- Нүүр
- Сайдын тушаал
- БАЯЖУУЛСАН ХҮНС ҮЙЛДВЭРЛЭХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2020 оны А/26 тоот тушаалын хавсралт
БАЯЖУУЛСАН ХҮНС ҮЙЛДВЭРЛЭХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХЭД
МӨРДӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмаар Монгол Улсын Засгийн газраас баталсан “Албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт”-д багтсан хүнс, түүнчлэн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч өөрийн санаачилгаар /сайн дураар/ үйлдвэрлэсэн баяжуулсан хүнс үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч өөрийн санаачилгаар /сайн дураар/ үйлдвэрийн аргаар баяжуулсан хүнс үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.3. Импортын Баяжуулсан хүнсийг хадгалах, тээвэрлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Баяжуулсан хүнс үйлдвэрлэх
2.1. Баяжуулсан хүнс үйлдвэрлэхэд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль, журамд зааснаас гадна дараахь шаардлага тавигдана.
2.1.1. Баяжуулсан хүнс үйлдвэрлэх технологийг боловсруулах;
2.1.2.Үйлдвэрийн хүчин чадал, технологийн онцлогт тохируулан хүнс баяжуулах зориулалтын тоног төхөөрөмжийг /тунлагч, холигч г.м/ үйлдвэрлэлийн шугамд суурилуулах;
2.1.3. Хүнс баяжуулах чиглэлээр ажилтнаа хүнс баяжуулах чиглэлээр сургалтанд хамруулах;
2.1.4.Улсын бүртгэлд бүртгэгдсэн баяжуулагч бэлдмэлийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн ашиглах;
2.1.5. Сайн дурын үндсэн дээр шинээр хүнс баяжуулах бол баяжуулагч бэлдмэлийн болон баяжуулсан хүнсний стандарт батлуулсан байх;
2.1.6.“Албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт” болон Буудайн гурил баяжуулагч бэлдмэл. Техникийн ерөнхий шаардлага стандартад заасан баяжуулагч бэлдмэлээр хүнс баяжуулах;
2.1.7. Баяжуулагч бэлдмэлийн зарлага, дотоод хяналтын бүртгэлийг хөтлөх;
2.1.8.Баяжуулагч бэлдмэлийг тунлагч, тэжээгч төхөөрөмжийн тохируулгын ажиллагаанд хяналт, бүртгэл хөтлөх;
2.1.9.Баяжуулагч бэлдмэлийг Буудайн гурилыг баяжуулагч бэлдмэл. Техникийн ерөнхий шаардлага MNS 6812:2019 болон бусад холбогдох стандартад заагдсан шаардлагын дагуу хадгалах;
Гурав.Баяжуулсан хүнсийг савлах
3.1. Баяжуулсан хүнсний сав, баглаа боодол нь стандартын шаардлагыг хангасан байна.
3.2. Баяжуулсан хүнсний сав баглаа, боодлын шошгонд баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг холбогдох журмын дагуу тавьж, нийтийн хэрэгцээнд нийлүүлнэ.
3.3. Хүнсний бүтээгдэхүүний сав, боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 стандарт, Буудайн баяжуулсан гурил. Техникийн ерөнхий шаардлага. MNS 6812:2019 стандартыг тус тус хангасан байна.
Дөрөв. Баяжуулсан хүнс хадгалах, тээвэрлэх
4.1. Баяжуулсан хүнсийг Буудайн баяжуулсан гурил техникийн ерөнхий шаардлага. MNS 6812:2019 стандарт, Хүнсний зориулалтын иоджуулсан давс. Техникийн ерөнхий шаардлага MNS 5046:2019, болон бусад стандарт шаардлагад заасан нөхцөлд хадгална.
4.2. Баяжуулсан хүнс, баяжуулагч бэлдмэлийг Буудайн баяжуулсан гурил. Техникийн ерөнхий шаардлага. MNS 6812:2019 стандарт, Буудайн гурилыг баяжуулагч бэлдмэл. Техникийн ерөнхий шаардлага MNS 6811:2019 стандарт, Хүнсний зориулалтын иоджуулсан давс. Техникийн ерөнхий шаардлага MNS 5046:2019 болон холбогдох стандартад заасан шаардлагын дагуу тээвэрлэнэ.
Тав. Хариуцлага
5.1. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A