХДК уг тогтоолыг ажлын 3 өдрийн дотор банкинд албан бичгээр хүргүүлнэ.

ЗУРГАА. УЛИРЛЫН ХУРААМЖ ХУРИМТЛУУЛАХЫГ ТҮР ЗОГСООХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ

6.1.ХДК сангийн зорилтот түвшинг тооцож, хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасан түвшинд хүрсэн бол энэ тухай Үндэсний хороонд танилцуулна.

6.2.Хадгаламжийн даатгалын сан зорилтот түвшиндээ хүрвэл Үндэсний хороо улирлын хураамж тооцох болон хуримтлуулахыг түр зогсоож болно.

6.3.Үндэсний хорооноос улирлын хураамж хуримтлуулахыг түр зогсоох тухай тогтоол гарсан даруй ХДК уг тогтоолыг ажлын 3 өдрийн дотор банкинд албан бичгээр мэдэгдэнэ.

6.4.Улирлын хураамж хуримтлуулахыг түр зогсоосон үед Үндэсний хороо улирлын хураамжийг үргэлжлүүлэн хуримтлуулах эсэхийг хэлэлцэн шийдвэр гаргана.

6.5.ХДК нь Үндэсний хорооноос гаргасан улирлын хураамжийг үргэлжлүүлэн хуримтлуулах тухай тогтоол гарсан даруй ажлын 3 өдрийн дотор банкинд албан бичгээр мэдэгдэнэ.

ДОЛОО. ХАРИУЦЛАГА

7.1.“Зөрчлийн тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.12.5 дахь заалтад заасны дагуу банк хураамжийг төлөөгүй, эсхүл төлбөл зохих хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол, улирлын хураамжийн нөхөн төлбөрийг гаргуулж гүйцэтгээгүй дүнгээс Монголбанкны бодлогын хүү дээр 5 хувийг нэмсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.2.ХДК энэ журмын 7.1-т заасан торгууль, төлөгдөөгүй хураамжийг суутгуулах тухай хүсэлтийг албан бичгээр, тооцооллыг хавсралтаар Монголбанкинд хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

7.3.Энэ журмын 7.2-т заасан суутган төлүүлэх хүсэлт нь зөрчлийн талаарх мэдээлэл, торгуулийн хувь, хэмжээ, төлөгдөөгүй хураамжийн хэмжээ, төлбөр шилжүүлэх дансны мэдээлэл зэргийг агуулна.

7.4.ХДК нь суутган төлүүлэх хүсэлтийг хураамжийн төлөх хугацаа, сунгасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын 5 хоногийн дотор Монголбанкинд, хувийг банкинд тус тус хүргүүлнэ.

7.5.Шаардлагатай тохиолдолд ХДК шүүхэд хандаж улирлын хураамжийг нөхөн төлүүлэх, учирсан хохирлыг барагдуулах, зайлшгүй олох байсан орлогыг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй.

НАЙМ. БУСАД

8.1.ХДК-д “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ын дагуу ирүүлсэн тайлангийн зөрүүний улмаас хураамж дутуу төлөгдсөн бол банк үлдэгдэл дүнг мэдэгдсэн өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор төлж барагдуулах үүрэгтэй.

8.2.Энэ журмын 8.1-д заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд ХДК нь хураамжийн үлдэгдэл дүн, төлөх хугацааг тусгасан нэхэмжлэлийг ажлын 3 хоногийн дотор банкинд дахин хүргүүлнэ.

8.3.Энэ журмын 8.1-д заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд энэ журмын 7.1, 7.5-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

8.4.Банк нь ХДК-ийн нэхэмжлэлийн дагуу хураамж тушаасан тухай бүр ажлын 3 өдрийн дотор энэ тухай ХДК-д утсаар болон цахим хэлбэрээр мэдэгдэнэ.