A

A

A

Бүлэг: 1979
Сумын ИТХ-ын хуралдааны 2020 оны
1 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар
тогтоолын хавсралт
СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ
Ерөнхий зүйл
Газрын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1, 20.2, 52-р зүйлийн 52.1, 52.2, 52.4, 52.6, Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17-р зүйлийн 17.2, 21-р зүйлийн 21.1 дэх хэсгийг удирдлага болгон бэлчээрийг зөв зохистой ашиглаж хамгаалах өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөх, зуслан, намаржаа, отрын нутаг, өнжөөж чөлөөлсөн газар нутгийг ашиглах талаар малчин иргэд, айл өрхүүд, бэлчээр ашиглалтын хэсэг, малчдын бүлэг нөхөрлөл уг журмыг мөрдлөг болгон ажиллана.
Нэг.Зорилго:Бэлчээр ашиглалтыг бэлчээрийн нөөц чадавхид тохируулах, хариуцлагажуулахад эдийн засгийн хөшүүрэг бий болгох, бэлчээрийн даацад тохирсон мал сүрэг өсгөн үржүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, баг сумын хэмжээнд бэлчээрийн менежментийг тухайн орон нутгийн бэлчээрийн экологид суурилсан нэгдсэн аргачлалаар төлөвлөх, зохицуулах, хамгаалах, хяналт үнэлгээ хийх, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад журмын зорилго оршино.
Хоёр.Журмыг хэрэгжүүлэх зарчим
Журмыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан зарчмыг баримтална. Үүнд:
2.1.Бэлчээрийн төлөв байдал, чанарт үнэлгээ хийх, хамгаалах, нөхөн сэргээх, сэлгэж өнжөөх, амраах арга хэмжээг малчдын оролцоотойгоор төлөвлөх, хэрэгжүүлэх
2.2.Бэлчээрийн экологийн чадавхи бүтээмжит чанар даацад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх
2.3.Улирлын бэлчээр, бэлчээр дэх бусад нөөц /хужир мараа, байгалийн усны эх үүсвэр/-ийг ашиглахад оролцогчдын тэгш байдлыг хангах
Гурав.Журмыг хэрэгжүүлэх зохицуулалт
3.1.Бэлчээр ашиглалтын талаар тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлнэ.
3.2. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар батлагдсан бэлчээр ашиглалтын төлөвлөгөө нь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний үндэс болно.
3.3.Бэлчээр ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төсөл хөтөлбөрийн байгууллагууд, малчдын бүлэг, бэлчээр ашиглалтын хэсгийн чиглэлээр бэлчээр ашиглалтын төлөвлөгөө гарган төрийн байгууллагатай хамтран ажиллана.
3.4.Тухайн жилд өнжөөж чөлөөлөх болон отрын бүс нутгийг сумын Засаг даргын өргөн мэдүүлсэнээр иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэнэ.
3.5.Бэлчээрийн даацаас хэтэрсэн хонин толгой тутамд тооцож бэлчээрийн санд хөрөнгө оруулалт хийнэ.
Дөрөв.Бэлчээрийн төлөв байдлыг хянах, бэлчээрийн даац тогтоох
4.1.Сумын Засаг даргын Тамгын газар бэлчээрийн даацад үндэслэсэн дараахь тооцооллыг гаргаж жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны дотор багийн засаг даргад зөвлөмж байдлаар хүргүүлнэ.
4.1.1.Хонин толгойд шилжүүлснээр өвөлжих малын тооны дээд хязгаарыг тогтоох
4.2.Багийн Засаг дарга нь энэхүү зөвлөмжийн дагуу дараах арга хэмжээг тодорхойлж багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдэд танилцуулан багийн иргэдийн Ниитйин Хурлыг хуралдуулах тов, хэлэлцэх асуудлыг батлуулна./тухайн оны 10 дугаар сарын 01-ний дотор/
4.2.1.Малчин өрх тус бүрийн өвөлжүүлэх малын тооны дээд хязгаар тогтоох
Аргачлал нь=Өрхийн нэг гишүүнд ногдох малын тоо толгой х тухайн өрхийн гишүүний тоо
4.2.2.Журмын хүрээнд бэлчээрийн хөрөнгө оруулалтаас чөлөөлөгдөх малчдын нэрс
4.3.Багийн иргэдийн Нийтийн Хурал жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор хуралдаж дээрх асуудлыг ардчилсан зарчмаар нийтэд нээлттэй хэлэлцэж олонхийн саналаар батална.
