- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ДУГААРЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРТГЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРАМ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны
41 дүгээр тогтоолын хавсралт
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ДУГААРЫН АШИГЛАЛТ,
ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРТГЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРАМ[1]
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Харилцаа холбооны тухай хуулийн 6.1.5 болон 9.1.9-д заасан Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө[2] (цаашид “Дугаарлалтын төлөвлөгөө” гэх)-г хэрэгжүүлэх, дугаарлалтын хязгаарлагдмал нөөцийг зохицуулалттайгаар хуваарилж, ашиглахад оршино.
1.2.Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий телефон ярианы үйлчилгээ эрхлэгч, иргэн, хуулийн этгээдэд сүлжээний дугаар олгохтой холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.3.Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий телефон ярианы үйлчилгээ болон яаралтай тусламж, мэдээлэл лавлах үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах холболтын чиглэл тогтоох, үйлчилгээний төрлийг тодорхойлох зорилгоор сүлжээний дугаар, ярианы болон мессежний тусгай дугаар олгох ба үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.4.Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх) нь Дугаарлалтын төлөвлөгөөний дагуу дугаарыг үйлчилгээ эрхлэгч[3], байгууллага, иргэдэд ил тод, шударга зарчмаар хуваарилан олгоно.
1.5.Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.9-д заасныг үндэслэн дугаарыг хуваарилах, гэрээгээр эзэмшүүлэх, хураах, өөрчлөлт хийх зэрэг зохицуулалт хийх эрхтэй байна.
1.6.Дугаарлалтын төлөвлөгөөний дагуу дугаарыг тодорхой хугацаанд ашиглахаар Зохицуулах хороотой гэрээ байгуулсан хуулийн этгээд буюу дугаар эзэмшигчид 12 сарын өмнө урьдчилан бичгээр мэдэгдсэний үндсэн дээр дугаарыг өөрчлөх, дахин хуваарилах эрхтэй байх ба энэ нөхцөлд шууд болон шууд бусаар үүсэж болох хохирлыг Зохицуулах хороо хариуцахгүй.
Хоёр. Дугаарлалтын ангилал
2.1.Дугаарлалтын төлөвлөгөөнд заасны дагуу сүлжээний дугаарлалт нь дараах төрлийн дугааруудаас бүрдэнэ. Үүнд:
2.1.1.Сүлжээ болон хот хооронд, улс хоорондын ярианы үйлчилгээний сонголтыг заах “0”-ээр эхэлсэн, 2-3 цифрээс бүрдсэн угтвар дугаар;
2.1.2.Яаралтай тусламж, мэдээлэл лавлах үйлчилгээ, олон улсын картын ярианы үйлчилгээнд ашиглагдах “1”-ээр эхэлсэн, 3-8 оронтой цифрээс бүрдэх тусгай дугаар;
2.1.3.Цахилгаан холбооны[4] үйлчилгээний бүх төрлийн бие даасан сүлжээнд хэрэглэгдэх, хэрэглэгчдэд шууд олгогдох, тухайн үйлчлэгчийн сүлжээний оноосон дугаар, станцын болон хэрэглэгчийн дугаар эсхүл станц, хэрэглэгчийн дугааруудыг багтаасан цифрүүдээс бүрдсэн дугаарлалтын сери болох сүлжээний дугаарлалт.
2.2.Цахилгаан холбооны үйлчилгээ гэж Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.11-д заасныг ойлгоно.
Гурав. Яаралтай тусламжийн тусгай дугаар
3.1.Яаралтай тусламжийн тусгай дугаарыг иргэдийн эрүүл мэнд, амьдрах нөхцөлд гэнэтийн аюул осол учирсны улмаас төрөөс тусгай тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгсэл, хүний нөөцөөр хангагдсан баг бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч, тусламж үзүүлэх болон нийгэмд үүсэх сөрөг үзэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай дуудлага хүлээн авах шаардлага бүхий төрийн байгууллагад олгоно. Яаралтай тусламжийн тусгай дугаараас дугаарын төлбөр авахгүй.
3.2.Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгч нь өөрийн сүлжээний хэрэглэгчийг тухайн орон нутгийн яаралтай тусламжийн тусгай дугааруудад үнэ төлбөргүй холбогдох нөхцөлөөр хангана.
Дөрөв. Мэдээлэл лавлах үйлчилгээний тусгай дугаар олгох нөхцөл, шаардлага
4.1.Мэдээлэл лавлах үйлчилгээний ярианы тусгай дугаарыг Зохицуулах хорооноос дугаар бүрээр олгоно.
4.2.Мэдээлэл лавлах үйлчилгээний 1800-1800, 1900-1900, 1800-АААА, 1900-АААА (A=0-9) тусгай дугааруудыг олгохдоо энэхүү журмын 4.4-т заасан сугалааны зарчмыг баримтална. Бусад тусгай дугаарыг олгохдоо эхэнд хүсэлт нь ирсэнд эхэлж олгох зарчмыг баримталж, энэ журмын дагуу олгоно.
