A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУГАЛААНЫ ТОХИРЛООР УРАМШУУЛАЛ ОЛГОХ, ТҮҮНИЙГ ЯВУУЛАХ ЖУРАМ /СС-ын 2022 оны А/185 дугаар тушаалаар 2-р хавсралтыг хүчингүй болгосон/.
Бүлэг: 1979

СС-ын 2022 оны А/185 дугаар тушаалаар 2-р хавсралтыг хүчингүй болгосон.

Сангийн сайдын 2020 оны 14 дүгээр

тушаалын 2 дугаар хавсралт

СУГАЛААНЫ ТОХИРЛООР УРАМШУУЛАЛ ОЛГОХ,

ТҮҮНИЙГ ЯВУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг зохион байгуулахтай холбогдох харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Сугалаа явуулах үйл ажиллагааг зохион байгуулахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (цаашид “хууль” гэх) болон Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

Хоёр.Хамрах хүрээ

2.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-т заасан хэрэглэгчийн системтэй этгээдээс (цаашид “борлуулагч” гэх) хуулийн 5.1-д заасан зориулалтаар худалдан авалт хийсэн хувь хүнд (цаашид “сугалаанд оролцогч” гэх) энэ журам хамаарна.

Гурав.Сугалааны тохирлын урамшуулал олгох нөхцөл

3.1.Сугалаанд оролцогч нь дараахь нөхцөлийг хангасан байна:

3.1.1.хуулийн 4.1.20-д заасан нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт (цаашид “хэрэглэгчийн хэсэг” гэх) өөрийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар болон Монгол Улсад бүртгэлтэй банкны нэр, дансны дугаарыг кирилл үсгээр бүртгүүлж баталгаажуулсан байх;

3.1.2.борлуулагчаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан байх;

3.1.3.энэхүү журмын 3.1.2-т заасан худалдан авалтыг нотлох нэгдсэн системээс үүсгэсэн сугалааны дугаарын мэдээлэл агуулсан төлбөрийн баримтыг (цаашид “сугалааны тасалбар” гэх) авсан байх;

3.1.4.сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байх;

3.1.5.татварын алба нь албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээний зориулалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянах.

3.2.Сугалааны тасалбар дараахь шаардлагыг хангасан байна:

3.2.1.нэгдсэн системээс үүсгэсэн сугалааны дугаарын мэдээллийг (цаашид “сугалааны дугаар” гэх) агуулсан байх;

3.2.2.хуулийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан байх;

3.2.3.нэгдсэн системээс олгосон шифрлэсэн нууцлалын QR кодтой байх.

3.3.Борлуулагч дараахь үүрэгтэй байна:

3.3.1.бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүр хэрэглэгчийн системд бүртгэж нэгдсэн системээс олгогдсон төлбөрийн баримтыг сугалаанд оролцогчид олгох;

3.3.2.сугалааны дугаарыг зөвхөн сугалаанд оролцогчид олгох сугалааны тасалбарын хувь дээр хэвлэх;

3.3.3.сугалааны тасалбарын мэдээллийг тухай бүр, эсхүл 3 хоногийн дотор нэгдсэн системд үнэн зөв, бүрэн дамжуулсан байх.

3.4.Нэгдсэн системд бүртгүүлсэн тухайн төлбөрийн баримтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээг буцааж, нийт төлбөрийг хүлээн авсан татвар төлөгч буюу сугалаанд оролцогч нь нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт, нийт төлбөрийг буцаан олгосон татвар суутган төлөгч буюу борлуулагч нь бүртгэлийн машин, хэрэгслээрээ дамжуулан нэгдсэн системийн мэдээллийн санд холбогдох өөрчлөлтийг энэ журамд заасан хугацаанд багтаан оруулснаар тухайн сугалааны тасалбар бүхий төлбөрийн баримтыг хүчингүйд тооцно.

3.5.Нэгдсэн системд бүртгүүлээгүй тухайн төлбөрийн баримтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээг буцааж, нийт төлбөрийг буцаан олгосон татвар суутган төлөгч буюу борлуулагч нь бүртгэлийн машин, хэрэгслээрээ дамжуулан нэгдсэн системийн мэдээллийн санд холбогдох өөрчлөлтийг энэ журамд заасан хугацаанд багтаан оруулснаар тухайн сугалааны дугаар бүхий төлбөрийн баримтыг хүчингүйд тооцно.

