- Нүүр
- Сайдын тушаал
- НИЙТИЙН АЖ АХУЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ
Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний Статистикийн Хорооны даргын
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206, /А/184 дүгээр
хамтарсан тушаалын 6 дугаар хавсралт
НИЙТИЙН АЖ АХУЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ,
БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 20 ... ОНЫ ЭХНИЙ
ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ
З-НАА-1
НИЙТИЙН АЖ АХУЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ (З-НАА-1) –НИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
I. ХАЯГИЙН ХЭСЭГ
Хаягийн хэсэг нь гүйцэтгэгч ААНБ, захиалагч ААНБ, иргэний мэдээллийн хэсэгтэй байна.
ААНБ /иргэний нэр: Тухайн ААНБ/ иргэний оноосон нэрийг бичнэ. Хэрэв захиалагч нь иргэн бол тухайн иргэний овог, нэрийг бүтэн бичнэ.
Регистрийн дугаар: Тухайн ААНБ/ иргэний албан ёсны регистрийн дугаарыг бичнэ.
ААНБ /иргэний хаяг: ААНБ/ иргэний харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүргийн нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны кодыг хавсралт 1-ээс харна уу.
Хариуцлагын хэлбэр: ААНБ-ын хариуцлагын хэлбэрийн нэр, кодыг дараах ангиллын дагуу нөхнө. Захиалагч иргэний хувьд хариуцлагын хэлбэрийг бусад буюу 80 кодоор нөхнө. Хариуцлагын хэлбэр нь:
- Хувьцаат компани -10
- Хязгаарлагдмал хариуцлагатай компани - 11
- Бүх гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл - 20
- Зарим гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл - 21
- Хоршоо - 30
- Төрийн өмчит үйлдвэрийн газар - 40
- Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар - 41
- Төсөвт байгууллага - 60
- Төрийн бус байгууллага - 70
- Сан - 71
- Бусад - 80 гэж нөхнө.
Өмчийн хэлбэр: Өмчийн хэлбэр нь хамтарсан ААНБ-ын хувьд өмчийн эзлэх хувийг нөхөх бөгөөд хэрэв төрийн хамтарсан бол төрийн өмчийн эзлэх хувийг, орон нутгийн хамтарсан бол орон нутгийн өмчийн эзлэх хувийг, хувийн хамтарсан бол гадаадын өмчийн эзлэх хувийг тус тус нөхнө. Өмчийн хэлбэр нь :
- Төрийн өмчийн - 11
- Төрийн өмчийн оролцоотой - 12
- Төрийн хамтарсан - 13
- Орон нутгийн өмчийн - 31
- Орон нутгийн өмчийн оролцоотой - 32
- Орон нутгийн хамтарсан - 33
- Хувийн Монгол Улсын - 21
- Хувийн гадаадтай хамтарсан - 22
- Гадаад улсын – 23 гэж нөхнө.
Үйл ажиллагааны чиглэл: Тухайн ААНБ-ын үйл ажиллагааны чиглэлийг нөхөхдөө эдийн засгийн үйл ажиллагааны стандарт ангиллын дагуу дэлгэрэнгүй тодорхой нөхнө.
Yйл ажиллагааны чиглэлийн кодыг 5 оронгийн түвшинд “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал” (ISIC-4.0) дагуу нөхнө.
II. Үйл ажиллагааны мэдээлэл
Төвлөрсөн ус хангамж: Ус олборлох, цэвэрлэх, дамжуулах зориулалт бүхий шугам сүлжээ, барилга, байгууламжийг ашиглан хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагааг хэлнэ (хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай монгол улсын хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтаар).
Төвлөрсөн бус ус хангамж: Ус олборлож, зөөвөрлөн түгээж, хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагааг хэлнэ (хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай монгол улсын хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтаар).
Нийлүүлсэн ус хангамж: Нийлүүлсэн ус хангамжийг ААНБ, айл өрх, дотоод хэрэглээнд нийлүүлснээр салгаж, хэмжих нэгжийн дагуу нөхнө.
Нийлүүлсэн зөөврийн ус хангамж: Нийлүүлсэн зөөврийн ус хангамжийн хэмжээг ахуйн нэгж, байгууллага, айл өрх, дотоод хэрэглээнд нийлүүлснээр салгаж, хэмжих нэгжийн дагуу нөхнө.