4.3.Зохицуулах хорооноос мэдээлэл лавлах үйлчилгээний ярианы тусгай дугаарыг дугаар бүрээр олгоход дараах шаардлагыг үндэслэнэ. Үүнд:
4.3.1.Мэдээлэл лавлагаа, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах техник хэрэгсэл, мэдээллийн сан, программ хангамж зэргийг бүрдүүлсэн байх;
4.3.2.Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд холбогдох, дугаар үүсгүүлэх техникийн болон бусад нөхцөлийг судалж, хангасан байх;
4.3.3.Мэргэшсэн, төрөлжсөн чиглэлээр мэдээлэл, лавлагааны үйлчилгээ эрхлэх бол холбогдох байгууллагуудаас олгогдсон тусгай зөвшөөрөлтэй байх;
4.3.4.Санхүүгийн чадавхтай, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах боловсон хүчнээр хангагдсан байх;
4.4.Мэдээлэл лавлах үйлчилгээний ярианы тусгай дугаарын сугалааг зохион байгуулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
4.4.1.Зохицуулах хороо мэдээлэл лавлах үйлчилгээний 1800-1800, 1900-1900, 1800-АААА, 1900-АААА (A=0-9) тусгай дугааруудыг авах хүсэлт давхардсан тохиолдолд хүсэлт гаргагчдын дунд шинэ багц задалснаас хойш 1 сарын дотор сугалаа зохион байгуулна.
4.4.2.Сугалааг зохион байгуулах талаар мэдээллийг Зохицуулах хорооны цахим хуудсаар олон нийтэд зарлаж, сонирхогчдыг урьж оролцуулна.
4.4.3.Зохицуулах хороо нь сугалааг зохион байгуулахын өмнө сугалааны зарчмыг оролцогчдод танилцуулна.
4.5.Тусгай дугаар ашиглах эрх олгоход дараах зарчмыг баримтална.
4.5.1.Тусгай дугаарт ярианы үйлчилгээнд Дугаарлалтын төлөвлөгөөг үндэслэн Зохицуулах хорооноос тусгай дугаарыг хуваарилж, гэрээ байгуулан бүртгэлийн гэрчилгээг 2 жилээр олгоно.
4.5.2.Тусгай дугаарыг хуваарилж олгохдоо Дугаарлалтын төлөвлөгөөний 1.2-д заасан дугаарлалтыг үр ашигтай хуваарилах зарчимд үндэслэн хэсэгчлэн багцалж, ашиглалтын тодорхой хувьд хүрэхэд дараагийн хэсэг багцыг задлах хэлбэрээр олголтыг зохион байгуулах зарчмыг баримтална.
4.5.3.Тусгай дугаарт ярианы үйлчилгээ нь нэмүү өртөгт үйлчилгээ, хэрэглэгчийн тарифт үйлчилгээ, төлбөргүй үйлчилгээ гэсэн 3 төрөл байна.
4.5.4.Нэмүү өртөгт үйлчилгээний тусгай дугаарлалт нь 1-900-хххх багц дугаарлалт байна.
4.5.5.Хэрэглэгчийн тарифт болон төлбөргүй үйлчилгээний тусгай дугаарлалт нь 1-800-хххх багц дугаарлалт байна.
4.5.6.Дугаарлалт нь газарзүйн бүсээс үл хамаарсан байна.
4.6.Техникийн холболт хийх, дугаар үүсгэхэд дараах зарчмыг баримтална.
4.6.1.Тусгай дугаар эзэмшигч нь аль нэг үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд холбогдох эрх нь нээлттэй байна.
4.6.2.Үйлчилгээ эрхлэгч нь тусгай дугаар эзэмшигчийг цахилгаан холбооны сүлжээнд холбох, дугаар үүсгэх, орлого хуваарилахад Зохицуулах хорооноос баталсан “Сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам” /цаашид “Ерөнхий журам” гэх/–ыг баримтална. Зохицуулах хороо уг ерөнхий журмыг шинэчлэх нөхцөлд уг шинэчилсэн журмыг мөрдлөг болгоно.
4.6.3.Үйлчилгээ эрхлэгч нь тусгай дугаар эзэмшигчийг өөрийн сүлжээнд холбох, дугаар үүсгэх, орлого цуглуулах үйлчилгээ үзүүлэхдээ уг үйлчилгээний нөхцөл, үнэ тариф, орлого хуваарилалтын талаар тодорхой заавар зөвлөмж, мэдээлэл агуулсан журмыг Ерөнхий журамд нийцүүлэн гаргаж, тусгай дугаар эзэмшигчдэд ил тод, нээлттэй мэдээлнэ.
