A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТ ТАВИХ ШАЛГУУР
Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/374 дүгээр тушаалын хавсралт

 

ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТ ТАВИХ ШАЛГУУР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасны дагуу амьдралын итгэл, үнэмшил бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа төлөвлөх, хэрэгжүүлэх болон холбогдох байгууллагаас үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчилгээний зөвшөөрөл олгох, үйл ажиллагааг хянах, үнэлэх, магадлан итгэмжлэхэд энэ шалгуурыг ашиглана.

Хоёр. Сургалт зохион байгуулах үйлчилгээний чиглэл

2.1. Амьдралын итгэл үнэмшил бий болгох, бие даан амьдрах чадвар  эзэмшүүлэх сургалт зохион байгуулах. Үүнд:

2.1.1.сэтгэл гутрал, стресст өртсөн үйлчлүүлэгчид амьдралын итгэл үнэмшил олгох, стресс бухимдлаас гарахад дэмжлэг үзүүлэх, аливаа төрлийн донтолтын хор уршгийн талаар сургалт зохион байгуулах;

2.1.2. амьдралын стрессийг даван туулах чадварыг бий болгох зорилгоор гэр бүл төлөвлөлт, хүчирхийллийн болзошгүй эрсдэлт нөхцөлийн талаар болон сэтгэлзүйн боловсрол олгох сургалт зохион байгуулах;

2.1.3.эерэг сэтгэлгээг хөгжүүлэх, өөдрөг хандлага ба амьдралыг үзэх үзэл, мэргэжлийн үнэлэмжээ дээшлүүлэх, харилцаа хандлага, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах;

2.1.4.ажил, амьдралын арвин туршлагатай хүний туршлага, мэдлэгийг хуваалцах уулзалт, ярилцлага зохион байгуулах.

2.2.Хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах. Үүнд:

2.2.1. ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажиллах, хөдөлмөрлөх дадал зуршил бий болгох, авьяасыг нь дэмжихэд чиглэсэн мэдлэг, чадвар олгох чиглэлээр сургалт зохион  байгуулах;

2.2.2. гар урлал, сүлжмэл эдлэл, модон эдлэл, бэлэг дурсгал, оёдол, компьютерийн хэрэглээний болон цахим орчинд ажиллах анхан шатны мэдлэг, чадвар олгох сургалт зохион байгуулах;

2.2.3. санхүүгийн болон бизнес эрхлэх суурь мэдлэг олгох, хуримтлал үүсгэх, өрхийн төсөв хөтөлж сурахад чиглэсэн сургалт зохион байгуулах.

2.2.4. мэргэжлийн туршлагатай, ур чадвартай хүний туршлага, мэдлэгийг хуваалцах уулзалт, ярилцлага зохион байгуулах;

 

Гурав. Сургалт зохион байгуулах байгууллагад тавих шаардлага

    3.1.Үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.

3.1.1.хуулийн этгээдийн гэрчилгээтэй байх;

3.1.2. нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас үйлчилгээ явуулах магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан байх;

3.1.3. өөрийн өмчийн болон түрээсийн байртай байх;

3.1.4. үйлчилгээ үзүүлэх заавар /дотоод журам/-тай байх;

3.1.5. мэргэжлийн тусгай боловсон хүчинтэй байх;

3.1.6. ажилтнуудын ажил үүргийн хуваарь тодорхой байх;

3.1.7. ажилтнуудыг чадавхжуулах төлөвлөгөө, ёс зүйн дүрэмтэй байх;

3.1.8.байгууллагын зорилго, зорилт, бүтэц, ажилтны талаарх мэдээлэл болон сургалт зохион байгуулах үйлчилгээний нэр, төрөл, зорилго, хүрэх хэлбэрийн талаар мэдээллийг нээлттэй байршуулсан байх;

3.1.9. сургалтын хөтөлбөрийн дагуу төлөвлөгөөтэй байх;

3.1.10. сургалтын  чиглэлээр холбогдох дүрэм, журам, ном, сурах

бичиг, гарын авлага болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын талаарх лавлагаа, мэдээллийн сантай байх;