3.6.Энэ журмын 3.4-д заасны дагуу сугалааны тасалбар хүчингүй болохоос өмнө сугалааны тохирол таарч урамшуулал хожсон бол сугалаанд оролцогчид урамшууллыг олгоно.

3.7.Энэ журмын 3.3.3-д заасан хугацаанд борлуулагч мэдээллээ нэгдсэн системд ирүүлээгүйгээс сугалааны азтан хонжвороо авах боломжгүй болсон бол гомдлоо энэ журмын 4.10-д заасан хугацаанд багтаан харьяалах татварын албанд гаргана.

3.8.Татварын алба сугалааны азтанаас ирүүлсэн гомдлын дагуу борлуулагчийн мэдээллийг нэгдсэн системд баталгаажуулах арга хэмжээг гомдол ирүүлснээс хойш 14 хоногт багтаан шийдвэрлэнэ.

Дөрөв.Сугалааны тохирол явуулах зарчим

4.1.Сугалааны тохирлыг сард нэгээс багагүй удаа явуулах бөгөөд сугалаа нь супер болон үндсэн урамшууллын тохиролтой байна.

4.2.Сугалааны тохирол явуулах үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, шударга байх зарчмыг хангасан байна.

4.3.Сугалааны тасалбарт агуулагдах сугалааны дугаарыг зөвхөн нэгдсэн системээс олгоно.

4.4.Сугалааны дугаар нь хоёр /2/ латин том үсэг болон тэг /0/-ээс ес /9/ хүртэлх найман /8/ цифр бүхий тооноос бүтсэн AA00000000 дугаарлалтаас ZZ99999999 дугаарлалтын хооронд байна. Сугалааны дугаарын 2 үсэг нь дахин давтагдашгүй серийн дугаарыг илэрхийлнэ.

4.5.Үндсэн болон супер сугалааны тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулна. Бөмбөлгийн дугаарлалт нь 0-ээс 9 хүртэлх 10 цифрээс бүрдэнэ.

4.6.Энэ журмын 4.5-д заасны дагуу Супер сугалааны тохирол тодруулах найман бөмбөлгийн цифр нь сугалааны дугаарын найман цифртэй дараалал болон тоон утгаараа тохирч байвал Супер сугалааны тохирлын урамшууллыг олгоно.

4.7.Энэ журмын 4.5-д заасны дагуу Үндсэн сугалааны тохирол тодруулах найман бөмбөлгийн цифр нь сугалааны дугаарын цифртэй дараахь байдлаар тохирч байвал Үндсэн сугалааны тохирлоор урамшуулал олгоно:

4.7.1.сугалааны дугаарын найман цифр нь энэ журмын 4.7-д зааснаар тодруулсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал 1 дүгээр зэргийн урамшууллыг;

4.7.2.сугалааны дугаарын сүүлийн долоон цифр нь энэ журмын 4.7-д зааснаар тодруулсан сүүлийн долоон цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 2 дугаар зэргийн урамшууллыг;

4.7.3.сугалааны дугаарын сүүлийн зургаан цифр нь энэ журмын 4.7-д зааснаар тодруулсан сүүлийн зургаан цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 3 дугаар зэргийн урамшууллыг;

4.7.4.сугалааны дугаарын сүүлийн таван цифр нь энэ журмын 4.7-д зааснаар тодруулсан сүүлийн таван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 4 дүгээр зэргийн урамшууллыг;

4.7.5.сугалааны дугаарын сүүлийн дөрвөн цифр нь энэ журмын 4.7-д зааснаар тодруулсан сүүлийн дөрвөн цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 5 дугаар зэргийн урамшууллыг;

4.7.6.сугалааны дугаарын аливаа сүүлийн гурван цифр нь энэ журмын 4.7-д зааснаар тодруулсан сүүлийн гурван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 6 дугаар зэргийн урамшууллыг.

4.8.Сугалааны урамшуулал болон сугалааны дугаарыг нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн сугалаанд оролцогчид олгоно.