4.6.4.Үйлчилгээ эрхлэгч нь Холболтын журамд дараах зүйлийг зайлшгүй тусгасан байна.
4.6.4.1.Сүлжээнд холбогдох үйлчилгээний хувьд:
4.6.4.1.1.Боломжит холболтын төрөл, тэдгээрийн техникийн нөхцөл, зааглах цэгүүдийн байршил;
4.6.4.1.2.Боломжит холболтын төрөл, тэдгээрийн техникийн нөхцөл, зааглах цэгүүдийн байршил;
4.6.4.1.3.Сүлжээнд шинээр дугаар холбоход холболтын төрлөөс хамаарсан төлбөрийн санал (холболтын төлбөр нь нэг удаагийнх байна.);
4.6.4.1.4.Холболт хийж байгаа техник тоног төхөөрөмж, сүлжээний бэлэн байдал, гэмтэл саатлыг засварлах, хяналт тавихад шаардагдах зардалд үндэслэсэн, холболтын төрлөөс хамаарсан ашиглалт үйлчилгээний төлбөрийн санал;
4.6.4.1.5.Холболт хийхэд холбох шугам, байр талбай, зогсуур зэрэг сүлжээний хэсгийг түрээслэх тохиолдолд түрээсийн гэрээ, төлбөрийн санал (түрээсийн гэрээ нь холболтын гэрээнээс тусдаа байна.);
4.6.4.1.6.Холболтын гэрээний загвар.
4.6.4.2.Орлого хуваарилах чиглэлээр
4.6.4.2.1.Орлого хуваарилах хувь хэмжээний санал, үндэслэл, тайлбарын хамт (Энэхүү нөхцөл, шаардлагын 4.7-р зүйлд үндэслэсэн байна.);
4.6.4.2.2.Төлбөр тооцоо нийлэх болон барагдуулах нөхцөл, шаардлага;
4.6.4.2.3.Дугаар үүсгэх гэрээний загвар.
4.7.Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулиар олгогдсон эрх болон холбогдох журмын хүрээнд дээр дурдсан Холболтын журмыг хянах эрхтэй ба үйлчилгээ эрхлэгчид Холболтын журмын төслийг холбогдох үндэслэлийн хамт энэхүү баримт бичиг батлагдан гарснаас хойш нэг сарын дотор Зохицуулах хороонд ирүүлнэ.
4.8.Зохицуулах хороо нь ирүүлсэн саналыг шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгын хүрээнд хянаж үндэслэлтэй гэж үзвэл зөвшөөрсөн тухай, хэрэв үндэслэлгүй гэж үзвэл саналаа дахин хянан үзэх тухай мэдэгдлийг, дүгнэлтийн хамт ажлын 10 хоногийн дотор гарган үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлнэ.
4.9.Үйлчилгээ эрхлэгч нь мэдэгдэл, дүгнэлтийг хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор саналыг Зохицуулах хороонд дахин ирүүлээгүй эсвэл дахин ирүүлсэн санал нь хүлээн авах боломжгүй тохиолдолд Зохицуулах хороо орлого хуваарилах хувь хэмжээнд холбогдох зохицуулалт хийнэ.
4.10.Үйлчилгээ эрхлэгч холболтын журамд өөрчлөлт оруулах, шинэчлэх бол Зохицуулах хороонд мэдэгдэж, дахин хянуулах ба энэхүү нөхцөл, шаардлагын 4.8, 4.9 заалтыг баримтална. Зохицуулах хороо журмын өөрчлөлтийг хянан шийдвэрлэхдээ үндэслэл, бусад үйлчилгээ эрхлэгч, тусгай дугаар эзэмшигчдийн санал хүсэлтийг харгалзан үзнэ.
4.11.Үйлчилгээ эрхлэгч болон тусгай дугаар эзэмшигч нь Ерөнхий журмын 11.1-д заасны дагуу байгуулсан гэрээгээ Зохицуулах хороонд бүртгүүлэх ба бүртгүүлээгүй гэрээтэй холбоотой үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэхгүй болно.
4.12.Зохицуулах хороо гэрээний бүртгэлийн мэдээллийг өөрийн цахим хуудсаар олон нийтэд ил тод мэдээлнэ.
4.13.Үнэ тариф, орлого хуваарилахад дараах зарчмыг баримтална.
4.13.1.Хэрэглэгчийн тарифт үйлчилгээний тариф нь тухайн үйлчилгээ эрхлэгчийн энгийн ярианы тарифаар тооцогдох бөгөөд орлого нь үйлчилгээ эрхлэгчид ногдоно.
4.13.2.Төлбөргүй үйлчилгээ нь хэрэглэгчид төлбөр үүсгэхгүй бөгөөд тусгай дугаарт холбогдоход гарах зардлыг тусгай дугаар эзэмшигч гэрээний дагуу үйлчилгээ эрхлэгчид төлнө.
