- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- ШУУДАНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТЫН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2019 оны 52 дугаар тогтоолын хавсралт
ШУУДАНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТЫН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1.Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү нөхцөл, шаардлага болон Монгол Улсын олон улсын гэрээ, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, шуудангийн үйлчилгээний технологи ажиллагааны стандартуудыг тус тус мөрдөж ажиллана.
1.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шуудангийн сүлжээ байгуулах, ашиглахад дараах нөхцөлүүдийг бүрдүүлнэ.
1.2.1.Шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, хүргэх үйл ажиллагаанд Шуудангийн ажлын байр MNS 5540:2005 стандартын, шуудангийн үйлчилгээнд Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний ажлын байранд тавих шаардлага MNS 5882:2008 стандартын шаардлагыг хангасан ажлын байртай байх;
1.2.2.Шуудангийн болон харилцаа холбооны салбарын инженер, мэргэшсэн технологийн ажилтнуудаар хүний нөөцийг бүрдүүлсэн байх;
1.2.3.Шуудангийн илгээмжийн зориулалтын хайрцаг, сав баглаа боодол, битүүмжлэлийн наалт нь тухайн үйлчилгээний таних тэмдэгтэй байх.
1.3.Харилцаа холбооны зохицуулах хороогоор хянуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шуудангийн сүлжээний төлөвлөлт, ашиглалтын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хугацаатай төлөвлөгөө нь тус хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан тусгай зөвшөөрлийн гэрээний салшгүй хэсэг байна.
1.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагад үйлчилгээний таних тэмдгээ бүртгүүлэн, баталгаажуулж хуулбарыг Зохицуулах хороонд ирүүлнэ.
1.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шуудан тээврийн тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах дараах нөхцөлийг бүрдүүлнэ.
1.5.2.Шуудангийн аюулгүй байдлын MNS 5539:2019 стандартын шаардлагад нийцсэн тээврийн хэрэгсэлтэй байх;
1.5.1.Тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардсан илгээмжийг тээвэрлэх, хадгалах стандартын шаардлага, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах;
1.5.3. Шуудан тээврийн ажиллагааг аюулгүй тогтвортой байлгах /нөөц тээврийн маршрут, хяналт хамгаалалт, байгалийн давагдашгүй хүчин зүйл болон гамшгийн үед ажиллах төлөвлөгөө г.м / хэрхэн хангах тухай төлөвлөгөө графикийг баталсан байх;
1.5.4.Шуудангийн илгээмжийн бүртгэл, хяналтын цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, тогтвортой байдлыг хангах.
ХОЁР. СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
2.1.Улс хоорондын шуудангийн сүлжээ нь дараах шаардлагуудыг хангасан байна:
2.1.1.Улс хоорондын шуудангийн сүлжээний төв нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байх;
2.1.2.Шуудангийн илгээмжийг улс хооронд нэг буюу хэд хэдэн чиглэлээр тээвэрлэн, өөрийн харьяа салбараар дамжуулан үйлчлүүлэгчдэд хүргэх;
2.1.3.Шуудан хүлээн авч, илгээмжийг ялган боловсруулах, солилцох солилцооны төвтэй байх.
2.2.Дотоодын шуудангийн сүлжээ байгуулахад дараах шаардлагуудыг хангасан байна:
2.2.1.Монгол улсын нутаг дэвсгэрт шуудангийн илгээмжийг 3 буюу түүнээс дээш тооны чиглэлээр тээвэрлэн, өөрийн харьяа үйлчилгээний салбар цэгээр дамжуулан хүргэх;
2.2.2.Дотоодын шуудангийн сүлжээний төв нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төвд байрлах ба шуудангийн салбарууд нь өөр хоорондоо график, маршрутын дагуу үйлчилгээ үзүүлэх;
2.2.3.Шууданг хүлээн авч, шуудангийн илгээмжийг ялган боловсруулах, солилцох, солилцооны төвтэй байх.
ГУРАВ. СҮЛЖЭЭ АШИГЛАЛТЫН ЧАНАР, ТЕХНОЛОГИ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА
3.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон шуудангийн илгээмж хүргэх хугацааны графикт-маршрутыг үйлчлүүлэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлнэ:
3.1.1.Ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг, хотуудын хооронд 5 хоног, бусад газар (улс хооронд, баг г.м)-т 12 хоногийн дотор хүргэсэн байна;
3.1.2.Буухиа зэрэглэлийн илгээмжийг хүргэх хугацаа нь үйлчлэгч хоорондын гэрээнд зааснаар тодорхойлогдох бөгөөд энэхүү нөхцөл, шаардлагын 3.1.1 -т заасан хугацаанаас богино байна.
3.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Шуудангийн тухай хуулийн 7.1.6-д заасан дүрмийн дагуу шуудангийн технологийн баримт бичгүүдийг хадгална.
3.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн сүлжээгээр бусад үйлчлэгчийн шуудангийн илгээмжийг чөлөөтэй дамжих нөхцөлийг бүрдүүлсэн харилцан холболтын зааглах цэгүүдийг сүлжээндээ тодорхойлсон байна.
3.4.Шуудангийн сүлжээний үйлчилгээг тасралтгүй явуулах техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна.
ДӨРӨВ. ШУУДАНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ТАРИФ
4.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.11 болон 6.1.4-т тус тус заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон зохицуулалтын үйлчилгээний хөлсийг хугацаанд нь төлнө.
4.2.Шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан холболтын гэрээг байгуулахдаа Шуудангийн тухай хуулийн 9.1.5-д заасан журмыг мөрдөж харилцан холболтын тарифыг хянуулж байна.
ТАВ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН СҮЛЖЭЭНИЙ АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ
5.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжид заасны дагуу дараах журмуудыг боловсруулан баталж, мөрдөн, үйлчлүүлэгчид нээлттэй байлгана:
5.1.1.Шуудангийн тухай хуулийн 7.1.6-д заасан дүрмийн дагуу илгээмжийн лавлагаа хүлээн авах, хариу өгөх журам;
5.1.2.Шуудангийн үйлчлүүлэгчийн гомдол маргааныг хүлээн авах, шийдвэрлэх, хохирлыг барагдуулах нөхөн төлбөр олгох журам.
5.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний ажилтанд тавих шаардлага MNS 5881:2008 стандартыг мөрдөнө.
5.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Шуудангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг мөрдөж ажиллана.
Текст томруулах
A
A
A