- Нүүр
- Сайдын тушаал
- ХИЛИЙН ЦЭСИЙН ЗУРГИЙГ ХАДГАЛАХ, АШИГЛАХ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ТУСГАХ ЖУРАМ
Барилга, хот, байгуулалтын сайдын
2020 оны 10 дугаар тушаалын хавсралт
ХИЛИЙН ЦЭСИЙН ЗУРГИЙГ ХАДГАЛАХ, АШИГЛАХ,
ӨӨРЧЛӨЛТИЙГ ТУСГАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс /цаашид “хилийн цэс” гэх/-ийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлтийг тусгах харилцааг зохицуулахад оршино.
1.2. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид “аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба” гэх), сумдын газрын даамлууд энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.
1.3. Хилийн цэсийг тогтоосон үндсэн бичиг баримт нь 1959 оны Аж ахуй хоорондын газар зохион байгуулалтын материалуудад суурьлан боловсруулсан 1977 оны Аж ахуй хоорондын газар зохион байгуулалтын үндсэн материал, калькан зураг, боть ном болон хилийн цэстэй холбоотой эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг иж бүрдэл байна.
1.4. Хилийн цэсийн тоон зургийн үндсэн материал нь “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбицолжуулах, баталгаажуулах гэрээт ажил”-ын үр дүнд боловсруулсан хилийн цэсийн тоон хэлбэр, ажлын тайлангийн иж бүрдэл байна.
1.5. Хилийн цэсийн үндсэн материал нь Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төрийн архивт хадгалагдана.
1.6. Хилийн цэсийн зургийн үндсэн баталгаа нь хуулийн дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ардын Их Хурлын зарлиг, Улсын Их Хурлын тогтоол байх бөгөөд үнэн зөв зурагдсан эсэхийг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.
1.7. Ардын Их Хурлын зарлиг, Улсын Их Хурлын тогтоол шийдвэрийн дагуу эрх бүхий байгууллагаас боловсруулсан хилийн цэсийн зураг нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн албан ёсны хил хязгаарыг илэрхийлэх үндсэн баримт бичиг болно.
Хоёр. Хилийн цэсийн зургийг хадгалах
2.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн зургийг Газрын тухай хуулийн 8.3 дугаар зүйлд заасны дагуу тухайн шатны засаг дарга хадгалах бөгөөд улсын хэмжээний иж бүрэн хувийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын архивт хадгална.
2.2. Хилийн цэсийн зургийг хадгалахад Архивын ерөнхий газрын даргын 2007 оны 59 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”, 2009 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ыг тус тус мөрдөж ажиллана.
2.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг эрхлэх, орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах зорилгоор албан хэрэгцээнд Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал тус бүр цаасан болон тоон хэлбэрээр хадгална.
2.4. Хилийн цэсийн цаасан зургийг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бэлтгэж, хэвлүүлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
2.5. Хилийн цэсийн цаасан зураг нь дор дурдсан ерөнхий шаардлагыг хангасан байна.
2.5.1.хилийн цэсийн зураг нь Улсын хэмжээнд бүрхсэн дунд масштабын байр зүйн зурагт суурилсан байна.
2.5.2.Ардын Их Хурлын зарлиг, Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан эргэлтийн цэгийг тус бүрт нь тэмдэглэж, нэршлийг харуулах бөгөөд цэгүүдийг шулуун болон нэршилийн дагуу холбож зурагласан байна.
2.5.3.хилийн цэсийн зургийн гарчиг нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн албан ёсны нэрээр нэрлэгдсэн байна. /Жишээ нь: Төв аймгийн Лүн сумын хилийн цэсийн зураг/
2.5.4.өөрчлөлт оруулах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн зураг дээрх хуучин хилийн цэсийг хар өнгөөр, шинэчилсэн хилийн цэсийг улаан өнгөөр ялган тодорхой зурж, хүчингүй болсонд тооцох хилийн цэсийг улаан өнгөөр чагт тавьж зураглана.
2.5.5.хилийн цэсийн эргэлтийн цэгийг баруун хойт талын цэгээс эхлэн цагийн зүүний дагуу нар зөв тойруулан зөвхөн газар усны нэр, газрын өндрийн тэмдэгт, тоот зэргээр тэмдэглэсэн уул, даваа, толгодын нэр болон усны түвшний өндөрлөгийн ард байгаа тоотыг хаалтад бичсэн, өндөрлөг нь нэргүй бол тухайн тоотоор тэмдэглэж зураглана.