4.13.3.Нэмүү өртөгт үйлчилгээний тариф нь тусгай дугаар эзэмшигчийн тогтоосон тариф байх ба үйлчилгээ эрхлэгч нь тусгай дугаар эзэмшигчийн тарифаас өөр нэмэлт төлбөрийг хэрэглэгчээс нэхэмжлэхгүй.
4.13.4.Тусгай дугаар эзэмшигч болон үйлчилгээ эрхлэгч нь нэмүү өртөгт үйлчилгээний орлогыг хуваахдаа дараах зарчмыг мөрдөнө.
4.13.4.1.Үйлчилгээ эрхлэгчид ногдох орлого нь өөрийн хэрэглэгчээс тусгай дугаарт холбогдоход гарах тогтмол зардал болон хувьсах зардлын (хэрэглэгчдэд тусгай дугаарын үйлчилгээг хүргэхэд гарсан борлуулалтын зардал, орлого цуглуулсны шимтгэл, найдваргүй авлагын эрсдэл) нийлбэр байна.
4.13.4.2.Тусгай дугаар эзэмшигчийн орлого нь тусгай дугаарын нийт орлогоос үйлчилгээ эрхлэгчид ногдох орлогыг хассан дүн байна.
4.13.5.Нэмүү өртөгт үйлчилгээний үнэ тарифын дээд хязгаарыг шаардлагатай бол Зохицуулах хороо тодорхой хугацаанд шинэчлэн тогтоож болно. Үнэ тарифын дээд хязгаарыг чөлөөлөх бол тусгай дугаар эзэмшигчдийн үнэ тарифаа нийтэд тогтмол сурталчилж хэвшин, хэрэглэгчдээс ирэх гомдлыг шийдвэрлэх техникийн боломжийг бүрдүүлсэн зэрэг шалгуурыг хангасан байдлыг харгалзан үзэж, нэгдсэн байдлаар зохицуулалт хийнэ.
4.13.6.Тусгай дугаарт ярианы үйлчилгээний төлбөрийг эхний бүрэн ба бүрэн бус нэг минутад 1 минутын алхмаар, 61 дэх секундээс эхлэн 1 секундийн алхмаар тооцож, тарифжуулна.
4.14.Тусгай дугаарт ярианы үйлчилгээг эрхлэх хүсэлт гаргасан хуулийн этгээд, иргэнд дараах нөхцөлийг тавина. Үүнд:
4.14.1.Олон нийтэд мэдээлэл, лавлах үйлчилгээ үзүүлэх бол “Мэдээлэл, лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага” MNS 6366:2013 Монгол улсын стандартыг мөрдөж ажиллана.
4.14.2.Тусгай дугаар эзэмшигч нь мэдээллийн сангаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцүүлж, хариуцлага хүлээнэ. Үүнд:
4.14.2.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12.1, 12.2, 20.1, 21.1, 22.1–д заасныг зөрчиж, зохиогч эсхүл эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг нь ашигласан;
4.14.2.2.Зар сурталчилгааны тухай хуулийн 6.5, 7 дугаар зүйл, 13.4, 13.6, 13.8, 14-р зүйл, 16 дугаар зүйл, 17.2-д заасан зар сурталчилгаа бүтээсэн, түгээсэн;
4.14.2.3.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5, 13 дугаар зүйлийн 1.6-ийн дагуу хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлсэн;
4.14.2.4.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан согтууруулах ундаа сурталчилсан;
4.14.2.5.Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлийн 1-д заасан үндэсний эв нэгдлийг бусниулах чиглэлээр сурталчилгаа явуулсан;
4.14.2.6.Эрүүгийн хуулийн 20.2 дугаар зүйлийн 1-д заасан терроризмыг сурталчилсан;
4.14.2.7.Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчихөд өдөөн турхирсан;
4.14.2.8.Эрүүгийн хуулийн 14.4 дүгээр зүйлийн 2-д заасан шашны харгис үзэл номлолыг сурталчилсан;
4.14.2.9.Mансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-д заасан зүйлсийг илэрхийлсэн;
4.14.2.10.Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 5-р зүйлийн 5.1, 5.2, 7-р зүйлийн 7.2.1, Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1, 16.9 дүгээр зүйлд заасан садар самууныг илэрхийлсэн.
4.15.Тусгай дугаарт ярианы үйлчилгээ эрхэлж буй хуулийн этгээд, иргэний үйл ажиллагаанд дараах шаардлага тавигдана. Үүнд:
4.15.1.Тусгай дугаар эзэмшигч нь олон нийтэд үйлчилгээний зориулалт, үнэ тариф, төлбөрийн алхмыг ойлгомжтой хэлбэрээр тогтмол сурталчилна.