4.9.Сугалааны тохирлыг зөвхөн өмнөх сард хэвлэгдсэн сугалааны тасалбаруудаас тодруулна. Энэ журмын 4.1-д заасны дагуу сугалааны тохирлыг сард нэгээс дээш удаа зохион байгуулах бол тохирлыг тухайн сарын хугацаанд хамаарах сугалааны тасалбараас тодруулна.

4.10.Энэ журмын дагуу сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцно.

4.11.Супер урамшуулал олгох сугалааны тасалбар тодроогүй тохиолдолд энэ журмын 5.2-т заасан хэмжээгээр дараа сарын супер урамшууллын дүн дээр нэмэх зарчмаар супер урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх бөгөөд уг дүнг улирал дамжуулан нэмэгдүүлэхгүй.

4.12.Супер урамшууллын тохирол тухайн жилд багтаж тодроогүй бол энэ журмын 4.11-д заасныг үл харгалзан дараагийн жилд уг урамшууллыг оны эхнээс дахин шинээр тодруулах зарчмаар зохион байгуулж, холбогдох урамшууллыг олгоно.

4.13.Сугалааны дугаарын сүүлийн орноос эхлэн сугалааны тохирлын дугаарыг тодруулна.

Тав.Сугалааны урамшуулал болон үйл ажиллагааны зардал

5.1.Сугалааны урамшуулал болон сугалаа явуулах үйл ажиллагааны зардал нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

5.2.Тухайн жилд олгох сугалааны урамшууллын хэмжээ, супер болон үндсэн сугалааны урамшууллын хэмжээг жил бүрийн эхний сард багтааж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Зургаа.Сугалааны тохирол явуулах үйл ажиллагаа

6.1.Сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанд хяналт тавих бүрэлдэхүүнийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

6.2.Хяналт тавих бүрэлдэхүүнд дараахь байгууллагын төлөөлөл оролцоно.

6.2.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

6.2.2.Авлигатай тэмцэх газар;

6.2.3.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

6.2.4.Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

6.2.5.Цагдаагийн төв байгууллага;

6.2.6.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар;

6.2.7.Иргэдийн төлөөлөл.

6.3.Энэхүү журмын 6.2-т заасан төлөөллийг тухайн байгууллага болон иргэнээс бичгээр өгсөн хүсэлтийг үндэслэн бүрэлдэхүүнд томилно.

6.4.Хяналт тавих бүрэлдэхүүн нь сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанд дараахь хяналтыг хийнэ:

6.4.1.холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэх;

6.4.2.ил тод, шударга явагдаж байгаа эсэх;

6.4.3.хөндлөнгийн нөлөө болон зөрчил байгаа эсэх;

6.4.4.тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд.

6.5.Сугалааны тохирол тааруулах нэвтрүүлгийг орон даяар шууд дамжуулах нөхцөлийг хангасан байна:

6.5.1.сугалааны тохирол явуулахаас 8-аас багагүй цагийн өмнө бэлэн болсон байх;

6.5.2.сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанд хяналт тавих бүрэлдэхүүн ажиллах нөхцөлөөр хангасан байх;

6.5.3.сугалааны тохирол явуулах үйл ажиллагааг шууд дамжуулах, хянах нөхцөлд 3-аас доошгүй талаас бичлэг хийх боломжтой камер болон дагалдах тоног төхөөрөмжийг суурилуулсан байх;

6.5.4.сугалааны урамшууллын тохирол тааруулах бөмбөлөг бүхий сугалааны машин суурилуулсан байх.

6.6.Сугалаа явуулах үйл ажиллагааг орон даяар сар бүрийн гурав дахь ням гаригт Улаанбаатар хотын цагийн бүсийн 19:00 цагт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна. Энэ журмын 4.1-д заасны дагуу сугалааны тохирлыг сард нэгээс дээш удаа зохион байгуулах бол энэ талаар сугалаа явуулахаас ажлын тав /5/-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд цахим хуудсаар дамжуулан мэдээлнэ.

6.7.Сугалааны тохирлыг энэхүү журмын 6.5.4-д заасан сугалааны машинаар тодруулна.

6.8.Сугалааны тохирол явуулах үйл ажиллагааг камер болон бусад тоног төхөөрөмжөөр бүрэн баримтжуулна.

6.9.Сугалааны машинаас гарах бөмбөлөг бүрийн цифрийн дугаарыг дэлгэцээр тодруулж харуулна.