Нийтийн халуун усны үйлчилгээ: Нийтийн халуун усны үйлчилгээг том хүн, хүүхдэд үзүүлснээр салгаж хэмжих нэгжийн дагуу мэдээлнэ.
Татаж зайлуулсан бохир ус: Татаж зайлуулсан бохир усны хэмжээг ААНБ-аас, айл өрхөөс зайлуулснаар салгаж мэдээлнэ.
Нийт орлого: Нийт орлогын хэмжээг нөхнө. ААНБ-ын хувьд орлогын дүнг санхүүгийн тайлангийн борлуулалтын орлого-т тусгаснаар нөхнө.
Нийт өртөг: Нийт өртгийн хэмжээг нөхнө. ААНБ-ын хувьд санхүүгийн тайлангийн борлуулсан бүтээгдэхүүний өртгийн дүнг нөхнө.
Ашиг /алдагдал: Тухайн ААНБ-ын тайлант хугацааны ашиг, алдагдлыг нөхнө. ААНБ-ын хувьд санхүүгийн тайлангийн тайлант үеийн цэвэр ашиг /алдагдал/-ын дүнг, өр баганад санхүүгийн тайлангийн богино хугацаат өр төлбөрийн дүнг, авлага баганад санхүүгийн тайлангийн дансны авлага ба бусад авлагын нийлбэр дүнг мянган төгрөгөөр нөхнө.
III. үйлчилгээний үнэ тариф
Үйлчилгээний үнэ тарифын талаарх мэдээллийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үнэ тарифаар бүртгэнэ.
Орон сууцны үйлчилгээний хөлс: Тоолууртай, тоолуургүй цэвэр, бохир, халуун усны үнийг хэмжих нэгжийн дагуу нөхнө. Тоолуургүй цэвэр, бохир, халуун усны үнэ нь нэгж/хүн-ээр, тоолууртай цэвэр, бохир, халуун усны үнэ нь нэгж/м3 хэмжих нэгжийн дагуу байна.
Төвлөрсөн системээс ААНБ-д: Төвлөрсөн системээс ААНБ-д нэг м3 усыг нийлүүлэх үнэ байна.
Ус түгээх байрнаас цэвэр ус түгээх: Ус түгээх байрнаас нэг м3 усыг ААНБ-д болон хүн амд нийлүүлэх үйлчилгээний үнэ байна.
Зөөврөөр: Зөөврийн нэг м3 цэвэр усыг ААНБ болон хүн амд түгээх болон бохир ус зайлуулах усны үнэ байна.
Нийтийн халуун ус: Том хүн болон хүүхдэд үзүүлэх нийтийн халуун усны үнийг нөхнө.
IV. АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
Баганын дугаар 1: ААНБ-ын үндсэн болон гэрээт, дотоод болон гадаад ажилтны тоог, ангиллын дагуу нөхнө.
Баганын дугаар 2: Удирдах албан тушаалд ажиллаж байгаа ажилтны тоог нөхнө. Удирдах ажилтанд дарга, захирал, дэд захирал, эрхлэгч, менежер зэрэг орно.
Баганын дугаар 3: Инженер, техникийн ажилтны тоог нөхнө. Инженер, техникийн ажилтанд архитектор, барилгын конструктор инженер, технологич инженер, усан хангамж, ариутгах татуургын инженер, халаалт, салхивчийн инженер, цахилгааны инженер, автоматикийн инженер, холбоо дохиоллын инженер, зургийн техникч зэрэг орно.
Баганын дугаар 4: Мэргэжилтэй ажилчны тоог нөхнө. Энд өрөгч, угсрагч, мужаан, гагнуурчин, засал чимэглэлчин, бетон арматурчин зэрэг барилгын чиглэлийн мэргэжилтэй ажилчин орно.
Баганын дугаар 5: Туслах ажилчны тоог нөхнө.
Баганын дугаар 6: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны тоог нөхнө.
Баганын дугаар 7: Барилгын ажилчдын хөдөлмөрийн багаж, ажлын хувцас, хэрэгсэлд зарцуулсан зардлын хэмжээг тайлант хугацааны эхнээс өссөн дүнгээр, мянган төгрөгөөр нөхнө.
Баганын дугаар 8: Барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах зардлын хэмжээг мянган төгрөгөөр нөхнө.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
Утас: 11-316304 11-320965
Факс: 11-320338
Цахим хаяг: www.barilga.gov.mn
Текст томруулах
A
A
A