- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН ӨМЧИЙГ ДАЙЧИЛСАН ТОХИОЛДОЛД НӨХӨХ ОЛГОВОР ТӨЛӨХ ЖУРАМ
Засгийн газрын 2019 оны 462 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт
ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН
ӨМЧИЙГ ДАЙЧИЛСАН ТОХИОЛДОЛД НӨХӨХ
ОЛГОВОР ТӨЛӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмаар Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дайчилсан өмчид нөхөх олговор төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Нөхөх олговор төлөхөд өмчөө дайчлуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд аливаа алдагдал, хохирол учруулахгүй байх зарчмыг баримтална.
Хоёр. Нөхөх олговортойгоор дайчлах өмч, түүнд
ногдох нөхөх олговрын хэмжээг тооцох
2.1. Нөхөх олговортойгоор дайчлах өмчид хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчийн нисэх онгоц, нисдэг тэрэг, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, автомашин, мотоцикл, өөрөө явагч машин механизм зэрэг бүх төрлийн тээврийн хэрэгсэл, аэродром, техник хангалтын төхөөрөмж, үл хөдлөх болон бусад эд хөрөнгө хамаарах бөгөөд дайчлагдсан өмчийн нөхөх олговрын хэмжээг дор дурдсанаар тооцно:
2.1.1. эд хөрөнгө (хүнс, хувцас, шатахуун, тосолгооны материал, эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн сэлбэг, бусад эд хөрөнгө зэрэг)-ийг дайчлах үеийн зах зээлийн үнээр;
2.1.2. хувийн өмчийн агаарын тээврийн байгууллагын нисэх хэрэгсэл, аэродром, техникийн хангалтын тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг даатгалынх нь үнэлгээгээр;
2.1.3. хувийн өмчийн автомашин, мотоцикл, өөрөө явагч машин, механизм зэрэг тээврийн хэрэгслийг дайчлах үеийн зах зээлийн үнээр;
2.1.4. үл хөдлөх хөрөнгө (хувийн өмчийн газар, барилга байгууламж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж)-ийг үл хөдлөх хөрөнгийн баталгаажсан үнэлгээгээр.
2.2. Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчөөс зэвсэгт хүчний зайлшгүй хэрэгцээнд зориулан бүрмөсөн шилжүүлсэн газар, барилга байгууламж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нөхөх олговрын хэмжээ нь тэдгээрийн баталгаажсан үнэлгээтэй тэнцүү байна.
Гурав. Нөхөх олговрыг мөнгөн болон биет хэлбэрээр
төлөхөд хамаарах өмч
3.1. Нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр төлөх өмчид дараахь эд хөрөнгө хамаарна:
3.1.1. устаж үгүй болсон буюу цаашид ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгсэл;
3.1.2. эдэлж, ашигласан эд хөрөнгө;
3.1.3. агт морь, ажлын бусад мал, ердийн хөсгийн тоног хэрэгсэл.
3.2. Нөхөх олговрыг биет хэлбэрээр төлөх өмчид дараахь эд хөрөнгө хамаарна:
3.2.1. ашиглагдаагүй үлдсэн нэгдүгээр зэргийн хувцас, эмнэлгийн багаж хэрэгсэл, ороох, боох материал, техникийн сэлбэг, бусад эд хөрөнгө;
3.2.2. хэрэглээгүй үлдсэн хүнс, шатахуун, тосолгооны материал, эм, бусад зүйл;
3.2.3. үүрэг гүйцэтгэх боломжтой тээврийн хэрэгсэл;
3.2.4. газар, барилга байгууламж;
3.2.5. үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж.
Дөрөв. Нөхөх олговрыг төлөх
4.1. Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчийг дайчилсан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага тэдгээрт нөхөх олговор төлөх тухай батламжийг олгоно. Дайчилсан өмчийг буцаан төлөх үндэслэл нь тухайн өмчийг дайчилсан тухай батламж байна.
4.2. Батламжид дайчлагдсан өмчийн нэр төрөл, тоо хэмжээ, нэг бүрийн үнэ, нөхөх олговор төлөх хэмжээг тодорхой зааж, түүнийг талуудын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
4.3. Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дайчлагдсан тээврийн хэрэгсэл, үл хөдлөх болон бусад эд хөрөнгөд нөхөх олговор төлөх хэмжээг дайчилгаа цуцлагдсанаас хойш 6-12 сарын дотор батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
4.4. Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нөхөх олговорт төлөх мөнгийг тухайн өмчийг дайчилсан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын нэр дээр гаргасан батламж, Засгийн газраас тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээ, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын захиалгыг үндэслэн шилжүүлнэ.
4.5. Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нөхөх олговрыг өмчийг нь дайчилсан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага Засгийн газраас тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээ, дайчлагдсан өмчид олгосон батламжийг үндэслэн олгоно.
4.6. Улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан дайчилгаа цуцлагдсанаас хойш нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган, 1-5 жилийн хугацаанд төлөх бөгөөд хүү, алданги тооцохгүй.
4.7. Нөхөх олговрыг биет хэлбэрээр буцаан өгснөөр нөхөх олговрыг төлсөнд тооцно. Биет хэлбэрээр буцаан төлсөн өмч нь хэвийн ажиллагаатай, бүрэн бүтэн, хадгалалтын хугацаа дуусаагүй, чанар байдал алдагдаагүй, жин, тоо, хэмжээ стандарт, ашиглалтын шаардлага хангасан байна.
4.8. Энэ журмын 3.2.3, 3.2.4, 3.2.5-д заасан өмчийг биет хэлбэрээр буцаан өгөхдөө Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу элэгдэл, хорогдол тооцох аргыг үндэслэн нөхөх олговрыг тооцож олгоно.
4.9. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дайчлагдсан барилга байгууламж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж цохилтод өртсөний улмаас ашиглах боломжгүй болсон бол түүнийг төсвийн хөрөнгөөр сэргээн засварлаж өгөх буюу баталгаажсан үнэлгээтэй нь тэнцэх хэмжээтэй нөхөх олговрыг өмчлөгчид төлнө.
4.10. Дайчлагдсан өмчид нөхөх олговор төлөх ажилд батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
Тав. Бусад
5.1. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дайчлагдсан өмчид нөхөх олговрыг төлөхөд шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
5.2. Өмчөө дайчлуулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нөхөх олговор төлөхтэй холбогдсон гомдлоо батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно.
5.3. Энэ журмыг зөрчсөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----o0o-----
Текст томруулах
A
A
A