6.10.Сугалааны тохирол явуулах машин нь тунгалаг хоргон бүтэцтэй байх бөгөөд тус хоргонд тэгээс ес хүртэлх цифрийн дугаарлалт бүхий бөмбөлгүүдийг байрлуулна.

6.11.Сугалааны тохирлын мэдээллийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цахим төлбөрийн баримт албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.

Долоо. Сугалааны тохирлын урамшуулал олгох үйл ажиллагаа

7.1.Сугалааны азтан нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа энэ журмын 4.10-т заасан хугацаанд багтаан нэгдсэн системд хүсэлт гаргаж, баталгаажуулна.

7.1.1.сугалааны тохирлын урамшууллын хэмжээ нь энэ журмын 4.7.4-4.7.6.-д заасан 4, 5, 6 дугаар зэрэглэлд хамаарах бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт хандаж сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулна.

7.1.2.сугалааны тохирлын урамшууллын хэмжээ нь энэ журмын 4.7.1-4.7.3-т заасан 1, 2, 3 дугаар зэрэглэлийн урамшуулал болон супер урамшуулалд хамаарах бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт хандан хүсэлтээ баталгаажуулан, харьяалагдах татварын албанд биечлэн очиж, урамшуулал авах хүсэлтээ сугалааны тасалбар, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбарын хамт бүрдүүлж өгнө.

7.1.3.сугалааны азтан нь сугалааны тасалбараа хаяж үрэгдүүлсэн эсхүл бичвэр арилсан зэрэг шалтгаанаар сугалааны тасалбарын мэдээллийг харах боломжгүй тохиолдолд энэ журмын 7.1.2-т заасан хүсэлтээ нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсгээс холбогдох сугалааны тасалбарын дэлгэрэнгүй мэдээллийг хянаж баталгаажуулах өргөдлийн хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

7.1.4.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцож, хяналт тавьж ажиллана.

7.1.5.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.1-д заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд сугалааны хонжворын урамшууллыг хүчингүй болгоно.

7.2.Татварын алба нь энэ журмын 7.1-д зааснаар ирүүлсэн хүсэлтийг тулган баталгаажуулж, ажлын 7 хоногт багтаан татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

7.3.Энэ журмын 7.1-д заасны дагуу хүсэлтээ баталгаажуулсан сугалааны азтаны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгоно.

7.4.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Төрийн санд сугалааны урамшуулал олгох тусгай данстай байна.

7.5.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сугалааны урамшууллаар олгох мөнгөн дүн, мэдээлэл, хэмжээний саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

7.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн нэгж урамшууллын санхүүжилтийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тусгай дансанд санхүүжүүлнэ.

7.7.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тусгай дансанд урамшууллын санхүүжилт орсноос хойш ажлын 3 өдөрт багтаан Төрийн сангийн үйл ажиллагааны журамд заасны дагуу төлбөрийн хүсэлт /ТТ-1 маягт/ болон файлыг Төрийн санд хүргүүлнэ.

7.7.1.хүлээн авагчийн нэр;

7.7.2.хүлээн авагчийн регистрийн дугаар;

7.7.3.хүлээн авагчийн банк;

7.7.4.хүлээн авагчийн дансны дугаар;

7.7.5.мөнгөн дүн.

7.7.6.сугалааны дугаар.

7.8.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сугалааны урамшууллыг Төрийн сангийн тусгай дансаар дамжуулан сугалааны азтан тус бүрийн дансанд шилжүүлнэ.

7.9.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улирал бүрийн эцэст тооцоо хийн тусгай данс үлдэгдэлтэй бол санхүүжилт хийсэн дансруу буцаан төвлөрүүлнэ.

7.10.Сугалааны тохирлоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно.

7.11.Сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн сугалаанд оролцогч нь тус сугалааны анхны эзэмшигч байна.

7.12.Сугалааны тохирол тодруулах арга хэмжээний хүрээнд азтан тодроогүй бол тухайн сарыг азтан нөхөн тодруулахгүй.

7.13.Тохирол таарсан сугалааны тасалбарыг хоёр буюу түүнээс дээш этгээд эзэмшиж байгаа талаар маргаан үүссэн тохиолдолд анхны эзэмшигч нь тохирол таарсан сугалааны хууль ёсны эзэмшигч байх ба түүнд холбогдох тохирлыг өгнө.

