A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ХУДАЛДАН АВАЛТАД ТӨЛСӨН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2020 оны 14 дүгээр тушаалын

1 дүгээр хавсралт

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ХУДАЛДАН АВАЛТАД ТӨЛСӨН НЭМЭГДСЭН

ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Ерөнхий зүйл

1.1.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч (цаашид “албан татвар төлөгч” гэх)-ийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар (цаашид “албан татвар” гэх)-ын 20 хүртэлх хувийг буцаан олгох болон түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Энэ журамд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нэр томьёог хэрэглэнэ.

Хоёр.Хамрах хүрээ

2.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан зориулалтаар бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан хувь хүнд энэ журам хамаарна.

2.2.Энэ журмын 2.1-д заасан зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь албан татвараас чөлөөлөгдсөн бол энэ журамд хамаарахгүй.

Гурав.Албан татварыг буцаан олгох нөхцөл

3.1.Албан татварыг буцаан олгоход дараахь нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байх шаардлагатай:

3.1.1.албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зориулалт нь энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан байх;

3.1.2.албан татвар суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан байх;

3.1.3.татварын албанд бүртгэгдсэн худалдан авалтын мэдээлэл нь төлбөрийн баримтын агуулгаар бүртгэлийн хэрэгсэл, бүртгэлийн машин, нэгдсэн болон хэрэглэгчийн системд бүртгэгдсэн байх;

3.1.4.албан татвар төлөгч болон албан татвар суутган төлөгчийн бүртгүүлсэн төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх; /Тайлбар: төлбөрийн баримтын мэдээлэл баталгаажсан гэдэг нь нэгдсэн систем дэх худалдан авалтын бүртгэлийн мэдээллийг албан татвар төлөгч болон албан татвар суутган төлөгчийн оруулсан мэдээлэл харилцан нийцэж бүртгэгдсэн байхыг ойлгоно./

3.1.5.албан татвар төлөгч нь нэгдсэн системд бүртгэгдсэн байх.

3.2.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцож, хяналт тавьж ажиллана.

3.2.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.1-д заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд албан татварын буцаан олголтыг хүчингүй болгоно.

3.2.2.Татвар төлөгчийн тухайн улиралд олгосон татварын буцаан олголтод Татварын ерөнхий хуулийн 35.6-д заасан системээр эрсдэл тооцож, дутуу олгосон боловч дараагийн улиралд “эрсдэлгүй” гэж үнэлэгдсэн тохиолдолд нэмж олгох, “эрсдэлтэй” гэж үнэлэгдэн илүү олгогдсон тохиолдолд татвар төлөгчид мэдэгдэн, дараагийн улиралд олгох буцаан олголтоос суутган тооцож, нөхөн төлүүлэх арга хэмжээ авна. /энэ хэсгиг Сангийн сайдын 2021 оны 163 дугаар тушаалаар нэмсэн./

Дөрөв.Албан татвар төлөгч буцаан олголтод хамрагдах

4.1.Албан татвар төлөгч нь энэ журмын зорилгоор төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэг (цаашид “хэрэглэгчийн хэсэг” гэх)-т нэвтрэн, системийн өгөгдлийн дагуу дараахь мэдээллийг кирилл үсгээр бүртгүүлж, баталгаажуулна. (Энэхүү хэрэглэгчийн хэсгийн тусламжтайгаар албан татвар төлөгч нь төлсөн албан татвар болон буцаан авах албан татварын хэмжээгээ хянах боломжтой).

4.1.1.хэрэглэгчийн овог, нэр;

4.1.2.регистрийн дугаар;

4.1.3.цахим шуудан /имэйл/-ийн хаяг;

4.1.4.утасны дугаар;

4.1.5.албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар.

4.2.Албан татвар төлөгч нь буцаан олголтод хамрагдахын тулд дараахь нөхцөлийг хангасан байна:

4.2.1.албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай бүр худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтыг цаасан эсхүл цахим хэлбэрээр авсан байх;

4.2.2.төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байна;

4.2.3.албан татвар төлөгчийн энэ журмын 4.1.5-д заасан мэдээлэл зөрүүтэй талаар нэгдсэн системээс мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд мэдээллийг арван тав /15/ хоногийн дотор засварлах.