4.15.2.Тусгай дугаар эзэмшигч нь хэрэглэгчийн тарифт болон төлбөргүй үйлчилгээ үзүүлэх бол үйлчилгээ эхлэх хүртэл хэрэглэгчээс төлбөр авахгүй байхаар зохион байгуулна.
4.15.3.Нэмүү өртөгт үйлчилгээ үзүүлэхэд 5 минут тутамд хэрэглэгчид хугацааны талаар сануулга өгнө.
4.15.4.Тусгай дугаар эзэмшигч нь өөрийн үзүүлж байгаа үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчийн гомдол саналыг хүлээн авч, бүртгэл хөтлөн хянан шийдвэрлэж, архивлах техникийн нөхцөлийг бүрдүүлэх ба энэ талаар гаргасан дотоод журамтай байна.
4.15.5.Мэргэшсэн, төрөлжсөн чиглэлийн лавлах, зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээ эрхлэгч нь өөрийн нэр, тусгай зөвшөөрлийн дугаар, мэргэжлийн зэрэг цол, ажлын туршлагыг хэрэглэгчид заавал мэдээлдэг байна.
4.15.6.Мэргэшсэн, төрөлжсөн чиглэлийн лавлах, зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаас нарийн мэргэжлийн зөвлөгөөг нэмж авахыг заавал сануулж, зөвлөх үүрэгтэй байна.
4.15.7.Дуудлагыг хүлээн авсан нэмүү өртөгт тусгай дугаарт ярианы үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийг бусад үйлчилгээ болон гуравдагч этгээдийн үйлчилгээнд дамжуулан холбож болохгүй.
4.15.8.Тусгай дугаар эзэмшигч нь мэдээллийн санг тогтмол шинэчилж, мэдээллийн үнэн бодит байдлыг хариуцаж ажиллана.
Тав. Мессежний тусгай дугаар олгоход тавигдах нөхцөл, шаардлага
5.1.Тусгай дугаар ашигласан мессежний үйлчилгээний төрөл
5.1.1.Тусгай дугаар ашигласан мессежний үйлчилгээнд Дугаарлалтын төлөвлөгөөг үндэслэн Зохицуулах хорооноос тусгай дугаарыг хуваарилна.
5.1.2.Тусгай дугаар ашигласан мессежний үйлчилгээ нь нэмүү өртөгт мессежний үйлчилгээ, хэрэглэгчийн тарифт мессежний үйлчилгээ, төлбөргүй мессежний үйлчилгээ гэсэн 3 төрөлтэй байна.
5.1.3.Нэмүү өртөгт мессежний үйлчилгээнд Дугаарлалтын төлөвлөгөөнд заасны дагуу 14-хххх, 15-хххх гэсэн багц тусгай дугаарыг ашиглана.
5.1.4.Хэрэглэгчийн тарифт болон төлбөргүй мессежний үйлчилгээнд Дугаарлалтын төлөвлөгөөнд заасны дагуу 13-хххх гэсэн багц тусгай дугаарыг ашиглана.
5.1.5.Дугаарлалт нь газарзүйн бүсээс үл хамаарсан байна.
5.2.Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар эзэмших, эрх олгоход дараах зарчмыг баримтална.
5.2.1.Зохицуулах хороо нь бүх үйлчилгээ эрхлэгчдэд ижил мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаарын багцыг олгож, гэрээ байгуулна.
5.2.2.Үйлчилгээ эрхлэгч нь хуваарилагдсан мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаарын багцаас тусгай дугаарт мессежний үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан хуулийн этгээд, иргэнд хуваарилж олгоно.
5.2.3.Зохицуулах хороо нь мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаарын мэдээллийн нэгдсэн баазыг зохион байгуулж ажиллана.
5.2.4.Зохицуулах хороо нь мэдээллийн нэгдсэн баазад хэрэглэгчийг нэвтэрч тусгай дугаараа шүүх, сонгох, үйлчилгээ эрхлэгчдийг тэгш эрхтэйгээр хандаж мэдээлэл авах, хянах, хандах бололцоогоор хангана.
5.2.5.Үйлчилгээ эрхлэгчийн олгох мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар нь бүх үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээнд ижил тусгай дугаар байна. Мөн бүртгэлийн хураамж, барьцаа, суурь хураамж нь ижил байх нөхцөлийг хангах бөгөөд Зохицуулах хороогоор хянуулж, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлнэ.
5.2.6.Үйлчилгээ эрхлэгч нь энэхүү нөхцөл, шаардлагын баримт бичгийн дагуу мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар олгох дотоод журмыг боловсруулж, Зохицуулах хороогоор хянуулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана. Журамд тусгай дугаарын бүртгэлийн хураамж, барьцаа, суурь хураамж, орлого хуваарилалт зэргийн үндэслэлийг тодорхой тусгана.
