- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДАЙЧИЛГААТАЙ СУРГУУЛЬ ЯВУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2019 оны 462 дугаар
тогтоолын 4 дүгээр хавсралт
ДАЙЧИЛГААТАЙ СУРГУУЛЬ ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмаар зэвсэгт хүчний нэгтгэл, ангийг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах бэлтгэлийг хангах, дайчилгаатай сургуулийг бэлтгэж, явуулахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Зэвсэгт хүчний Жанжин штаб дайчилгаатай сургуулийг жил бүр 14 хоногоос доошгүй хугацаатайгаар зохион байгуулж явуулна.
Хоёр. Дайчилгаатай сургууль явуулах
бэлтгэлийг хангах
2.1. Зэвсэгт хүчний Жанжин штаб дайчилгаатай сургууль явуулах цэргийн нэгтгэл, ангийг болон тус сургуульд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, техник хэрэгслийг дайчлан оролцуулах аймаг, нийслэлийг тогтооно.
2.2. Зэвсэгт хүчний Жанжин штаб дараа жилийн дайчилгаатай сургуульд оролцох дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, техник хэрэгсэл болон шаардагдах хөрөнгийн тооцоог боловсруулж, холбогдох саналыг тухайн оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.3. Дайчилгаатай сургууль явуулах хугацаа, түүнд оролцуулах дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, техник хэрэгслийн тоо, шаардагдах хөрөнгийн хэмжээг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн дайчилгаатай сургууль явуулахаас нэг жилийн өмнө Засгийн газар тогтооно.
2.4. Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайчилгаатай сургуульд шаардагдах зардлыг батлан хамгаалах арга хэмжээний тухайн жилийн төсөвт тусгана.
2.5. Зэвсэгт хүчний Жанжин штаб дайчилгааны даалгаврыг үндэслэн дайчилгаатай сургуульд оролцуулах цэргийн бэлтгэл үүрэгтэнг цэрэгт бүртгэгдсэн мэргэжлийн дугаараар, техник хэрэгслийг загвар, зориулалт, даацаар нь гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.
2.6. Дайчилгаатай сургуульд оролцох цэргийн бэлтгэл үүрэгтэн, техник хэрэгслийг дайчлан татах бэлтгэлийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб хангана.
2.7. Аймаг, нийслэлийн Засаг дарга дайчилгаатай сургуульд оролцуулах цэргийн бэлтгэл үүрэгтэн, техник хэрэгслийг дайчлан татахад шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлнэ.
2.8. Зэвсэгт хүчний Жанжин штаб дайчилгаатай сургуулийн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2.9. Төрлийн цэргийн командлал дайчилгаатай сургууль явуулах нэгтгэл, ангийн бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулна.
2.10. Дайчилгаатай сургуулийн бэлтгэлийг сургууль эхлэхээс 45 хүртэл хоногийн өмнө хангаж дуусгасан байна.
Гурав. Дайчилгаатай сургууль явуулах
3.1. Зэвсэгт хүчний Жанжин штаб Засгийн газрын шийдвэрийг үндэслэн дайчилгаатай сургууль явуулах цэргийн нэгтгэл, анги, холбогдох аймаг, нийслэлийг оролцуулан дайчилгаатай сургуулийг тогтоосон хугацаанд удирдан зохион байгуулж явуулна.
3.2. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын удирдамжийг цэргийн нэгтгэл, ангийн захирагч, холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлснээр дайчилгаатай сургууль эхэлнэ.
3.3. Дайчилгаатай сургуулийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас томилогдсон удирдлагын бүлэг удирдан явуулна.
3.4. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайчилгаатай сургуулийн явцад хяналт тавина.
3.5. Дайчилгаатай сургуулиар оногдуулан бүртгэгдсэн цэргийн бэлтгэл үүрэгтэн, техник хэрэгслийг дайчлах, жигдрэлтийн сургууль зохион байгуулах, байлдааны буудлагатай, буудлагагүй тактикийн хээрийн сургууль (ТХС) явуулах, дайчилгаатай сургуулийн дүн гаргах зорилгоор дараахь арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ:
3.5.1. аймаг, нийслэлийн Засаг дарга оногдуулан бүртгэгдсэн цэргийн бэлтгэл үүрэгтэн, техник хэрэгслийг дайчлан татаж, дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулагдаж байгаа цэргийн нэгтгэл, ангид хүргэх ажлыг зохион байгуулна;
3.5.2. техник хэрэгслийг “Авто техник орлуулалтын журам”-ыг үндэслэн дайчилж болно;
3.5.3. дайчилгаатай сургуулийн явцад сургуулийн удирдлагын бүлгийн үүсгэсэн цагийн байдлын хүрээнд цэргийн нэгтгэл, ангийн штабтай команд-штабын сургууль (команд-штабын хээрийн сургууль)-ийг явуулж болно;
3.5.4. жигдрэлтийн сургууль нь нэг бүрийн бэлтгэл, тасаг (тоот)-ийн жигдрэлт, салаа, ротын жигдрэлт, төгсгөлд нь байлдааны буудлагатай болон буудлагагүй ТХС-ийг явуулснаар хангагдана;
3.5.5. жигдрэлтийн сургуулийн үеийн сургалт, дадлагыг цэргийн ангийн захирагчийн тушаалаар томилогдсон салаа, салбарын захирагч нар зохион байгуулж явуулна;
3.5.6. байлдааны буудлагатай, буудлагагүй ТХС-ийг төрлийн цэргийн командлал удирдан зохион байгуулна;
3.5.7. дайчилгаатай сургуулийн дүнг сургуульд оролцсон цэргийн нэгтгэл, ангийн бие бүрэлдэхүүн, дайчлагдсан цэргийн бэлтгэл үүрэгтэнтэй хэсэгчилсэн байдлаар гаргана.
3.6. Дайчилгаатай сургуулийн төгсгөлд дайчлагдсан цэргийн бэлтгэл үүрэгтэнд дайчилгаатай сургуульд оролцсон хугацааны цалин хөлс болон техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг тус тус зохих журмын дагуу олгоно.
3.7. Дайчилгаатай сургуульд оролцсон бэлтгэл офицерт сургуульд оролцсон албан тушаалын зэрэглэлийн дагуу цол олгох асуудлыг Цэргийн албаны тухай хуулийн 26.8 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ.
Дөрөв. Бусад
4.1. Зэвсэгт хүчний Жанжин штаб дайчилгаатай сургууль явуулсан тухай дүнг сургууль дууссанаас хойш 1 сарын дотор Монгол Улсын Ерөнхийлөгч, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
4.2. Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтан, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----o0o-----
Текст томруулах
A
A
A