- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2019 оны 53 дугаар тогтоолын хавсралт
ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1.Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү нөхцөл, шаардлага болон Монгол Улсын олон улсын гэрээ, Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, шуудангийн үйлчилгээний стандартуудыг тус тус мөрдөж ажиллана.
1.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шуудангийн үйлчилгээ эрхлэхэд дараах нөхцөлийг бүрдүүлнэ.
1.2.1.Шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, хүргэх үйл ажиллагаанд Шуудангийн ажлын байр MNS 5540:2005 стандартын, шуудангийн үйлчилгээнд Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний ажлын байранд тавих шаардлага MNS 5882:2008 стандартын шаардлагыг хангасан ажлын байртай байх;
1.2.2.Шуудангийн болон харилцаа холбооны салбарын инженер, мэргэшсэн технологийн ажилтнуудаар хүний нөөцийг бүрдүүлсэн байх;
1.2.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагад үйлчилгээний таних тэмдгээ бүртгүүлэн баталгаажуулж, хуулбарыг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн байх.
1.3.Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ нөхцөл, шаардлагын 1.2.3-т заасны дагуу баталгаажуулсан өөрийн таних тэмдэг бүхий илгээмжийн зориулалтын хайрцаг, сав, баглаа боодол, битүүмжлэлийн наалт болон бичиг захидал, боодлын дугтуйтай байна.
1.4.Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шуудангийн аюулгүй байдлыг ханган, үйлчилгээг тасралтгүй найдвартай хүргэхэд дараах нөхцөлийг бүрдүүлнэ.
1.4.1.Шуудангийн аюулгүй байдлын MNS 5539:2019 стандартын шаардлагад нийцсэн, таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлтэй байх;
1.4.2.Бусад үйлчлэгчийн шуудангийн илгээмжийг чөлөөтэй дамжих нөхцөлийг бүрдүүлсэн харилцан холболтын зааглах цэгүүдийг тодорхойлсон байх;
1.4.3.Байгалийн гамшиг болон бусад иргэний онцгой байдлын үед хэрхэн ажиллах талаар төлөвлөгөөг холбогдох байгууллагуудтай хамтран баталсан байх.
1.5.Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шуудангийн илгээмжийг хүргэх хугацааны тээвэрлэлтийн болон шуудангийн технологи ажиллагааны шат дамжлагын зураглалыг хийж, Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлэх ба өөрчлөлт орсон тухай бүр мэдэгдэж байна.
1.6.Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Шуудангийн илгээмжийн бүртгэл, хяналтын цахим системийг гаалийн байгууллагаас тавигдах шаардлагад нийцүүлэн хэрэглэж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангасан байна.
1.7.Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Шуудангийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заасан шуудангийн үйлчилгээг тасралтгүй явуулах техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна.
ХОЁР. НЭМЭЛТ НӨХЦӨЛ
2.1.Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү нөхцөл шаардлагын ерөнхий нөхцөлөөс гадна дараах нөхцөлийг бүрдүүлнэ:
2.1.1.Хилийн чанад дахь хамтран ажиллах байгууллага нэмэгдэх, мөн солигдох бүрт тухайн байгууллагатай хамтран ажиллах гэрээг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх;
2.1.2.Шуудангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг мөрдөж ажиллах;
2.1.3.Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь илгээгч, хүлээн авагч орны гаалийн болон бусад татварын хууль тогтоомжийн талаарх шаардлагатай мэдээллээр үйлчлүүлэгчийг хангах.
2.2.Улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү нөхцөл шаардлагын 2.1-д зааснаас гадна дараах нөхцөлийг бүрдүүлнэ:
2.2.1.Хилийн чанад дах хамтран ажиллах байгууллага нь буухиа шуудангийн үйлчилгээ эрхэлдэг байх;
2.2.2.Технологи үйл ажиллагаандаа Монгол Улсын шуудангийн салбарт мөрдөгдөх стандартууд болон бусад олон улсын гэрээ хэлэлцээрийг мөрдөж ажиллах.