5.2.7.Мессежний үйлчилгээний ашиглагдах тусгай дугаарыг олгохдоо хүсэлт ирүүлсэн дарааллын дагуу олгох ба үл ялгаварлах, ил тод байх зарчмыг баримтална.
5.2.8.Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар эзэмшигч нь үйлчилгээ эрхлэгчтэй Зохицуулах хороогоор хянуулсан орлого хуваарилах зарчмын дагуу орлого хуваах гэрээ байгуулна.
5.2.9.Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар эзэмшигч нь төлбөр тооцоо, хандив тусламжийн хэрэгслээр ашиглахгүй.
5.3.Үнэ тариф, орлого хуваарилахдаа дараах зарчмыг баримтална.
5.3.1.Нэмүү өртөгт мессежний үйлчилгээний үнэ тарифын дээд хязгаарыг Зохицуулах хорооноос тогтооно.
5.3.2.Нэмүү өртөгт мессежний үйлчилгээний орлого хуваарилах зарчмыг Зохицуулах хорооноос баталсан ерөнхий журмын хүрээнд хянан, шаардлагатай тохиолдолд холбогдох зохицуулалтыг хийнэ.
5.3.3.Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар эзэмшигч болон үйлчилгээ эрхлэгч нь нэмүү өртөгт мессежний үйлчилгээний орлогыг хуваахдаа дараах зарчмыг баримтална.
5.3.3.1.Үйлчилгээ эрхлэгчид ногдох орлого нь хэрэглэгчээс мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаарт мессеж бичихэд гарах тогтмол төлбөр болон хувьсах зардлын (хэрэглэгчдэд тусгай дугаарын үйлчилгээг хүргэхэд гарсан борлуулалтын зардал, орлого цуглуулсны шимтгэл, найдваргүй авлагын эрсдэл г.м) нийлбэр байна.
5.3.3.2.Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар эзэмшигчийн орлого нь мессежний тусгай дугаарын нийт орлогоос үйлчилгээ эрхлэгчид ногдох орлогыг хассан дүн байна.
5.3.4.Хэрэглэгчийн тарифт мессежний үйлчилгээний орлого нь тухайн үйлчилгээ үзүүлж буй үйлчилгээ эрхлэгчид үлдэнэ.
5.3.5.Төлбөргүй мессежний үйлчилгээ нь хэрэглэгчид төлбөр үүсгэхгүй бөгөөд төлбөрийг тусгай дугаар эзэмшигч үйлчилгээ эрхлэгчид төлнө.
5.3.6.Үйлчилгээ эрхлэгч нь мессежний үйлчилгээний тарифаас өөр нэмэлт төлбөрийг хэрэглэгчээс нэхэмжлэхгүй.
5.3.7.Үйлчилгээ эрхлэгч нь мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар эзэмшигчтэй байгуулах үйлчилгээний гэрээнд орлого хуваарилах зарчим, үнэ тариф, төлбөрийн хэмжээг заавал тусгана.
5.4.Тусгай дугаар ашигласан мессежний үйлчилгээнд тавигдах нөхцөл, шаардлага
5.4.1.Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар олгоход дараах нөхцөлийг тавина. Үүнд:
5.4.1.1.Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаарын хүсэлт гаргасан хуулийн этгээд, иргэн дараах нэр төрлийн үйлчилгээг эрхлэх зорилгоор тусгай дугаарын хүсэлт гаргана. Үүнд: төрийн үйлчилгээний байгууллагууд судалгаа, санал асуулга авах болон мэдээлэл хүргэх, ТВ-ийн нэвтрүүлэгт санал өгөх, ТВ, ФМ, вэб, сонин, сэтгүүл гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих, төрөл бүрийн мэдээлэл хүргэх (шуудангийн хүргэлт, нислэгийн хуваарь г.м), лавлах, зөвлөх үйлчилгээ болон бусад хууль, журамд нийцсэн мессежээр хүргэх үйлчилгээг хамааруулна.
5.4.1.2.Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар эзэмшигч нь үзүүлж буй үйлчилгээний контентдоо “Тоон контентын зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын дагуу хяналт тавина.
5.4.1.3.Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар эзэмшигч нь мэдээллийн сангаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцүүлж ажиллана.
5.4.1.4.Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар эзэмшигчийн хэрэглэгчид үзүүлж буй контент нь хэрэглэгчийн эрхийн болон оюуны өмчийн эрхийн хувьд зөрчилгүй, Зар сурталчилгааны тухай хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг хангасан контент байна.
5.4.1.5.Нэмүү өртөгт мессежний үйлчилгээ нь насанд хүрээгүй буюу 18-аас доош насны хүүхдүүд рүү чиглэж болохгүй.
5.4.1.6.Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар эзэмшигч нь өөрийн үйлчилгээний талаар мэдээлэл өгөх, үйлчилгээг авахад шаардлагатай зөвлөгөөг хэрэглэгчдэд байнга өгөх боломжийг бүрдүүлсэн байна.
