- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- РАДИО ТӨХӨӨРӨМЖ АЖИЛЛУУЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООХ, ХОРИГЛОХ ЖУРАМ
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2019 оны 55 дугаар тогтоолын хавсралт
РАДИО ТӨХӨӨРӨМЖ АЖИЛЛУУЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООХ, ХОРИГЛОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журам нь Харилцаа Холбооны тухай хууль, Радио долгионы тухай хуулийн хүрээнд радио төхөөрөмж ажиллуулах, ашиглах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглохтой холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Радио долгионы зурвас ашиглаж үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдийн радио төхөөрөмжийг ажиллуулах, хууль бус үйл ажиллагааг нь зогсоох, хориглоход энэхүү журмыг мөрдөнө.
1.3.Энэхүү журамд хэрэглэсэн радио долгионы хяналттай холбогдолтой нэр томьёог Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын тогтоол, зөвлөмж, аргачлалд заасан утгаар ойлгоно.
1.4.Радио долгионы хяналт, шалгалтад Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх) болон Стандарт хэмжил зүйн газраар тус тус батлагдсан радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага, үндэсний стандарт болон ОУЦХБ-аас баталсан арга, аргачлал, зөвлөмжийг баримтална.
1.5.Радио долгионы тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан радио төхөөрөмжийг ашиглахад энэхүү журам хамаарахгүй.
Хоёр. Радио долгионы хяналтын үйл ажиллагаа
2.1.Радио долгион хяналтын нэгж нь радио долгионы хяналтын төвийн дарга, ерөнхий инженер, ахлах инженер, суурин хяналтын инженер, хөдөлгөөнт хяналтын инженер, хяналтын инженер, явуулын хяналтын станцын жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй байна.
2.2.Радио долгионы хяналтын зорилго нь радио давтамжийн зохицуулалт, төлөвлөлт, хуваарилалтын үйл ажиллагааг дэмжих болон дараах зорилтуудтай байна. Үүнд:
2.2.1.Цахилгаан соронзон долгионы харилцан нөлөөллийн асуудлыг орон нутгийн, бүс нутгийн, дэлхийн эсэхээс үл хамааран шийдвэрлэж, радио үйлчилгээ, радио станцуудыг зүй зохистой зэрэгцэн ажиллах боломжийг бүрдүүлж харилцаа холбооны дэд бүтцийн эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах;
2.2.2.Радио тоног төхөөрөмжүүд нь техник, технологийн болон ашиглалтын стандарт шаардлагад нийцэж буй эсэхийг хянах, тогтоох;
2.2.3.Хууль ёсны радио долгион ашиглагчдын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хууль бус хэрэглээг илрүүлэх, зогсоох;
2.2.4.Монгол улсын зах зээлд импортлох, үйлдвэрлэх, худалдан борлуулах радио тоног төхөөрөмжүүд нь олон улсын болон үндэсний стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж хэмжилт, шалгалт хийх;
2.2.5.Радио долгион ашиглах байгууллага, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;
2.2.6.Радио давтамжтай цахилгаан соронзон оронгийн хүчлэгийг хэмжилтээр тогтоох, дүгнэлт гаргах;
2.2.7.Радио телевизийн өргөн нэвтрүүлэг, үүрэн холбоо, утасгүй интернетийн болон бусад радио сүлжээний хамрах хүрээний болон чанарын хэмжилт, инженерчлэлийн тооцооллыг хийж дүгнэлт, зөвлөмж гаргана.
2.3.Ирүүлсэн санал гомдлын дагуу радио долгионы хяналт, хэмжилтийг хийхдээ Зохицуулах хорооноос баталсан “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдол хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу зохих хугацаанд гүйцэтгэж хэмжилтийн тайлан, дүгнэлтийг албан бичгээр хүргүүлнэ.
2.4.Хүсэлт, гомдол гаргаж буй хуулийн этгээд нь Харилцан нөлөөллийн бүртгэлийн хуудас /Маягт-1/-ыг бөглөж ирүүлнэ.
2.5.Радио долгион хяналтын төв нь радио долгионы харилцан нөлөөлөл, хүсэлт, гомдлыг бүртгэлжүүлж мэдээллийн сан үүсгэнэ.
2.6.Радио давтамжийн талаарх нууцлал бүхий мэдээллийг хяналт шалгалтын зорилгоор ашиглах тохиолдолд Зохицуулах хорооны Нууцын журмын дагуу эрх авна.