4.3.1.Бэлчээрийн даацаас илүү тоо толгой мал бүхий малчин өрх нь малын тооллого хүртэлх хугацаанд зах зээлд борлуулах, цөөн тооны мал бүхий малчин өрхөд хөлсөөр маллуулах, бэлчээрийн даац бүхий өөр аймаг, сумдын нутагт отроор явах зэрэг арга хэмжээг авч болно.
4.3.2.Тавиул малыг тухайн мал маллаж байгаа өрхийн малын тоонд оруулж тооцно.
Тав.Журмыг хэрэгжүүлэхэд бүх шатны хурал, Засаг даргын болон малчдын үүрэг
5.1.Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүрэг
5.1.1.Сумын хэмжээнд хэрэгжүүлэх бэлчээрийн журмыг баталж мөрдүүлнэ.
5.1.2.Бэлчээр ашиглалтын журмын хүрээнд үлгэр жишээ ажиллаж буй иргэн, малчдын хэсэгт хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шагнал урамшил төрийн дээд одон медальд тодорхойлох
5.2.Багийн иргэдийн Нийтийн Хурлын чиг үүрэг
5.2.1.Бэлчээр ашиглалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах
5.2.2.Бизнесийн зорилгоор олон тооны мал суурилсан бол гэрээ байгуулж бэлчээрийг ашиглуулна. 
5.2.3.Энэ журмын 5.3.3 болон мал оруулж өвөлжүүлэх тохиолдолд гэрээ байгуулсаны дараа газар нутаг, хугацааг зааж өгнө.
5.2.4.Бэлчээрийн сан бүрдүүлэлт, зарцуулалтанд хяналт тавина.
5.2.5.Тухайн багийн нутагт бэлчээрийн ургацыг тогтоох оновчтой цэгийг тогтооно.
5.2.6.Тухайн багийн бэлчээрт өөр аймаг, сумаас отроор өвөлжиж, хаваржих малын тооны дээд хязгаарыг тогтооно.
5.2.7.Улс аймгийн аварга малчин тэргүүний хамт олныг шалгаруулахдаа бэлчээр ашиглалтын гэрээний биелэлтийг харгалзан үзэх
5.3.Сумын Засаг даргын чиг үүрэг
5.3.1.Багийн засаг даргын ажлыг үнэлэхдээ бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, бэлчээр ашиглалтын журмын хэрэгжилтийн үр дүнг оруулан тооцох
5.3.2.Бэлчээр ашиглалтын журмыг мөрдөн ажиллаж байгаа баг, малчин өрхөд давуу эрхтэйгээр хөрөнгө санхүү, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана.
5.3.3.Малчдын бүлэг, нөхөрлөл, бэлчээр ашиглалтын хэсэгт Газрын тухай хуулийн 52-р зүйлийн 52.2-т заасны дагуу бэлчээрийг урт хугацаагаар гэрээгээр ашиглуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэж, хариуцлага үр дүнг тооцож ажиллана.
5.3.4.Гол горхи, булаг шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахыг зогсооно.
5.3.5.Тухайн сумын бэлчээрт өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржих малыг оруулахдаа журамд нийцүүлэн айл өрхтэй гэрээ байгуулан бэлчээр нутгийг зааж өгөн нэвтрүүлнэ.
5.3.6.Багийн малчин өрхүүдийн хуримтлуулсан хөрөнгө оруулалтыг сумын бэлчээрийн санд төвлөрүүлж тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаас шийдвэрлэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд санхүүжүүлнэ.
5.3.7.Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын үр дүнд үндэслэх
5.4.Багийн Засаг даргын чиг үүрэг
5.4.1.Сумын бэлчээр ашиглалтын журмыг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлнэ.
5.5.Малчдын чиг үүрэг
5.5.1.Малчдын бүлэг, нөхөрлөл бэлчээр ашиглалтын хэсэг нь хамт олны зохион байгуулалтанд нэгдэж бэлчээр ашиглах үйл ажиллгаанд оролцоно.
