A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 462 дугаар
  тогтоолын 5 дугаар хавсралт

 

ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ДАЙЧИЛГААТАЙ СУРГУУЛЬД ТАТАН
ОРОЛЦУУЛСНЫ ХӨЛСИЙГ ТӨЛӨХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмаар Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн техник хэрэгслийг дайчлан дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна. 

1.2. Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөвлөгөөгөөр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дайчилгааны нөөцөд хамаарах техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулж, энэ журамд заасны дагуу хөлсийг төлнө.

1.3. Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг төлөхдөө аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд аливаа алдагдал, хохирол учруулахгүй байх зарчмыг баримтална.

1.4. Зэвсэгт хүчний Жанжин штаб дайчилгаатай сургуульд оролцох хугацаанд нь техник хэрэгслийг даатгалд хамруулж болно.

1.5. Зэвсэгт хүчний Жанжин штаб дараа жилийн дайчилгаатай сургуульд татан оролцуулах техник хэрэгслийн тоо, тэдгээрт төлөх хөлсийг тооцож, холбогдох саналаа тухайн оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

1.6. Дайчилгаатай сургуульд оролцуулах техник хэрэгслийн тоо, тухайн сургуульд татан оролцуулсны хөлсийг төлөхөд шаардагдах хөрөнгийн хэмжээг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тухайн сургууль явуулахаас нэг жилийн өмнө тогтооно.

1.7. Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайчилгаатай сургуульд татан оролцуулах техник хэрэгслийн хөлсийг төлөхөд шаардагдах зардлыг батлан хамгаалах арга хэмжээний тухайн жилийн төсөвт тусгана.

Хоёр. Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд
       оролцуулсны хөлсийг тооцох

2.1. Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг дараахь байдлаар тооцно:

       2.1.1. хувийн өмчийн нисэх онгоц, нисдэг тэргийг навигацийн төлбөр, хөөрөлт, буултын төлбөр, ашиглалтын зардлын хамт дайчилгаатай сургуульд оролцсон нислэгийн цагаар тооцно;

       2.1.2. хувийн өмчийн тээврийн болон тусгай зориулалтын авто техник, өөрөө явагч механизм, мотоцикл бусад техник хэрэгслийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан элэгдэл, хорогдол тооцох аргыг үндэслэн дайчилгаатай сургуульд оролцсон хоногоор тооцно.

2.2. Хувийн өмчийн нисэх онгоц, нисдэг тэргийг дайчилгаатай сургуульд оролцуулсны хөлсийг зэвсэгт хүчинд мөрдөж байгаа нисэх онгоц, нисдэг тэрэгний ашиглалтын зардлын хамгийн бага үнэлгээгээр тооцно.

2.3. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хөлсийг зам, тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тарифын тооцооллын аргачлалаар тооцно.

Гурав. Дайчилгаатай сургуульд оролцуулсны
         хөлсийг төлөх

3.1. Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд дайчлан оролцуулсны хөлсийг дайчилгаатай сургууль явуулсан цэргийн нэгтгэл, ангиас байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд олгоно.

3.2. Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд оролцуулсны хөлсийг дайчилгаатай сургууль дууссан өдрөөс хойш 1 сарын хугацаанд олгоно.

3.3. Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд оролцуулсны хөлс төлөлтийн байдалд Зэвсэгт хүчний Жанжин штаб хяналт тавина.

3.4. Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд дайчлан оролцуулахаар аймаг, нийслэлийн Засаг дарга, өмчлөгч буюу эзэмшигч нарын хооронд гэрээ байгуулна. Гэрээг 4 хувь үйлдэж, Зэвсэгт хүчний Жанжин штаб, дайчилгаатай сургуульд оролцох цэргийн нэгтгэл, анги, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт хадгалах ба үлдсэн хувийг өмчлөгч буюу эзэмшигчид өгнө.

3.5. Дайчилгаатай сургуульд оролцуулсны хөлсийг төлөхдөө техник хэрэгслийн чанар байдал, дайчилгаатай сургуулийн явцад үүрэг гүйцэтгэсэн байдал зэргийг харгалзан үзнэ.

Дөрөв. Бусад

4.1. Дайчлан татсан техник хэрэгсэл дайчилгаатай сургуулийн явцад эвдэрч, гэмтсэн нь эзэмшигчийн буруугаас болоогүй бол хохирлыг Дайчилгааны тухай хуульд заасны дагуу Зэвсэгт хүчний Жанжин штаб тухайн техник хэрэгслийн баталгаажсан болон даатгуулсан үнэлгээг үндэслэн төлнө.

4.2. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь техник хэрэгслээ дайчилгаатай сургуульд оролцуулсны хөлс төлөлттэй холбоотой санал, гомдлоо батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно.

4.3. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

-----o0o-----