4.3.Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.1-т заасан төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажихгүй бол энэ талаар нэгдсэн системээр дамжуулан татварын албанд мэдэгдэнэ.

4.4.Төлбөрийн баримтын дүнд өөрчлөлт орсон тохиолдолд 15 хоногийн хугацаанд багтаан холбогдох өөрчлөлтийг албан татвар төлөгч хэрэглэгчийн хэсэгт, харин албан татвар суутган төлөгч нь бүртгэлийн машин, хэрэгслээрээ дамжуулан нэгдсэн системийн мэдээллийн санд холбогдох өөрчлөлтийг оруулсан байна.

4.5.Албан татвар төлөгч нь энэ журмын 4.1-д заасан мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.

4.6.Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн тухайн улирлын сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор бүртгүүлсэн байна.

Тав.Албан татвар суутган төлөгчийн эрх, үүрэг

5.1.Албан татвар суутган төлөгч нь хэрэглэгчийн системийг заавал ашиглана.

5.2.Албан татвар суутган төлөгч нь бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрт албан татвар төлөгчид стандартын шаардлага хангасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтыг заавал өгч, мэдээллийг тухай бүр нэгдсэн системд дамжуулна.

5.3.Албан татвар суутган төлөгчийн техникийн нөхцөлөөс хамаарч энэ журмын 5.2-т заасан мэдээллийг тухай бүр дамжуулах боломжгүй бол 3 хоног тутам дамжуулах үүрэгтэй.

5.4.Татварын албанаас төлбөрийн баримтын мэдээллийг нэгдсэн системд дамжуулахыг шаардсан тохиолдолд албан татвар суутган төлөгч ажлын 3 хоногийн дотор холбогдох мэдээллийг нэгдсэн системд дамжуулна.

5.5.Албан татвар суутган төлөгч нь хэрэглэгчийн систем ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс нэгдсэн системд шууд мэдээлэл дамжуулах боломжгүй болсон буюу төлбөрийн баримтыг хэвлэх, мэдээлэл дамжуулах боломжгүй болсон тохиолдолд холбогдох гүйлгээний мэдээллийг албан татвар төлөгчид бүрэн хүргүүлж, 7 хоногийн дотор уг мэдээллийг нэгдсэн системд дамжуулна.

Зургаа.Албан татвар буцаан олгох

6.1.Тухайн жилд буцаан олгох албан татварын хувь, хэмжээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.13-д заасныг үндэслэн тухайн жилийн төсвийн төсөлд тусгасан хувь, хэмжээгээр тооцож олгоно.

6.2.Албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварын буцаан олголтыг улирал бүр хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн буцаан олголт авах харилцах болон хадгаламжийн дансанд олгоно.

6.3.Татварын алба нь тухайн улирлын буцаан олголтын дүнг дараа улирлын эхний сарын 10-ны дотор албан татвар төлөгч бүрээр нэгдсэн системээс баталгаажуулан гаргасан мэдээллийг энэ журмын 4.1.1, 4.1.2, 4.1.5-д заасантай нийцэж байгаа эсэхийг хянаж, тэмдэглэл үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

6.4.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу буцаан олгох татварын хэмжээний саналыг ажлын 7 өдөрт багтаан хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын 2 өдөрт багтаан Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр ирүүлнэ.

6.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татварыг буцаан олголтыг Төрийн сангийн тусгай дансаар дамжуулан гүйцэтгэж болно.

6.6.Төрийн сангийн газар санхүүжилтийг Төрийн сан дахь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тусгай дансанд ажлын 20 хоногийн дотор санхүүжүүлнэ.

6.7.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийн буцаан олголтыг Төрийн сан дахь тусгай дансаар дамжуулан хүлээн авагчийн дансанд шилжүүлнэ.

6.8.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь санхүүжилт орсноос хойш ажлын 3 өдөрт багтаан Төрийн сангийн үйл ажиллагааны журамд заасны дагуу Төлбөрийн хүсэлт /ТТ-1 маягт/ болон файлыг Төрийн санд ирүүлж гүйлгээг хийнэ. Төлбөрийн хүсэлтэд доорх мэдээллийг үнэн зөв, гүйцэд бөглөсөн байна.