5.4.1.7.Тусгай дугаар эзэмшигч нь мэргэшсэн төрөлжсөн чиглэлээр үйл ажиллагаа үзүүлэх, бооцоот, хонжворт сугалаа зохион байгуулахад холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байна.
5.4.2.Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар эзэмшигчийн үйл ажиллагаанд дараах шаардлага тавигдана. Үүнд:
5.4.2.1.Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар эзэмшигч нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үйлчилгээний зориулалт, үнэ тарифыг ойлгомжтой хэлбэрээр тогтмол сурталчилна.
5.4.2.2.Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар эзэмшигч нь мэдээллийн сангаа тогтмол шинэчилж, мэдээллийн үнэн бодит байдлыг хариуцаж ажиллана.
5.4.2.3.Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар эзэмшигч нь өөрийн үзүүлж байгаа үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчийн гомдол саналыг хүлээн авч, бүртгэл хөтлөх, хянан шийдвэрлэх дотоод журамтай байна.
5.4.2.4.Тусгай дугаарт мессежний үйлчилгээ нь хоёр талт харилцааг үүсгэж байгаа тохиолдолд хэрэглэгчид хариу мессеж илгээнэ.
5.4.2.5.Хариу мессеж илгээхдээ тухайн үйлчилгээний зориулалт, үнэ тариф болон мэргэшсэн, төрөлжсөн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөгчийн нэр, тусгай зөвшөөрлийн дугаар, мэргэжлийн зэрэг цол, ажлын туршлага болон холбогдох эрх бүхий байгууллагаас нарийн мэргэжлийн зөвлөгөөг нэмж авахыг заавал мэдэгдэнэ.
5.4.2.6.Хариу мессежний холбогдох зардлыг тусгай дугаар эзэмшигч хариуцна.
Зургаа. Цахилгаан холбооны үйлчилгээний дугаар олгоход тавигдах нөхцөл, шаардлага
6.1.Угтвар дугаар, олон улсын картын ярианы үйлчилгээ эрхлэхэд ашиглагдах тусгай дугаар болон цахилгаан холбооны сүлжээний дугаар авахад харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрлийг авсан байна.
6.2.Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрөл шинээр авсан бөгөөд дугаар ашиглах хүсэлт гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид Зохицуулах хороо нь Дугаарлалтын төлөвлөгөө болон дугаарын нөөцөд үндэслэн дугаарыг хуваарилан олгоно.
6.3.Цахилгаан холбооны сүлжээний дугаарыг Дугаарлалтын төлөвлөгөө болон Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд заасны дагуу багцаар олгоно.
6.4.Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрөл шинээр авсан бөгөөд дугаар ашиглах хүсэлт гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цахилгаан холбооны сүлжээний дугаарын багцыг шинээр авах бол дугаар ашиглах төлөвлөгөөг, дугаарын багц нэмж авах бол дугаар ашиглах төлөвлөгөө, өмнөх дугаар ашиглалтын тайлан, холболтын байгууламжийн мэдээлэл, үзүүлэлтийг Зохицуулах хороонд ирүүлнэ.
6.5.Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах дугаар ашиглах тухай гэрээний хугацаа нь тусгай зөвшөөрлийн гэрээний хугацаатай адил байна.
6.6.Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчид дугаар олгох, шилжүүлэх асуудлыг дугаар ашиглуулах тухай гэрээнд тусгаж, энэхүү болон дотоод журмаар шийдвэрлэнэ.
6.7.Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчид дугаар ашиглуулах гэрээ, журамдаа дугаар эзэмшлийн асуудал болон дугаарыг өөрчлөх нөхцөлүүдийг тодорхой тусгасан байна.
6.8.Үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчид дугаар олгож ашиглуулахдаа Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.11[5]-ийг үндэслэн дараах зарчмыг баримтлах бөгөөд хэрэглэгчид дугаар ашиглуулах дотоод журамдаа заавал тусгасан байна. Үүнд:
6.8.1.Хувь хүн буюу иргэнийг овог, нэр, регистрээр бүртгэх;
6.8.2.Хуулийн этгээдийг улсын бүртгэлийн гэрчилгээний регистрийн дугаар болон дугаарыг ашиглах ажилтны овог, нэр, регистрийн дугаарын хамт бүртгэх;
6.8.3.Жуулчны буюу түр дугаарыг тухайн гадаадын иргэний паспортыг үндэслэн улсын нэр, овог, нэр, регистрийн дугаараар бүртгэх;
6.8.4.Хүүхдийн ашиглаж буй дугаарыг түүний овог, нэр, регистрийн дугаар болон хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/-ийн овог, нэр, регистрийн дугаарын хамт бүртгэх;
6.9.Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгч нь Дугаарлалтын төлөвлөгөөнд тусгагдсан буюу Зохицуулах хорооноос олгогдоогүй дугаарыг дур мэдэн өөрийн болон нийтийн сүлжээнд үүсгэж болохгүй.