3.1.11. сургалт зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, дадлагын материалтай байх;

3.1.12. эрх бүхий байгууллагаас боловсруулж баталсан сургалт зохион байгуулах үйлчилгээний үр дүн, үр нөлөөг үнэлэх маягт, зааврыг мөрдөх;

3.1.13. үйлчлүүлэгчийн талаар түүний зөвшөөрөлгүйгээр  мэдээлэл, нийтлэл тараахгүй байх;

3.1.14. үйлчлүүлэгчийн гэрийн хаяг, утасны дугаар болон дэлгэрэнгүй бүртгэл, мэдээлэлтэй байх;

3.1.15. байгууллагын нэр, холбоо барих утас, байршил, ажиллах цагийн хуваарь дэлгэрэнгүй байх;

3.1.16. улс төрийн аль нэгэн нам эвсэл, шашныг сурталчилсан нөхцөл байдал бүрдүүлэхгүй байх;

3.1.17. архи, мансууруулах бодис тогтмол хэрэглэдэг, гаж зуршилтай, сэтгэцийн болон халдварт өвчтэй хүн ажиллуулахгүй байх.

 

Дөрөв. Сургалт зохион байгуулах ажилтанд тавих шаардлага

4.1. Сургалт зохион байгуулах үйлчилгээний хөтөлбөрт үйл ажиллагааны үндсэн зорилгыг биелүүлэх, зохион байгуулах чадвартай удирдах албан тушаалтан болон сургагч багш, ажилтантай байна.

4.2. Тухайн сургалт зохион байгуулах  чиглэлийн диплом, үйлчилгээ үзүүлэх эрхийн гэрчилгээтэй байх.

4.3. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.

4.4. Үйлчлүүлэгчийн мэргэжил, хөгжил төлөвшил, сургалтын ажлын үр дүнг оновчтой, бодитой тодорхойлон тухайн нөхцөл, орчин, нөөцөд тулгуурлан тодорхой үр дүнд хүрэх, сургалтын үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөдөг, үр ашигтай зохион байгуулдаг, манлайлан удирддаг, тогтмол хянан сайжруулдаг зэрэг сургалтын менежерийн үндсэн чадваруудыг эзэмшсэн байх.

4.5. Сургалтад шинэ арга технологийг нэвтрүүлэн бүтээлч шинэ санаа, санаачилга дэвшүүлэн ажил үүргийг чанартай гүйцэтгэж, үйл ажиллагаандаа бүтээлч хандах, ажил хэрэгч чанарыг эзэмшсэн байх.

4.6. Үйлчлүүлэгч, суралцагчдыг дэмжин тэднийг хүндэтгэж, эрхийг нь дээдэлдэг байх.

4.7. Үйлчлүүлэгчтэй харилцан зөвшилцөж чаддаг, тэдний зан үйлд нөлөөлөх сурган хүмүүжүүлэх ур чадварыг эзэмшсэн, харилцааны соёлтой байх.

4.8. Мэдээллийн технологийн шинэ ололт амжилтыг эрэлхийлэн, үйлчлүүлэгчдийн эрэлт, тэдний онцлог хэрэгцээнд тохируулан практикт хэрэгжүүлэх талаар бүтээлчээр сэтгэж ажилладаг байх.

4.9.  Үйлчлүүлэгчдийн нөөц бололцоог бүрэн дүүрэн илрүүлж, өөрийн нь давуу талыг нь мэдрүүлж, суралцах, өөрийгөө удирдах, хөгжүүлэх талаарх аргыг заан сургадаг байх.

4.10. Сургалт зохион байгуулсан үр дүнгийн тэмдэглэл хөтлөх.

4.11. Мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалт хийх чиглэлийн эрх бүхий байгууллагын сургалтад жилд нэгээс доошгүй удаа хамрагдсан байх.

4.12. Ажилтан бүр ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолттой байна.

4.13. Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийг баримтлан ёс зүйтэй ажиллана.

