- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖЭЭС ДАЙЧИЛСАН САНХҮҮГИЙН НӨӨЦИЙГ БУЦААН ТӨЛӨХ ЖУРАМ
Засгийн газрын 2019 оны 462 дугаар
тогтоолын 6 дугаар хавсралт
ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖЭЭС
ДАЙЧИЛСАН САНХҮҮГИЙН НӨӨЦИЙГ
БУЦААН ТӨЛӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмаар Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, дайчилгааны арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулан хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс санхүүгийн нөөцийг дайчлах тухай шийдвэрийг Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага гаргана.
1.3. Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөхөд тухайн байгууллага, аж ахуйн нэгжийг аливаа алдагдал, хохиролд хүргэхгүй байх зарчмыг баримтална.
1.4. Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх үйл ажиллагаа нь Засгийн газрын удирдлага, хяналт дор явагдана.
Хоёр. Дайчилж болох санхүүгийн нөөц
2.1. Дайчилж болох санхүүгийн нөөцөд хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжид байгаа бэлэн болон бэлэн бус мөнгө, түүнтэй адилтгах бусад санхүүгийн хэрэгсэл хамаарна.
2.2. Дайчилж болох бэлэн мөнгөнд хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн касс, тусгай зориулалтын санд байршиж байгаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болон гадаад улсын цаасан мөнгөн тэмдэгт, зоос, бутархай мөнгө, чек болон бусад байгууллагын чек зэрэг хамаарна.
2.3. Дайчилж болох бэлэн бус мөнгөнд төрөл бүрийн мөнгөн гүйлгээ хийхэд зориулагдан хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа гадаад болон дотоодын банк, санхүүгийн байгууллагын дансан дахь мөнгө, замд яваа мөнгө, 3 сараас дээшгүй хугацаатай хадгаламж, тусгай зориулалттай мөнгө зэрэг хамаарна.
2.4. Дайчилж болох мөнгө, түүнтэй адилтгах бусад хэрэгсэлд богино хугацаанд бэлэн мөнгө болж хөрвөх чадвартай хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа үнэт металл, үнэт цаас, эрдэнэс, гадаад болон дотоодын банк, санхүүгийн байгууллагын дансанд байгаа 3 сараас дээш хугацаатай хадгаламж зэрэг хамаарна.
Гурав. Санхүүгийн нөөцийг дайчлах, буцаан төлөх
3.1. Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүүгийн нөөцийг энэ журмын 1.2-т заасан шийдвэрийн дагуу дайчлахдаа Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас батламж өгнө.
3.2. Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүүгийн нөөцийг дайчилсан тухай батламжид дайчилсан хөрөнгийн хэмжээ, төрөл, буцаан төлөх хугацааг зааж, түүнийг талуудын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
3.3. Дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх үндэслэл нь санхүүгийн нөөцийг дайчилсан тухай батламж байх бөгөөд батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх асуудлаар дайчилгаа цуцлагдсанаас хойш 6-12 сарын дотор багтаан санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлнэ.
3.4. Засгийн газар хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг төлөхөд шаардагдах хөрөнгийг гаргуулах тухай асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ.
3.5. Улсын Их Хурлын шийдвэрийг үндэслэн хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан энэхүү журмын 2.2-т заасан бэлэн мөнгийг улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан дайчилгаа цуцлагдсанаас хойш 1-2 жилийн дотор буцаан төлнө.
3.6. Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан энэхүү журмын 2.3-т заасан бэлэн бус мөнгө болон бусад зүйлийг улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан дайчилгаа цуцлагдсанаас хойш 3-4 жилийн дотор буцаан төлнө.
3.7. Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан энэ журмын 2.4-т заасан мөнгө, түүнтэй адилтгах хэрэгсэл болон бусад зүйлийг улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан дайчилгаа цуцлагдсанаас хойш 5-6 жилийн дотор биет байдлаар буюу батламжид заасан мөнгөн хэмжээгээр тооцож, буцаан төлнө.
3.8. Дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөхөд хүү, алданги тооцохгүй.
3.9. Дайчилсан санхүүгийн нөөцийг Засгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу зохих байгууллага, аж ахуйн нэгжид төлөх ажлыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага банкаар дамжуулан гүйцэтгэнэ.
Дөрөв. Бусад
4.1. Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөхтэй холбогдсон гомдлоо Засгийн газарт, эсхүл шүүхэд гаргаж болно.
4.2. Энэ журмыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----o0o-----
Текст томруулах
A
A
A