A

A

A

Бүлэг: 1979

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын

2018 оны А/555 дугаар тушаалын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД РЕГИСТРИЙН ДУГААР ШИНЭЭР ОЛГОХ, ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын иргэнд регистрийн дугаарыг шинээр олгох, өөрчлөх, хүчингүй болгоход энэ журмыг баримтална.

1.2.Монгол Улсын иргэн нэг регистрийн дугаартай байна.

1.3.Иргэний төрсөн он, сар, өдөр, хүйсийг үндэслэн регистрийн дугаарыг дараах байдлаар олгоно:

1.3.1. регистрийн дугаар олголтын дэвтрээс 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн иргэнд;

1.3.2.иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн иргэнд.

1.4.Энэ журмын 1.3.1-д заасны дагуу регистрийн дугаар олгоход регистрийн дугаар олголтын дэвтэрт тухайн олгосон дугаарыг дугуйлж тэмдэглэнэ.

1.5.Регистрийн дугаар олголтын дэвтрийн багана нь төрсөн сарыг, мөр нь төрсөн өдрийг заах ба төрсөн сар, өдрийн огтлолцол дээрх 8 оронтой тоо нь тухайн иргэний регистрийн дугаарын тоон хэсгийг, 2 үсэг нь регистрийн дугаарыг олгосон аймаг, нийслэл, сум, дүүрэг, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрыг илэрхийлнэ.

Хоёр. Регистрийн дугаарыг шинээр олгох

2.1.Регистрийн дугаарыг дараах тохиолдолд шинээр олгоно:

2.1.1.Монгол Улсын харьяат эцэг, эхээс шинэ төрсөн хүүхдэд;

2.1.2.эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдэд;

2.1.3.эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдэд Монгол Улсын иргэнээр бүртгүүлэхээр эцэг, эх харилцан тохиролцож, тус тусдаа өргөдөл гаргасан бол;

2.1.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон иргэнд;

2.1.5.регистрийн дугаар авч байгаагүй Монгол Улсын иргэнд.

2.2.Энэ журмын 2.1.4-т заасан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, энэ журмын 2.1.5-д заасан тохиолдолд иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг, гадаад улсад удаан хугацаагаар оршин сууж байсныг нотолсон баримт бичиг, ял эдэлж байгаад суллагдсан тодорхойлолт, шүүхийн шийдвэрийн аль тохирохыг үндэслэнэ.

2.3.Энэ журмын 2.1.3, 2.1.4, 2.1.5-д  заасан тохиолдолд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж /цаашид “Иргэний улсын бүртгэлийн газар” гэх/ регистрийн дугаарыг олгоно.

Гурав. Регистрийн дугаарыг өөрчлөх

3.1.Иргэн регистрийн дугаарыг дараах тохиолдолд өөрчилнө.

3.1.1.иргэний улсын бүртгэлийн мэдээлэл болон иргэний улсын бүртгэлийн

эх нотлох баримт бичгийн мэдээлэл зөрүүтэй; 

3.1.2.шүүхийн шийдвэр гарсан;

3.1.3.иргэний хүйс өөрчлөгдсөн.

3.2.Иргэн регистрийн дугаараа өөрчлүүлэх хүсэлтийг аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн газар, хэлтэст гаргах бөгөөд төрсний гэрчилгээнд даарах баримт бичгийн аль тохирохыг хавсаргана:

3.2.1.иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг;

3.2.2. шүүхийн шийдвэрийн эх хувь, эсхүл баталгаажсан хуулбар;

3.2.3.иргэний хүйс өөрчлөгдсөн тухай баримт.

3.3.Энэ журмын 3.2.1-д заасан баримт бичгийг хяналтын улсын байцаагч нягтлан шалгаж, өмнөх регистрийн дугаарыг хүчингүй болгон регистрийн дугаар өөрчлөх тухай дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн газар, хэлтэсийн улсын бүртгэгч ИУБ25 маягтыг хөтөлнө.

3.4.Энэ журмын 3.2.2-т заасны дагуу иргэний регистрийн дугаарыг өөрчлөх тохиолдолд аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн газар, хэлтсийн улсын бүртгэгч шүүхийн шийдвэрийг үндэслэн ИУБ25 маягтыг хөтөлнө.

3.5.Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн газар, хэлтэс шүүхийн шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, ИУБ25 маягтыг Иргэний улсын бүртгэлийн газарт ажлын 5 өдрийн дотор ирүүлнэ.

3.6.Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт ИУБ25 маягтыг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан /цаашид “цахим мэдээллийн сан” гэх/-д регистрийн дугаарыг өөрчилсөн бүртгэлийг баталгаажуулна.

3.7.Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч хүйс өөрчлөгдсний бүртгэлтэй холбогдуулан иргэний регистрийн дугаарыг өөрчлөх тохиолдолд төрсний гэрчилгээ, хүйс өөрчлөгдсөнийг нотолсон эмч, эмнэлгийн байгууллагын баримт бичигт үндэслэн ИУБ25 маягтыг хөтөлж, регистрийн дугаарыг өөрчилнө.

3.8.Цахим мэдээллийн санд өөрчилсөн регистрийн дугаарыг баталгаажуулснаар иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн дараах бүртгэлийн мэдээлэлд өөрчлөгдсөн регистрийн дугаарыг тусгана:

3.8.1.төрсний бүртгэл /ИУБ11, ХААТР11/;

3.8.2.гэрлэсний бүртгэл /ИУБ15, ХААТР15/;

3.8.3.гэрлэлт дуусгавар болсны бүртгэл /ИУБ16, ХААТР16/;

3.8.4.гэрлэлт сэргээсний бүртгэл /ИУБ15, ХААТР15/;

3.8.5.эцэг /эх/ тогтоосны бүртгэл /ИУБ14, ХААТР14/;

3.8.6. үрчилсний бүртгэл /ИУБ12, ХААТР12/;

3.8.7.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл /ИУБ13, ХААТР13/;

3.8.8.нас барсны бүртгэл / ИУБ18/;

3.8.9.иргэний үнэмлэх, гадаад паспорт шинээр, эсхүл дахин олголтын бүртгэл /ИУБ21/;

3.8.10.биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэл /ИУБ31/;

3.8.11.шилжилт хөдөлгөөний бүртгэл /ИУБ22/;

3.8.12. регистрийн дугаар өөрчлөлтийн бүртгэл /ХААТР25/.

3.9.Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, ИУБ25 маягтыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний баримтын архивт ажлын 3 өдрийн дотор хүлээлгэн өгнө.

3.10.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний баримтын архив хүлээн авсан шүүхийн шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, ИУБ25 маягтыг ажлын 3 өдрийн дотор иргэний хувийн хэрэгт хавсаргана.

Дөрөв. Регистрийн дугаарыг хүчингүй болгох

4.1.Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч хоёр буюу түүнээс дээш регистрийн дугаартай иргэний нэг регистрийн дугаарыг хүчинтэй үлдээсэн тухай хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн цахим мэдээллийн санд регистрийн дугаарыг хүчингүй болгоно.

Тав. Бусад

5.1.Регистрийн дугаар шинээр олгох, өөрчлөх, хүчингүй болгох үйл ажиллагаанд хяналтын улсын байцаагч, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний улсын бүртгэлийн, мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж тус тус хяналт тавина.