5.5.2.Бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх бөгөөд бэлчээрийн даацаас хэтэрсэн тохиолдолд хонин толгойгоор бодож багийн иргэдийн Нийтийн Хурлаар тогтоосон хөрөнгө оруулалтыг бэлчээрийн санд төвлөрүүлж байх
5.5.3.Сум, багийн иргэдийн хурал, өдөрлөг, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, бусад арга хэмжээнд идэвхтэй оролцох
5.5.4.Бэлчээрийг өнжөөж чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гарсан шийдвэрийг дагаж биелүүлэх
5.5.5.Өөр аймаг, сум, БАХ-аас дур мэдэж айл өрх, мал сүрэг оруулж ирэх, өвөлжөө, хаваржааг бусдад дамжуулан ашиглуулахгүй байх
5.5.6.Бэлчээрт байгаа малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэх
5.5.7.Отор нүүдэл хийх, мал тууварлан өнгөрөхдөө тогтоосон газраар заасан хугацааг баримтлан нутаг зуур 1 хоног, алсын оторт 2 хоногт явж өнгөрөх
5.5.8.Малчин болон мал бүхий өрх өвөлжөө, хаваржаа тус бүр нэгээс илүүгүйг эзэмшиж болно.
5.5.9.Тогтоосон журмын дагуу нэгдсэн зохицуулалтаар малаас чөлөөлсөн бэлчээр буюу өвөлжөө, хаваржаа түүний ойр орчинд дураар мал оруулахгүй байх
5.5.10.Улирлын бэлчээрээс бусад газарт дур мэдэн нутаглах, бэлчээр ашиглалтын хуваарь болон гэрээний заалтыг зөрчих, хог хаягдал, хортой зүйлс, шавхай бууц, сэг зэмээр хашаа хороо, өтөг бууц, бэлчээр, усны эх үүсвэрийг бохирдуулахгүй байх
5.5.11.Дур мэдэж өвөлжөө, хаваржаа барих, нийтийн бэлчээрийн талбайг хашиж хамгаалахгүй байх
5.5.12.Малын урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаагүй, эрүүл мэндийн дэвтэргүй малыг сум багийн нутаг дэвсгэрт оруулахгүй байх
Зургаа. Хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалт
6.1.Бэлчээрийн сан дараах хөрөнгийн эх үүсвэрээс бүрдэнэ:
6.1.1.Малчин мал бүхий өрхийн хөрөнгө оруулалт
6.1.2.Бэлчээрийн санд тухайн багаас хуримтлагдсан хөрөнгө оруулалтын хэмжээтэй тэнцэх төсвийг аймгийн ОНХСангаас хөрөнгө оруулалт хийж дэмжинэ.
6.1.3.Төсөл хөтөлбөрийн байгууллага
6.1.4.Хандив, тусламж, бусад эх үүсвэр
6.2 Сангийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулна:
6.2.1.Доройтсон, хэт доройтсон бэлчээрийг нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаа
6.2.2.Ашиглагдахгүй бэлчээрийг ашиглах зорилгоор хөв цөөрөм байгуулах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх
6.2.3.Хадлангийн талбай бий болгох
6.2.4.Бэлчээрийн хортонтой тэмцэх
6.2.5.Үүлэнд зориудаар нөлөөлөх
6.3.Хөрөнгө оруулалтаас чөлөөлөгдөх нөхцөл
6.3.1.Тухайн баг, сумын нутаг дэвсгэрийн 50-аас доошгүй хувь нь гантай нөхцөлд нийт малчин өрх
6.3.2.Хонин толгойд шилжүүлсэнээр БАХ-ийн нэг өрхөд өвөлжүүлэх малын дээд хязгаараас илүүгүй нөхцөлд
6.3.3.Тоо толгойг өсгөж нэмэгдүүлэх, үүлдэрлэг байдал, чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Тэмээн сүргийг 
Долоо. Хариуцлага
7.1.Бэлчээр ашиглалттай холбоотой зөрчил, хариуцлагын асуудлыг дараах нөхцөлд авч үзнэ.
7.1.1.Энэхүү журам бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг биелүүлэхээс хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа татгалзаж зөрчсөн бол
7.1.2.Бусдын малыг дур мэдэн оруулах, бэлчээр нутаг, хашаа хороо, уст цэгийг үнэлж дамжуулан ашиглуулсан, худалдсан бол холбогдох хууль журмын дагуу эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэж хариуцлага хүлээлгэнэ.
7.1.3.Шаардлагатай гэж үзвэл бэлчээрт учирсан хохирлыг тооцож тухайн зах зээлийн ханшаар төлүүлэх арга хэмжээ авна.
7.1.4.Журамтай холбогдсон маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
7.1.5.Шаардлагатай нөхцөлд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
Найм. Журам хүчин төгөлдөр болох
8.1.Энэхүү журмыг 2 дугаар улиралаас эхлэн дагаж мөрдөнө.