2.3.Шуудангийн логистик үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү нөхцөл шаардлагын ерөнхий нөхцөлөөс гадна дараах нөхцөлийг бүрдүүлнэ:
2.3.1.Агуулахын үйлчилгээ үзүүлэх нөхцөл /хадгалалт, хамгаалалт, ачаа бараа өргөх, зөөх хэрэгсэл, бүртгэл, хяналтын системтэй байх/-ийг бүрдүүлэх;
2.3.2.Ачаа хүлээн авч, ялган боловсруулах, солилцох, болон мэргэжлийн хяналт, хорио цээрийн шалгалтыг хийх нөхцөлийг бүрдүүлсэн солилцооны төвтэй байх.
ГУРАВ. ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ТЕХНОЛОГИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон шуудангийн илгээмж хүргэх хугацааг мөрдөж ажиллана:
3.1.1.Ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг, хотуудын хооронд 5 хоног, бусад газар (улс хооронд, баг г.м)-т 12 хоногийн дотор хүргэх;
3.1.2.Буухиа зэрэглэлийн илгээмжийг хүргэх хугацаа нь үйлчлэгч хоорондын гэрээнд зааснаар тодорхойлогдох бөгөөд энэ нөхцөл шаардлагын 3.1.1-т заасан хугацаанаас богино байх.
3.2.Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Шуудангийн тухай хуулийн 7.1.6-д заасан дүрмийн дагуу шуудангийн технологийн баримт бичгүүдийг хадгалах зааврыг мөрдөн, архивыг бүрдүүлнэ.
3.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Шуудангийн хаягийн бичвэр MNS 6775:2019 стандартыг мөрдөж ажиллана.
ДӨРӨВ. ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ
4.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.11 болон 6.1.4-т тус тус заасан Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон зохицуулалтын үйлчилгээний хөлсийг хугацаанд нь төлнө.
4.2.Шуудангийн үйлчилгээний тарифт шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах шаардлагуудыг мөрдөж ажиллана:
4.2.1.Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хуулийн 18-р зүйлд заасны дагуу гарах шуудангийн үйлчилгээний тариф, хямдрал урамшууллын хугацааг Харилцаа холбооны зохицуулах хороогоор хянуулж, тухайн байгууллагын эрх бүхий этгээдээр батлуулж, мөрдөх;
4.2.2.Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь санхүүгийн тайланд шуудангийн үйлчилгээний орлого, зардлыг бусад үйлчилгээ, борлуулалтын үйл ажиллагааны орлого зардлаас тусад нь бүртгэх.
ТАВ. ШУУДАНГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
5.1.Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчилгээний тариф, шуудан хүргэх графикт-маршрут болон илгээмж хүргэх хугацаа, ажиллах цагийн хуваарь зэргийг эрх бүхий этгээдээр батлуулж, байгууллагын цахим хуудас болон үйлчилгээний байрандаа олон нийтэд нээлттэй байршуулна.
5.2.Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хуулийн дагуу дараах журмуудыг боловсруулан баталж, мөрдөн, үйлчлүүлэгчид нээлттэй байлгана:
5.2.1.Шуудангийн тухай хуулийн 7.1.6–д заасан дүрмийн дагуу илгээмжийн лавлагаа хүлээн авах, хариу өгөх журам;
5.2.2.Шуудангийн үйлчлүүлэгчийн гомдол маргааныг хүлээн авах, шийдвэрлэх, хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох журам.
5.3.Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний ажилтанд тавих шаардлага MNS 5881:2008 стандартыг мөрдөнө.
5.4.Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь илгээмжийн бүртгэлийн дугаарыг ашиглан, үйлчлүүлэгч илгээмжийн байршлаа хянах боломжийг бүрдүүлнэ.
Текст томруулах
A
A
A