7.14.Нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирол таарсан сугалаанд оролцогчийн /сугалааны азтан/ сугалааны тохирлын урамшуулал олголтын мэдээллийг дараахьь хэлбэрээр харуулна:

7.14.1.“хүсэлт ирүүлсэн” (Сугалааны хонжвор таарсан сугалаанд оролцогч хүсэлтээ холбогдох журмын дагуу ирүүлсэн);

7.14.2.“хүсэлт баталгаажсан” (Ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч баталгаажуулсан);

7.14.3.“хянагдаж байгаа” (Өргөдөл, гомдлын дагуу холбогдох мэдээллийг шалгаж байгаа);

7.14.4.“буцаагдсан” (мэдээллийн зөрүүтэй байдлын улмаас хүсэлтийг буцаасан);

7.14.5.“Төрийн сангийн газарт хүргүүлсэн” (баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлэхээр Төрийн сангийн газарт хүргүүлсэн);

7.14.6.“урамшууллыг олгосон” (сугалааны хонжворыг азтаны дансанд шилжүүлсэн).

7.14.7."системд хянагдаж буй төлөв” (хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж байгаа).

7.14.8.“санхүүжилт татсан” (энэ журмын 7.16.3, 7.16.4-т заасан шаардлагыг хангаагүйн улмаас санхүүжилт буцаан татагдсан)

7.14.9.“хүчингүй болсон”- (тухайн төлбөрийн баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд)

7.15.Энэ журмын 7.14-т заасан мэдээллийн үнэн зөв байдлыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.

7.16.Дараахьь тохиолдолд сугалааны урамшууллыг олгохгүй:

7.16.1.сугалаанд оролцогч энэ журмын 3.1-д заасан нөхцөлийг хангаагүй;

7.16.2.сугалаанд оролцогч энэ журмын 4.10-д заасан хугацаанд урамшуулал авах хүсэлтээ гаргаагүй.

7.16.3.энэ журмын 7.1.2-т хамрагдах сугалааны азтан журмын 4.10-т заасан хугацаанд энэ журмын 7.1.2-т заасны дагуу харьяалагдах татварын албанд биечлэн очиж баримт бичгээ бүрдүүлж өгөөгүй;

7.16.4.энэ журмын 3.1.1-т заасан мэдээлэл зөрүүтэйн улмаас банкнаас гүйлгээ буцсан, уг мэдээллийг нэгдсэн системээс мэдэгдсэн, мэдээллээ тайлант хугацаанд залруулаагүй;

7.17.Төрийн сан нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн төлбөрийн хүсэлтийн дагуу гүйлгээ хийсэн талаарх мэдээллийг төлбөрийн хүсэлт ирүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Найм.Бусад

8.1.Сугалааг зогсоосон, сугалааны тохирол явуулах зарласан хугацаа хэтэрсэн нь сугалааны тохирлыг зохион байгуулах, урамшууллыг олгох үүргээс чөлөөлөхгүй.

8.2.Сугалаанд оролцогч нь сугалаа зохион байгуулагчаас дараахь зүйлсийг шаардах эрхтэй:

8.2.1.сугалааны нөхцөлтэй холбогдуулан мэдээлэл шаардах;

8.2.2.сугалааны тасалбарыг үндэслэн хонжворыг олгохыг шаардах.

8.3.Сугалааны тохирол тодруулахаас татгалзсан тохиолдолд үндэслэлээ тайлбарлах бөгөөд сугалаатай холбоотой маргаан гарвал дараахь газруудаас тодруулна.

8.3.1.сугалаанд оролцогчийн худалдан авалтын мэдээлэл нэгдсэн системд 72 цагийн дотор ирээгүй тохиолдолд борлуулагчаас тодруулах;

8.3.2.сугалааны урамшууллын зохион байгуулалттай холбоотой маргааныг сугалаа зохион байгуулагчаас тодруулах;

8.3.3.урамшууллыг олгохтой холбоотой маргааныг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тодруулах.

8.4.Сугалааны тасалбарын мэдээллийг нэгдсэн системд илгээгээгүй, бүртгүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг борлуулагч, худалдан авагч хариуцна.

8.5.Сугалаанд оролцогч нь энэ журмын 3.1.1, 7.1-д заасан мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.