2.5.6.таних тэмдэгт хилийн цэсийн эргэлтийн цэг, хилийн шугам, хил залгаа сумдын нэршил байх бөгөөд тайлбар хэсэгт тухайн хилийн цэсийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ардын Их Хурлын зарлиг, Улсын Их Хурлын тогтоол шийдвэрийн он, сар, дугаарыг тэмдэглэнэ.
2.5.7.тухайн засаг захиргааны нэгжтэй хил залгаж буй аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн эхлэл, төгсгөл хэсгийг кирилл үсгээр /А-Б/ тэмдэглэж таних тэмдэгт нэг бүрчлэн бичнэ.
Гурав. Хилийн цэсийн зургийг ашиглах
3.1. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, Улсын Их Хурлын тогтоолын дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болон өөрчлөлт орж шинэчлэгдсэн хилийн цэсийг төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд ашиглана.
3.2. Хилийн цэсийн зураг нь иргэд, олон нийтэд нээлттэй байх бөгөөд Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумдын газрын даамал нь орон нутгийн удирдлага болон иргэд, олон нийтийг үнэн зөв, бодит мэдээллээр цаг тухайд хангаж ажиллана.
3.3. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал нь хээрийн хэмжилт тодруулалтын ажилд болон маргаан шийдвэрлэх зорилгоор хилийн цэсийн цаасан зургийг бэлтгэж үйл ажиллагаандаа ашиглаж болох бөгөөд энэ журмын 2.5-т заасан ерөнхий шаардлагыг хангасан байна.
Дөрөв. Хилийн цэсэд орсон өөрчлөлтийг зураглах
4.1. Ардын Их хурлын тэргүүлэгчдийн зарлиг, Улсын Их хурлын тогтоолын дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хилийн цэсэд дараах шийдвэр гарсан тохиолдолд өөрчлөлтийг оруулна. Үүнд:
4.1.1.холбогдох хууль, журмын дагуу хилийн цэсийг өөрчлөх, шинэчлэх, тодотгох талаар Улсын Их Хурлаас тогтоол гарсан тохиолдолд;
4.1.2.хилийн цэс нь архивын баримт бичиг болон хээрийн хэмжилт тодруулалтын ажлын үр дүнд зөвхөн алдаатай зураглагдсан нь нотлогдож Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас шийдвэрлэсэн эсхүл эрх бүхий ажлын хэсгийн шийдвэр гарсан тохиолдолд;
4.2. Хилийн цэсийн өөрчлөлт, оруулах, тодотгох ажлыг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.
4.3. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хилийн цэсийн мэдээллийн санг боловсруулан хөтлөж өөрчлөлт, бүртгэл, мэдээллийг эрхлэх бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумдын газрын даамлыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.
4.4. Хилийн цэсийн мэдээллийн сан нь “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем[1]” -д суурилах бөгөөд системийн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан асуудлыг “Газар зохион байгуулалтын цахим систем хөтлөх журам”-аар шийдвэрлэнэ.
4.5. Хилийн цэсэд өөрчлөлт оруулах шийдвэрийг үндэслэн Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шинэчлэн зураглаж холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт хүргүүлнэ.
4.6. Өөрчлөлт орж хүчингүй болсон хилийн цэсийн цаасан зургийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь албан бичгээр Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 30 хоногийн дотор ирүүлнэ.
4.7. Хүчингүй болсон хилийн цэсийн цаасан зургийг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авч тайлбар мэдээллийг тэмдэглэн архивт хүлээлгэн өгч хадгалуулна.
Тав. Бусад
5.1. Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн мэдээллийг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаал, шийдвэрийн дагуу 10 жил тутам аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба зохион байгуулан хянаж, шалгах ажлыг гүйцэтгэнэ.
5.2. Хилийн цэсийн мэдээллийг хянаж, шалгах ажлыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэнэ.
5.3. Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
-о0о-
[1] “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем” гэж газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэд, олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах тусгай дүрэм, програм хангамж бүхий цогц үйл ажиллагааг хэлнэ;
Текст томруулах
A
A
A