 

Тав. Сургалт зохион байгуулах үйлчилгээнд тавих шаардлага

5.1. Үйлчлүүлэгчийн эрхийг дээдлэн, хувийн шинж чанарыг хүндэтгэн үзэж, ялгаварлан гадуурхахгүй байх;

5.2. Сургалтын зорилго, агуулга, арга зүй нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн, ажил, мэргэжлийн онцлог хувь хүний хөгжилд дэмжлэг үзүүлэхүйц агуулгатай байх;

5.3. Сургалт зохион байгуулах анги танхим, техник, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн гэх мэт сургалтын орчинг бүрдүүлсэн байх;

5.4. Үйлчлүүлэгчдэд сургалтын хөтөлбөр, аргачлал, холбогдох журмыг танилцуулах, нөхцөл байдлын үнэлгээ хийн, төлөвлөгөө боловсруулан, хэрхэн тусалж болох талаар мэдээлэл өгч ажиллах;

5.5. Сургалтад хамрагдсан иргэдийн мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшилд гарч буй өөрчлөлтүүдийн талаарх үнэлгээтэй байх;

5.6. Үйлчлүүлэгчдээс сургалтын өмнө болон дараа мэдлэг чадварыг тогтоосон сорил, сургалтын дараах сэтгэл ханамжийн судалгаа авсан байх;

5.7. Сургалтад хамрагдсан үйлчлүүлэгчид үзүүлсэн үйчилгээний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтлөх, холбогдох мэдлээллийг мэдээллийн санд нэгтгэн оруулах, тайлан мэдээ гаргах;

    5.8. Үйлчлүүлэгчийн санал хүсэлт, шаардлагыг хангах, эрэлт хэрэгцээг үнэлэх сэтгэл ханамжийн судалгаа, аргачлалтай байх;

5.9. Хууль, журамд заагаагүй болон гэрээнд тусгагдаагүй ажил үйлчилгээг үзүүлэхгүй байх.

 

Зургаа. Ажлын байр, орчны эрүүл ахуйн шаардлага

6.1. Хот, сууринд байгаа бол төвийн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны хангамжинд холбогдсон, цахим харилцаа холбоотой байх;

6.2. Сургалт зохион байгуулах өрөө нь гэгээлэг дулаан уур амьсгал бүхий өнгө будагтай өрөө тасалгаатай, бусад шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж бүхий орчинг бүрдүүлсэн байна;

6.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд тохирсон ээлтэй орчинг бүрдүүлсэн байна;

6.4. Хүний амь нас, аюулгүй байдлыг хангах, ахуйн осол, гэмтэл, аюул учруулж болохуйц эд зүйлсийн тухай жагсаалт, тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан байна;

6.5. Байгалийн гамшиг болон онцгой байдлын үед ажиллах яаралтай тусламжийн бэлэн байдлын төлөвлөгөөтэй, түүний дагуу ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байна;

6.6. Галын аюулгүй байдлын самбартай, гал унтраах хэрэгслээр хангагдсан байна.

Долоо. Сургалт зохион байгуулах үйлчилгээг үнэлэх

7.1.Үйлчилгээг дараахь үзүүлэлтүүдээр үнэлнэ.

7.1.1. үйлчлүүлэгчийн гарын үсэг зурж баталгаажуулсан өдөр тутмын ирцийн тэмдэглэл, зурагт тайлан;

7.1.2. үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо, давтамж, сэтгэл ханамжийн судалгааны дүн, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт;

7.1.3. сургалтад хамрагдсан иргэдийн амьдралын чанарт гарсан өөрчлөлтийн талаар үнэлгээ хийж, эрх бүхий байгууллагад баримт бичиг, мэдээллийг танилцуулан тайланд хавсаргасан байна.

 

Найм. Бусад

8.1. Энэхүү шалгуурын хэрэгжилтэд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан хяналт тавьж ажиллана;

8.2. Үйлчилгээ үзүүлэгч нь тайлан мэдээг худал гаргах, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр тайлагнасан тохиолдолд гэрээг цуцлах, холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

- - - оОо - - -