 - Хүлээн авагчийн нэр;

 - Хүлээн авагчийн регистрийн дугаар;

 - Хүлээн авагчийн банк;

 - Хүлээн авагчийн дансны дугаар;

 - Мөнгөн дүн.

6.9.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Төлбөрийн хүсэлтийн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.

6.10.Албан татвар төлөгчийн буцаан олголт хүлээн авах банк, дансны дугаар зөрүүтэйн улмаас гүйлгээ хийгдээгүй тохиолдолд нэгдсэн системээс албан татвар төлөгчид мэдэгдэл хүргүүлнэ.

6.10.1.мэдэгдэл хүргүүлснээс хойш албан татвар төлөгч нь 20 хоногийн дотор мэдээллээ залруулан баталгаажуулна.

6.10.2.энэ журмын 6.10.1-д заасан хугацаанд мэдээллээ залруулаагүйгээс буцаагдсан, эсхүл энэ журмын 4.6-д заасан хугацаанд төлбөрийн баримтаа бүртгүүлээгүйн улмаас тухайн улиралд олгогдоогүй урамшууллыг дараа улиралд өссөн дүнгээр, тухайн жилд олгогдоогүй урамшууллыг дараа жилийн эхний хагаст багтаан олгоно.

6.11.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь албан татвар төлөгчид мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа залруулгын гүйлгээний хүсэлтийг Төрийн санд хүргүүлнэ.

6.12.Төрийн сан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн татварын 20 хүртэл хувийн албан татварын буцаан олголтын мөнгөн дүн, бүртгэгдсэн банкны дансны мэдээллийг хариуцахгүй болно.

6.13.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улирал бүрийн эцэст тооцоо хийж тусгай данс үлдэгдэлтэй бол санхүүжилт хийсэн дансруу буцаан төвлөрүүлнэ.

6.14.Албан татвар төлөгч буцаан авалтаа авсны дараа төлбөрийн баримтын дүнд өөрчлөлт орж буцаан авалтын дүн нь буурсан тохиолдолд албан татвар суутган төлөгч нь илүү олгосон буцаан олголтыг төсөвт төвлөрүүлж, тайланг залруулна.

6.15.Нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт албан татвар төлөгчийн буцаан олголтын мэдээллийг дараахь хэлбэрээр харуулна:

6.15.1.“боловсруулагдаж буй”-буцаан олгогдох албан татварын хэмжээ хянагдаж байгаа;

6.15.2.“баталгаажсан”-хянасан дүнг баталгаажуулсан;

6.15.3.“урамшууллыг шилжүүлэхээр хүлээгдэж буй”- баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлэхээр Төрийн санд хүргүүлсэн;

6.15.4.“урамшууллыг олгосон”- татвар төлөгчид урамшууллыг олгосон;

6.15.5.“буцаагдсан”- татвар төлөгчийн мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан;

6.15.6.”хянагдаж буй”-хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж байгаа.” гэсэн төлөвтэй байна;

6.15.7.“хүчингүй болсон”- тухайн төлбөрийн баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд;”

6.15.8.“санхүүжилт татсан” – энэ журмын 6.10.1-д заасан хугацаанд мэдээллээ залруулаагүйгээс санхүүжилт буцаан татагдсан.

6.16.Нэгдсэн системээс баталгаажуулж гаргасан мэдээлэл татварын хууль тогтоомжийн дагуу үнэн бодитой тооцоологдож боловсруулагдсан эсэхэд татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

6.17.Төрийн сан нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүргүүлсэн төлбөрийн хүсэлтийн дагуу гүйлгээг хийсэн талаарх мэдээллийг төлбөрийн хүсэлт хүргүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

6.18.Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, торгох шийтгэл хураамжид суутган тооцож болно. /Сангийн сайдын 2021 оны 163, 2022 оны А/103 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав./

Долоо.Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

7.1.Журмын 4.6-д заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

7.2.Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.