A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 462 дугаар
  тогтоолын 2 дугаар хавсралт

 

ДАЙЧИЛГААНЫ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Энэ журмаар дайчилгаа зарласан тохиолдолд дайчлан татахаар төлөвлөсөн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэний өмчлөлд байгаа зэвсэг, техник, эд хөрөнгийг бүртгэж, дайчилгааны нөөцийг бүрдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.  Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх зэвсэг, техник, эд хөрөнгийн жагсаалт, тоо хэмжээ нь улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө, төрийн захиргааны төв болон аймаг, нийслэл, сум, дүүргийн дайчилгааны төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг байна.

1.3.  Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага дайчилгааны нөөцийн нэр төрөл, тоо хэмжээ, байршил, нөөцийг бүрдүүлэх болон нөөцтэй байх аж ахуйн нэгж, байгууллагын талаарх саналаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

1.4.  Дайчилгааны нөөцийн нэр төрөл, тоо хэмжээ, байршил, нөөцийг бүрдүүлэх болон нөөцтэй байх аж ахуйн нэгж, байгууллагыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

Хоёр. Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх

2.1. Дайчилгааны нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн нөөцийг төлөвлөгөөний дагуу бүрдүүлэх, хадгалах, арчлан хамгаалах ажлыг дайчилгааны даалгавар тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны хяналтын дор зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

2.2. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага нь дайчилгааны нөөцийг бүрдүүлэх ажлыг эрхэлсэн салбар, харьяалах аж ахуйн нэгж, байгууллагыг даалгаваржуулах замаар зохион байгуулна.

2.3. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага нь дайчилгааны нөөцийг Засгийн газраас тогтоосон хугацаанд бүрдүүлэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагатай нөөцөд авах зэвсэг, техник, эд хөрөнгийг үйлдвэрлэж, бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан хуваарийн дагуу гүйцэтгүүлнэ.

2.4. Дайчилгааны нөөцөд хүлээн авах болон нөөцөөс зарцуулах зэвсэг, техник, эд хөрөнгийн үнийг тухайн үеийн зах зээлийн дундаж ханшаар тооцно.

2.5. Аж ахуйн нэгж, байгууллага нь дайчилгааны нөөцийг тогтоосон хуваарь, хугацааны дагуу бэлтгэн нөөцийн агуулахад хүргэн өгч холбогдох эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.

2.6. Дайчилгааны нөөцөд авах эд хөрөнгө нь дараахь шаардлагыг хангасан байна:

       2.6.1. шинэ байх (зэвсэг, техник, үл хөдлөх хөрөнгөөс бусад эд хөрөнгө);

       2.6.2. нэр төрөл, хэмжих нэгж, тоо хэмжээ, нэг бүрийн үнэ тодорхой байх;

       2.6.3. үйлдвэрлэсэн буюу бэлтгэсэн байгууллагын нэр, он, сар, өдөр, хадгалах хугацааг сав, баглаа боодлын гадна талд тодорхой заасан байх;

       2.6.4. холбогдох стандартын шаардлагыг бүрэн хангасан байх;

       2.6.5. чанарын шинжилгээний дүн, он, сар, өдөр тодорхой байх;

       2.6.6. сав, баглаа боодол нь бүрэн бүтэн байх.

2.7. Дайчилгааны нөөцөд зэвсэг, техник, эд хөрөнгийг шилжүүлэхэд хүлээн авсан, хүлээлгэн өгсөн этгээдийн нэр, байгууллага, албан тушаалыг тодорхой заасан актыг нууцын зэрэгтэйгээр 5 хувь үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд дор дурдсан байгууллага тус бүр 1 хувийг хадгална:

       2.7.1. дайчилгааны нөөцийг бүрдүүлэх даалгавар өгсөн төрийн захиргааны төв, эсхүл нутгийн захиргааны байгууллага;

       2.7.2. батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

       2.7.3. санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

       2.7.4. эд хөрөнгийг нөөцөд хүлээлгэн өгсөн аж ахуйн нэгж, байгууллага;

       2.7.5. эд хөрөнгийг нөөцөд хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага.

2.8. Дайчилгааны нөөцөд хүлээн авсан эд хөрөнгөд чанарын шинжилгээ хийснийг нотолсон баримт бичгийг хүлээн авагчийн актад хавсаргасан байна.

2.9. Дайчилгааны нөөцөөс шаардлагатай үед Засгийн газрын шийдвэрээр тодорхой хэмжээгээр зарцуулсан тохиолдолд нөөц бүрдүүлэгч уг зарцуулсан нөөцийг нэр төрөл, тоо хэмжээгээр нь 3 сарын дотор багтаан нөхөн бүрдүүлнэ.

2.10. Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага дайчилгааны нөөцийн талаар авч хэрэгжүүлсэн ажлын тайланг жил бүр батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.11. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайчилгааны нөөцийн талаар авч хэрэгжүүлсэн ажлын тайлан болон дайчилгааны даалгавраар тогтоосон дайчилгааны нөөцийн бүрдүүлэлт, хадгалалт, арчлан хамгаалалтад үзлэг, шалгалт явуулсан дүнг Засгийн газарт танилцуулна. 

2.12. Дайчилгааны нөөцийн үзлэг, шалгалт, явуулах бүрэлдэхүүн, хугацаа, хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.


Гурав. Бусад

3.1. Энэ журмын хэрэгжилтэд батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина. 

3.2. Энэ журмыг зөрчсөн, дайчилгааны нөөцөөс дутаасан, нөөцийн чанарыг алдагдуулсан, тогтоосон хугацаанд нөөц бүрдүүлээгүй, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр дайчилгааны нөөцийн нэр төрөл, тоо хэмжээг өөрчилсөн, нөөцтэй холбогдолтой нууц задруулсан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

-----o0o-----