Гурав. Радио төхөөрөмж ажиллуулах
3.1.Радио давтамж ашиглах зөвшөөрөл эзэмшигч нь Радио долгионы тухай хуулийн 19-д заасан эрх, үүргийг биелүүлж ажиллана.
3.2.Радио давтамж ашиглах зөвшөөрөл эзэмшигч нь радио давтамжийн зурвасыг үр ашигтай ашиглах, хөрш орнуудтай радио давтамжийн зохицуулалт хийх, нэвтрүүлэгчийн гаралтын чадлыг бууруулах, радио давтамжийн харилцан нөлөөллийг арилгах зорилгоор Зохицуулах хороотой хамтран ажиллаж шаардлагатай мэдээллээр хангана.
3.3.Радио давтамж ашиглах зөвшөөрөл эзэмшигч нь радио төхөөрөмжийн байршил, техник төхөөрөмжийн үзүүлэлтүүд, ажиллах радио давтамж, нэвтрүүлэгч болон антены гаралтын чадал зэрэг мэдээллүүдийг хэмжилт, шалгалтын үед бэлэн байлгана.
3.4.Радио давтамж ашиглах зөвшөөрөл эзэмшигчийн ашиглаж буй радио төхөөрөмж нь Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалтын гэрчилгээтэй байх эсвэл Зохицуулах хорооны тохирлын гэрчилгээг авсан байна.
3.5.Утасгүй холбооны тоног төхөөрөмж болон антен фидерийн байгууламжийг угсарч суурилуулалт хийгдэхээс өмнө ашиглах радио давтамжийн зурваст Зохицуулах хороогоор хэмжилт, шалгалт хийлгэж гаднын үүсгүүр байгаа эсэхийг нарийвчлан тогтоолгож техникийн дүгнэлт гаргуулсны дараа нэвтрүүлэгч, антеныг суурилуулна.
3.6.Зохицуулах хорооноос тухайн радио үйлчилгээнд зориулан баталсан радио давтамжийн хуваарилалт, техникийн шаардлага, норматив, холбогдох стандартыг мөрдөж ажиллана.
3.7.Утасгүй холбооны тоног төхөөрөмж, нэвтрүүлэх станц, антен фидерийн байгууламж шинээр байгуулахдаа тухайн барилга, байгууламжийн хууль ёсны эзэмшигч иргэн, байгууллагатай харилцан тохиролцож, холбогдох зөвшөөрлийг авсан байна.
3.8.Утасгүй холбооны тоног төхөөрөмж, нэвтрүүлэх антен фидерийн байгууламжийг суурилуулахдаа “Холбооны цамхаг болон антены суурь байгуулахад тавих ерөнхий шаардлага MNS 5884:2019” стандартыг хангасан байна.
3.9.Антены цамхагт байрлуулсан нэвтрүүлэгч антенуудыг Радио долгионы тухай хуулийн 15.2-д заасан “Нэгдсэн бүртгэл хөтлөх журам”-ын дагуу хаягжуулсан байна.
3.10.Нэвтрүүлэх антеныг шинээр суурилуулах, байршил солих болон өргөтгөл хийх тохиолдолд бусад радио холбооны үйл ажиллагаанд саад нөлөөлөл үзүүлэхгүй байхаар зохион байгуулна.
Дөрөв. Үйл ажиллагааг нь зогсоох, хориглох
4.1.Зохицуулах хороонд урьдчилан мэдэгдэхгүйгээр Радио долгионы тухай хуулийн 9.2 дугаар заалтад тодорхойлогдсон радио төхөөрөмжийн байршил, чадал, радио давтамжийг өөрчлөхийг хориглоно.
4.2.Цахилгаан соронзон орны хүчлэгийн хэмжээ нь “Радио давтамжтай цахилгаан соронзон орноос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кГц-ээс 300 ГГц хүртэл) MNS 5594:2016” стандартын түвшингээс хэтэрсэн радио нэвтрүүлэгч антеныг нийтийн орон сууц, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дээр байршуулахыг хориглоно.
4.3.Радио долгионы тухай хуулийн 8.3 заалтыг зөрчсөн болон радио давтамж ашиглах зөвшөөрөлгүй этгээд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглавал хууль бус тоног төхөөрөмжийг битүүмжилж, үйл ажиллагааг нь зогсооно.
Тав. Бусад
5.1.Радио давтамжийн ашиглалттай холбоотой зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A