6.10.Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос дугаар ашиглах эрх олгогдсон байгууллага, иргэдийн хүсэлтээр гэрээ байгуулж, дугаарыг үүсгэнэ.
6.11.Дотоод хэрэглээний холбооны сүлжээний дугаарыг зөвхөн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хэрэглээний сүлжээнд ашиглана.
6.12.Дугаар олгоход дараах зарчмыг баримтална. Үүнд:
6.12.1.Дугаар эзэмшигч нь Монгол Улсын хууль, тогтоомжид нийцсэн үйлчилгээг нийтэд үзүүлэхэд дугаарыг ашиглана.
6.12.2.Дугаар эзэмшигч нь дугаарын зориулалт, чиглэлд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Зохицуулах хороонд мэдэгдэж, зөвшөөрөл авна.
6.12.3.Зохицуулах хорооноос дугаар эзэмшигч бүртэй дугаар ашиглах тухай гэрээ байгуулна.
6.13.Өргөдөл гаргагчийн ашиглахаар хүсэлт гаргасан дугаарлалтын багц нь дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:
6.13.1.Дугаарлалтын төлөвлөгөөнд нийцсэн байх;
6.13.2.Дугаар ашиглан үзүүлэх үйлчилгээ нь хууль, тогтоомжид нийцсэн байх;
6.13.3.Зохицуулах хорооноос өмнө нь авсан дугаарын гэрээ болон холбогдох зохицуулалт, нөхцөл шаардлагын зөрчилгүй байх.
6.14.Зохицуулах хорооноос дугаар ашиглах эрх авснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт аль ч цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд холбогдох, дугаараа үүсгүүлэх эрх нээгдэнэ.
Долоо. Дугаарлалтын төлбөр
7.1.Дугаар эзэмшигч нь дугаарын төлбөрийг “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд заасны дагуу төлнө. Эхний жилийн төлбөрийг дугаар олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, ээлжит жилийн төлбөрийг нэг сарын өмнө жил бүр төлнө.
7.2.Бизнесийн зорилгоор бус зөвхөн нийгмийн үйлчилгээний болон онцгой нөхцөлийн үед ашиглагдах тусгай дугаарын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг Зохицуулах хорооноос бүрэн болон тодорхой хувиар хөнгөлж болно.
Найм. Бусад зохицуулалт
8.1.Дугаар эзэмшигч нь Зохицуулах хорооноос шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг заасан цаг хугацаанд нь гаргаж ирүүлнэ.
8.2.Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид өөрийн сүлжээний дугаар ашиглалтын тайлан, хэрэглэгчдэд борлуулж буй дугаарын үнийн мэдээллийг хагас жил тутамд, өөрийн сүлжээний дугаарлалтын мэдээллийг дугаарлалтын нэгдсэн цахим системээр дамжуулан өдөр бүр Зохицуулах хороонд ирүүлнэ.
8.3.Зохицуулах хороо нь олгогдсон, өөрчлөлт орсон, хаагдсан дугаарыг олон улсад болон Монгол Улсын цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдэд тухай бүр мэдээлнэ.
8.4.Дугаар эзэмшигч нь хуулиар хориглосон үйлчилгээ нийтэд үзүүлэх, олгосон дугаарын зориулалтыг өөрчлөн ашиглаж болохгүй.
8.5.Зохицуулах хороо нь олгогдсон дугаарыг зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэх болон дугаар ашиглалтын байдлыг шалгаж, дугаар ашиглалтын талаарх маргаантай асуудлыг бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.
8.6.Дугаар эзэмшигчийн ирүүлсэн нотлох баримтыг үндэслэлгүй гэж үзвэл Зохицуулах хороо дугаар эзэмшигчид өөрийн дүгнэлтийг мэдэгдэж дугаар ашиглах эрхийг цуцлан цахилгаан холбооны сүлжээнд хаалгаж болно.
8.7.Цахилгаан холбооны сүлжээний дугаарыг хаах тохиолдолд энэ тухай хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх, хэрэглэгчийг өөр үйлчилгээ, дугаарлалтад шилжүүлэх, дугаарыг хааснаас хэрэглэгчид учрах хохирлыг дугаар эзэмшигч хариуцан зохион байгуулах ба энэ талаар Зохицуулах хороонд мэдээлж ажиллана.
8.8.Маргааныг шийдвэрлэхдээ холбогдох хууль, журам болон гэрээний хүрээнд зохицуулна.
[1] Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.15 болон 12.3-ыг ойлгох;
[2] Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-ыг ойлгох;
[3] Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-ыг ойлгох;
[4] Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т заасан
[5] Хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх;
Текст томруулах
A
A
A